Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/55

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгч **************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****************холбогдох эрүүгийн 2138000000043 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  **************** нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Серес загварын 42-41 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Мөрөн сум руу 3.79 м.куб хэмжээтэй модыг гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч **************** нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Серес загварын 42-41 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Мөрөн сум руу 3.79 м.куб хэмжээтэй модыг гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000043 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ****************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 12 сарын сүүлээр Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг Нарийн царам гэх газраас ганцаараа мод бэлтгэсэн. Мод бэлтгэх эрхийн бичиг дээр бэлтгэх газрыг заасан байдаг юм байна лээ... Гарал үүслийн гэрчилгээг авахаар сумын байгаль хамгаалагч Мөнхбаттай очиж уулзсан боловч гарал үүслийн бичиг баримт ирээгүй гээд өгөөгүй юм...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,    

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 5-7-р хуудас/,

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9-р хуудас/,

      Иргэний нэхэмжлэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би мод бэлтгэх эрхий бичгийг нь 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 10 куб модыг тус сумын 4 дүгээр багийн нутаг Нарийн царам гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөл олгосон юм. Надаас гарал үүслийн гэрчилгээ бичүүлж аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

Гэрч Т.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 04-ний орой ахлагч С.Цогбаяр, дэд ахлагч Ж.Гантөр нарын хамт Мөрөн сумын 1-14 дүгээр хорооны чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан. Тэгээд орой 20 цаг 45 минутын үед Мөрөн сумын 4 дүгээр баг 23 дугаар гудамжинд явж байхад 42-41 ХӨҮ улсын дугаартай хөх өнгийн Серс маркийн машин мод аччихсан явж байхад нь тааралдаад тухайн машиныг зогсоож шалгахад иргэн Батсүх овогтой **************** нь жолоодох мод тээвэрлэх зөвшөөрөл, гарал үүслийн бичиггүй явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манай дүү **************** ээж дээр ирж очин байдаг юм. Манай дүү 2020 оны 12 дугаар сарын сүүлээр ээжийн түлшний модыг гэрийнх нь ойролцоо Нарийн царам гэх газраас унанги модноос бэлтгэж гэрийн нь гадаа буулгасан байсан юм. Тэр модноосоо саяхан аймгийн төв рүү ачиж яваад цагдаад журамлагдсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Хөвсгөл аймгийн “Дэлгэр мөрөн” Сум дундын ойн ангийн инженер Б.Одончимэгийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаартай дүгнэлтэд:

1. Иргэн ****************ийн модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход 3.79 метр куб түлээний хуурай шинэс мод байв.

2. ****************ийн тээвэрлэж явсан модонд хэмжилт хийж экологи эдийн засгийн үнэлгээ нь 304.382 төгрөг...гэх дүгнэлт /хх-ийн 23-24-р хуудас/,

      Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29-31-р хуудас/,

      Мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 46-р хуудас/,

      Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44, 48-51-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2138000000043 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **************** нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Серес загварын 42-41 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Мөрөн сумруу 3.79 м.куб хэмжээтэй модыг гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ****************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч ****************/хх-ийн 13-р хуудас/, гэрч Т.Эрдэнэбатын /хх-ийн 14-15-р хуудас/, гэрч ****************/хх-ийн 20-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 5-7-р хуудас/,

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9-р хуудас/,

      Хөвсгөл аймгийн “Дэлгэр мөрөн” Сум дундын ойн ангийн инженер Б.Одончимэгийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24-р хуудас/,

     Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29-31-р хуудас/,

     Мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 46-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ****************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч **************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч **************** нь гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт /хх-ийн 58-р хуудас/-аар 1300 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байх тул  шүүгдэгч ****************оос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 1300 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ****************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч **************** нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас/-аар тогтоогдож байна.

 

  Шүүгдэгч **************** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2138000000043 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн /Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт байрлах “Хүдрэнт Шүтээн” ХХК-ний хашаа/ 3.79 м.куб хэмжээтэй модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 42-41 ХӨҮ улсын дугаартай Серс маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн 2138000000043 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч  ****************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч **************** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2138000000043 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 3.79 м.куб хэмжээтэй модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 42-41 ХӨҮ улсын дугаартай Серс маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

        5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************оос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 1300 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

       6. Эрүүгийн 2138000000043 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************ид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБААТАР