Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1232

 

 

 

 

 

 

    2020          12              16                                        2020/ШЦТ/1232

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч Д.А..........г, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Д............жийн А..........гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2008 0261 81304 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Д............жийн А..........г, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1973 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн .......................... тоотод байнга оршин суух бүртгэлтэй, одоогоор оршин суух тодорхой бүртгэлгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ........................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Д.А..........г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гоо марал” дэлгүүрийн ар талд иргэн Н.Г..................нгийн эзэмшлийн “iPhone 6 Plus” загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” хэмээн хуурч аваад залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А..........г мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Н.Г..................нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “Гоо марал” гэдэг дэлгүүрийн ар талд байрныхаа хоёр зүс таних ахын хамтаар сууж байсан. Тэр үед 45-50 орчим насны алаг нүдтэй бор царайтай эмэгтэй хүн ирээд утсаараа нэг яриулаач гээд гуйхаар нь би утсаа өгөөд яриулсан. Тэгээд тэр эмэгтэй миний утсаар яриад зам тал руугаа алхаад байхаар нь би араас нь утсаа авах гээд алхаж байсан чинь гэнэт гүйгээд явсан. Тэр би нурууны өвчтэй байгаа болохоор араас нь гүйж чадалгүй, дэмий орилоод л үлдсэн. Тэр үед тэр хүүхэн “нэг архи аваад өгвөл утсыг чинь өгье” гэсэн тэгэхээр нь би “надад мөнгө байхгүй, зүгээр утсыг минь буцаагаад өгчих” гэсэн чинь шууд цаашаа зам гараад гүйгээд явчихсан. ...миний гар утас iphone-6 plus маркийн гар утас байсан. Би гар утсаа 2017 онд “Драгон” төвийн гар утасны төвөөс 480.000 төгрөгөөр анх худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09),

2. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгө үнэлгээний тайланд: ... iphone-6 plus маркийн...гар утас 250.000 төгрөг...” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 19-20),

3. Шүүгдэгч Д.А..........гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийлдэг найз нартайгаа 5 шарын автобусны буудалд архи уусан. Тэгээд тус хорооны нутаг дэвсгэрт байдаг “Гоо Марал” дэлгүүрийн ард үл таних хүн сууж байхаар нь би “утсаар чинь яриад өгье” гэж хэлээд гар утсыг нь аваад хэд хэдэн хүн рүү залгасан боловч холбогдоогүй. Ингээд би утсаар нь ярьж байгаа дүр үзүүлж байгаад утсыг нь аваад явсан. Ингээд би хэсэг хугацааны дараа буцаж 5 шарын автобусны буудал дээр ирээд явуулын танихгүй хүнд утсыг 50.000 төгрөгөөр зараад архи аваад уучихсан...би хохирогч Н.Г..................н гэх хүнийг танихгүй. ....миний авсан гар утас бол iphone-6 plus загварын шаргал өнгийн гар утас байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41),

4.Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-17),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 52), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37), гэрлэлт бүртгэлийн тухай лавлагаа (хавтаст хэргийн 51), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 45, 47), хохирол төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 77) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.А..........гт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.А..........г нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Таван шарын байрнуудын орчим байрлах “Гоо марал” дэлгүүрийн ар талд, 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, иргэн Н.Г..................нгээс “утсаар чинь яриад өгье” гэж гуйн авч улмаар утсаар ярьж буй мэт дүр эсгэн түүний “iPhone 6 Plus” загварын гар утсыг хэмээн хуурч аван 250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Н.Г..................нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “Гоо марал” гэдэг дэлгүүрийн ар талд байрныхаа 2 зүс таних ахын хамтаар сууж байсан. Тэр үед 45-50 орчим насны алаг нүдтэй бор царайтай эмэгтэй хүн ирээд “утсаараа нэг яриулаач” гээд гуйхаар нь би утсаа өгөөд яриулсан. Тэгээд тэр эмэгтэй миний утсаар яриад зам тал руугаа алхаад байхаар нь би “араас нь утсаа авах гээд алхаж байсан чинь” гэнэт гүйгээд явсан. ...миний гар утас “iPhone 6 plus” маркийн гар утас байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгө үнэлгээний тайланд: ... iphone-6 plus маркийн...гар утас 250.000 төгрөг...” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 19-20)

- Шүүгдэгч Д.А..........гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт ...найз нартайгаа 5 шарын автобусны буудал орчим архи уучхаад тус хорооны нутаг дэвсгэрт байдаг “Гоо Марал” дэлгүүрийн ард үл таних хүн сууж байхаар нь би “утсаар чинь яриад өгье” гэж хэлээд гар утсыг нь аваад хэд хэдэн хүн рүү залгасан боловч холбогдоогүй. Ингээд би утсаар нь ярьж байгаа дүр үзүүлж байгаад утсыг нь аваад явсан. ...миний авсан гар утас бол “iPhone 6 Plus” загварын шаргал өнгийн гар утас байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41),  

- Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-17) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Д.А..........г нь шууд санаатай үйлдлээр, шунахайн сэдэлтээр, архи уух мөнгө олох зорилгоор бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Д.А..........гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь, улсын яллагчийн гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.А..........г нь хохирогчид 250.000 төгрөгийн хохирол учруулснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр хохирлыг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан (хавтаст хэргийн 77) байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Д.Ганчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 42 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах ...” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч Д.А..........гийг хувийн байдал буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.А..........гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид...учруулсан хохирлыг төлсөн байгааг” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тиймээс эрүүгийн хариуцлагын дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А..........гт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан...үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болохгүй.” гэж заажээ. Өөрөөр хэлбэл  шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  гэмт хэрэг үйлдсэн, тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй зэрэг хувийн байдлыг харгалзан өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан болно.

Шүүхээс шүүгдэгч Д.А..........гт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсантай холбогдуулан түүнд оногдуулсан 720 цагийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, мөн оногдуулсан ял дээр нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг болон мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Д.А..........г нь энэ гэмт хэрэгтээ 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс (хавтаст хэргийн 137-138) мөн оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нийт 42 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 42 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл хуульд зааснаар шүүгдэгчийн цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ авагдсан 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, цагдан хоригдсон нийт 42 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 336 цагаар тооцож эдлэх ялаас хасаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан учир түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2008 0261 81304 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.11, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Д............жийн А..........гийг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А..........гийг 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.А..........г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 (дөрөв) цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.А..........гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар тогтоосугай.

5. Шүүгдэгч Д.А..........г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг тус тус анхааруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А..........гийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 42 (дөчин хоёр) хоногийг буюу нийтэд тустай ажил хийлгэх 336 цагийг эдэлсэнд тооцож эдлэх ялаас хассугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.А..........г авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ