| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2021/0121/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/114 |
| Огноо | 2021-01-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/114
__________ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Б даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ж,
улсын яллагч Х.А,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.О,
шүүгдэгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
________ дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Л.А-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн _______ дугаар хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ оны ____ дүгээр сарын ____-ны өдөр ____ аймгийн ______ суманд төрсөн, ____ настай, боловсролгүй, мэргэжилгүй, группт байдаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ___, _____ аймгийн ______ сум, ____ дугаар баг, _____________ оршин суух бүртгэлтэй, _______ дүүргийн ______ дугаар хороо, ___________________ гудамж, ___ тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, _____ овогт _____-ын А /РД:__________/.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Л.А нь 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр __________ дүүргийн 22 дугаар хороо, _________гудамж, ______ тоот гэртээ Д.М-тай маргалдан нүүрэн тус газар нь цохиж, өргөж шидэн Д.М-ийн эрүүл мэндэд “зүүн нүдний алим, зүүн зовхинд цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Л.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогч Д.М манай гэрт орж ирэхээр нь би “яв” гэж хэлээд цохисон” гэв.
Эрүүгийн _____ дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч М.Гийн: “2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 15 цагийн үед миний утас руу цагдаагийн газраас залгаад “ээж Д.М-г нас барсан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт очиж уулз” гэж хэлсэн. Манай талийгаач 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гэрээсээ “дэлгүүр орно” гэж гараад ирээгүй. Гэртээ ирэхгүй олон хоногоор байнга архи уугаад байсан. Ямар ч хүнтэй нийлээд архи уучихдаг хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-19/,
Гэрч Ц.Г-ын: “...14 цагийн үед гаргүй Бороо дагуулж ирсэн эмэгтэйтэй маргалдаад байсан. Тэгээд Бороо уг эмэгтэйн нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Мөн тэр эмэгтэйг өргөөд шидсэн. Тэгсэн намайг зодоод байна гээд уг эмэгтэй уйлаад байхаар нь би болиулсан. Гэрийн зүүн талын орон дээр хэвтүүлээд бид нар архи уугаад тасарсан байсан. 22 цагийн үед сэрэхэд үл таних эмэгтэй хэвтэж байсан орон дээрээ ямар нэгэн хөдөлгөөн байхгүй байсан. Тэгээд эмнэлэг, цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-22, 145/,
Гэрч Д.Б-ийн: “...2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гаргүй Бороогийн гэрт бид нар архи уусан. Намайг ороход нэг хүүхэн байсан. _____ тойрог орчмоос архи уудаг хүмүүстэй цуг Б-д ирээд явахгүй үлдсэн хүүхэн гэж надад хэлсэн. Тэр хүүхний нүдийг Б цохисон талаар Г найз маань надад ярьсан...” гэх мэдүүлэг /хх-24/,
Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2020.04.08-ны өдрийн ________дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.10. Талийгаачийн цогцост зүүн нүдний алим, зүүн зовхинд цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь нас барахаас 1-с дээш хоногийн өмнө үүссэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих, цохигдох үед үүснэ. 4. Дээрх гэмтлүүд нь үхэлд хүргээгүй байна. 5. Зүүн нүдний алим, зүүн зовхины цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 6. Талийгаач нь элэгний хатуурал өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна. 7. Талийгаач нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас баржээ...” гэх дүгнэлт /хх-31-36/,
Шүүгдэгч Л.А-ын яллагдагчаар өгсөн: “2020 оны З дугаар сарын 18-ны өдөр гэртээ байхад Б-г дагаад үл таних эмэгтэй хүн манайд ороод ирсэн. Уг эмэгтэйг “манай гэрээс яв” гэхэд “явахгүй, би архинаас чинь ууна шартаж үхлээ” гээд маргалдаад байсан. Тэгэхээр нь би зүүн нүд рүү зүүн гараараа нэг удаа цохисон чинь Б салгаж болиулсан. Тэгээд манай гэрт хоносон. Маргааш нь 17-18 цагийн үед тэр эмэгтэй баруун талын орон дээр унтаж байсан. Ямар нэгэн хөдөлгөөн үзүүлэхгүй хэвтээд байхаар нь очиж сэрээгээд явуулах гэхэд юм дуугарахгүй байсан. Би өргөж шидээгүй... ” гэх мэдүүлэг /хх-151/,
Цаг уур, орчны шинжилгээний газрын 2020.06.03-ны өдрийн _____ дугаар албан бичигт: “2020.03.19-ний өдрөөс 2020.03.20-ны өдөр хүртэл хугацаанд хур тунадас ороогүй ба цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдаагүй болно” гэжээ /хх-93-94/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-15/, шинжээч Ш.Ц-ийн мэдүүлэг /хх-29/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-97/, шүүгдэгчийн хөдөлмөрийн чадвар алдалттайг илэрхийлсэн эмчийн үзлэгийн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Л.А согтуурсан үедээ 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр _____ дүүргийн ____ дугаар хороо__________ гудамж, _____ тоот гэртээ хохирогч Д.М-тай маргалдан нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний алим, зүүн зовхинд цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь гэрч Ц.Г-ын “...гаргүй Б уг эмэгтэйн нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Уйлаад байхаар нь би болиулсан...” гэх мэдүүлэг /хх-22, 145/, гэрч Д.Б-ийн “...Тэр хүүхний нүдийг Б цохисон талаар Г найз маань надад ярьсан...” гэх мэдүүлэг /хх-24/, шүүх эмнэлгийн 741 дүгээр “Талийгаачийн цогцост зүүн нүдний алим, зүүн зовхинд цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн нүдний алим, зүүн зовхины цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас баржээ...” гэх шинжилгээ /хх-36/, шүүгдэгч Л.А-ын “...би тэр эмэгтэйн зүүн нүд рүү зүүн гараараа нэг удаа цохисон чинь Б салгаж болиулсан...” гэх мэдүүлэг /хх-151/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л.А-ын хохирогч П.М-тай маргалдан зүүн нүд рүү нь нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч П.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Л.А нь согтуурсан үедээ хохирогчийг цохиж хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогч М.Г нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тогтоолд дурдуулах саналтай. Иймд шүүгдэгч Л.А-ыг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Л.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийг өргөж шидсэн гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй. Харин нүүрэн тус газар цохисны улмаас энэхүү гэмтэл учирсан. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан, сар бүр 288.000 төгрөгийн группийн мөнгө авдаг зэргийг харгалзан үзээд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдаж нүүр лүү нь цохиж гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдөөгүй, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан, тахир дутуугийн тэтгэмжийн орлоготой/ зэргийг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /тахир дутуугийн группийн мөнгө тогтмол авдаг/-ийг үндэслэн шүүгдэгч Л.А-ыг 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.А цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч _____ овогт _____-ын А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ыг 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.Б