Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/56

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч **************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************** холбогдох эрүүгийн 2138000000013 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч **************** нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутагт байрлах иргэн ****************байшингаас 2020 оны 12 дугаар сарын эхээр 40 инчийн зурагт 1 ширхэг, 4x2 хэмжээтэй хивс 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч **************** нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутагт байрлах иргэн ****************байшингаас 2020 оны 12 дугаар сарын эхээр 40 инчийн зурагт 1 ширхэг, 4x2 хэмжээтэй хивс 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000013 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ****************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…****************ын байшингийн хаалганы цоожийг нь төмрөөр хөшиж эвдлээд байшингаас нь цагаан өнгийн угаалгын машин, нимгэн хар өнгийн зурагт, шар өнгийн хээ угалзтай ханын хивсийг хулгайлсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

      Эд мөрийн баримтыг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,

      Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/,

Хохирогч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Байшингийн хаалга цоожгүй хаалга хаалттай байсан. Тэгээд бид хэд байшин дотроо орж үзэхэд угаалгын машин, хивс, зурагт алга болсон байсан. Өмнө 2020 оны 11-р сарын 27-ны үед манай байшинд байсан цахилгаан тоолуур алга болсон байсан. Гэрт хулгай орж эдгээр эд зүйлс алга болсон байсан. Тухайн өдрөө буюу 2020 оны 12-р сарын 15-ны өдөр цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эгчтэйгээ сумын төвийн эмнэлэг дээр ирж дахин шинжилгээ өгчихөөд хашаа байшингаа очиж үзэхэд хашааны хаалга дэлгээтэй, байшингийн хаалга бас онгорхой байсан. Тэгэхээр нь орж үзэлгүйгээр сумын хэсгийн төлөөлөгчийг дуудаж шалгуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, шинжилгээ /хх-ийн 21-р хуудас/,

      Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-26-р хуудас/,

      Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-48-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2138000000013 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **************** нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутагт байрлах иргэн ****************байшингаас 2020 оны 12 дугаар сарын эхээр 40 инчийн зурагт 1 ширхэг, 4x2 хэмжээтэй хивс 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж 1.220.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ****************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

      Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,

      Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/,

Хохирогч ****************/хх-ийн 10-р хуудас/, гэрч ****************/хх-ийн 17-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, шинжилгээ /хх-ийн 21-р хуудас/,

      Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-26-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ****************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

      Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч **************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч **************** нь хохирогч ****************өмчлөлийн эд зүйлийг хулгайлж 1.220.000 төгрөгний хохирол учруулсан бөгөөд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ****************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч **************** нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-р хуудас/-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч **************** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч **************** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

       Шүүгдэгчийн цагдан хоригдсон 29 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.

Эрүүгийн 2138000000013 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1.  Шүүгдэгч  ****************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ****************г 1 /нэг/ жил 1/ нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************д оногдуулсан 1 /нэг/ жил 1/ нэг/ сарын хугацаагаар хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************гийн цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.  

     5. Эрүүгийн 2138000000013 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

     6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР