Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/22

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,

улсын яллагч Ж.Отгончимэг,

хохирогч, шүүгдэгч Б.М,

хохирогч, шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн М, Г овогт Ж-ийн Б нарт холбогдох эрүүгийн 2008019681516 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, Б овогт Б-ийн М /РД:.../,

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “Туршик Фэйшин” ХХК-нд худалдагч ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, Г овогт Ж-ийн Б /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 05 дугаар сарын 24-ний орой Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоот хашааны гадна иргэн Ж.Бтай маргалдан улмаар харилцан зодолдож, үсдэж нүүр хүзүүг нь маажиж, биед нь халдаж зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халзралт, шанаа хацар, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 05 дугаар сарын 24-ний орой Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоот хашааны гадна иргэн Б.Мтай маргалдан улмаар харилцан зодолдож, үсдэж биед нь халдаж тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон гэжээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч Ж.Бгийн мэдүүлэг /хх-ийн 47-48х, шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогч Б.Мгийн мэдүүлэг /хх-ийн-40-41х, шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч Н.Дгийн мэдүүлэг /хх-ийн 55х/, гэрч Ж.Оын мэдүүлэг /хх-ийн 50-51х/, гэрч Б.Огийн мэдүүлэг /хх-ийн 59-60х/, гэрч С.Гын мэдүүлэг /хх-ийн 64-65х/, гэрч Н.Оын мэдүүлэг /хх-ийн 68-69х/, гэрч Н.Өын мэдүүлэг /хх-ийн 71х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 5839 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 74-75х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5903 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 80-81х/, шүүгдэгч Ж.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 98х/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 99х/, эд хөрөнгөгүй тухай лавлагаа /хх-ийн 100х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 101х/, тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа /хх-ийн 102х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92х/, шүүгдэгч Б.Мгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 116х/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 117х/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 118х/, оршин суух хаягийн лавлагаа /хх-ийн 119х/, шүүгдэгч Ж.Бгийн мэдүүлэг /хх-ийн 155-157х, шүүх хуралдааны тэмдэглэл/,  шүүгдэгч Б.Мгийн мэдүүлэг /хх-ийн 167-169х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

2020 оны 05 дугаар сарын 24-ний орой Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоот хашааны гадна шүүгдэгч Б.М, Ж.Б нар нь хоорондоо маргалдан харилцан үсдэлцэж, зодолдсоноос шүүгдэгч Б.М нь Ж.Бгийн биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халзралт, шанаа, хацар, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан, Ж.Б нь Б.Мгийн биед тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

Ж.Бгийн хохирогчоор өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн орой би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод унтах гээд нөхөр Т, хүү Ө, манай дүү Мын хоёр хүүхэд ... нарын хамт орондоо ороод хэвтэж байсан. Тэгтэл гаднаас манай төрсөн дүү Оын хүү орж ирээд “аниа аав хүмүүстэй муудалцаад байна” гэж хэлэхээр нь би дүүгээ ...ажлынхаа хүмүүстэй маргалдаж байгаа юм байх гээд тоохгүй Өыг гараад хараадах гэж хэлээд гаргасан юм. ...дараа нь би цайвар цэнхэр өнгийн ноосон цамц доогуураа саарал өнгийн шорттой, тавчик өмсөөд байшингийнхаа хаалгаар гартал хашааны гадна талд хүмүүс хэрэлдээд байгаа чимээ сонсогдсон ба би хашааны хаалга онгорхой байсан тул хаалгаар гараад хартал миний өмнө нь харж байсан манай гудамжинд амьдардаг 7-8 хүн харагдсан. Тухайн хүмүүсийг харахад нэлээн согтолттой харагдаж байсан. Тэгээд гараад Оыг аваад буцаад ороод хашааны хаалгаа хаачихсан. Тэгээд байж байтал хашааны хаалгыг 10 гаран минутын дараа маш чангаар нүдээд байхаар нь Өыг гараад хараадах гэж хэлээд гаргатал Ө буцаж орж ирээд “нөгөө хүмүүс гараад ир гээд байна” гэж надад хэлсэн. Би дахиад хувцсаа өмсөөд ганцаараа гартал манай хашааны үүдийг тойроод 7 хүн байсан. Би юу болоод байгаа юм бэ, та нар яахаараа айлын амгалан тайван байдлыг алдагдуулдаг юм бэ гэтэл “бөөнөөрөө архичнаа гаргаад ир” гээд хэрэлдээд тал талаас хашхираад байсан. Тухайн үед миний өмнө нь харж байгаагүй махлаг бор өнгийн царайтай хар өнгийн иртуз өмссөн эмэгтэй нь намайг явцгаагаач гээд гараа урагшлуулаад хөөтөл цохих гэж байна гэж бодсон байх шууд үсдээд авсан. Би зөрүүлээд тэр эмэгтэйг үснээс зулгаасан чигтээ доош дарахаар нь миний толгой өвдөөд би хоёр гараа тавьчихсан. Тэр эмэгтэй чи муу өөрөө тавиач гэхээр нь би миний гар сул байгаа биз дээ гэсэн, тухайн үед байсан хүмүүс тал талаас шахаад болиоч гээд салгах санаатай тойроод байсан. ...Тухайн үед М нь нэг гараа үснээс тавьж байгаад миний хацрын зүүн талыг хумсаараа базаж байгаад эргүүлчихсэн. Тэгээд миний зүүн хөмсөг хүзүү хэсэгт хумсаараа маажчихсан. Сүүлд цагдаагийн хэлтэс дээр ирэхэд тухайн намайг үсэдсэн гэх эмэгтэйг М гэдгийг мэдсэн. Тухайн үед хэрэг Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоот хашааны гадна талд болсон. Миний нүүрэнд сорви тогтсон, сорвио арилгуулмаар байна. Арилгахад доод тал 650,000 төгрөг болно гэсэн уг мөнгөө нэхэмжилнэ, мөн 14 хоног ажилдаа яваагүй энэ хугацааны цалин хөлсөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Б.Мгийн хохирогчоор өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр миний төрсөн өдөр болоод би төрсөн өдрөө тэмдэглэхээр өөрийн найз Д дээр нөхөр Гыг дагуулж очоод ...буцаад найз Дг гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Би Дгийн хамт машинаас буугаад Дгийн гэрт орсон ба тухайн үед машинд Го, О нар үлдсэн. Д бид хоёрыг гэрт ороход Дгийн нөхөр О байсан. Д бид хоёр юм яриад сууж байтал О гэрээс гарч яваад нэлээн удаан байж байгаад гаднаас Оын хамт орж ирээд гадаа сая бөөн юм болоод гэхээр нь би “яасан бэ” гэтэл О “агаа сая хүнтэй муудалцаад агаагийн хүзүүнд байсан бурхан эрхийг таслаад хаячихлаа” гэхээр нь би “агаа чинь яасан бэ” гэтэл ах сая явчихлаа гэхээр нь би гараад “яанаа наадах чинь тасалж болохгүй юм ш дээ” гээд би ямар хүн байсан бэ гээд Оыг дагуулаад тэр айлыг заалгаад хаалгыг нь нүдсэн, хажууд О, Д, О нар байсан. Тэгтэл нэг эмэгтэй гарч ирээд шууд “чи муу юу гээд байгаа юм бэ” гээд учир зүггүй намайг баруун хацар луу алгадаад үсдэж аваад доош дарсан. Тэр үед манай найз эмэгтэй Д “наад эмэгтэй чинь жирэмсэн юм шүү дээ, битгий зодоон хий, хэл амаар учраа ололцох хэрэгтэй” гэсэн чинь Б нь намайг үсэдсэн гараа тавихгүй байсан. Тэр үед миний баруун гуя хэвлий орчим 1 хөл орж ирээд 2 удаа өшиглөсөн. Тухайн үед би хэн намайг өшиглөснийг огт харж чадаагүй ба тухайн үед надад харах боломж байгаагүй. Миний толгойг доош нь дарчихсан байсан. О бид хоёрыг зэрэг гараа тавьчих гэхээр нь би тэр эмэгтэйн үснээс зулгаахаа больтол тэр эмэгтэй миний үсийг тавихгүй угзраад байхаар нь би тэр эмэгтэйн үснээс татах гэж байгаад нүүр хүзүү орчим маажчихсан. Би дахиад тэр эмэгтэйн үснээс зулгаачхаад одоо тавьчхаач дээ гэтэл тэр эмэгтэй миний үснээс тавихгүй байтал хажуу талаас О бид хоёрыг тавиулсан. Тухайн үед намайг Б гэх хүн зодсон. Би нэрийг нь яаж мэдэж байна гэхээр цагдаа дээр ирээд Б гадаг нэрийг нь мэдэж авсан. ...Би Бгийн үснээс зулгааж, хацар, хүзүү, шанаа хэсгийг маажсан. Тухайн үед миний биед үүссэн тархи доргилт гэмтлийг Б үүсгэсэн. Харин хөлийн гэмтлийг хэн учруулсан талаар огт харж чадаагүй тухайн үед намайг Б үсдээд доош нь дарчихсан байсан тул би харах боломж байгаагүй. Мөн Б намайг өшиглөх ямар ч боломж байгаагүй. ...Тухайн үед миний гэдэс том байгаагүй. Надад нэхэмжлэлтэй холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. Надад тухайн үед эм тариа авсан зүйл байхгүй. Надад одоо санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн-40-41х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч Н.Дгийн: “...М бид хоёр манай гэрт ороод цай уугаад сууж байтал манай төрсөн дүү О орж ирээд нэг хүн машин руу чулуу шидээд Го ахыг заамдаж аваад хүзүүндээ зүүсэн байсан сахиусыг нь тастаад хаячихлаа гэж хэлж орж ирэхээр нь би Мгийн хамт гарсан чинь гадаа Го болон машин нь байхгүй явчихсан байсан. М Го руу залгаад хаашаа явсан талаар асуутал гэр лүүгээ явж байна гэж хэлсэн. Манай найз М уурлаад манай төрсөн дүү Оаас аль айл нь юм гээд асуусан чинь О энэ айл гээд зааж өгсөн. Манай найз М тэр айлын хаалгыг нүдсэн чинь нэг танихгүй эмэгтэй гараад ирсэн. М яагаад хүний машин тэрэг рүү чулуу шидээд биед нь халдаж байгаа юм бэ гээд уурлатал тэр эмэгтэй Мгийн зүүн хацар руу баруун гараараа нэг удаа алгадаад толгойноос нь үсдээд доош нь дарчихсан. М зөрүүлээд үсдэлцсэн. ...М тэр эмэгтэйн үснээс зулгаахаа больсон чинь тэр эмэгтэй үсийг нь улам бүр зулгаагаад байсан чинь М дахиад үсдээд тэр эмэгтэйн нүүр хүзүү хэсгийг гараараа маажчихсан. Тухайн үед Бгийн биед манай найз М үсдэж, нүүр, хүзүүг нь маажиж уг гэмтлийг үүсгэсэн. Манай найз Мгийн биед Б үснээс нь зулгааж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55х/,

Гэрч Ж.Оын: “...23 цагийн үед унтах гээд байж байтал хашааны гадна талд нэг машин ирчхээд хөгжмөө орилуулаад байхаар нь би гараад очоод жолоочийнх нь эсрэг талын цонхыг тогшоод наад хөгжмөө багасгачих дотор хүүхэд унтаж байна гэж хэлтэл нэг танихгүй залуу хөгжмөө багасгахаар нь би буцаад хашаа руугаа алхсан чинь буцаагаад машиныхаа хөгжмийг чангалчихаар нь би машиных нь багаж дээр тогшоод чи наадхаа больчихдоо гэсэн чинь машинд сууж байсан эрэгтэй эмэгтэй хоёр машинаас бууж ирээд эрэгтэй нь ирээд миний уруул хэсэг рүү цохиод унагаасан чинь манай хүү ирээд салгах гэж байхад нь би тэр залуутай заамдалцаад авсан ба тухайн үед тэр залуугийн хүзүүнд зүүлттэй сахиус нь тасраад уначихсан. Тэгээд би гэр лүүгээ орчихсон. Тэгтэл манай хашааны хаалга чанга чанга балбаад байхаар нь би гарах гээд байж байтал тэр хүмүүс гадаа орилолдоод байхаар нь би гараад хартал манай эгч Бг танихгүй эмэгтэй үсэдчихсэн байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51х/,

Гэрч Б.Огийн: “...М нэг айлын хаалга нүдээд байж байтал нэг эмэгтэй гарч ирээд хаалга тайлсан чинь М та нар яахаараа хүнд гар хүрч хүний бурхан шүтээн тасалдаг хэн юм бэ гээд орилсон. Тэр эмэгтэй Мг үсдээд авсан чинь М мөн адил тэр эмэгтэйг үсдээд авсан, тэгээд тэр эмэгтэй Мтай харилцан үсдэлцээд зогсохоор би салгах гээд дундуур нь ороод салгах гэтэл тэр хоёр салахгүй байсан. М тэр эмэгтэй хоёр чи тавивал би тавина гэж байснаа М тэр эмэгтэйн үснээс зулгаахаа больсон. Тэр эмэгтэй Мгийн үснээс зулгаасан хэвээрээ байсан чинь М тэр эмэгтэйн үснээс дахиж зулгаагаад нүүр хүзүүг нь маажчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61х/,

Гэрч С.Гын: “...Би гэр лүүгээ 6 дугаар буудал дээр явж байтал эхнэр М залгаад яг юу юу алга болсон байна, чи одоо хүрээд ир гэхээр нь би буцаад Дгийн гэрт ирсэн чинь манай эхнэрийн уур нь хүрчихсэн үс нь сэгсийчихсэн, хөл хөл гээд байхаар нь би юу болсон талаар асуусан чинь манай эхнэр би чамайг явсны дараа тэр залуугийн хаалгыг тогштол нэг танихгүй эмэгтэй гарч ирээд яах гэж байгаа юм гэхээр нь би танай дүү чинь манай нөхрийн эрх бурхныг тасалчихсан байна яахаараа хүний биед халддаг юм бэ гээд асуугаад маргалдаад үсдэлцсэн гэж надад хэлсэн. Тухайн үед би болсон зүйлийн талаар хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65х/,

Гэрч Н.Оын: “...Би О ахын хамт гэр лүү нь ороод юу болсон талаар хэлтэл М эгч, Д эгч нар алив гарч уулзъя гээд тэр залуугийн орсон хашааны хаалгыг нүдтэл эхлээд Б гарч ирэхээр нь би та нар чинь ямар сонин юм бэ хүний бурхан эрхийг тастчихдаг гэтэл Б гэх эмэгтэй М эгчийн үснээс зулгаагаад дараад авахаар нь манай эгч М зөрүүлээд үсдэлцээд тэр хоёр салахгүй байгаад байтал Ө гараад ирчихсэн ээжийгээ та болиоч ээ гээд байтал Б хүүхэд рүүгээ уурлаад байсан. Тэгээд бид нар арай гэж салгаад хоорондоо хэрэлдээд байж байтал Б дахиад гүйж ирээд үсдэлцээд М эгч Бгийн нуруу, хүзүүг нь маажчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 69х/,

Гэрч Н.Өын: “...манай ээж Б гарч ирээд юу болоод байгаа юм бэ, та нар одоо болиоч ээ гээд намайг хамгаалаад үг хэлсэн чинь тэр дунд байсан нэг саарал цамцтай хар өвдөг хүрсэн өмдтэй хөл орчим шивээстэй нэг эгч шууд манай ээж Бг үсдээд доош нь дараад авсан. Тухайн үед манай ээж ямар нэгэн үйлдэл хийгээгүй, дараа нь тэр эмэгтэйн үснээс зулгаасан. Тэр эмэгтэй манай ээжийн нүүр болон хүзүүг маажаад урчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 71х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 5839 дугаартай шинжээчийн: “...Ж.Б-н биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халзралт, шанаа, хацар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 74-75х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5903 дугаартай шинжээчийн: “...Б.Мгийн биед тархи доргилт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 81х/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.М нь “нөхрийн сахиус тасаллаа” гэж, Ж.Б нь “амгалан тайван байдал алдагдууллаа” гэж хоорондоо маргалдах явцдаа бие биеийнхээ үснээс зулгааж, Б.М нь Ж.Бгийн шанаа, хацар, хүзүү хэсэгт маажсан болох нь тэдгээрийн хохирогчоор болон яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлгүүд, тухайн үйл явцыг харсан гэрч нарын харилцан зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон, Б.М, Ж.Б нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь шинжээчийн 5839, 5903 дугаартай дүгнэлтүүд зэргээр тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.М Ж.Б нар нь харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн болно.  

Хохирол төлбөрийн тухай: Шүүгдэгч, хохирогч Б.М нь Ж.Бгаас нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б.Мг хохирогч Ж.Бд төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин шүүгдэгч, хохирогч Ж.Б нь Б.Мгаас эмчилгээ хийлгэх, сорвины тос, эм тариа авсан гэж нийт 698.000 төгрөг, мөн ажилгүй байсан 14 хоногийн цалин хөлс орлогыг тус тус нэхэмжилсэн боловч энэ талаар баримтгүй байх тул нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Мгаас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Б.М тус бүрд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд төлүүлэх” тухай  дүгнэлтийг,

Шүүгдэгч Ж.Б, Б.М нар нь “торгох ялын хэмжээг бууруулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нар нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Ж.Б, Б.М нарын хувийн байдал /бага насны хүүхдүүдтэй/ зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, тэдгээрийн цалин хөлс, орлогын байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Б, Б.М нарт оногдуулсан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ж.Б, Б.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ж.Б, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн М, Г овогт Ж-ийн Б тус бүрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Ж.Б тус бүрийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Ж.Б нарт оногдуулсан торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Ж.Б нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

5. Шүүгдэгч Ж.Б нь Б.Мд төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Ж.Б нь эмчилгээ хийлгэсэн зардлууд, дутуу авсан цалин хөлс орлогоо нотолсон нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Мгаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М, Ж.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.АЛТАНЦЭЦЭГ