Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 109/2022/0017/З/Т |
Дугаар | 221/МА2022/0615 |
Огноо | 2022-09-20 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2022/0615
“Н” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Н” ХХК
Хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаар,
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч
Хариуцагчийн төлөөлөгч Г.Д,
Хариуцагчийн өмгөөлөгч М.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул,
Хэргийн индекс: 109/2022/0017/З/ Т
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3, 2006 оны Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын “К” хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, Цөмийн энергийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Н” ХХК-иас Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Манай компани нь Архангай аймгийн Өндөр-Улаан, Жаргалант, Тариат сумын нутагт орших Далтын овоо нэртэй газарт XV-005359 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг эзэмшдэг бөгөөд тусгай зөвшөөрлийн талбайд хуульд заасны дагуу “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлуулахаар хүргүүлсэн боловч 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн З/465 тоот албан бичгээр хуульд заасан үндэслэлгүйгээр төлөвлөгөөг батлахаас татгалзаж манай компанийн эрх, ашгийг ноцтойгоор хөндсөн.Татгалзлын үндэслэлээ Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 04 дугаартай “Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” тогтоол гэж дурдсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д “тусгай хэрэгцээний газар” гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу “эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг” хэлнэ гэж заасан байдаг. Гэтэл “Н” ХХК нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт орших Далтын овоо нэртэй газарт XV-005359 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг анх 2009 оноос хойш эзэмшиж ирсэн бөгөөд тусгай зөвшөөрлийг хүчинтэй хугацаанд буюу 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.1.4-т “бусдын эзэмшил газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах” гэж заасан боловч манай компанид ямар нэг мэдэгдэл өгөөгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “захиргааны үйл ажиллагаа нь “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх,” 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” зарчим баримтална” гэж заасан бөгөөд дээрх хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр давуу эрхээ ашиглан нэхэмжлэгчийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр хуульд нийцээгүй шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байгаа бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно гэж заасан байхад хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээрх тогтоолуудыг гаргахдаа хуульд заасан ажиллагааг хийгээгүй нь хууль бус үзэж байна.
Мөн нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаан товлогдсон өдөр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биеэр оролцох боломжгүй болсон учраас шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх тухайн хүсэлтийг шийдвэрлээгүй, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны төв мэдэгдээгүй хэргийн шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “мэтгэлцэх зарчим”-ийг хангаагүй, хэргийн оролцогчийн нэг талыг барьж шийдвэрлэсэн явдал юм.
Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 109/ШШ2022/0035 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хянахад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул хэвээр үлдээж, тус гомдлыг хангахгүй орхилоо.
2. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 04 дүгээр тогтоолоор тус сумын “Шаргачны гол” орчмын 32800 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ.
3. Нэхэмжлэгч “Н” ХХК нь 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумын нутаг дэвсгэрийг хамарсан “Далтын овоо” нэртэй XV-005359 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 21/10 дугаар албан бичгээр байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар хандахад тус сумын Засаг даргаас 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 3/465 дугаар албан бичгээр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 04 дүгээр тогтоолыг үндэслэж татгалзсан хариу өгсөн байна.
4. Анхан шатны шүүх хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь маргаан бүхий 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаас өмнө 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч “Н” ХХК-ийн эзэмшиж байсан цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын XV-005359 тоот тусгай зөвшөөрөлтэй холбоотой эрх, үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй гэж үзэх үндэслэлгүй талаар дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... тусгай зөвшөөрлийг хүчинтэй байх хугацаанд буюу 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Өндөр-Улаан сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 25 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан ... Газрын тухай хуулийн 20.1.4-т зааснаар “... газрыг тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан солих, эгүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох шийдвэр гаргах” гэж заасны дагуу манай компанид ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6-д заасны дагуу оролцоог хангаагүй” гэжээ.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн “Өндөр-Улаан сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагын хүрээнд тухайн маргаан бүхий актад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, тус Хурлын 2014 оны 25 дугаар тогтоолын талаар маргаагүй тул хууль зүйн үндэслэл, уг тогтоолыг гаргахтай холбоотой сонсох ажиллагааны талаарх давж заалдах гомдлыг хүлээн авч, хангах үндэслэлгүй.
7. Харин маргаан бүхий 2021 оны 04 дүгээр тогтоол гарахаас өмнө тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон байх тул хариуцагчийг тус актыг гаргахдаа эрх нь хөндөгдөх этгээд гэж нэхэмжлэгчид сонсох, мэдэгдэх ажиллагаа явуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хуульд нийцээгүй шийдвэр гаргаж, нэхэмжлэгчид мэдэгдээгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, хангах боломжгүй.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт өгсөн боловч шүүх шийдвэрлээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдэлгүй хэргийг шийдвэрлэсэн” гэжээ.
9.Анхан шатны шүүх тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хийхээр товлосон бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хойшлуулжээ.
2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Анхцэцэгээс гаргасан хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авч 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хойшлуулсан боловч шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгч өөр орон нутгаас ирж амжихгүй болсонтой холбоотой шүүх хуралдааныг 1 өдрөөр хойшлуулан 29-ний өдрийн 14 цаг 00 минут болгож өөрчилж, уг товыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Анхцэцэгт 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 15 цаг 27 минутад түүний гар утас руу залгаж мэдэгдсэн тухай баримт хэрэгт авагдсан байна.
10. Мөн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шүүгчийн туслахаас нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Анхцэцэгийн утас руу залгаж шүүх хуралдаанд биечлэн оролцох эсэхийг тодруулахад “тус захиргааны хэрэгт өмгөөллийн үйлчилгээний хөлс, мөнгөнд тохиролцоогүй байгаа тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэх хариу өгсөн тухай утсаар ярьсан тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдэлгүй, хэргийг шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлтийг анхан шатны шүүхээс “...түүний шүүхэд гаргасан хүсэлтэд дурдсан хүндэтгэн үзэх шалтгаан нь баримтаар нотлогдоогүй” гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
12. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ,ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ