Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0152/З |
Дугаар | 329 |
Огноо | 2018-05-29 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 329
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэзолбоо, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нарыг оролцуулан “М.У.Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.М.Г.Т.Г.К.Х-т холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийв.
Нэхэмжлэгч: “М.У.Р” ХХК
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Усны гудамж, Ц төв
Хариуцагч: А.М.Г.Т.Г.К.Х
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай ., Засгийн газрын ... байр
Нэхэмжлэлийн шаардлага: А.М.Г.Т.Г.К.Х-ийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн албан тоот хууль бус болохыг тогтоолгох, “М.У.Р” ХХК-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн Сайншанд, Сайхандулаан, Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт орших цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн XV-018... тоот Шувуун уул нэртэй талбайн хайгуулын 7 дахь жилийн төлбөрийг 2018 онд шилжүүлэн тооцох захиргааны акт гаргахыг А.М.Г.Т.Г.К.Х-т даалгуулах.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М.У.Р” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.У.Р” ХХК нь Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн даргын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр Дорноговь аймгийн Сайншанд, Сайхандулаан, Улаанбадрах сумдын нутагт орших Шувуун уул нэртэй талбайд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын Ц-003X дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмших болсон. Цөмийн энергийн газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан.
Цөмийн энергийн газар татан буугдсанаар цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, хүчингүй болгох, бүртгэх чиг үүрэг Ашигт малтмалын газарт шилжин ирж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл болгон бүртгэсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 133 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг мөн сунгасан.
“М.У.Р” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ашигт малтмалын хайгуулын 7 дахь жил буюу 2017 оны төлбөрөө урьдчилан төлж, хайгуулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэрэг баримтуудыг батлуулсан.
Цөмийн энергийн тухай хуулийн Цацраг идэвхт ашигт малтмал ашиглахад тавигдах үндсэн шаардлага гэсэн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрөлгүйгээр цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах, экспортлох, импортлох, тээвэрлэх, цацраг идэвхт хаягдлыг булшлах, цацраг идэвхт ашигт малтмал ашигласны дараа газар нөхөн сэргээхийг хориглоно.” гэж заасны дагуу манай байгууллага 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр буюу нийт 3 удаа цацрагийн үйл ажиллагаа явуулах эрхийн зөвшөөрөл хүсэх тухай албан бичгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт явуулсан. Эдгээр албан тоотоор манай компанийн эзэмшлийн Дорноговь аймгийн Сайншанд, Сайндулаан, Улаанбадрах сумдын нутагт орших цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн XV-018... тоот Шувуун уул нэртэй талбай болон Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших “Хэрэмийн цагаан өндөр” нэртэй талбайд хайгуул судалгааны ажил явуулах зөвшөөрлийг хүссэн боловч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №01/3223 тоот Зөвшөөрөл олгох тухай албан бичгээр гаргасан. Дорноговь аймаг дахь тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулах хүсэлтийг тодорхойгүй шалтгааны улмаас шийдвэрлээгүй бөгөөд улмаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтын дагуу Дорноговь аймгийн Сайншанд, Сайхандулаан, Улаанбадрах сумдын нутаг дэвсгэрт орших цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн XV-018... тоот Шувуун уул нэртэй талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг одоогоор олгоогүй байна” гэсэн хариуг өгсөн байна.
Иймд манай байгууллагаас үл шалтгаалах нөхцөл байдал буюу мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн талбайд ашигт малтмалын хайгуулын ажил хийх зөвшөөрөл олгохгүй байсны улмаас тухайн жилийн төлбөрөө төлсөн атлаа тухайн жилд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.
Төрийн захиргааны байгууллагын үүргээ биелүүлээгүй, хариуцлагагүй үйлдлийн улмаас манай “М.У.Р” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж 7 дахь жилийн төлбөрөө төлсөн боловч мэргэжлийн хяналтын байгууллагаас зохих зөвшөөрлийг олгоогүй, үүнээс шалтгаалж хайгуулын үйл ажиллагаа явуулж чадаагүй тул уг төлбөрийг дараа жил болох 2018 оны төлбөрт тооцуулах тухай хүсэлтийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан боловч Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүсэлтийг хангахаас татгалзсан хариуг ирүүлсэн.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д “ ”Тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг хэлнэ”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд “төрийн захиргааны байгууллага” гэх) дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 11.1.20-д “Үйлчилгээний хөлс, түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хураан авах” гэсэн байна. Ингэснээр Ашигт малтмал, газрын тосны газар нь хайгуулын тусгай зөвшөөрлийг хураан авах энэхүү эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй болохыг хуульчилсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн Хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах гэсэн 22 дугаар зүйлийн 22.1.2-т Үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт бүрдүүлж өгөх тухай хуульчилснаар хайгуулын ажлын тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн жилд зайлшгүй хайгуулын үйл ажиллагааг хуульд зааснаас багагүй хэмжээний зардал гарган явуулах, ийнхүү үйл ажиллагаа явуулсныхаа төлбөрийг жил бүр төлж байх тухай зохицуулалтыг хуульд тодорхой тусгасан байна. Мөн хуулийн тусгай зөвшөөрлийн төлбөр хэмээх 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө.”, 32.2-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр хайгуулын талбайн гектар тутамд эхний жилд 145 төгрөг, 2 дахь жилд 290 төгрөг, 3 дахь жилд 435 төгрөг, 4-6 дахь жилд тус бүр 1450 төгрөг, 7-9 дэх жилд тус бүр 2175 төгрөг, 10-12 дахь жилд 7250 төгрөг байна.” гэж заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг идэвхтэй явуулж, уг үйл ажиллагаанд хуульд заасан зардал гаргаж, ийнхүү үйл ажиллагаа явуулж, тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаагийн хувиар жил бүр төлбөр төлөх үндэслэлтэй нь тодорхой байна. Харин төрийн байгууллагаас шалтгаалж үйл ажиллагаа явуулж чадаагүй тохиолдолд хайгуул хийгдсэн гэж үзэхгүй бөгөөд зайлшгүй хайгуулын ажлын зардал гаргах болон тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хуулийн үндэслэлгүй тул Ашигт малтмал, газрын тосны газар нь бүрэн эрхийнхээ хүрээнд “М.У.Р” ХХК-ийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж тусгай зөвшөөрлийн төлбөрийг буцаан өгөх, эсхүл дараагийн жилд тооцох шийдвэр гаргаж өгөх хуулийн үндэслэлтэй байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн албан тоот хууль бус болохыг тогтоолгох, “М.У.Р” ХХК-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн Сайншанд, Сайхандулаан, Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт орших цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн XV-018... тоот Шувуун уул нэртэй талбайн хайгуулын 7 дахь жилийн төлбөрийг 2018 онд шилжүүлэн тооцох захиргааны акт гаргахыг А.М.Г.Т.Г.К.Х-т даалгасан шийдвэр гаргаж өгнө үү.
А.М.Г.Т.Г.К.Х нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах, тусгай зөвшөөрлийн төлбөрийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага тул нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.” гэжээ.
Нэхэмжлэгч “М.У.Р” ХХК шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мэргэжлийн хяналтын газраас “М.У.Р” ХХК-ийн талаарх үндэслэлгүй мэдээллүүдийг нотлох баримтаар ирүүлсэн гэж үзэж байна. Тодорхой хэлбэл, хариуцагч энэ нь цацрагтай ажиллах нөхцөлд хамаарах тул ажилчдыг мэргэжлээс шалтгаалах өвчний хяналтад оруулаагүй бөгөөд энэ талаарх баримтуудыг ирүүлээгүй гэх тайлбар гаргадаг. Тодорхой хэлбэл, “М.У.Р” ХХК нь Шувуун уул нэртэй хайгуулын талбайд 2000 өрөмдлөгийн ажил хийхээр төлөвлөсөн байсан ба хариуцагчаас цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын үе шатанд өрөмдлөг хийж буй ажилчид нь цацрагтай ажиллах бүлэгт хамаардаг гэж, Цөмийн энергийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д заасны дагуу эмнэлгийн хяналтад байх ёстой гэж тайлбарладаг.
Манай компани Дорноговь болон Сүхбаатар аймгуудад 2 тусгай зөвшөөрөл хүсч байгаа бөгөөд үүнтэй холбогдох бүх дүрэм, журам, зааврын шаардлагыг хангасан. Нэг байгууллагаас адил нөхцөлд өргөдөл өгсөн буюу Сүхбаатар аймагт тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн 10 дугаар сарын 24-ний өдрийн бичиг хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд авагдсан. Харин тус захиргааны хэрэгт нотлох баримт бүрдүүлэх хугацаанд Дорноговь аймгаас албан ёсоор ямар ч тайлбар өгөөгүй хирнээ шүүхэд утсаар ярьсан гэж мэдүүлдэг. Төрийн байгууллагын ажиллагаа бичгээр явагддаг байхад утсаар холбогдсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Өрөмдлөгийн ажлыг газрын хэвлийг ухах, өрөмдөх тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд туслан гүйцэтгэгчээр орж гүйцэтгэдэг. Манай компанийн хувьд эхлээд Мэргэжлийн хяналтын газраас Цацрагийн хайгуулын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө авч, авсан зөвшөөрлийн үндсэн дээр хайгуулын ажлыг хийхдээ өрөмдлөгийн компаниудтай хамтарч ажиллахаар гэрээ байгуулдаг. Энэ шаардлагыг туслан гүйцэтгэгч компани биелүүлж ажилладаг. Гэтэл зөвшөөрөл олгогдоогүй байхад зөвшөөрөл олгосны дараа хийгдэх ажлыг буюу дараагийн шатанд тавигдах шаардлагыг хангаагүй гэж тайлбарлаж байна. Хариуцагчийн тайлбарлаж буйгаар өрөмдлөгийн компанитай урьдчилан гэрээ хийгээд зөвшөөрөл олгогдохгүй бол гэрээ эрх зүйн үр дагавар үүсгэж, цуцлах, гэм хорын хохирол зэрэг асуудал үүснэ. Хэрэв ийм үндэслэл байсан бол 2017 онд Мэргэжлийн хяналтын газраас мэдэгдэх ёстой байсан. 3 удаа албан бичиг явуулж байхад эхний 2 албан бичигт тодорхой хариу өгөлгүй, сүүлийн 2018 оны 04 дүгээр сард ирүүлсэн албан бичигт үндэслэлгүй тайлбар гаргасан. Хэрэв энэ тайлбар үндэслэлтэй гэж үзвэл Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт авсан тусгай зөвшөөрлийн тухайд ч мөн энэ асуудал яригдах байсан. Манай компанийн хувьд өөрсдөөс шалтгаалах бүх ажлыг хийсэн. Хууль хэрэгжүүлэх төрийн 2 агентлагийн ажиллагаанаас болж хувийн хэвшлийн 1 компани огт үйл ажиллагаа явуулаагүй хирнээ 220 сая төгрөгийн хохирол амссан. Бид гэм хорын хохирол гэж нэхээгүй, зөвхөн тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа тул энэ жилийн хүндэтгэх шалтгааныг харгалзан үзэж, төлсөн төлбөрийг дараа онд шилжүүлэх шаардлага гаргасан. Мэргэжлийн хяналтын газрын чиг үүрэг нь өөр тул тусгай зөвшөөрлийн талаар ярих боломжгүй байна. Хариуцлагаас зайлсхийх зорилгоор хэлж буй утсаар ярьсан гэх тайлбарыг хүлээж авах боломжгүй” гэжээ.
Хариуцагч А.М.Г.Т.Г.К.Х шүүхэд
ирүүлсэн хариу тайлбартаа: “Дорноговь аймгийн Сайншанд, Сайхан дулаан, Улаанбадрах сумдын нутаг Шувуун уул нэртэй 117231 гектар талбайд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын Ц-001X тоот тусгай зөвшөөрлийг анх Цөмийн энергийн газрын даргын шийдвэрээр 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “М.У.Р” ХХК-д олгосон байна.
“М.У.Р” ХХК нь цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын Ц-001X тоот тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлийг Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтэст 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргаж, Цөмийн энергийн газрын Цацраг идэвхт ашигт малтмалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатайгаар сунгаж шийдвэрлэсэн байна.
Цөмийн энергийн газрын чиг үүрэг Ашигт малтмал, газрын тосны газарт ирсний дагуу цацраг идэвхт ашигт малтмалын Ц-001X тоот тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэж, ашигт малтмалын хайгуулын XV-018... тоот тусгай зөвшөөрөл болгож бүртгэгдсэн байна.
“М.У.Р” ХХК-ийн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу ашигт малтмалын хайгуулын XV-018... тоот тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлийг гаргаж Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 133 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатайгаар сунгасан байна.
Цөмийн энергийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар “Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлнө.” гэж Ашигт малтмалын тухай хуулийн 32, 34 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож, жил бүр урьдчилан төлнө.” гэж тус тус зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх нь тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг хадгалах нэг нөхцөл болдог.
“М.У.Р” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-018... тоот тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрт 255,128,914 төгрөгийг төлж бүртгүүлсэн байна. 8 дахь жилийн төлбөр төлөөгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу цуцлагдах үндэслэл бүрдсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д “Тусгай
зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно.” гэж заасан байдаг ба өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл цуцлагдсан хайгуулын үйл ажиллагааг үргэлжлүүлэх явуулах боломжгүй нөхцөлд байдал үүсч, тэрхүү нөхцөл байдал нь шүүхийн шийдвэр гарснаар арилж байгаа бол тухайн жилийн төлбөрийг нөхөн тооцуулах боломжтой байдаг.
“М.У.Р” ХХК-ийн хувьд хайгуулын үйл ажиллагааг хуулийн дагуу зогсоогоогүй байтал үйл ажиллагаагаа явуулаагүй 7 дахь жилийн төлбөрийг 8 дахь жилдээ дахин тооцуулах нь хууль зүйн үндэслэлгүй болно.
Иймд “М.У.Р” ХХК-иас цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын XV-018... тоот тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрийг 2018 онд шилжүүлэн тооцох захиргааны акт гаргахыг А.М.Г.Т.Г.К.Х-т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү”,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.У.Р” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дорноговь аймгийн Сайншанд, Сайхандулаан, Улаанбадрах сумдын нутаг Шувуун уул нэртэй 117,231 гектар талбайд Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын Ц001 тоот тусгай зөвшөөрлийг анх Цөмийн энергийн газрын даргын шийдвэрээр 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “М.У.Р” ХХК-д олгосон байна. Тус компаниас Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын Ц001 тоот тусгай зөвшөөрлийг сунгах өргөдлийг 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Цөмийн энергийн цөмийн материалын хэлтэст гаргасан тул 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3 жилийн хугацаатай сунгаж шийдвэрлэсэн. Цөмийн энергийн газрын чиг үүрэг Ашигт малтмал, газрын тосны газарт шилжсэний дагуу Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын Ц001 тоот тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэж, ашигт малтмалын хайгуулын XV-018... тоот тусгай зөвшөөрөл болгон өөрчлөн бүртгэсэн. 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 133 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 3 жилийн хугацаатайгаар сунгасан нь хүчин төгөлдөр байгаа.
Цөмийн энергийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т энэ хуулийн 15.2.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 32.2-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлнө гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 32, 34 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийн олгосон өдрөөс эхлэн тооцож, жил бүр төлнө гэж тус тус заасан. Үүний дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлөх нөхцөл нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх нөхцөлийг хангадаг. “М.У.Р” ХХК-иас ашигт малтмалын хайгуулын XV-018... тоот тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрөө төлж, бүртгүүлсэн бөгөөд үйл ажиллагаа явуулаагүй гэж 8 дахь жилийн төлбөрт тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно гэж заасан. “М.У.Р” ХХК-ийн хувьд тусгай зөвшөөрөл нь цуцлагдаагүй, хэвийн үйл ажиллагаа явуулж байсан тул тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг дараа жилд нь тооцуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд “М.У.Р” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгох шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М.У.Р” ХХК нь А.М.Г.Т.Г.К.Х-т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа “2017 онд ХV-018... дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу зохих ёсоор үйл ажиллагаа явуулж чадаагүй. Үүнийгээ тус компаниас шалтгаалаагүй, Төрийн захиргааны байгууллага болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зохих зөвшөөрөл олгоогүйтэй холбон тайлбарлаж, улмаар үйл ажиллагаа явуулаагүй тул тухайн жилдээ төлбөр төлөх шаардлагагүй байсан, 2017 оны төлбөрөө 2018 онд тооцуулах ёстой” гэж үзээд шүүхэд нэхэмжлэлээ гарган маргаж байна.
Хариуцагчийн зүгээс нэгэнт төлөгдсөн хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг буцаан гаргуулах, эсхүл дараа жилийн төлбөрт тооцох боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн хариу тайлбарыг хийсэн.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбар, хэргийн бодит нөхцөл байдлыг харгалзан дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “М.У.Р” ХХК нь XV-018... дугаар цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд энэхүү тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд, Сайхандулаан, Улаанбадрах сумын нутагт орших Шувуун уул нэртэй талбайд хайгуулын үйл ажиллагааг 2010 оноос хойш явуулж байна. Цөмийн энергийн газар татан буугдаж, чиг үүрэг нь Ашигт малтмал, газрын тосны газарт шилжсэнтэй холбоотой тусгай зөвшөөрлийн төлбөрийг сүүлийн жилүүдэд хариуцагч байгууллагад төлсөөр иржээ. Нэхэмжлэгч 2017 оны тусгай зөвшөөрлийн төлбөр болох 255,128,914 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлжээ .
Цөмийн энергийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрөлгүйгээр цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах, экспортлох, импортлох, тээвэрлэх, цацраг идэвхт хаягдлыг булшлах, цацраг идэвхт ашигт малтмал ашигласны дараа газар нөхөн сэргээхийг хориглоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч компани нь XV-182.. /Дорноговь аймаг/, XV-182.. /Сүхбаатар аймаг/ дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа 2017 онд хайгуулын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахтай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газарт 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 17/11 дугаар, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 17/19 дугаар, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17/28 дугаар албан бичгүүдээр тус тус хандаж, зөвшөөрөл авах хүсэлтээ илэрхийлж байсан тогтоогдож байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01/3223 дугаар албан бичгээр XV-182.. дугаар тусгай зөвшөөрөл бүхий Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хайгуулын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгож, XV-182.. дугаар тусгай зөвшөөрөл бүхий Дорноговь аймагт хайгуулын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулжээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар үүнтэй холбогдуулан “Хайгуулын ажлын төлөвлөгөөг хүсэлтдээ хавсаргаагүй байсан, өрөмдлөг хийх ажилчдын мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлгийн хяналтад хамрагдсан тухай эмчийн дүгнэлт авчраагүй байсан” хэмээн нэхэмжлэгч компанийг буруутгаж, энэ тухай утсаар болон биечлэн мэдэгдэж байсан гэжээ.
“М.У.Р” ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 17/12 дугаар албан бичгээр 2 талбайн хайгуулын ажлын төлөвлөгөөг боловсруулан хүргүүлсэн байна. Өрөмдлөг хийх ажилчдыг эмнэлгийн хяналтад хамруулсан тухай баримтын тухайд, “Улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрлийн үндсэн дээр туслан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан, үүний дараа л өрөмдлөг хийх ажилчдыг мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлгийн хяналтад хамруулах боломжтой” гэх нэхэмжлэгчийн тайлбар бүрэн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, Цөмийн энергийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу зөвшөөрөл олгох бүрэн эрх бүхий төрийн захиргааны албан тушаалтан өөрийн чиг үүргийг зохих ёсоор хэрэгжүүлээгүйтэй холбоотой нэхэмжлэгч “М.У.Р” ХХК нь хайгуулын талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
XV-182.. дугаар тусгай зөвшөөрөл бүхий Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хайгуулын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр олгогдож, тухайн жил дуусахын өмнө зөвхөн 11, 12 дугаар саруудад үйлчлэх зөвшөөрөлтэй болсон ч нэхэмжлэгч компани тухайн лицензийн 2017 оны төлбөртэй холбоотой маргаагүй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 он дусахаас хоёрхон сарын өмнө тусгай зөвшөөрөл олгосон үйл ажиллагааг буруутгаагүйг шүүх анхаарч үзэв. Өөрөөр хэлбэл, Улсын ерөнхий байцаагч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 2 талбайд хоёуланд нь хайгуулын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хууль тогтоомжид заасны дагуу олгочихсон бол ийнхүү маргаан гаргахгүй байжээ гэж үзэх үндэслэлтэй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д “хайгуулын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг”, 4.1.20-д ”тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг” гэж тус тус зааснаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд зөвхөн ашигт малтмал эрэх, хайх эрхээ хэрэгжүүлэхийн тулд зохих төлбөр төлөх ёстой гэж дүгнэхээр байна.
Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөөс үл хамаарах шалтгаанаар буюу төрийн захиргааны эрх бүхий албан тушаалтан зохих ёсоор бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, 255,128,914 төгрөгийг үргүй зарлагадах нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд зогсохгүй шударга ёсонд үл нийцнэ. Төрийн албаны мөн чанар нь ард түмэндээ үйлчилж, төрд үнэнчээр зүтгэхэд орших бөгөөд ил тод байх, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим байх тул хариуцагч А.М.Г.Т.Г.К.Х нь нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд ашигт малтмал эрэх, хайх эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгох нь зүйтэй байна.
Тусгай зөвшөөрлөөр олгосон эрхээ хууль ёсны дагуу хэрэгжүүлэх боломж
“М.У.Р” ХХК-д олгогдоогүй тул XV-182.. дугаар тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрийг 8 дахь жилийн төлбөрт шилжүүлэх нь шударга ёсонд нийцэх бөгөөд үүний улмаас аливаа нэгэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй юм.
А.М.Г.Т.Г.К.Х Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.20-д заасан “үйлчилгээний хөлс, түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хураан авах” бүрэн эрхээ энэхүү маргааны тухайд дээрх байдлаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:
1. Цөмийн энергийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 4.1.20, 11 дүгээр зүйлийн 11.1.20-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А.М.Г.Т.Г.К.Х-ийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “М.У.Р” ХХК-ийн XV-018... дугаар тусгай зөвшөөрлийн 2017 онд төлөгдсөн 255,128,914 төгрөгийн төлбөрийг 2018 онд шилжүүлэн тооцохыг А.М.Г.Т.Г.К.Х-т даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН