Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/95

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Б даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ж,

улсын яллагч Д.Н,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.О,

шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

________ дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Х-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ________ дугаар хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ________ аймгийн ________ суманд төрсөн, ________ настай, эмэгтэй, ________боловсролтой, ________ мэргэжилтэй, “________”ресторанд зөөгч ажилтай гэх, ам бүл ________, эх, эцэг, дүү, хүүгийн хамт ________ дүүргийн ________ дугаар хороо, ________ дүгээр байр, ________ тоотод оршин суух бүртгэлтэй, ________ дүүргийн ________ дугаар хороо, ________ гудамж, ________тоотод байрлах нийтийн байрны ________ тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, ________ овогт ________-ын Х /РД: ________/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.Х нь ________ оны ________ дугаар сарын ________-нд шилжих шөнө 00 цагийн үед ________ дүүргийн ________ дүгээр хороо, ________ дугаар байр, ________ тоотод оршин суух Н.Т-ийн гэрт, түүнийг угаалгын өрөө орсон байхад нь зочны өрөөнөөс нь Самсунг загварын зөөврийн компьютер, хэтэвч, иргэний үнэмлэх, банкны карт, бэлэн 50.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 528.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Анх хохирогчийн гэрт мөнгө зээлэх зорилготой очсон. Миний буруу, өөрийн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирол төлбөрт 528.000 төгрөг нөхөн төлсөн” гэв.

Эрүүгийн ________ дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Н.Т-ийн: “________ оны ________ дугаар сарын ________-ны өдөр өмнө нь уулзаж байсан Х гэх эмэгтэйг “гэртээ ирээч” гэхэд ирээд зочны өрөөнд сууж байхад нь би угаалгын өрөө рүү явах хооронд зөөврийн компьютер, хэтэвчийг аваад гарсан байсан. Фейсбүүкээр танилцаж байсан. Хэтэвч нь 100.000 төгрөгийн үнэтэй. Бэлэн 50,000 төгрөг, “Хаан” банкны виза карт, иргэний үнэмлэх байсан...” гэх мэдүүлэг /хх-26/,

“________” ХХК-ний ________-ны өдрийн ________дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “Зөөврийн компьютер 450.000 төгрөг, хэтэвч үнэлэх боломжгүй, виза карт 10.000 төгрөг, цахим үнэмлэх 18.300 төгрөг, бэлэн мөнгө 50.000 төгрөг, нийт хохирлын дүн 528.300 төгрөг” гэжээ /хх-32/,

Шүүгдэгч Б.Х-ийн яллагдагчаар өгсөн: “________ оны________ дүгээр сард Т-тэй фейсбүүкээр танилцаад мессеж бичдэг болсон. 7 хоногийн дараа  Т утасдаад “гэрт хүрээд ирээч” гэсэн. Гэрийг нь заалгаад ороход Т ариун цэврийн өрөө рүү орсон. Би нөүтбүүк, түрийвчийг нь аваад гарсан. Тухайн үед би нийтийн байранд амьдардаг байсан тул мөнгө хэрэг болоод, мөнгө зээлэх гэж очсон боловч хулгай хийсэн. Хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-43/,

Нас тоолсон тухай тэмдэглэлд: “Яллагдагч Б.Х нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас, 5 сар, 10 хоногтой байсан” гэжээ /хх-55/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-17/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44-45/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-50/ зэрэг нотлох баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Х нь 2019 оны 10 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн **** дүгээр хороо, ******** тоотод байрлах хохирогч Н.Т-ийн гэрт очин, улмаар хохирогчийг угаалгын өрөө ороход Самсунг маркийн зөөврийн компьютер, хэтэвч, иргэний үнэмлэх, банкны карт, бэлэн 50.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 528.300 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Н.Т-ийн “...Х-г “гэртээ хүрээд ир” гэсэн. Намайг угаалгын өрөө рүү явах хооронд зөөврийн компьютер, хэтэвчийг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-26/, ________” ХХК-ний “...нийт хохирлын дүн 528.300 төгрөг” гэх тайлан /хх-32/, шүүгдэгч Б.Х-ийн “...би Т-ийн гэрээс нөүтбүүк, түрийвчийг нь аваад гарсан. ...Хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-43/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Х-ийн хохирогч Н.Т-ийн гэрт байхдаа түүний эзэмшлийн Самсунг маркийн зөөврийн компьютер, хэтэвчтэй эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Тд 528.300 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд уг хохирлыг шүүгдэгч Б.Х төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Х нь хохирогч Т-ийн эд зүйлийг хулгайлж 528.300 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөр хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 6 сар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан 6 сарын хугацаагаар гэрээсээ ажил руугаа явах чиглэлд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгө болох Самсунг загварын зөөврийн компьютер, хэтэвчийг хууль бусаар авсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид нийт 528.300 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол төлөгдсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, оршин суух тодорхой хаяггүй/-ийг харгалзан шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Улсын яллагчийн “6 сар хорих ял оногдуулах” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “6 сарын хугацаагаар гэрээс ажил руу явах чиглэлд зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтүүдийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагад зорилгод нийцүүлэн шүүгдэгч Б.Х-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Х нь эрхэлсэн тодорхой ажилтай гэх боловч ажил эрхэлдэг, орлого олдог талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхэд гаргаж өгөөгүй, түүнчлэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 41 дүгээр байр, 38 тоотод оршин суух бүртгэлтэй ч уг хаягтаа гэр бүлийн хамт оршин суудаггүй, нийтийн байраар орон гэр хийж амьдарч явдаг, хэрэг шүүхэд шилжсэнээс хойш хоёр ч удаа нийтийн байраа сольж нүүсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байх тул түүнд хорих ял эсхүл зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ________ овогт ________-ын Х-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-г 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.Б