Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/204

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч А.Тунгалагтуяа,

шинжээч эмч Б.Д /онлайнаар/,

шүүгдэгч Г.Е, түүний өмгөөлөгч М.Дэлгэрнасан /ҮД:1587/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Г-ын Ед холбогдох 2008032321596 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... автомашины угаалгын газар угаагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт амьдардаг гэх, ... тоотод оршин суух хаягтай, урьд

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 372 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 05 сар, 21 хоногийн хорих ялыг  хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Г овогт Г-ын Е /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Е нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 30-ны шөнө 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод Ж.Мыг “айлын гэрт унтлаа” гэж шалтаглан зодож түүний биед баруун талын 5,6,7-р хавирга суганы урд шугамаар, 11-р хавирган далны шугамаар, 12-р хавирга нугалмын хажуу шугамаар ташуу, зөрөөгүй шинэ хугарал, баруун нүдний дээд доод зовхи цус хуралт, баруун хацар хамрын нуруунд зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Е шүүхийн хэлэлцүүлэгт: “...мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шинжээч эмч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шинжээчийн 12616 дугаартай дүгнэлтийг гаргасан. Хохирогч Ж.Мын биед баруун талын 5,6,7-р хавирга суганы урд шугамаар, 11-р хавирга далны шугамаар, 12-р хавирга нугалмын хажуу шугамаар ташуу, зөрөөгүй шинэ хугарал бүхий гэмтэл учирсан нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэргийн ангилалд хамаарч байгаа юм. Манай шинжилгээний байгууллага нь КТГ уншдаг О.О, Ч гэсэн 2 эмчтэй. Эдгээр эмч нараас өгсөн шинжилгээний хариунд хохирогчийн биед 4 дүгээр хавирганы хугарал учирсан болох нь нотлогдоогүй тул дүгнэлтдээ оруулж бичээгүй юм. Харин тус дүгнэлтийн үндэслэх хэсэгт бичсэн оношноос баруун нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн шинэ хугарал үүссэн байсныг хуучин хугаралтай андуурч, дүгнэлт хэсэгтээ тусгалгүй орхигдуулсан байна. Энэ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаардаг. Гэхдээ хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоохдоо аль хүндээр нь тодорхойлж бичдэг. Тэгэхээр хохирогчид учирсан гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохооргүй байна” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч Ж.Мын мэдүүлэг /хх-ийн 9-10х, 52-53х/, гэрч Э.Бы мэдүүлэг /хх-ийн 15-16х/, гэрч Б.Бын мэдүүлэг /хх-ийн 18х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн 12616 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-21х/, шүүгдэгч Г.Еийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 36х/, үл хөдлөх хөрөнгөгүй тухай лавлагааны хуулбар /хх-ийн 37х/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар /хх-ийн 38х/, оршин суух хаягийн лавлагааны хуулбар /хх-ийн 39х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40х/, шүүгдэгч Г.Еийн мэдүүлэг /хх-ийн 48-49х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Е нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны шөнө 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод иргэн Ж.Мыг “айл эзгүйчиллээ” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Ж.Мын: “...2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод амьдардаг  Д гээд хуурай дүүгийн гэрт очсон. Тэдний гэрт зурагт үзэж байгаад унтсан. Гэтэл шөнө 03 цагийн орчим намайг дээрээс гэнэт нүүр нүдгүй цохиод эхэлсэн. Тухайн үед би болиоч гэж хэлсэн чинь “3 жил шоронд суусан юм чинь таныг алсан ч яадаг юм гэж хэлсэн.Тэгтэл намайг зодож байсан залуугийн нэг найз нь “болио, хөгшин хүн зодож яах гээд байгаа юм” гээд хэлэх үеэр нь би зугтаагаад гэрээс нь гараад явсан. ...Тэр айлаас гараад таньдаг айлындаа очоод тухайн айлынхаа хүмүүстэй хамт буцаж намайг зодсон залуу дээр очиход согтуу хэвтэж байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч эрүүлжүүлсэн. ...Намайг Е гэх залуу зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х, 52-53х/,

Гэрч Э.Бы: “...2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ...гэртээ амраад байж байсан чинь Е над руу шөнө 00 цагийн орчим залгаад уучихсан байна, цагаан дэлгүүрийн хажууд байна ирээд аваач гэсэн. Намайг ганцаараа алхаад очиход Е нь нэг залуутай хамт байж байсан. Е намайг гэр лүү оръё гэхээр нь би орохгүй, явъя гэж хэлсэн чинь Е ганцаараа яваад орсон ба хамт байсан залуу нь хашааны үүд орчимд зогсож байсан. Би тэгээд гэрийнх нь хаалга руу асаагуурын гэрэл тусгасан чинь Е нэг ахтай заамдалцчихсан зогсож байсан. Би Еийг явах юм уу гэж асуусан чинь чи зайл зайл гээд над руу орилоод байхаар нь би гэр лүүгээ яваад өгсөн. ...Е нь ганцаараа гэр лүү ороод орилолдоод байсан, би гэрэл тусгаад харахад Е нэг залуутай барьцалдчихсан зогсож байсан. Тухайн гэр нь ямар ч гэрэлгүй, харанхуй байсан. Еийн орсон гэр нь Д гээд Еийн таньдаг эгчийнх нь гэр гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16х/,

Гэрч Б.Бын: “...2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажлаа тараад Хилчин хотхоны автобусны буудал дээр явж байгаад Етэй таараад бид хоёр тэндээсээ 21 дүгээр хороололд байдаг караокед орж 1-2 шил архи ууж байгаад хоёулаа явъя гээд гарсан. Е нь ... 2 дугаар буудал дээр очно гэхээр нь би дөхүүлж өгсөн. Тэгсэн Е энд манай найзынх байдаг, гэрийнх нь хаалга онгорхой, гэрэл нь унтарчихсан байна гэж хэлсэн. Тэгээд гэр лүү нь Е орсон ба чи хамт орох уу гэхээр нь би “танихгүй айл руу орохгүй” гэж хэлсэн. Е ороод “чи айлын гэр эзгүйчиллээ, одоо зайл чи яв” гээд хэлж байсан, би яг хаана нь цохиж байхыг хараагүй. Нөгөө ах гараад яваад өгсөн. ...Би яг яаж зодсоныг нь мэдэхгүй. Гэрийнх нь үүдэнд зогсож байхад түр тар хийх чимээ гараад айлын гэр эзгүйчиллээ, зайл чи гээд түжигнээд байсан. ...гэрэл тусгаад харахад настайвтар ах байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн 12616 дугаартай: “...Ж.М-н биед баруун талын 5,6,7-р хавирга суганы урд шугамаар, 11-р хавирга далны шугамаар, 12-р хавирга нугалмын хажуу шугамаар ташуу, зөрөөгүй шинэ хугарал, баруун нүдний дээд доод зовхи цус хуралт, баруун хацар хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 20-21х/,

Шинжээч эмч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шинжээчийн 12616 дугаартай дүгнэлтийг гаргасан.  Хохирогч Ж.Мын биед баруун талын 5,6,7-р хавирга суганы урд шугамаар, 11-р хавирга далны шугамаар, 12-р хавирга нугалмын хажуу шугамаар ташуу, зөрөөгүй шинэ хугарал бүхий гэмтэл учирсан нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэргийн ангилалд хамаарч байгаа юм. Манай шинжилгээний байгууллага нь КТГ уншдаг О.О, Ч гэсэн 2 эмчтэй. Эдгээр эмч нараас өгсөн шинжилгээний хариунд хохирогчийн биед 4 дүгээр хавирганы хугарал учирсан болох нь нотлогдоогүй тул дүгнэлтдээ оруулж бичээгүй юм. Харин тус дүгнэлтийн үндэслэх хэсэгт бичсэн оношноос баруун нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн шинэ хугарал үүссэн байсныг хуучин хугаралтай андуурч, дүгнэлт хэсэгтээ тусгалгүй орхигдуулсан байна. Энэ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаардаг.  Гэхдээ хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоохдоо аль хүндээр нь тодорхойлж бичдэг. Тэгэхээр хохирогчид учирсан гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохооргүй байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүгдэгч Г.Еийн: “...Зүүн салааны 1 дүгээр буудал хүртэл таксидаад гудамжаар өгсөж байхдаа Быг дуудсан. Тэгээд өгсөж байсан чинь Д эгчийн гэрийн хаалга онгорхой, гэрэлгүй байхаар нь хулгай орсон юм болов уу гэж бодоод гэр лүү нь орж үзсэн чинь нэг согтуу эрэгтэй унтаж байсан.  Тэгээд гэрт өөр хүн байхгүй болохоор нь би “бос, юун хүн бэ, айл эзгүйчлээд байх юм” гэж хэлсэн чинь “чи хэн юм бэ, намайг байж бай гэж хэлсэн” гэж хэлэхээр нь би тухайн эрэгтэйг баруун шанаа руу нь нэг удаа цохиод өөрийнхөө үүрч явсан хар дөрвөлжин цүнхээр цээж хэсэг рүү нь 2-3 удаа цохиж, хөл рүү нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Намайг авч явах гэж байсан Б, Б хоёр намайг “болиоч ээ” гэж хэлсэн ба Б нь түрүүлээд уурлаад яваад өгсөн. Тэр үед М нь зугтаад гүйгээд гараад явсан. Би Бг машинд суулгаж өгөөд буцаад Д эгчийнд ирээд унаад өгсөн. ...Хохирогч Ж.Мыг надаас өөр зодож цохисон хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Харин шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан дараах тайлбар, тодруулыг хийх нь зүйтэй байна. Учир нь, “...” эмнэлгийн компьютер томографын шинжилгээгээр Ж.Мт “...цээжний томографууд дээр баруун талд IV, V, VI, VII дугаар хавирга LAA зөрүүгүй, XI хавирга LS шугамаар 0,2 см хэмжээтэй дотогш зөрүүтэй цөмөрсөн хугаралтай. Баруун талд VIII, IX, X  хавирга  LS шугамаар зүүн талд VI, VII хавирга  LAA  шугамаар бороожилт үүсэж буй хуучин хугаралтай” гэж бичигдсэн /хх-ийн 22х/,

Шүүхийн шинжилгээний 12626 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Ж.М-н биед баруун талын 5,6,7-р хавирга суганы урд шугамаар, 11-р хавирга далны шугамаар, 12-р хавирга нугалмын хажуу шугамаар ташуу, зөрөөгүй шинэ хугарал ... бүхий гэмтэл учирсан” гэж дүгнэсэн /хх-ийн 20-21х/,

Шүүхийн хэлэлцүүлэгт тус дүгнэлтийг гаргасан шинжээч Б.Дгээс дээрх зөрүүтэй асуудлыг тодруулахад “тус шинжилгээний төв нь өөрийн дүрс оношилгоо, КТГ уншдаг эмчтэй, тэдгээр эмч нараас ирүүлсэн хариу дээр үндэслэж дүгнэлтийг гаргасан. Эдгээр эмч нарын ирүүлсэн хариугаар хохирогчид 4 дүгээр хавирганы хугарал бүхий гэмтэл учирсан болох нь нотлогдоогүй тул дүгнэлт хэсэгтээ оруулж бичээгүй. Өөрөөр хэлбэл, ... эмнэлгийн тавигдсан оношноос зарим нь батлагдаагүй тул дүгнэлтдээ тусгаагүй юм. Манай эмч нарын баталсан оношоор бол хохирогчид баруун талын 5,6,7-р хавирга суганы урд шугамаар, 11-р хавирга далны шугамаар, 12-р хавирга нугалмын хажуу шугамаар ташуу, зөрөөгүй шинэ хугарал бүхий гэмтэл учирсан байсан. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна” гэж мэдүүлсэн болно. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Дээрх байдлаас үзвэл, шинжээч Б.Д нь өөрийн гаргасан дүгнэлтэд дурдсан онош нь “...” эмнэлгийн шинжилгээний оношноос зарим хэсэг нь  зөрсөн шалтгаан, үндэслэлийг шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой тайлбарлаж мэдүүлсэн тул түүний гаргасан шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг шүүхээс нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.

Мөн тус дүгнэлтийн үндэслэх хэсэгт бичигдсэн оношноос дүгнэлт хэсэгт бичигдээгүй орхигдсон “баруун нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн шинэ хугарал гэмтэл” нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн ангилалд хамаарч байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч нь тайлбарлаж мэдүүлсэн бөгөөд шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээс үзвэл, хохирогчид учирсан гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохооргүй байх тул уг үндэслэлээр нэмэлт шинжилгээ хийлгэх,  хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж дүгнэлээ.

Иймээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэргийг шүүхээс үнэлж, тус хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Гэмт хэрэг гарсан газар болох Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь оршин суудаггүй, өөр хүний өмчлөлийн орон байр байх атал шүүгдэгч Г.Е, хохирогч Ж.М нарын хэн аль нь тухайн айлд дураараа орсон төдийгүй улмаар шүүгдэгч Г.Е нь хохирогчийг айл эзгүйчиллээ гэх шалтгаанаар зодож гэмтэл учруулсан болох нь тэдгээрийн хохирогч болон яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тогтоогдсон, тэдний мэдүүлэг нь бусад гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдээгүй, давхар нотлогдсон шинжтэй буюу зодоон нь зөвхөн тэр хоёрын дунд болж өрнөсөн талаар гэрч нар харилцан зөрүүгүй мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь хүндэвтэр зэргийн ангилалд хамаарч байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул Г.Еийн энэхүү бусдад хүч хэрэглэж хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймээс шүүгдэгч Г.Еийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Ж.М нь эмчилгээ хийлгэсэнтэй холбогдуулан 333.570 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн /хх-ийн 58х, 61х, 62х/ бөгөөд  шүүгдэгч Г.Е нь шүүхийн шатанд хохирогчид 340.000 төгрөг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Харин хохирогч нь цаашид гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотойгоор эмчилгээ хийлгэсэн тохиолдолд холбогдон гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Еэс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ед 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 372 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 21 хоногийн хорих ялыг нэмж, улмаар тус тусад нь эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар “...Шүүгдэгч Г.Е нь гэм буруу дээрээ маргаагүй, хохирлыг баримтын хүрээнд төлж барагдуулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгааг харгалзан прокурорын санал болгосон 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ялын хэмжээг бууруулж багасгах, мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 21 хоногийн хорих ялын хяналт тавьсан хугацаа дуусахаас 60 хоногийн өмнө энэ гэмт хэрэгт холбогдсон байх тул 5 сар 21 хоногоор бус 60 хоногоор хорих ялын хугацааг тогтоож тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь энэ хүний эрхзүйн байдал дээрдэх юм.” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Г.Еийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар “учруулсан хохирлыг баримтын хүрээнд төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрбээр хохирогчийг өөрөөс нь ахмад настай, унтаж буй байдлыг далимдуулан хүч хэрэглэж зодсон, энэ үйлдлийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учирсан, хор уршгийн шинж чанар, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзсанаас гадна Г.Еийн хувийн байдлын хувьд өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, хадгаламж эзэмшдэггүй, мөн ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй тул торгох ял оногдуулах боломжгүй, мөн өмнө нь хэд хэдэн удаа санаатай гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан зэрэг байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Ед Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 372 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 21 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн шийтгэх тогтоолын хуулбар, шүүгчийн захирамжийн хуулбар зэргээр тогтоогдсон болно. /хх-ийн 75х, шүүх хуралдааны тэмдэглэл/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн ... бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “...шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэн шийдвэрлэж болно” гэж, 3 дахь хэсэгт “...хэд хэдэн шийтгэх тогтоолоор  оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж хуульчилжээ.

Дээрх хуулийн агуулгаас үзвэл, ялын хугацаа дуусахаас өмнө шинэ гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулахын зэрэгцээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг бүхэлд нь нэмж нэгтгэхээр зохицуулагдсан, харин эдлээгүй үлдсэн ялаас бууруулж оногдуулахаар хуульчлагдаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “... тэнсэж суллагдсан ялаас 60 хоногийн хорих ялыг эдлүүлэх тухай” санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг, хорих ялын нэг хоногоор тооцон 400:8=50 хоног буюу 1 сар 20 хоногийн хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 7 сар 11 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн бөгөөд ингэж шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.Ед урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Галсан овогт Гомбын Еийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Ед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.Ед энэ тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцон (400:8=50) хоног буюу 1 (нэг) сар 20 (хорь) хоногийн хорих ял дээр  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 372 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 (тав) сар 21 (хорин нэг) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх хорих ялыг 7 (долоо) сар 11 (арван нэг) хоногийн хугацаагаар тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ед оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.   

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Г.Е нь хохирогч Ж.Мт эмчилгээний зардалд 333.570 (гурван зуун гучин гурван мянга, таван зуун дал) төгрөг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдох гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Еэс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхэлж тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ед авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ