Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2022/0616

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            “О.Г.Х” НҮТББ-ын

                          нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгч Р.Батцогт, гуравдагч этгээд Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бум-Аюуш, гуравдагч этгээд “П.Х” ХХК-ийн төлөөлөгч П.Пүрэвдорж давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Б,

Гуравдагч этгээд Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Гуравдагч этгээд “П.Х” ХХК-ийн төлөөлөгч П.П,

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “О.Г.Х” НҮТББ

Хариуцагч Дундговь аймгийн Засаг дарга,

Гуравдагч этгээд Г ХХК,

Гуравдагч этгээд “П.Х” ХХК,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/254 дүгээр захирамжаар Сайхан-Овоо сум, Бадрах овоо нэртэй газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосонг, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/323 дугаартай захирамжаар Сайхан-Овоо сум, Баян овоо нэртэй газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосонг тус тус хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 19 дүгээр,

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д,

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Б,

Гуравдагч этгээд Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Гуравдагч этгээд “П.Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,

 

Хэргийн индекс: 117/2022/0002/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.7, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 37 дугаар зүйлийн 37.6-д заасныг тус тус баримтлан “О.Г.Х” НҮТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/254 дүгээр захирамжаар Сайхан-Овоо сум, Бадрах овоо нэртэй газарт ашигт малтмалын XV-48000143 хайгуулын тусгай зөвшөөрлийг “Пүрэвбат хишиг” ХХК-д, 2020 оны 11 дүгээр сарын 02ны өдрийн А/323 дугаартай захирамжаар Сайхан-Овоо сум, Баян овоо нэртэй газарт ашигт малтмалын XV-48000149 хайгуулсын тусгай зөвшөөрлийг Г ХХК-д олгосонг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

2. Хариуцагчийн өмгөөлөгч Р.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: 2.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.4-т "... хурлын тэргүүлэгчид хуралдаж саналаа өгсөн эсэхийг шүүхээс шалгахад ... Сайхан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хурал зарласан товъёогоoc сумын нутаг дэвсгэрт байрлах Бадрах овоо, Баян овоо хэмээх газарт аймгийн Засаг даргын саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэх хурлыг товлоогүй, уг саналыг хэлэлцсэн хуралдаан болоогүй буюу энэ талаарх баримт сумын архивд эх хувиараа байхгүй болохыг сумын засаг даргаас 2022 оны 04-р сарын 18-ны өдрийн 01/60 тоот албан бичгээр ирүүлсэн болон хурлын даргын дэмжиж байна гэх саналыг нотлохуйц үндэс тогтоогдохгүй байна гэсэн нь үндэслэлгүй гэдэг нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал. Сумын засаг дарга гэдэг бол Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар өөр өөр статустай, өөр өөрийн гэсэн тусдаа чиг үүрэг, эрх хэмжээтэй, өөрийн гэсэн тус тусдаа ажлын албатай байгууллагууд байтал Засаг даргаас ирүүлсэн албан бичгийг нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй. Сайхан-Овоо сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн албан бланктай, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн даргын тамгатай албан бичгийг Иргэдийн төлөөлөгчдийн хурал (Хурлын 2020 оны 27 дугаар, мөн оны 10 дугаар сарын 10 дугаартай тоот)-аас ирүүлсэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн тухай бичгийг хурлаар хэлэлцүүлсэн гэж үзэхээс өөрөөр үзэх боломжгүй. Иймд Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан эрх зүйн хувь зөрчилтэй захиргааны акт гэж үзэхгүй.

2.2. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.6-д "Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11-р зүйлийн 11.1.1-д аймаг, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон уурхайн талбайг тусгах гэж хуульчилсан байх ба Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2018 оноос хойш аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлаагүй гэж шүүхэд ирүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг газрыг 2020 онд олгосон газар зохион байгуулалтын төлөвлөгөө байхгүй гэж тайлбарлаж байгаа нь засаг дарга шийдвэр гаргахдаа хуулийн энэхүү шаардлагыг хангаагүй ... уг газарт тусгай зөвшөөрөл олгосон хуулийн энэхүү шаардлагыг хангаагүй ... уг газарт тусгай зөвшөөрөл олгосон нь хуулийг зөрчсөн гэх үндэслэлийг бүрдүүлнэ" гэсэн нь дараах баримтаар үгүйсгэгдэнэ. Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т "Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд Байгаль, газар зүйн нөхцөл, газрын нөөц, түүний экологи, эдийн засаг, орон зайн багтаамж, чадавхид зохицсон газрын менежментийн бодлогоор улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 16-20 жилийн хэтийн чиглэлийн баримжаатай зураг төслийн баримт бичиг байна" гэж мөн хуулийн 25.3-т "Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь энэ хуулийн 25.2-т заасан хүрээнд боловсрогдсон 12-16 жилийн хугацаанд хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна" гэж зааснаар жил болгон баталдаггүй төлөвлөгөөг, жил баталдаг мэтээр ойлгон тайлбарласан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Ийнхүү шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг зөрчжээ.

2.3. Шүүх "Усны тухай хуулийн 1-р зүйлийн 1.1. 3-р зүйлийн 3.1.3. 13-р зүйлийн 13.2-т заасанчлан аймгийн засаг дарга маргаж буй дээрх 2 захирамжид уг саналыг аваагүй болох нь засаг даргын 2020 оны А/254, А/323-р захирамж болон Умард голын гүвээт халхын дундад талын сав газрын 2022 оны 05-р сарын 16-ны өдрийн 100 тоот албан бичгээр тус тус нотлогдож байна" гэж дүгнэсэн нь мөн өрөөсгөл хэт нэг талыг барьсан дүгнэлт болжээ. Учир нь Усны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д хуулийн зорилтыг, 3 дугаар зүйлийн 3.1.3-т "усны сав газар" гэж гадаргын ус хурах талбай болон газрын доорх усны нөөцийг бүрдүүлэх тэжээгдлийн муж, тархалтын талбайг хамарсан орон зайг 13 дугаар зүйлд Сум, дүүргийн Засаг даргын усны харилцааны талаарх бүрэн эрхийг хуульчилж өгсөн байна. Анхан шатны шүүхээс дурдсан дээрх заалтуудад Сав газрын захиргааны саналыг авах тухай зохицуулаагүй байна. Харин Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т "Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ" гэж зааснаас бус түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх ... тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын саналыг үндэслэнэ гэж заагаагүй. Үүнээс гадна тухайн зөвшөөрөл олгосон маргаан бүхий талбай нь Онги голоос 65 километр хол зайтай оршдог. тухайн талбайн ойролцоо хоёр гүний худаг байдаг гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй тул сав газрын саналыг үндэслэх шаардлагагүй. Орон нутгийн иргэдийн тахиж шүтдэг Төгрөг Хайрхан уул нь маргаан бүхий тусгай зөвшөөрөл олгосон газраас 35 км-ийн зайтай байрлах бөгөөд нийт 1743.83 га (Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 2019 оны 10 дугаар хуралдаанаар тус аймгийн Сайхан-Овоо сумын Төгрөг багийн нутагт байрлах Харганын шугуй, Төгрөг хайрхан уул орчмын нийт 1743,83 га талбайг аймгийн тусгай хамгаалалтад авчээ) талбайтай тул захиргааны хууль бус уйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол зорчигдсон, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсонгүй.

2.4. Шүүх ... нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн нэрсийн жагсаалтыг үндэслэн Х.Э, Э.Б, Б.Өнөболд, Ц.Б нарын нэр бүхий хүмүүсийн .... үйл ажиллагаа эрхэлсэн тохиолдолд бид уух усгүй болох, байгаль сэргээгдэхгүй нөхцөлд үлдэх зэрэг нөхцөл байдал үүсэх говийн маш хуурай хөрстэй газар юм" гэх гэрчийн мэдүүлгийг үндэслэх хэсэгтээ дурджээ. Нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн гэх иргэдийн нэрсийн жагсаалтыг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон захирамжийг эсэргүүцсэн албан бичиг гэж хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа ба тухайн албан бичигт бичигдсэн огноо буюу он, сар, өдөр байхгүй, 500 гаруй иргэний нэр утасны дугаар байх бөгөөд тэдгээрийн регистрийн дугаар (хэзээ ч давтагддаггүй бөгөөд тухайн иргэнийг монгол улсад бүртгэлтэй, тухайн аймгийн иргэн гэж үзэх гол нөхцөл болдог) байхгүй байгаа нь эдгээр иргэд эсэргүүцэн арын үсэг зурсан гэхэд эргэлзээ төрүүлж байна. Мөн дээрх иргэдийг төлөөлсөн гэх дөрвөн иргэнийг тухайн сум, орон нутгийн иргэдийг бүрэн төлөөлөх эрхтэй гэж үзэх үндэслэл, баримт огт байхгүйгээс гадна нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзнэ.

2.5 Гуравдагч этгээд нарт хурлын тов мэдэгдээгүй нь эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийн шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхийг эдлүүлээгүй, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлүүлэх эрхийг хангаагүй зэрэг хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдохгүй байгаа тул Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 19 дүгээр дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3. Гуравдагч этгээд Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: 3.1 “Анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.3-р зүйлийн 121.3.1-т заасны дагуу гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Шүүгчийн туслахаас 2022 оны 07-р сарын 18-ны өдөр 3 удаа миний 91115625 дугаарын утсанд залгасан байдаг. Эхний удаа 2022 оны 07-р сарын 19-нд товлогдсон хурлыг сануулахаар залгахад миний бие нь шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт явуулах талаар хэлсэн. 2 дахь удаагаа залгахдаа та хэргийн материалтай танилцаагүй байгаа юм байна хэргийн материалтай хэзээ танилцах вэ гэж асуусан миний бие шүүх хурал товлогдсон өдөр Улаанбаатар хотоос очоод хурал эхлэхээс өмнө танилцаад хуралдаа орчихно гэж хэлсэн. 3 дахь удаагаа залгахдаа шүүх хурлыг 2022 оны 07-р сарын 22-ны өдөр товлолоо гэсэн миний бие тухайн өдөр шүүх хурал давхцаж байна өөр өдөр товлож өгөөч гэсэн энэ 7 хоногтоо багтаад танд боломжтой өдөр байна уу гэж асуусан 21-ны өдөр бол боломжтой гэдгээ хэлэхэд за хэргийн нөгөө оролцогч нараас боломжтой эсэхийг асуучхаад эргээд залгая гэж хэлээд тасалсан. Үүнээс хойш надад 1-ч удаа утасдаж болон мэйл-ээр эсхүл мэдэгдэх хуудсаар шүүх хурлын тов мэдэгдээгүйгээр 2022 оны 07-р сарын 21-ны өдрийн 11 цагт шүүх хурлыг миний эзгүйд хуралдуулсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 хурлын тов мэдэгдэх, 98 дугаар зүйлийн 98.2-т заасан шүүх хуралдаанд мэтгэлцэх эрх, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4-р зүйл, 17 дугаар зүйлийн 17.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан хэргийн материалтай танилцах эрхүүдийг тус тус зөрчиж хэргийг шийдвэрлэсэн.

3.2: Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.3-р зүйлийн 121.3.7-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа заахаар хуульчилсан байна. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага болох маргаан бүхий актын улмаас Сайхан-Овоо иргэдийн нийтийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй байдлын талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.5-д заасны дагуу маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол

Илэрхийлсэн байхыг, энэ нь үндэслэл бүхий ямар нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа тэдгээр нь хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн нийцэж байгаа нь талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой. Гэтэл шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 5 заасны дагуу “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж маргаж байгаа асуудлын талаар хангалттай байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зорчигдсон, эсхүл зөрчигдөж болзошгүй талаарх дүгнэлтийг хийхдээ ШИЙДВЭРИЙН ҮНДЭСЛЭХ НЬ: Хэсгийн 1.2-т нийтийн амар ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зоригдож болзошгүй байдал нь маргаж асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлж маргаан бүхий актыг эсэргүүцсэн талаарх Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын иргэдийн гарын үсэг бүхий жагсаалт /х-10-40/, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын болон Сайхан-Овоо сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын холбогдох баримтыг шүүхэд ирүүлжээ. 2.8-1 "Сайхан-Овоо сумын 4-р багийн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн тухайд сумын засаг даргын 2022 оны 04-р сарын 18-ны өдрийн 01/60 дугаартай албан бичгийг /хх-105-106/ болон нэхэмжлэл хавсаргаж ирүүлсэн нэрсийн жагсаалтыг /хх-10-40/ үндэслэн Х.Энхтайван, Э. Болор-Эрдэнэ, Б. Өнөболд, Ц Баатархүү нарын нэр бүхий хүмүүсээс гэрчийн мэдүүлэг /х-118-132/ авахад тухайн зөвшөөрөл олгогдсон газарт ямар нэгэн үйл ажиллагаа эрхлээгүй бөгөөд үйл ажиллагаа эрхэлсэн тохиолдолд бид уух усгүй болох. байгаль сэргээгдэхгүй нөхцөлд үлдэх зэрэг нөхцөл байдал үүсэх говийн маш хуурай хөрстэй газар юм" гэж нутгийн иргэд мэдүүлдэг" гэж дүгнэж шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна. Энэхүү шүүхээс хийсэн шийдвэрт заасан дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.5-д заасны дагуу маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдал нь үндэслэл бүхий нотлох баримтаар нотлогдохгүй байгаа, үндэслэлгүй болсон нь дараах байдлаар нотлогдож байна гэж миний бие үзэж байна. Үүнд:

Маргаан байгаа асуудлын талаар Сайхан-Овоо сумын иргэд буюу нийтийн ямар эрх ашиг сонирхол зорчигдсон, эсхүл зорчигдож болзошгүй талаарх хангалттай ямар сонирхол илэрхийлснийг шийдвэртээ тодорхой зааж түүндээ дүгнэлт хийх ёстой байтал хангалттай ямар ашиг сонирхол хангалттай илэрхийлснийг дуулаагүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт болох маргаан бүхий актыг эсэргүүцсэн иргэдийн гарын үсэг болон иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зорчигдсон талаарх иргэдийн мэдүүлэг зэрэг нь ямар хуулийн зохицуулалтаар нийтийн эрх ашиг сонирхол зорчигдсон, зорчигдож болзошгүйг нотлох нотлох баримт болж байгаа талаар дүгнэлт хийгээгүй.

Маргаан бүхий акт буюу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нь ямар уйл ажиллагаа явуулах ёстой, энэ үйл ажиллагааны улмаас байгаль орчинд ямар сөрөг нөлөө үзүүлдэг болох, энэ сорог нөлөө нь уух усгүй болох, байгаль сэргээгдэхгүй нөхцөлд үлддэг эсэхийг аль хуулийн зохицуулалтаар иргэдийн мэдүүлэгт үндэслэлдэг талаар дүгнээгүй зэрэг болно.

 

3.3 Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.3-р зүйлийн 121.3.4-т заасны дагуу шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн. Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 2.5-т Сайхан овоо сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг зохих ёсоор аваагүй зөвхөн хурлын дарга П. Эрдэнэбаатарын зөвшөөрсөн санал, мөн өдрөөр тухайн суманд хурал хуралдаагүй, энэхүү санал гэх баримт тус сумын Хурлын архивт хадгалагдаагүй, хурлын архивлагдсан баримтад байхгүй, ирсэн явсан баримт бичгийн бүртгэлд бүртгэгдээгүй зэргээс дүгнэхэд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. "хуульд үндэслэх" зарчимд нийцээгүй, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан эрх зүйн хувьд зөрчилтэй, хууль бус захиргааны акт болох нь дээр дурдсан уйл баримтуудаар тогтоогдож байна гэжээ.

Шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйл 107.4-т заасны дагуу үйл баримтыг ямар нотлох баримтаар нотлогдож байгааг заавал дурлах ёстойг хуульчилсан. Гэтэл шийдвэрийн 2.5-д маргаан бүхий актыг эрх зүйн хувьд зөрчилтэй, хууль бус захиргааны акт болохыг ямар ч нотлох баримт үндэслэхгүйгээр дээр дурдсан үйл баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байна. Жишээлбэл: Сайхан-Овоо сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг зохих ёсоор аваагүй, суманд хурал хуралдаагүй, санал гэх баримт тус хурлын архивт хадгалагдаагүй, хурлын архивлагдсан баримт байхгүй зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар нотлогдож байгаа талаар дурдаж дүгнэлт хийгээгүй байна. Мөн дээрх үйл баримтыг тогтоохын тулд нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхээс ямар ч арга хэмжээ аваагүй байж хэргийг шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно. Иймээс дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

4. Гуравдагч этгээд Гуравдагч этгээд “П.Х” ХХК-ийн төлөөлөгч П.П дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэргийн материалтай танилцах, шүүх хуралд биечлэн оролцож, өөрийн биеэр тайлбар гаргах, мэтгэлцэх боломжоор хангаагүй. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн туслах манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч рүү 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр утасдаж, шүүх хурал мөн сарын 21-нд болох тухай мэдэгдсэн бөгөөд тухайн үед Ховд аймагт амарч явсан төлөөлөгч 21-нд хэрэгтэй танилцаж, хуралд оролцож амжихгүй тухай мэдэгдсэн боловч авч хэлэлцээгүйгээр үл барам тухайн хурлыг хууль зөрчиж товлосон. Товыг мэдэгдсэн өдрөөс гурав хоногийн дараа шүүх хуралдааныг уг хэрэгт эрх ашиг нь хөндөгдөж байгаа хоёр компанийн төлөөлөгчдийг оролцуулалгүйгээр хийсэн. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71-р зүйлийн 71.1 дэх хэсэгт "Шүүгч захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 63 дугаар зүйлд заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай бусад тохиолдолд шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлож, долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ" гэж заасныг зөрчсөн. 2. Энэхүү гомдлын 1 дэх хэсэгт дурдсанчлан анхан шатны шүүх хэргийн материалтай танилцаж, мэтгэлцэх боломжоор хангаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6-р зүйлийн 6.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ" гэснийг, 6.2 дах хэсэгт "Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ" гэснийг, 6.4 дэх хэсэгт "Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно" гэж заасныг тус тус зорчиж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг бүдүүлгээр зорчсон байна. 3. Анхан шатны шүүх 2018 онд газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө баталсан гэж хариуцагчаас мэдүүлсээр байхад 16-20 жилийн хэтийн баримжаатай баталдаг ерөнхий төлөвлөгөөг 2020 онд ерөнхий төлөвлөгөө батлаагүй нь хууль зөрчсөн гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх “Пүрэвбат хишиг" ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон газарт хоёр гүний худаг байгаа гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хэт нэг талыг барьж үнэлсэн атлаа тухайн газарт эсхүл тухайн тусгай зөвшөөрөлтэй газрын ойролцоо гүний худаг байхгүй болохыг геологи хайгуулын судалгаагаар тогтоосон тухай хэрэгт авагдсан албан ёсны баримтыг үнэлээгүй орхигдуулсан нь хэргийн нөхцөл байдлыг бодитойгоор үнэлээгүй гэж үзэхээр байна. Иймээс анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 117/ШШ2022/0019 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шударга ёсыг тогтоож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

   Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй хэргийг шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн өмгөөлүүлэх, хэргийн материалтай танилцах эрхүүдийг хангаагүй, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг дутуу цуглуулсан байх тул энэ талаар гаргасан хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

1. Хэргийн оролцогчийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй талаар:

    1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Р.Батцогтын хамт оролцох хүсэлт гаргаж, Улаанбаатар хотоос гарсан гэж хэлсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаан нь нотлох баримтаар тогтоогдоогүй, гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлүүлэх эрхийг хангалгүй шүүх хуралдааныг явуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно” гэж тус тус заасныг зөрчжээ.
    2. Хэрэгт авагдсан хариуцагч Дундговь аймгийн Засаг даргын 2022оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/947 дугаар албан бичигт итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэ-Очирыг сольж байгаа талаар заагаагүй, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнээс татгалзсан талаар ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б болон өмгөөлөгч Р.Б нарын хооронд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгүй гэж үзэж, өмгөөлүүлэх эрхийг хангаагүй нь үндэслэлгүй байх бөгөөд хариуцагчийн өмгөөлөгчийн “... өмгөөлүүлэх эрхээр хангаагүй” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй боловч “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах” гомдлын шаардлагыг хангах үндэслэл болохооргүй байна..
    3. Гуравдагч этгээд “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-д 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
    4. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны  07 дугаар сарын 18-ны өдрийн 117/ШЗ2022/0092 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, 07 дугаар сарын 21-ний өдөр товлосон атал хэргийн 2 дугаар хавтас 184 дүгээр талд авагдсан шүүгчийн туслахын үйлдсэн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэлд “... Д.Бум-Аюуштай  ... 07 дугаар сарын 19-ний өдрийн хурлыг сануулж байна” гэж, мөн “... 07 дугаар сарын 22-ны өдөр хуралтай, харин 21-ний өдөр боломжтой ...” гэж тусгагдсан нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүх хуралдаан болох өдрийг захирамжид тусгагдсанаас өөрөөр хэлсэн нь тогтоогдож байх бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бум-Аюушийн “хэргийн бусад оролцогчоос 21-нд хуралдах боломжтой эсэхийг асуугаад хэлнэ гээд дахиж холбогдоогүй” гэх гомдлыг үгүйсгэх үндэслэлгүй, мөн хэргийн материалтай хурлын өдөр очоод танилцах талаар мэдэгдсэн байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй байх тул энэ талаарх гомдлыг хангаж шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй.

    1. Гуравдагч этгээд “П.Х” ХХК-ийн захирал П.П-той удаа дараа холбогдож итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж ирүүлэн хэргийн материалтай танилцуулах талаар, мөн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримтуудаас үзвэл давж заалдах гомдолд дурдсан эрхүүдийг хэрэгжүүлэх боломжийг анхан шатны шүүх хангасан гэж үзэхээр байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ч.Б-г томилсон тус компанийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар албан бичгээ шүүх хуралдаан дууссаны дараа анхан шатны шүүхэд цахимаар ирүүлсэн, шүүх хуралдаанаас өмнө ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаанаар хурал хойшлуулах хүсэлт, холбогдох баримт ирүүлээгүй байх тул тус компанийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
  1. Зарим нотлох баримтыг дутуу цуглуулсан талаар:
    1. Хэрэгт авагдсан /хэргийн 2-р хавтас 49-51/ Сайхан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 03 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнээс хассан газар нь маргаан бүхий захиргааны актуудын алинд нь хамааралтай болох, тухайн солбицол бүхий газрыг ямар шалтгаанаар хассантай холбоотой баримт цуглуулаагүй атлаа анхан шатны шүүх маргаан бүхий 2 актыг тус тус  “Хурлын саналыг зохих ёсоор аваагүй” холбогдох хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
    2. Хэрэгт авагдсан баримтуудаас “... газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх, тусгагдсан бол хэдэн оны төлөвлөгөөнд тусгасан” талаар тайлбар, баримт байхгүй, анхан шатны шүүх энэ талаар холбогдох газруудаас шаардаагүй атлаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д зааснаар “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон байна.
  2. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэргийн оролцогчийн төлөөлөгч, өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, мөн дээр дурдсан нотлох баримт болон хэрэгт ач холбогдол бүхий бусад шаардлагатай баримтуудыг бүрэн цуглуулж, хэргийн оролцогчдын маргасан асуудал тус бүрт үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.1, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 117/ШШ2022/0019 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан гуравдагч этгээд Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, “П.Х” ХХК-ийн төлөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа тус тус төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                             А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ