Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2022/0654

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ю.Л.Г” ХХК ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 539 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Жын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Ж,

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “Ю.Л.Г” ХХК ХХК

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох” тухай А/79 дүгээр тушаалын “Ю.Л.Г” ХХК ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 539 дугаар,

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

 

Хэргийн индекс: 128/2022/0946/З

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 539 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан “Ю.Л.Г” ХХК ХХК-аас Байгуль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох” тухай А/79 дүгээр тушаалын “Ю.Л.Г” ХХК ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

1.2 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 539 дугаар шийдвэрийн 2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ю.Л.Г” ХХК ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Ж дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасан үндэслэлээр цуцалсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан болно. Баянзүрх дүүргийн газрын албатай тооцоо нийлсэн актыг нэхэмжлэгч нь шүүхэд гаргаж өгсөн болно. Тухайн баримтаар нэхэмжлэгч тал 2015 оноос 2018 оныг дуустал газрын төлбөрийг газар ашиглах гэрээнд заасны дагуу үл маргах журмаар төлж ирсэн болно.

Гэтэл Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолоор газрын төлбөрийг үндэслэлгүйгээр хэт өндөр буюу 7.3 дахин нэмэгдүүлж Захиргааны ерөнхий хуулийн үндсэн зарчим, үзэл санаатай зөрчилдөж төрийн байгууллага давуу эрхээ ашиглан хувийн аж ахуйн нэгжийг бодитоор төлөх боломжгүй өндөр төлбөрт унагаж, хууль ёсны итгэл, эрх ашгийг зөрчсөн ажиллагаа болсон.

Иймээс Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолын газрын төлбөртэй холбоотой хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 20-ний гаргасныг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд 2020 оны 11 сарын 15-ний өдрийн 8910 дугаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа учир газрын төлбөрийг шинэчилсэн тогтоолын дагуу төлөөгүй бөгөөд газар ашиглах гэрээнд заасан хэмжээгээр төлөхөд татгалзахгүй зүйл байхгүй болохоо хариуцагчид илэрхийлсэн болно.

Гэсэн хэдийч хариуцагч нь газрын төлбөрийг төлөөгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан. Гэтэл Баянзүрх дүүргийн татварын алба, Баянзүрх дүүргийн газрын албанаас нэхэмжлэгчийн арилжааны банк дахь дансны зарлагын гүйлгээг зогсоож 2022 онд газрын төлбөрт 300 гаруй сая төгрөгийг татан авсан болно. Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар газрын төлбөр төлөөгүй гэх зөрчил бүрэн арилсан байна.

Гэтэл анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх цуглуулах ажиллагааг дутуу хийсэн буюу Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолын газрын төлбөртэй холбоотой хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 20-ний гаргасныг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд 2020 оны 11 сарын 15-ний өдрийн 8910 дугаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан талаарх нотлох баримтыг дутуу цуглуулж зөвхөн 2022 онд дахин Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шинэ захиргааны акьтадхолбогдуулж гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг нотлох баримтаар хэрэгт цуглуулаад дараах дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Үүнтэй холбоотойгоор “...2020 онд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газрын төлбөрийн хэмжээ тогтоосон тогтоолтой холбоотойгоор шүүхийн журмаар маргаантай байсан учир төлөөгүй” гэж тайлбарлах боловч бодит байдал дээр нэхэмжлэгч нь уг үндэслэлээр 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасан” гэж дүгнэн нэхэмжлэгч газрын төлбөр төлөх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  төлөөгүй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь газрыг зориулалтын дагуу ашиглах зорилгоор Байгаль эх эко соёл амралтын газрын цогцолбор барихаар төлөвлөж байсан боловч дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлын улмаас Байгаль эх эко соёл амралтын газрыг төлөвлөсөн хугацаанд барьж ашиглалтад оруулж чадаагүй юм. Байгаль эх эко соёл амралтын газар барихаар төлөвлөж зураг төсөл гаргуулж төсөл боловсруулсан болох хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогддог.

Мөн хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа оролцогчийг сонсох ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүйн улмаас захиргааны акт хуульд нийцээгүй болно. Гэтэл анхан шатны шүүх “Гэвч энэ тохиолдолд хариуцагчийг Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох ажиллагааг явуулалгүйгээр актыг гаргасан гэж буруутгах боломжгүй байх тул нэхэмжлэгчийн “...сонсох ажиллагаа хэрхэн явагдсан нь тодорхойгүй байна...” гэх тайлбар нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл биш” хэмээн дүгнэж байгаа нь хууль зөрчсөн шийдвэр болсон гэж үзэхээр байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуульд захиргааны байгууллага аливаа шийдвэрийг гаргахдаа сонсох ажиллагааг заавал хийх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй шийдвэр өөрөө хууль бус гэтэл дээрх дүгнэлтийг шүүх хийж хэргийг шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 30-ний өдрийн 539 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.