Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/188

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б-ын Цэд холбогдох эрүүгийн 2108000000029 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-нд борлуулагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг гэх, ...тоотод оршин суух хаягтай боловч одоогоор ... тоотод түр оршин суудаг гэх, урьд

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, улмаар мөн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 381 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж биелэгдсэн, Т овогт Б-ын Ц /РД:..../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны ... тоотод оршин суух өөрийн гэртээ 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэн Б.Тын толгой, нүүрэн тус газруудад цохих, өшиглөх зэрэг үйлдлүүдээр түүний биед тархи доргилт, зүүн хөмсөг, зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чих, баруун гарын ядам хуруунд цус хуралт, зүүн чих, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Б.Тын мэдүүлэг /хх-ийн 5-11х/, гэрч П.Хгийн мэдүүлэг /хх-ийн 30-33х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 241 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37х/, шүүгдэгч Б.Цийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 53х/, оршин суугаа хаягийн тодорхойлолтын хуулбар /хх-ийн 54х/, эд хөрөнгөгүй тухай лавлагааны хуулбар /хх-ийн 55х/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар /хх-ийн 56х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны ... тоотыг хөлслөн амьдарч байх хугацаандаа хажуу өрөөнд амьдарч байсан Б.Тын толгой, нүүрэн тус газруудад цохиж, өшиглөн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Б.Тын: “...2020 оны 12 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед би тухайн үед түрээслэн амьдарч байсан Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны ... тоотын жижиг өрөөнд найз охин Хгийн хамт ороход хажуу өрөөний Ц, Г гэх хоёр ах манай өрөөнд 3 том пивотой орж ирээд уг пивонуудыг нь Ц, Г ах, манай найз охин Х бид дөрөв хувааж уусан. Пиво уухаас өмнө Ц, Г ах нар архи уусан хоёулаа нэлээн согтсон байсан. Тэгээд пиво ууж байх үед Г ах манай өрөөнд бөөлжөөд өрөө рүүгээ ороод унтсан ба Ц ах манай найз охин бид гурав үлдээд пивоо ууж байхад манай найз охин Х “би явлаа” гэж уурласан. Уурласан шалтгаан нь миний өмнө нь үерхэж байсан охин над руу найзын хүсэлт явуулсан байсныг найз охин Х харсан байсан. ...Х бид хоёр эвлэрээд би 00-ийн өрөөнөөс түрүүлж гараад өрөөндөө ороход Ц ах манай өрөөнд унтаж байсан ба намайг ороход сэрээд намайг пивоноосоо нэг хийгээд өг гэхээр нь би хийж өгөхөд уугаад надад хийж өгөхөөр нь “би одоо уухгүй, та бас одоо өрөөндөө орж унт” гэж хэлэхэд Ц ах намайг “чи эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм” гэж хэлээд асаагуур атгасан байсан гараараа миний зүүн талын эрүүний хэсэг рүү 2, 3 удаа цохиод, баруун талын шанааны хэсэг рүү гараараа 2, 3 удаа алгадсан. Тэр үед Х өрөөнд орж ирсэн. Араас нь Г ахын эхнэр нь бас манай өрөөнд орж ирээд Ц ахыг аваад манай өрөөнөөс гарсан. Ц ах буцаж өрөөнд орж ирээд миний хамрын хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөөд нүүр лүү дахин 2, 3 удаа алгадсан, хуванцар сандлаар миний толгойны ар дагзны  хэсэг рүү цохиод сандал нь хагарсан. ...Би Ц ахад зодуулснаас болж 8000 төгрөгөөр шүүх эмнэлэгт үзүүлсэн. Өөр ямар нэгэн эмчилгээний зардал гараагүй, бас тодорхой эмчилгээ хийлгээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11х/,

Гэрч П.Хгийн: “...Би найз залуу Ттай Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны ... тоотод 2020 оны 10 дугаар сарын 15-наас эхлэн байр түрээслэн амьдарч байгаа. 2020 оны 12 дугаар сарын 19-ний орой найз залуутайгаа маргалдчихаад байж байтал хажуу өрөөний ...эрэгтэй пиво барьчихсан манай өрөөнд орж ирээд манай найз залуутай хувааж ууж дуусахаар нь би уурлаад ариун цэврийн өрөөнд ганцаараа ортол араас Т орж ирээд  хоорондоо юм ярьж сууж байгаад манай найз залуу Т түрүүлээд гарсан. Удалгүй Тгийн дуу гараад “ахаа одоо болио” гэж дуугарахаар нь би ариун цэврийн өрөөнөөс юу болоод байгаа юм бол гээд гарч хартал манай найз залуу Т бид хоёрын түрээсэлж байгаа өрөөний хоймор хэсэгт доошоо харчихсан, хамраас цус гарчихсан, нүүр нь хавдчихсан, хамт архи уусан Ц гэх ах 2 гартаа асаагуур атгачихсан толгой руу нь цохиж байхаар нь би гүйж очоод болиоч ээ ахаа гэж хэлтэл намайг тэр ах гараараа хажуу тийшээ түлхээд байж байтал хажуу айлын Шинээ гэх эгч гаднаас орж ирээд салгасан. Манай найз залуу намайг зодсон асуудал байхгүй, бид 2 хоорондоо маргалдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 241 дугаартай: “...Б.Тын биед тархи доргилт, зүүн хөмсөг, зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чих, баруун гарын ядам хуруунд цус хуралт, зүүн чих, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37х/

Шүүгдэгч Б.Цийн өөрийн үйлдлийн талаар хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 49-50х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас үзвэл, шүүгдэгч Б.Ц, хохирогч Б.Т, гэрч П.Х, Г нар нь нийлж согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн, энэ явцад Б.Т нь өөрийн найз охин П.Хтай маргалдсан болохыг гэрч, хохирогч нарын аль аль нь мэдүүлсэн, гэтэл  энэхүү үйл явцыг “найз охиныгоо зодож байна” хэмээн ойлгосон  шүүгдэгч Б.Ц нь хохирогч Б.Тыг цохих, өшиглөх, сандлаар цохих зэргээр зодож хүч хэрэглэсэн нь хохирогчид хөнгөн гэмтэл учрахад хүргэсэн буюу шүүгдэгчийн санаатай үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, уг үйлдэл, үр дагаврын хооронд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Ц нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн болно.  

Иймд шүүгдэгч Б.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.

Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөгийг шүүгдэгч Б.Цээс нэхэмжилж, холбогдох баримтыг гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.Цээс 8000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Тт олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогч Б.Т нь эмчилгээ хийлгэсэн, хэдий хэмжээний зардал гарсан талаарх баримтыг гаргаж өгөөгүй байх тул үүнтэй холбогдон гарсан зардал буй тохиолдолд энэхүү зардлаа нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэд 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...торгох ялыг оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.Цэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Цэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хохирогч, шүүгдэгч нар нь хэн аль нь согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн нь гэмт хэрэг үйлдэгдэхэд хүргэсэн,  шүүгдэгчийн хууль бус хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч Б.Ц нь хохирогчид  хохирлыг төлж барагдуулаагүй, нөгөө талаас шүүгдэгч Б.Ц нь хувийн байдлын хувьд өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, хадгаламж эзэмшдэггүй, мөн “...” ХХК-нд борлуулагчаар ажилладаг талаар байгууллагын тодорхойлолтыг гаргаж өгсөн ч одоо уг компанид ажил эрхэлдэггүй, улмаар өөр газар ажил хөдөлмөр эрхэлдэг гэх боловч энэ талаар баримтгүй буюу цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй тул дээрх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Б-ын Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Цэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 (гурван зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цээс 8000 (найман мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Тт олгож, хохирогч нь эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардал болон цаашид гарах зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Цээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Цэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ