| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2021/0117/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/108 |
| Огноо | 2021-01-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/108
____________ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Б даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ж,
улсын яллагч Т.О,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.С,
шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.С-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн __________ дүгээр хэргийг __________ оны __________ дугаар сарын __________-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __________ оны __________ дугаар сарын __________-ны өдөр __________ хотод төрсөн, __________ настай, эрэгтэй, __________боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил эрхэлдэг гэх, ам бүл __________, эхнэр, хүүхдүүдийн хамт __________ дүүргийн __________ дугаар хороо, __________ дүгээр байр, __________ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, __________ овогт __________-ийн С /РД: __________/.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч А.С нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 15 цагийн үед __________ дүүргийн __________ дугаар хороо, __________ дүгээр гудамж, __________ тоотод хашааны үүдэнд хохирогч Ш.Н-г хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний хамар руу нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
Шүүгдэгч А.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийн биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрт 600.000 төгрөг нөхөн төлсөн. Хувийн байдлыг минь харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн 2008032851619 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Ш.Н-ийн: “2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би гэртээ байж байтал Д гадаа ганцаараа машинаа уначихсан ирээд “хамт хороолол яваад ирье” гэхээр нь би “за тэгье” гээд машиныг нь бариад надтай хамт манай ах Н бид 3 хороолол орчхоод Д-ийн гэрт 15 цагийн үед очиход гэрийн хашааны гадна нэг эрэгтэй гарч ирээд машиныг нь оруулаад байрлуулчих гэхээр нь би машиныг оруулаад байрлуулчхаад буутал тэр эрэгтэй “яасан над руу хараад байна уу” гэхээр нь “яасан юм бэ” гэтэл хамар луу мөргөчихсөн. Ах Н машинаас бууж ирээд хамт гэр лүүгээ очоод цагдаа дуудаж бариулсан. Би учирсан хохирлоо барагдуулахыг хүсэж байна. Хохирлын мөнгө 600.000 төгрөг авмаар байна.
...Би тухайн үед хашааны гадна ирэхэд А.С намайг "Чи яагаад хүүхдийн машин унаад яваад байгаа юм бэ?” гэхээр нь “Би энэ машиныг хашаанд чинь оруулж тавих гэж байна” гээд оруулж байрлуулаад машинаас буугаад хашааны үүдэн дээр ирэхэд А.С “Чи юу гээд байгаа юм бэ?” гээд бариад авахаар нь би зөрүүлээд барихад миний хамар луу нэг удаа мөргөсөн. Яг ямар шалтгааны улмаас С намайг мөргөсөн эсэхийг мэдэхгүй. Тухайн үед би С-ыг “чи миний хамар луу яагаад мөргөж байгаа юм бэ” гэхэд “Танай найзыг машинаас буугаад ирэхээр нь та хоёр нийлээд намайг зодож магадгүй гэж бодоод мөргөчихлөө” гэж байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй. Би Саас 600.000 төгрөг эмчилгээний зардалд авсан...” гэх мэдүүлэг /хх-11-13, 14-17/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.11.17-ны өдрийн 13065 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Ш.Н-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-31-32/,
Шүүгдэгч А.С-ын яллагдагчаар өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 09-ний 15 цагийн үед дүүгийн найз Д-ийн машиныг Н бариад ирэхээр нь “Наад машинаа хашаанд оруулаад тавьчих, Д-г ажилд авч явах гээд байна, хурдлаарай” гэтэл Н оруулж тавихгүй машин дотроо суугаад байхаар нь “Чи яагаад хүүхдийн машин унаад яваад байгаа юм бэ?” гэхэд Н “Би энэ машиныг хашаанд чинь оруулж тавих гэж байна” гээд машиныг оруулж тавиад буугаад ирэхээр нь би “Чи юу гээд байгаа юм бэ?” гээд бариад автал Н мөн заамдаж авахад Н-тэй хамт машинд сууж байсан залуу буугаад ирэхээр нь энэ хоёр нийлээд зодчихож магадгүй гэж бодоод түрүүлээд Н-ийн хамар луу нэг удаа мөргөсөн. Миний бие хийсэн хэрэгтээ их гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг /хх-66-68/,
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49/, хохирогчийн “Гомдол, саналгүй, миний хохирлыг барагдуулсан” гэх хүсэлт /хх-69/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцогч талууд гэм буруугийн тал дээр маргаагүй дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.С нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цагийн үед __________ дүүргийн __________ дугаар хороо, __________гудамж, __________тоот хашааны үүдэнд хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ш.Н-ийн хамар луу нэг удаа мөргөж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Ш.Н-ийн “...хамар луу мөргөчихсөн...” гэх мэдүүлэг /хх-11-13, 14-17/, шүүх эмнэлгийн __________ дугаар “1.Ш.Н-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-31-32/, шүүгдэгч А.С-ын “...Н мөн миний энгэрээс заамдаж авахад “энэ хоёр залуу нийлээд зодчихож магадгүй” гэж бодоод түрүүлээд Н-ийн хамар луу нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-66-68/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.С-ын хохирогч Ш.Н-г үл ялих зүйлээр шалтаглан нэг удаа мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “Хохиролд 600.000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-17/, хүсэлт /хх-69/-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А.С нь хохирогч Ш.Н-г хувийн таарамжгүй харилцааны улмаас нэг удаа мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичгийн нотлох баримт болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч А.С нь тухайн гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Үйлдлийн хувьд үл ойлголцлоос бий болсон маргааны улмаас энэхүү үр дүнд хүрсэн. Гаргасан үйлдэлдээ гэмшиж, хохирлыг бүрэн барагдуулж, уучлалт гуйсан байгаа. Иймд А.С-ын хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, торгуулийн ялын хамгийн бага хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч, хохирогч нарын үл ойлголцол, хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан нэг удаа мөргөж, гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 600.000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэр бүлийн байдал, тодорхой орлого олдог гэх/-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах “бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /барилгын материалын зах дээр ачигч хийж орлого олдог гэх/-ийг үндэслэн шүүгдэгч А.С-ыг торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.С цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч __________ овогт __________-ийн С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-ыг 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.С цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.Б