Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 370

 

Э.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

шүүгдэгч Э.Э-гийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Э-, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Э.Э-д холбогдох 1709 0081 30262 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Э.Э, 1988 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодох бүртгэл мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Амарсанаагийн гудамжны 1/60 дугаар байрны 7 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 6/1 дүгээр байрны 47 тоотод түр оршин суух,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 377 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 561 дүгээр шийтгэх тогтоолоор Э.Э-г бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг журамлан Э.Э-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн, /РД:/,

Э.Э- нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.М-н өмчлөлийн 00-16 УБЯ улсын дугаартай, “Тоёота ланд крузер-200” загварын автомашиныг худалдан авна гэж түүний дүү С.Төмөрхуяг нарт итгэл төрүүлэн хуурч, автомашин эзэмшигчийн бичиг баримтыг хуулбарлан авч, 2013 онд хаяж гээгдүүлсэн Болдын Жавхлангийн иргэний бичиг баримтыг ашиглан С.Мөнх-Эрдэнээс Б.Жавхланд худалдсан мэтээр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэж, 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгож “Оршил финанс” ХХК-ийн нэр дээр тус автомашины өмчлөгчийн эрхийг шилжүүлэн залилсан,

мөн өдрөө бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хуурамч гэрээг үзүүлж, хүсэлт бичүүлэн авч, авто тээврийн төвд хандаж өмчлөгчийн эрхийг шилжүүлүүлж “Оршил финанс” ХХК-д 15.000.000 төгрөгийн барьцаанд тавьж, 15.000.000 төгрөгийг авч тус тус залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Э.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Э-г баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э-г 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Э-гаас 6.000.000 төгрөгийг гаргуулж “Оршил финанс” ХХК-д олгож,

“Тоёота ланд крузер-200” загварын, 00-16 УБЯ улсын дугаартай автомашины “Оршил финанс” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй улсын бүртгэлийг хүчингүй болгож, уг машиныг хохирогч С.Мөнх-Эрдэнийн эзэмшилд бүртгэхийг Авто тээврийн үндэсний төвд даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Э.Э- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Э- гаргасан давж заалдах гомдолдоо: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, хохирлоо нөхөн төлсөн, ам бүл 4-үүлээ амьдардаг бөгөөд эхнэр, 4-6 насны хоёр хүүхэдтэй амьдардаг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Э.Э-гийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Шүүгдэгч Э.Э- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, хохирлоо нөхөн төлсөн, ам бүл 4-үүлээ амьдардаг бөгөөд эхнэр, 4-6 насны хоёр хүүхэдтэй амьдардаг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү ...” гэв.

Прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Э.Э- нь урьд хоёр удаа шийтгүүлсэн. Анхан шатны шүүхээс Э.Э-гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан 1 жил 5 сарын хугацаагаар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй тул тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.

Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 500.000 төгрөгийг төлсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд “төлсөн гэх” баримтыг гар утсаар баримтжуулан авч ирсэн байсан. Төлсөн тухай баримт хэрэгт авагдаагүй байгаа ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүгдэгч Э.Э- нь урьд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 377 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлжээ /хх 73-75/.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд “... өмнөх 500 нэгжээр торгуулсан торгуулийн ялыг төлж барагдуулсан баримтыг гарган өгч байна ...” гэж шүүгдэгч Э.Э-гийн өмгөөлөгч Б.Эрдэнэболороос мэдүүлсэн байх бөгөөд /хх-156/ энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгуулийн ялыг биелүүлсэн эсэхэд эргэлзээтэй байна.

Дээрх торгуулийн ял биелэгдсэн эсэх талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1 дэх заалтад заасныг зөрчсөн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийтгэх тогтоол хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Э.Э-, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Э-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Э.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                   ШҮҮГЧИД                                                   М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ