Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2020/ШЦТ/106

 

_______ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Б даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ж,

улсын яллагч Н.У,

иргэний нэхэмжлэгч Д.С,

шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Н.Г-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн _______ дүгээр хэргийг _______ оны _______ дугаар сарын _______-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _______ оны _______ дугаар сарын _______-ний өдөр _______ хотод төрсөн, эрэгтэй, _______ настай, бүрэн _______боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл _______, хүүхдүүдийн хамт _______ дүүргийн _______ дүгээр хороо, _______гудамж, _______ тоотод оршин суух,

урьд _______ дүүргийн шүүхийн _______ оны _______ дугаар сарын _______-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоног хорих ял шийтгүүлж, 2006 онд өршөөлийн хуулиар суллагдсан, _______ овогт _______-ын Г /РД:________/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Н.Г нь 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 09 цаг 20 минутын орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 3.0 промилли буюу хүнд зэргийн согтолттой үедээ ________ дүүргийн ________ дүгээр хороо________замд “________” маркийн ________улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон мөн дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Н.Б жолоочтой “________” маркийн ________улсын дугаартай, П.М жолоочтой “________” маркийн ________улсын дугаартай, Д.С жолоочтой “________” маркийн ________улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж, улмаар жолооч Б-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Согтуудаа гэрээс машин унаж гарснаа санаж байгаа. Түүнээс хойш сайн мэдэхгүй байгаа. Би ослоос болж хөдөлмөрийн чадвараа 80% алдсан. Хохирол төлбөрөө төлж байгаа ч үлдэгдэл төлбөрийг группийн зээл авч төлнө гэж бодож байгаа. Миний буруу, миний эрүүл мэндийг бодон хорихоос өөр төрлийн ял өгнө үү” гэв.

Иргэний нэхэмжлэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед ажилдаа явж байсан. Осол гэнэт л болсон. Осол болсны дараа энэ жолооч жолооны хүрд дээрээ ухаангүй байсан. Надад 4.000.000 төгрөгийн хохирол учирснаас 1.500.000 төгрөг барагдуулсан, үлдэгдэл 2.500.000 төгрөгөө нэхэмжилж байгаа. Хохирлыг барагдуулж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн ________ дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б-ын: “2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 09 цаг 20 минутын үед ажлаа тарчхаад өөрийн эзэмшлийн ________улсын дугаартай “________т” маркийн автомашинаар ________дэлгүүрийн автобусны буудал өнгөрөөд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш өгсөөд явж байхад эсрэг урсгалаас саарал өнгийн суудлын автомашин чигээрээ орж ирээд 2 дугаар эгнээнд явсан миний машины урдаас мөргөсөн. Машины ард, урд тал мөргүүлсэн, хойд талд цагаан өнгийн “________” маркийн автомашины урд хэсэг мөргүүлсэн, баруун талд саарал өнгийн “________” маркийн автомашины зүүн талын урд хэсэг мөргөгдсөн байсан. Удаагүй түргэний эмч ирж үзээд урсгал сөрж осол гаргасан машины жолооч болон саарал өнгийн “________” маркийн автомашинд зорчиж явсан эгч бид гурвыг авч яваад эмнэлэгт хүргэсэн. Замд явж байхад ________улсын дугаартай автомашины жолооч 60 гаруй насны эрэгтэй ухаангүй согтуу байдалтай харагдсан. Зүүн өвдөгний тойгийн яс сэтэрсэн, зүүн тохойд зөөлөн эдийн гэмтэлтэй, духны зүүн хажууд хэсэгт шалбарсан. Учирсан хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-52-53/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ________-ны өдрийн ________ дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Н.Б-ын биед зүүн тойг ясны хугарал, духанд зулгаралт, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх шинэ гэмтлүүд байна” гэжээ /хх-74-75/,

________” ХХК-ийн ________-ний өдрийн хөрөнгийн үнийн ________ дугаар тайланд: “...Нийт дүн 1.015.000 төгрөг” гэжээ /хх-96/,

Иргэний нэхэмжлэгч П.М-ийн: “2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 09 цаг 20 минутын үед өөрийн “________” маркийн ________улсын дугаартай саарал өнгийн автомашинтай эгч Ц-ыг жолоочийн хажуу талын суудалд суулгаад ________ автобусны буудлаас ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд өгсүүр замд 1 дүгээр эгнээнд явж байхад хажууд талын 2 дугаар эгнээнд 2 автомашин мөргөлдөж 2 дугаар эгнээнд явсан ягаан өнгийн “________” маркийн автомашин нь ардаа явсан автомашиныг мөргөж ойгоод миний автомашины жолооч талын урд крило, дугуй хэсэгт мөргөсөн. Би уг автомашинаас холдох гээд баруун гар тийш шахаж хашлага руу тулаад зогсоод машинаас буухад манай эгч урд салхины шилээ духаараа мөргөчихсөн, хавдаад цус гараад нүүр ам нь шилний хэлтэрхий болчихсон. Би цагдаа нарыг ирж үзлэг хийсний дараа эмнэлэгт очиж үзүүлэхэд ил харагдах гэмтэл шарх гайгүй байна гээд тархины зураг авхуулаад эм бичүүлж авсан. Толгой өвдөөд дотор муухай оргиод байна. Юунаас болоод ямар осол болсныг хараагүй. Хохирлоо авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-42-44/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ________-ний өдрийн ________ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. П.М-ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-85-86/,

________” ХХК-ийн ________-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний ________ дугаар тайланд: “...Нийт дүн 1.067.350 төгрөг” гэжээ /хх-93/,

Иргэний нэхэмжлэгч П.Цын: “2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 09 цаг 20 минутын үед дүү П.М-ийн хамт түүний машинд суугаад ________замаар явж байхад зүүн талаас баруун тийш чиглэлд явж байсан саарал өнгийн автомашин урсгал сөрж ирээд дүүгийн явсан эгнээний 2 дугаар эгнээнд явж байсан ягаан өнгийн суудлын автомашиныг урдаас нь мөргөж уг автомашины өөдөө цоройж, хойш ухарч ардаа явсан машиныг мөргөөд хажуу тийшээ шарвахдаа М-ийн автомашины зүүн урд талын хэсгийг мөргөсөн. Би жолоочийн хажуу талын суудалд сууж явсан болохоор мөргүүлэх үед урд салхины шилээ духаараа мөргөж хавдаад цус гарсан. Миний хоёр өвдөгний нүд хэсэгт жаахан овойж хавдсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Одоо миний толгой жаахан өвдөөд дотор муухай оргиод байна...” гэх мэдүүлэг /хх-48-50/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ________-ний өдрийн ________ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. П.Ц-ын биед духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд шарх, тархи доргилт, баруун өвдөг, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-80-81/,

Иргэний нэхэмжлэгч Д.С-ийн: “2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 09 цаг 20 минутын үед өөрийн ________улсын дугаартай “________” маркийн автомашинтай ________ дэлгүүрийн автобусны буудлаар ертөнцийн зүгээр зүүн тийш явах чиглэлд 2 дугаар эгнээгээр явж байхад урд явж байсан “________” маркийн автомашин гэнэт цоройж урд хэсэг нь босож ирээд ухраад миний машины урд талаас маш хүчтэй мөргөөд хажууд тийшээ 1 дүгээр эгнээ рүү унахдаа 1 дүгээр эгнээнд явж байсан саарал өнгийн автомашиныг мөргөж зогссон. Машинаас буух гэхэд хаалга онгойхгүй гацчихсан. Зүүн талын урд хаалгаар буух гэхэд мөн хаалга нь гацчихсан байхаар хойд хаалгаараа дамжаад буусан. Эсрэг эгнээгээр явж байсан саарал өнгийн ________улсын дугаар суудлын автомашин урсгал сөрж яваад миний машины урд явж байсан ________улсын дугаартай ягаан өнгийн “________” маркийн автомашиныг мөргөж уг автомашин ухраад миний машин болон хажуу талд явж байсан автомашиныг мөргөж осол гаргасан байсан. Уг автомашины жолооч нь жолооныхоо ард хажууд талын суудал руугаа тонгойсон байдалтай хэвтэж байсан. Удалгүй замын цагдаа нар ирж үзлэг хийж осолд холбогдсон автомашинуудыг ачигчаар авч явсан. Би эмнэлэгт үзүүлж тархины болон өвдөгний зураг авхуулахад хугарал гэмтэл байхгүй байна гэсэн. Би тухайн үед 50-55 км цагийн хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг /хх-45-47/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ________-ны өдрийн ________ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Д.С-ийн биед зүүн өвдөгт цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ /хх-69-70/,

________” ХХК-________-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний 17446000 дугаар тайланд: “...Нийт дүн 3.799.750 төгрөг” гэжээ /хх-99/,

Шүүгдэгч Н.Г-ийн яллагдагчаар өгсөн: “...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасандаа маш их гэмшиж байна. Уг ослоос болж хүний асаргаанд, дөрвөн мөч хөдлөхгүй хэвтрийн дэглэм бариад хэвтэж байна...” гэх мэдүүлэг /хх-121-123/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ________-ны өдрийн ________ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Н.Г-ийн биед хүзүүний 4/5 дугаар нугалам хоорондын жийргэвчийн урагдал, задрал, нугасны хатуу хальсны сэмрэл, нугасны эдийн няцрал, аарцаг, дөрвөн мөчдийн саажилт, хүзүүний нугалмын арын булчин дахь цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, дух, хамар, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэжээ /хх-114-116/,

Шинжээчийн ________ний өдрийн ________ дугаар дүгнэлтэд: “2. Шинжилгээнд ирүүлсэн “Г 54 эр” гэсэн хаягтай цусанд 3.0 промилли спиртийн агууламж илрэв. 3. Согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэжээ /хх-63-64/,  

Мөрдөгчийн ________-ний өдрийн магадлагаанд: “1. ________маркийн ________, ________а маркийн ________, ________маркийн ________улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна. 2. ________маркийн ________улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Мөн дүрмийн 11.5-д “эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”. 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоор арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэл болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна” гэжээ /хх-118-119/,      

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-18/, шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-125/, шүүгдэгчийн жолоочийн дэлгэрэнгүй мэдээлэл /хх-127/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-142/, П.М-ийн “Хохирлыг үнэлгээнд заагдсан мөнгөн дүнгээр барагдуулсан нь үнэн” гэх хүсэлт /хх-156/, хохирогч Б-ын “Машинд болон биед гарсан хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдолгүй” гэх хүсэлт /хх-157/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Н.Г нь 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 09 цаг 20 минутын орчимд Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин 3.0 промилли буюу хүнд зэргийн согтолттой үедээ ________ дүүргийн ________ дүгээр хороо, ________ замд “________” маркийн ________улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа урсгал сөрж тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж, хохирогч Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Б, П.М нар тээврийн хэрэгсэл болон эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрийн талаар “хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул гомдол саналгүй” гэх тайлбарыг бичгээр гаргасан. Иргэний нэхэмжлэгч П.Ц нь ослын улмаас эмчилгээ хийлгэсэн гэх боловч ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй, хохирлоо жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдуулъя. Хохирогч Д.С-т 2.587.750 төгрөг олгуулах саналтай...” гэж,

иргэний нэхэмжлэгч Д.С “Ослын улмаас гарсан хохирол төлбөрийг нөхөн төлчихвөл ямар нэгэн гомдол санал байхгүй” гэж,

шүүгдэгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Г согтуурсан үедээ 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг 20 минутын орчимд ________ дүүргийн ________ дүгээр хороо, ________ замд “________” маркийн ________улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа эсрэг урсгал сөрөн хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас Н.Б жолоочтой “Хьюндай аксент” маркийн ________, П.М жолоочтой “________” маркийн ________, Д.С жолоочтой “________” маркийн ________улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж, хохирогч Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч П.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч П.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, бусдын тээврийн хэрэгслүүдэд эд хөрөнгийн хохирол тус тус  учруулсан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б-ын “...эсрэг урсгалаас саарал өнгийн суудлын автомашин чигээрээ орж ирээд 2 дугаар эгнээнд явсан миний машины урдаас мөргөсөн....” гэх мэдүүлэг /хх-52-53/, шүүх эмнэлгийн 6389 дүгээр “1. Б-ын биед зүүн тойг ясны хугарал, духанд зулгаралт, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-74-75/, иргэний нэхэмжлэгч П.М-ийн “...2 дугаар эгнээнд 2 автомашин хоорондоо мөргөлдөж 2 дугаар эгнээнд явсан ягаан өнгийн “Аксент” маркийн автомашин ардаа явсан автомашиныг мөргөж ойгоод миний автомашины жолооч талын урд крило, дугуй хэсэгт мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-42-44/, шүүх эмнэлгийн 6362 дугаар “1. П.М-ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-85-86/, иргэний нэхэмжлэгч Д.С-ийн “...урд явж байсан “Хьюндай Аксент” маркийн автомашин гэнэт цоройж урд хэсэг нь босож ирээд ухраад миний машины урд талаас маш хүчтэй мөргөөд хажууд тийшээ 1 дүгээр эгнээ рүү унахдаа 1 дүгээр  эгнээнд явж байсан саарал өнгийн суудлын автомашиныг мөргөж зогссон...” гэх мэдүүлэг /хх-45-47/, шүүх эмнэлгийн 6347 дугаар “1. Д.С-ийн биед зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх шинжилгээ /хх-69-70/, иргэний нэхэмжлэгч П.Ц-ын “...саарал өнгийн автомашин урсгал сөрж орж ирээд манай дүүгийн явсан эгнээний 2 дугаар эгнээнд явж байсан ягаан өнгийн суудлын автомашиныг урдаас нь мөргөж уг автомашины өөдөө цоройж, хойш ухарч ардаа явсан машиныг мөргөөд хажуу тийшээ шарвахдаа манай дүү М-ийн автомашины зүүн урд талын хэсгийн мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-48-50/, шүүх эмнэлгийн 6355 дугаар “1.П.Ц-ын биед духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд шарх, тархи доргилт, баруун өвдөг, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-80-81/, шүүгдэгч Н.Г-ийн “...Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасандаа маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-121-123/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Г-ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчин “Хьюндай аксент” маркийн 70-68 УБА, “Хьюндай верна” маркийн 68-52 БУЛ, “Тоёота Акуа” маркийн 44-85 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж, хохирогч Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр, тээврийн хэрэгсэлд 3.799.750 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч П.М-ийн эрүүл мэндэд хөнгөн, тээврийн хэрэгсэлд 1.067.350 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тэдний “Хохирлоо бүрэн барагдуулсан тул гомдолгүй” гэх хүсэлт /хх-156, 157/-үүдийг үндэслэн хохирогч Н.Б, иргэний нэхэмжлэгч П.М нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Мөн иргэний нэхэмжлэгч Д.С-ийн тээврийн хэрэгсэлд 3.799.750 төгрөгийн хохирол учирснаас 1.500.000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 2.587.750 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байна. Харин иргэний нэхэмжлэгч П.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Н.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзээд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсрэг урсгал руу орж, гурван тээврийн хэрэгсэл мөргөж хүний эрүүл мэндэд болон эд хөрөнгөд хохирол учруулсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 3 тээврийн хэрэгсэлд эд хөрөнгийн хохирол учирсан, зарим хохирол бүрэн төлөгдсөн, зарим хохирол төлөгдөөгүй, хохирогч “Гомдолгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 4 хүүхэдтэй, тухайн ослоос эрүүл мэндэд нь хүнд хохирол учирч “4 мөчний саажилт” өвчний улмаас хэвтэрт байх/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруу болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгод бүрэн нийцнэ хэмээн шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч Н.Г-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, жолоочийн ВС ангиллын 349274 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ________ овогт ________-ын Г-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Тэнссэн хугацаанд шүүгдэгч Н.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Г нь хохирогч Н.Б, иргэний нэхэмжлэгч П.М нарт төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Н.Г-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, жолоочийн ВС ангиллын 349274 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Гаас 2.587.750 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Д.С /________ дүүргийн ________ дугаар хороо, ________ тоотод оршин суух, РД: ________, утас ________/-т олгосугай.

8.  Иргэний нэхэмжлэгч П.Ц гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.Б