Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 652

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одончимэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.О нарыг оролцуулан “И.К ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, У.Б.Е.Г-т холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: “И.К ББСБ” ХХК

  Хариуцагч: У.Б.Е.Г

Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын /хуучин нэрээр/ Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын байцаагчийн “И.К ББСБ” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзаж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхийг Оюуны өмч, У.Б.Е.Г-т  даалгах”.

ТОДОРХОЙЛОХ нь:

“И.К ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “И.К ББСБ” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос Банк бус санхүүгийн байгууллагуудын дүрмийн санг нэмэгдүүлэх шаардлагын хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаар тогтоолын дагуу хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд оруулсан өөрчлөлтийг тусгай зөвшөөрөл болон улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглүүлж, шинэчилсэн дүрмийг Оюуны өмч, У.Б.Е.Г-т /хуучин нэрээр/ цаашид /У.Б.Е.Г гэх/ бүртгүүлэхээр холбогдох баримт бичгийг бүрдүүлэн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэлийн газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт өргөдөл гаргасан.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлж буюу 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн байцаагч 991124... дугаараас өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э ын 88006... дугаарын утас руу залгаж “танай баримтыг бүртгэх боломжгүй, ирж баримтаа ав” гэсний дагуу очиж баримтаа авахад бүртгэхгүй гэхээс өөр ямар ч хариу хэлээгүй.

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тус байгууллагын Хяналт шалгалтын хэлтэст хандсан бөгөөд хуульд заасан 15 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул торгуулийн 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг Голомт банкинд тушааж ир гэсний дагуу уг торгуулийн мөнгийг тушааж, баримтуудаа өгч хүлээж байсан ч дахин бүртгэхээс татгалзаж, баримтуудыг буцааж өгсөн.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт бүртгэхээс татгалзах тухай зохицуулсан хэдий ч өргөдөл гаргагчийн зүгээс уг хэсэгт заасан бүх шаардлагыг хангасан баримтыг өргөдөлд хавсаргаж өгсөн.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “... бусад этгээдийг улсын бүртгэлд бүртгэх эсэх талаар ажлын хоёр өдрийн дотор шийдвэр гаргаж, энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр, цахим хэлбэрээр мэдэгдэнэ” гэж заасан бөгөөд бүртгэгчийн зүгээс бүртгэхээс татгалзсан тухай ямар ч хэлбэрээр өргөдөл гаргагчид мэдэгдээгүй болно.

Иймд “И.К ББСБ” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзаж буй Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дээрх үйлдлүүд нь “И.К ББСБ” ХХК-ийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгөөр дүрмийн санг нэмэгдүүлсэн мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулах, компани үйл ажиллагаа явуулж орлого олох боломжийг алдагдуулсан, дээрх мөнгийг хэдий хүртэл хугацаанд хэрхэн зарцуулахыг тодорхойгүй хугацаагаар хааж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндөж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын байцаагчийн “И.К ББСБ” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзаж буй үйлдлүүдийг хууль бус болохыг тогтоож, компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхийг У.Б.Е.Г-т даалгах тухай шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ “И.К ББСБ” ХХК-ийн нийт хувьцааны 50 хувийг Г.Г, 37.5 хувийг Д.Т, 12.5 хувийг Д.О нар эзэмшдэг болно. 

Тус газраас 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 200 сая төгрөгөөр нэмэгдүүлж, хувьцаа эзэмшигчдийн хувь хэмжээг өөрчилж бүртгүүлэхээр дараах баримтуудыг бүрдүүлэн ирүүлсэн болно. Үүнд:

1. УБ-05 маягт,

2. Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаар тушаал,

3. “Инвест капитиал ББСБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэл,              

4. “И.К ББСБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын тогтоол,

5. Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7/80 дугаар мэдэгдэл

Компанийн эрх барих дээд байгууллага болох хувьцаа эзэмшигчдийн хурал нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар саналын эрх бүхий хувьцааны 50-иас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид оролцсоноор хүчин төгөлдөр болох заалттай.

“И.К ББСБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуралд 50 хувийн хувьцаа эзэмшигч Г.Г оролцоогүй байдаг.

Иймд “И.К ББСБ” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолд үндэслэн бүртгэл хийх боломжгүй байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дэх хэсэгт “Үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана” гэж заасан байдаг.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч “И.К ББСБ” ХХК нь нэхэмжлэлдээ У.Б.Е.Г нь “И.К ББСБ” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзаж Банк бус санхүүгийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндөж байна. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байцаагчийн эс үйлдэхүйг тогтоож, компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Г.Г нь “И.К ББСБ” ХХК -ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар тус Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлэгч хувьцаа эзэмшигч болох шийдвэрийг гаргаж 400,000,000 /дөрвөн зуун сая/ төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Үүнээс хойш тус Банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигчээр ажиллаж, компанийн дүрмийн дагуу аливаа шийдвэр гаргах бүрт өөрийн биеэр оролцож шийдвэрлэж байсан болно. Гэвч 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын товыг Г.Гт мэдэгдэлгүй хийсэн байх ба тус ээлжит бус хурлаар компанийн дүрмийн санг нэмэгдүүлж, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Энэхүү дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэр гаргасан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал нь компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Г.Гийн хууль ёсны эрх ашигт халдсан, хууль бүс үйлдэл болсон байх тул Г.Г нь Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. 

Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйл 31.2 дахь хэсэгт компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн өөрчилж болох тухай хуульчилсан, мөн хуулийн 34 дүгээр зүйл 34.1.1 дэх хэсэгт хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх эрхтэй болох тухай, мөн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-иас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно гэж тус тус хуульчилжээ.

"И.К ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Т нь хувьцаа эзэмшигч Г.Г /50 хувь эзэмшигч/-т хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зарыг мэдэгдэлгүйгээр, түүнийг оролцуулалгүйгээр ээлжит бус хурал хийж, хууль бус шийдвэр гаргасан байгаа болно.

Дээрх хууль бус хурлын шийдвэрийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаар тушаалаар “И.К ББСБ” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, хөрөнгийн хэмжээ бүтцэд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн нь хууль бус шийдвэр байсан.

Харин У.Б.Е.Г “И.К ББСБ” ХХК-ийн хуулийн хүчин төгөлдөр бус шийдвэрийг хүлээн авч, бүртгэл хийхээс татгалзсан нь хуульд нийцсэн зөв шийдвэр байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгчээс “Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын байцаагчийн “И.К ББСБ” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан. 

Тус шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШЗ2018/4862 дугаар шүүгчийн захирамжаар Улсын Их Хурлын 2018 оны 31 дүгээр тогтоолын дагуу хариуцагч Оюуны өмч, У.Б.Е.Г нь Оюуны өмчийн  газар, У.Б.Е.Г болсонтой холбогдуулан хариуцагчаар Улсын бүртгэлийн ерөнхий газрыг эрх залгамжлагчаар сольсныг дурдах нь зүйтэй. 

Нэхэмжлэгчээс компанийн дүрмийн өөрчлөлтийг, тухайлбал, 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгөөр дүрмийн санг нэмэгдүүлсэн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан улсын байцаагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхийг хариуцагчид даалгахаар маргаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “И.К ББСБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ээлжит бус хуралд 50 хувийн хувьцаа эзэмшигч Г.Г оролцоогүй тул тус ээлжит бус хурлын тогтоолд үндэслэн бүртгэл хийх боломжгүй гэх хариу тайлбарыг хийсэн.  

“И.К ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага болох Д.Таас хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг  2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч байгууллагад гаргахдаа Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7/80 дугаар мэдэгдэл , 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаар тушаал , хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэл , хурлын тогтоол  зэргийг хавсарган ирүүлжээ.  

“И.К ББСБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ээлжит бус хурлаар “И.К ББСБ” ХХК-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, дүрмийн санг нийт 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгөөр нэмэгдүүлэхээр тогтож, хувьцаа эзэмшигч Д.Тын эзэмшил хувь 47,31 хувь, Г.Г 40 хувь, Д.О 12,69 хувь болж өөрчлөгдсөн ээлжит бус хурлын тэмдэглэлд хувьцаа эзэмшигч Д.Т, Д.О нар гарын үсэг зуржээ.   

“И.К ББСБ” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хурлаар шийдвэрлэгдсний дагуу “И.К ББСБ” ХХК-ийн хөрөнгийн хэмжээг 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгөөр нэмэгдүүлсэн, тухайлбал, 2014, 2017 онуудад хувьцаа эзэмшигч Д.Т, Д.О нарын хуримтлагдсан ашиг болох 107,800,000 төгрөгөөр, Д.Т өөрийн хөрөнгөөс 92,200,000 төгрөгөөр тус тус компанийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотой компанийн дүрэмд заагдсан хувьцааны хувь эзэмшилд өөрчлөлт орсныг тогтоож, компанийн дүрмийг шинэчилсэн байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7/80 дугаартай мэдэгдлээр Банк бус санхүүгийн байгууллагын хөрөнгийн хэмжээг 1 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхтэй холбоотой хүсэлт болон холбогдох баримт бичгийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөрт багтаан ирүүлэхийг мэдэгдсэнтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хуралджээ.  

Гэвч компанийн эрх барих дээд байгууллага болох хувьцаа эзэмшигчдийн хурал нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар саналын эрх бүхий хувьцааны 50-иас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид  оролцсоноор хүчин төгөлдөр болох хуулийн зохицуулалттай. 2018 оны 01 дүгээр сарын  24-ний өдрийн ээлжит бус хуралд тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Г.Г оролцоогүй нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.-т “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана”, 19.1.2 дахь хэсэгт “Үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хуульд заасан шарадлага хангаагүй” гэж заасан тул нэхэмжлэгч компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчийг оролцуулаагүй хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолоор баталсан компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг  хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм. 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлд хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхэд ямар баримт бичиг шаардагдах талаар зохицуулсан бөгөөд 23.1 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ”, 23.1.3 дахь хэсэгт “Үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр”, 23.1.4 дэх хэсэгт “Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт” гэж заасны дагуу “И.К ББСБ” ХХК-ийн мэдээдэлд “дүрмийн санг 200.000.000 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа” гэсэн өөрчлөлтийг бүртгүүлэхэд хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр хууль ёсны байх шаардлагатай бөгөөд төрийн захиргааны байгууллага үйл ажиллагаандаа шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг баримтлах ёстой. 

Захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхаар, мөн ийм нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэл нь захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон  байхаар тодорхойлогддог учраас “И.К ББСБ” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй тул компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхийг хариуцагчид даалгах боломжгүй юм. 

Нэхэмжлэгчээс компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Г.Гт 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ээлжит бус хурлын товыг тус компанийн хувьцаа эзэмшигч Д.О өөрийн 98991... дугаараас 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Г.Гийн 99113... дугаарын утсанд мэдэгдсэн гэх боловч “Ж М” ХХК-иас 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02/4768 дугаар албан бичгээр  шүүхэд ирүүлсэн 98991... дугаарын дэлгэрэнгүй лавлагаагаар 98991... дугаараас 99113... дугаар руу 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 21:36:44 цагт, мөн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 00:32:00, 00:40:27 цагт тус тус зурвас илгээсэн байна. 

“Ж М” ХХК-иас утасны дэлгэрэнгүй лавлагааны тайллыг шүүхээс тодруулахад үргэлжлэх хугацаа 0 гэсэнд 13,64 төгрөгийн төлбөр ногдуулсан нь зурвас илгээсний төлбөр мөн бөгөөд тус компанийн үүрэн утасны хэрэглэгчдийн  зурвас мэдээлэл нь хувь хүний нууцтай холбоотой тул тухайн дугаарын хэрэглэгчдээс нь өөрийн утаснаас илгээсэн болон хүлээн авсан зурвасын агуулгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтойг мэдэгдсэнийг дурдах нь зүйтэй. 

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 98981... дугаараас 99113... дугаарт илгээсэн “хувьцаа эзэмшигч нарын дүрмийн сангийн талаар уулзаж, хуралдах тул та хүрэлцэн ирнэ үү” гэх зурвас  нь хурал хэзээ, хаана болох нь тодорхойгүй байна. Харин 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 98991... дугаараас 99113... дугаарт явуулсан “2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө 09:00 цагт оффис дээр хүрэлцэн ирнэ үү” гэх зурвас  нь 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 00:32:00, 00:40:27 цагт илгээгдсэн болох нь тогтоогдож байх тул гуравдагч этгээд Г.Гт 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдааны товыг боломжит хугацаанд урьдчилан мэдэгдсэн гэж үзэхээргүй байна. 

Маргааны үйл баримт нь нэхэмжлэгч компанийн дүрмийн сангийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын эс үйлдэхүйтэй холбоотой тул компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын ирц, бүрэлдэхүүн, шийдвэрлэсэн асуудал, гарсан тогтоол нь хүчинтэй эсэх зэрэг асуудалд дүгнэлт өгөх шаардлагагүй бөгөөд шүүх гагцхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дээр дурдсан үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.2.-т “Энэ хуулийн 19.1-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тохиолдолд өргөдөл гаргагч нь зөрчлийг арилгасны дараа бүртгүүлэх хүсэлт дахин гаргаж болно” заасны дагуу нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулж бүртгүүлэх хүсэлт болон шаардагдах баримт бичгийг хууль журмын дагуу бүрдүүлж хүсэлтээ дахин гаргах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.  

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

 

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.2, 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэж нэхэмжлэгчийн “ “И.К ББСБ” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан улсын байцаагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхийг хариуцагч У.Б.Е.Г-т даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН