| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2016/07412/И |
| Дугаар | 930 |
| Огноо | 2017-03-17 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 930
| 2017 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 101/ШШ2017/00930 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, Гэрэгэ цамхагийн 2 дугаар давхар 208 тоотод оршин байх Найман шарга ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп 427 – 46 тоот хаягт оршин суух Г.Хужаад холбогдох,
Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Хужаагийн 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А.Халиунаа, Э.Булганаа нараас Э.Наранчимэгт, мөн өдрийн Н.Энхтуяагаас О.Энхжавхланд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдэл, Э.Наранчимэг, О.Энхжавхлан нарын М.Жавхлантай байгуулсан газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн нотариатчийн үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулах, Э.Наранчимэг, О.Энхжавхлан нартай М.Жавхлангийн 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Бадамханд, өмгөөлөгч Ц.Туяа, хариуцагч Г.Хужаа, гуравдагч этгээд М.Жавхлангийн төлөөлөгч З.Шүрэнчулуун, өмгөөлөгч Ж.Должинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Найман шарга ХХК-ийн төлөөлөгч Г.Бадамханд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Шар хоолой Бэрх уулын ам дахь 0003761 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 15,000 м.кв газрыг Найман шарга интернэшнл ХХК 2004 оноос амралт, сувиллын зориулалтаар эзэмшиж, 600,000,000 орчим төгрөгийн үнэтэй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөө байршуулан ажиллаж байгаад 2011 оны 09 дүгээр сард хувь нийлүүлэгч А.Халиун, Э.Булганаа, Н.Энхтуяа нар шүүхээр хорих ял шийтгэгдэж, улмаар хорих 407, 409 дүгээр ангиудад ял эдэлж байхад нь буюу 2012 оны 03 дугаар сарын 05-нд нотариатч Г.Хужаа нь хувь нийлүүлэгч А.Халиун, Э.Булганаа, Н.Энхтуяа нарын гэртээ үлдээсэн иргэний үнэмлэхийг иргэн Бат-Эрдэнэ ашиглан, А.Халиун, Э.Булганаа, Н.Энхтуяа нарын найз буюу ойр танил болох Э.Наранчимэг, О.Энхжавхлан нарыг төлөөлөгч болгон компанийн эзэмшлийн газрыг иргэдийн итгэмжлэлээр М.Жавхланд шилжүүлэхээр иргэний итгэмжлэл гэрчлүүлэхээр ирэхэд нь төлөөлүүлэгч А.Халиун, Э.Булганаа, Н.Энхтуяа нарыг байлцуулж эрх үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөлгүй, уг газрыг ззэмшигч нь “Найман шарга” интернэшнл ХХК байхад түүнийг шалгалгүй, тухайн үед тус компанийн захирал Н.Энхтуяагийн хувьдаа эзэмшигчдийн хурал зарлаж хуралдуулахаас бусад компанийн тухай хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсон байсныг нягтлан шалгалгүйгээр, төлөөлүүлэгчийн гарын үсэг зурагдаагүй, 6 сарын хугацаатай итгэмжлэлийг гэрчилжээ.
Энэхүү хууль зөрчиж гэрчилсэн, хууль бус итгэмжлэлүүдийг ашиглан Найман шарга интернешнл ХХК-ийн эзэмшлийн 0003761 дугаар гэрчилгээтэй газрын эзэмших эрхийг иргэн М.Жавхланд шилжүүлэх гэрээг иргэн Бат-Эрдэнийн зуучлалаар 2012 оны 03 дугаар сарын 21-нд хийж, уг гэрээг гэрчлүүлэхээр Нотараитч Г.Хужаа дээр очиход Нотаратч Г.Хужаа гэрээний талуудад эрх үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөлгүй, уг газрыг эзэмшигч нь “Найман шарга” интернэшнл ХХК байхад түүнийг шалгалгүй, тухайн үед тус компанийн захирал Н.Энхтуяагийн хувьцаа эзэмшигчдийн хурал зарлаж хуралдуулахаас бусад компанийн тухай хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсон байсныг нягтлан шалгалгүйгээр 2012 оны 03 дугаар сарын 22-нд гэрчилсэн байна.
Улмаар М.Жавхлан нь хууль зөрчиж гэрчилсэн дээрх итгэмжлэл, гэрээг ашиглан “Найман шарга” интернэшнл ХХК-ийн эзэмшлийн 0003761 дугаартай газрыг өөрийн нэр дээр шилжүүлсэн гэрчилгээг 2014 оны 03 дугаар сарын 19-нд 2 жилийн дараа гаргуулж, уг газрыг эзэмшсэн байна.
Нотариатч Г.Хужаа нь А.Халиун,Э.Булганаа нараас Э.Наранчимэгт, Н.Энхтуяагаас О.Энхжавхланд олгосон гэх итгэмжлэл болон төлөөлөгч гэх О.Энхжавхалан, Э.Наранчимэг нартай М.Жавхлангийн байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчлэхдээ иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.2.1-т заасныг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дугаар тушаалаар баталсан Нотариатын үйлдэл хийх зааврын 7.2-т заасныг, мөн газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг гэрчлэхдээ дээрх хуулийн заалтаас гадна Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.4, 46.5, 46.6, 46.10 болон Компаний тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5, 59.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Иймд: А.Халиун,Э.Булганаа нараас Э.Наранчимэгт, Н.Энхтуяагаас О.Энхжавхаланд олгосон итгэмжлэл болон төлөөлөгч О.Энхжавхлан, Э.Наранчимэг нартай М.Жавхлангийн байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэн гэрээг гэрчилсэн нотариатч Г.Хужаагийн үйлдлүүдийг нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу хүчингүйд тооцож, төлөөлөгч О.Энхжавхлан, Э.Наранчимэг нартай М.Жавхлангийн байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бусаар тооцож өгнө үү гэв.
Хариуцагч Г.Хужаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан итгэмжлэл, гэрээг гэрчлэхдээ холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10-т зааснаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ А.Халиун, Э.Булганаа, Н.Энхтуяа нараас олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусаар тооцох хууль зүйн үндэслэлгүй гэв.
Гуравдагч этгээд М.Жавхлангийн төлөөлөгч З.Шүрэнчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед “Найман шарга интернэшнл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Булганаа, Н.Энхтуяа, А.Халиун нар нь эрүүгийн гэмт хэрэг үйлдэж, хорих ангид ял эдэлж байсан. Бусдад өр төлбөртэй байсан бөгөөд өр төлбөрөө барагдуулах зайлшгүй шаардлагатай байсан тул “Найман шарга интернэшнл” ХХК-ийн захирал Н.Энхтуяа нь өөрийн нөхөр болох Ц.Бат-Эрдэнээр дамжуулан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хоолой Бэрх уулын ам дахь /0003761/ дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 15,000 м.кв газрыг М.Жавхланд зарсан байдаг. Тухайн үед Э.Булганаа, Н.Энхтуяа, А.Халиун нар хорих ангид ял эдлэж байсан учраас биечлэн ирээд эдгээр гэрээ хэлэлцээрийг хийх боломж байгаагүй. Н.Энхтуяа нь өөрийн хамаатан болох О.Энхжавхланд, А.Халиун, Э.Булганаа нар нь өөрийн найз Э.Наранчимэгт итгэмжлэл олгохоор болж, итгэмжлэл олгох үйл ажиллагааг нотариатч Г.Хужаад хандаж даалгасан байдаг. Тус итгэмжлэлүүд нь хуульд нийцсэн байсан бөгөөд бүх хүмүүс нь гарын үсгээ зурсан байсан. “Найман шарга интернэшнл” ХХК-ийн захирал Н.Энхтуяаг хорих ангиас суллагдсаны дараа 2014 оны 09 сарын 16 өдөр 300,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан акт үйлдсэн байдаг. Талууд өөрсдөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж гэрээ байгуулсан ба мөнгөө бүрэн авсан. Уг гэрээ нэгэнт байгуулагдаж, гэрээ хэрэгжиж эрх, үүрэг нь дуусгавар болсон. Одоо энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж ярьж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нэхэмжлэгч тал нь мөнгө нэхэмжлэхгүй байгааг харахад мөнгөө бүрэн авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа юм байна гэж үзэж байна. Уг амралт сувиллын газрыг шилжүүлэн авснаас хойш 65,466,581 төгрөгийн зардлыг гаргасан бөгөөд холбогдох хөрөнгө оруулалт хийчихсэн байгаа. Үүнтэй холбоотой баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. 4 жилийн өмнө энэ гэрээний үүрэг дуусгавар болчихсон байгаа. Бидний зүгээс зардал гаргаад, хөрөнгө оруулалтаа хийчихсэн байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг ойлгомжтой болгох үүднээс тооцоог гаргаж өгсөн боловч нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэдэг үндэслэлээр шүүх хүлээж авсангүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Найман шарга ХХК, хариуцагч Г.Хужаад холбогдуулан Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Хужаагийн 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А.Халиунаа, Э.Булганаа нараас Э.Наранчимэгт, мөн өдрийн Н.Энхтуяагаас О.Энхжавхланд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдэл, Э.Наранчимэг, О.Энхжавхлан нарын М.Жавхлантай байгуулсан газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн нотариатчийн үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулах,
Э.Наранчимэг, О.Энхжавхлан нартай М.Жавхлангийн 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Г.Хужаа нь 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Найман шарга ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолой Бэрх уулын аманд орших, нэгж талбарын 18665321184286 дугаартай, 15,000 м.кв талбайтай, амралт, сувиллын зориулалт бүхий газрын, газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг олгосон итгэмжлэлийг иргэн А.Халиун, Э.Булганаа нараас иргэн Э.Наранчимэгт, иргэн Н.Энхтуяагаас иргэн О.Энхжавхланд тус тус олгосныг гэрчилж, 72 дугаартай нотариатчийн тамгаа дарж баталгаажуулжээ. /Хэргийн 8-10 дахь тал/
Мөн төлөөлөгч Э.Наранчимэг, О.Энхжавхлан, гуравдагч этгээд М.Жавхлан нарын хооронд 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ”-г хариуцагч нь 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэрчилж, 72 дугаартай нотариатчийн тамга дарж баталгаажуулсан байна. /Хэргийн 11 дэх тал/
Хариуцагч Г.Хужаа нотариатчийн 72 дугаартай тамга эзэмшдэг нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон болно.
Хариуцагчаас шүүх хуралдааны явцад Нотариатын тухай хууль зөрчөөгүй, нотариатын үйлдлийг өөрөө хийсэн, туслах н.Болортуул зөвхөн зөвлөгөө өгч, миний заавраар итгэмжлэлд гарын үсэг зуруулсан, бүртгэлийн дэвтэрт бичүүлсэн гэх тайлбарыг гаргасан нь Нотариатын тухай хуульд нийцэхгүй байна.
Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Нотариатчийн үйл ажиллагааг нотариатч болон энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатчийн үүрэг гүйцэтгэгч эрхлэн явуулна” гэж, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Нотариатч ажиллаагүй суманд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан сумын Засаг даргын Тамгын газрын дарга нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ” гэж, 16.3-т “Хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газарт хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан албан тушаалтан нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ” гэж тус тус хуульчилсан ба зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтаас үзэхэд хариуцагч Г.Хужаа нь нотариатын үйл ажиллагааг өөрөө эрхлэн явуулаагүй, нотариатын үйл ажиллагааг өөр этгээд явуулсан байна.
Хариуцагч нь А.Халиун, Э.Булганаа, Н.Энхтуяа нарыг хорих 407, 409 дүгээр ангид хорих ял эдэлж байхад нь өөрийн туслах н.Болортуулыг уулзуулж, 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн итгэмжлэлд гарын үсэг зуруулсан болох нь хариуцагчийн өөрийнх нь тайлбар, гэрчийн мэдүүлгээр тус тус нотлогдож байх бөгөөд хариуцагчаас тухайн уулзалтаар туслах н.Болортуул нь А.Халиун, Э.Булганаа, Н.Энхтуяа нарт эрх, үүргийг нь тайлбарлан өгч зөвлөгөө өгсөн, бүртгэлийн дэвтэр болон итгэмжлэлд А.Халиун, Э.Булганаа, Н.Энхтуяа нар нар эрх, үүрэг, үр дагаврыг мэдэж гарын үсгээ зурсан гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Г.Хужаагийн туслах н.Болортуулын дээрх үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д хамаарах үйлдэл бөгөөд нотариатчийн туслах нь нотариатын үйл ажиллагааг бие даан явуулах эрхгүй, гагцхүү нотариатчид туслах чиг үүрэгтэй тул нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдоогүй этгээд нотариатын үйл ажиллагааг бие даан явуулсан, нотариатч өөрийн туслахаар нотариатын үйлдэл хийлгэсэн нь Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 21 дүгээр зүйлийн 21.2.1, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 2.3, 7.2-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Иймд Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу хариуцагч Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Хужаагийн 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдөр А.Халиунаа, Э.Булганаа нараас Э.Наранчимэгт, Н.Энхтуяагаас О.Энхжавхланд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч, хариуцагчид холбогдуулан Э.Наранчимэг, О.Энхжавхлан нарын М.Жавхлантай байгуулсан газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нотариатч Г.Хужаа нь гэрээний талуудад эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулж зөвлөгөө өгөлгүй, газрыг эзэмшигч нь Найман шарга ХХК байгааг анхаараагүй, захирал Н.Энхтуяагийн Компанийн тухай хуульд заасан бүрэн эрх дуусгавар болсон байхад гэрээг гэрчилсэн гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
Хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч нь гэрээний талуудад эрх, үүргийг нь тайлбарлан өгч, хүсэл зоригийн илэрхийллийг шалгасан гэж үзэх үндэслэлтэй, хариуцагч нь 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэрчилж байх цаг хугацаанд нэхэмжлэгч Найман шарга ХХК-ийн захирал Н.Энхтуяагийн хувьцаа эзэмшигчдийн хурал зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсон, төлөөлөгч Э.Наранчимэг, О.Энхжавхлан нар төлөөлүүлэгчийг төлөөлөх эрхгүй байсан гэж үзэх үндэслэлээ нотлоогүй, нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хангалттай нотлоогүй, нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй болжээ.
Иргэн А.Халиунаа, Э.Булганаа, Н.Энхтуяа нарын төлөөлөгч Э.Наранчимэг, О.Энхжавхлан нарын гуравдагч этгээд М.Жавхлантай 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан байхад энэ гэрээний оролцогч биш этгээдийг хариуцагчаар тодорхойлж, гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь тодорхой бус болжээ.
Хариуцагч нь тус гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлд ямар оролцоотой, шүүх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсоноор түүний үр дагаврыг хариуцагч хэрхэн хариуцах, гэрээний үр дагаврыг хариуцах эрх бүхий этгээд болохыг нэхэмжлэгч шүүхийн өмнө нотлоогүй, хариуцагч Г.Хужаа нь энэхүү гэрээний нэг тал биш байна. Хэлцлийн нэг тал биш этгээдэд холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар гаргасан шаардлага нь тухайн хэлцлийн оролцогч биш этгээдэд үл хамаарах бөгөөд хариуцагчийн нотариатчийн үйл ажиллагаатай нь холбогдуулан шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл болохгүй тул нэхнэмжлэгчийн 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Хужаагийн 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдөр А.Халиунаа, Э.Булганаа нараас Э.Наранчимэгт, Н.Энхтуяагаас О.Энхжавхланд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцсугай.
2. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Э.Наранчимэг, О.Энхжавхлан нарын М.Жавхлантай 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, тус гэрээг гэрчилсэн 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Хужаагаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Найман шарга ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ