Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/214

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ын Год холбогдох эрүүгийн 2008023151584 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ... тоотод оршин суух хаягтай, урьд

Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 6 сарын хорих ял шийтгэгдсэн, Б овогт Д-ын Г /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” хоолны газарт Н.Бийн цэнэглүүлж байсан Самсунг Галакси А-20с загварын гар утсыг түүнд мэдэгдэлгүй буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би тухайн хоолны газар орохдоо S5 маркийн гар утастай орсон. Миний утасны цэнэг дууссан тул үйлчлэгчид өгч гар утсаа цэнэглүүлсэн. Харин сүүлд гар утсаа авсан эсэхээ болон өөр утас авч гарсан эсэхээ ерөөсөө санахгүй байгаа юм. Мөн тэр утсаа хаана алга болгосноо мэдэхгүй байна. Яагаад гэвэл би архи уусан, согтуу, ухаан санаа орж гараад байсан юм. Намаг цагдаагаас А20 маркийн гар утас авч гарсан гээд байгаа, би бол мэдэхгүй байгаа юм” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн ... дугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5х/, Н.Бийн өргөдөл /хх-ийн 7х/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11х/, хохирогч Н.Бийн мэдүүлэг /хх-ийн 23х, 27х/, гэрч Б.Үгийн мэдүүлэг /хх-ийн 28-29х/, Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 31-32х/, шүүгдэгч Д.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45х/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай лавлагаа /хх-ийн 47х/, эд хөрөнгөгүй тухай албан тоот /хх-ийн 49х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52х/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 60-62х/, шүүгдэгч Д.Гын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 36х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” хоолны газарт үйлчлүүлж байхдаа хохирогч Н.Бийн цэнэглүүлж байсан Самсунг Галакси А-20с загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5х/,

Иргэн Н.Бийн өргөдөл /хх-ийн 7х/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан камерын бичлэг болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “... шүүгдэгч Д.Гын “би мөн байна” гэж нэрлэн заасан цагаан цамцтай залуу нь текэн дээр ирэн үйлчлэгчээс 1 ширхэг гар утас авч яван ширээн дээр очиж сууж байснаа хэсэг хугацааны дараа дахин цүнх үүрсэн байдалтай текэн дээр ирж үйлчлэгчээс 2 дахь удаагаа хар өнгө бүхий 1 ширхэг гар утсыг авч гадагш гарч байгаа нь бичигдсэн.” /хх-ийн 11х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч Н.Бийн: “...2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хоолны газар хоол идэх гээд орсон. Гар утас цэнэггүй болж байсан тул текний ард байсан үйлчлэгчид гар утас цэнэглээд өгөөч гэж гуйгаад өгсөн. Хоолоо идэж дуусаад цэнэглүүлсэн гар утсаа авъя гэтэл таны гар утсыг өөр хүнд өгсөн байна гэж хэлсэн. ...Шинэ гар утас тул 560.000 төгрөгөөр үнэлж байна. Хар өнгийн кейстэй гар утас байсан. ...Гар утасны кейсээ одоо үнэлэхгүй. Хуучин хэрэглэж байсан кейс байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23х, 27х/,

Гэрч Б.Үгийн: “...2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ажил дээрээ байхад гаднаас 4-5 хүн орж ирээд утас цэнэглэх газар асуухаар нь би хөргөгчийн хажууд байгаа гэж хэлээд ажлаа хийсэн. Тэр хүмүүс утас харж байгаарай гэхэд нь би харж чадахгүй гэхэд хойноо цэнэглээд өг гээд надад өгөхөд нь би утсыг нь аваад цэнэглэсэн.  2 утас цэнэглэсэн, хоёр өөр хүний утас байсан. Удалгүй 1 залуу ирээд цэнэглэж байгаа утсаа авъя гэхэд нь манай зохин байгуулагч Х нэг утсыг нь гаргаж өгсөн. Удалгүй нөгөө залуу нь дахин ирээд нөгөө утсаа авъя гэхээр нь бас өгөөд явуулсан байсан. Гэтэл удалгүй бас нэг залуу ирээд утсаа авъя гэхээр нь нөгөө хамт явсан хүн чинь авсан гэж хэлсэн. Тэгээд л  тэр хүмүүс  хамт яваагүйг мэдсэн. 2 хүн зэрэг утас цэнэглүүлэх гэж өгсөн болохоор хамт яваа юм байх гэж бодоод өгчихсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29х/,

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Samsung A20s гар утас хуучин хэрэглэж байсан-450.000 төгрөг” гэх тайлан /хх-ийн 31-32х/,

Шүүгдэгч Д.Гын өгсөн: “...... хоолны газарт ороод хоол идсэн. Би өөрөө тухайн үед S5 гэсэн гар утастай явсан, тэгээд тэрийгээ цэнэглүүлэх гэж өгсөн. Тэгээд  дараа нь гарахдаа гар утас авч гарсан эсэхээ санахгүй байгаа юм. Учир нь би согтуу явж байсан. Би ямар утас авч гарсан, авч гарсан утсаа яаснаа санахгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудаас үзэхэд, ... хоолны газарт хохирогч Н.Б болон шүүгдэгч Д.Г нар нь нэг цаг хугацаанд үйлчлүүлж байх үеэрээ тус тусын гар утсыг цэнэглүүлэхээр хоолны газрын кассчинд өгснийг кассчин нь авч текний ар хэсэгт цэнэглэж байх явцад шүүгдэгч Д.Г нь кассчины бусад иргэдтэй харьцаж, тооцоо хийж үйлчилж буй сатаарсан байдлыг далимдуулан 2 удаа очиж өөрийн болон хохирогч Н.Бийн гар утсыг авч яван өөртөө захиран зарцуулах бодит бололцоог олгосон нөхцөл байдал тогтоогдсон.

Шүүгдэгч Д.Г нь Самсунг А20 маркийн гар утсыг өөрийн өмч биш гэдгийг мэдсээр байж кассчинаас авч, өөрийн эзэмшилд шилжүүлж буй үйлдлийг хохирогч Н.Б нь мэдээгүй буюу түүнд мэдэгдэлгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж дүгнэсэн болно.

Учир нь, шүүгдэгч Д.Гын энэхүү хууль бус үйлдэлд бусад ойролцоо төрлийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинж буй эсэхийг нягталж үзэхэд, шүүгдэгч нь хохирогчтой аливаа хэлбэрээр харилцаж, улмаар түүнд эд хөрөнгөө шилжүүлэн өгсөн эсхүл хохирогчоос хүч хэрэглэж эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэх нөхцөл байдал хэргийн үйл баримтуудаар тогтоогдоогүй тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзсэн.

Шүүгдэгч нь тус хэргийг гэм буруугийн шууд санаатай, шунахай сэдэлтээр үйлдсэн, хохирогч Н.Бийн Самсунг А20 маркийн гар утсыг түүнд мэгдэлгүйгээр, хууль бусаар авсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн байх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй.

Хэдийгээр шүүгдэгч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт “би энэ хэргийг үйлдсэнээ сайн санахгүй байгаа юм. Ер нь үйлдээгүй л гэж бодож байгаа. Мөрдөгч л намайг үйлдсэн, камерт бичигдсэн гэж холбогдуулж ирүүлсэн” гэж гэм буруугийн асуудал дээр маргаж оролцсон боловч тэрбээр шүүхийн хэлэлцүүлэгт камерын бичлэгийг шинжлэн судалж, бичлэгийг үзэх явцад гар утас авч буй хүнийг өөрийгөө мөн байна гэж заасан нь хэрэгт авагдсан бусад /хохирогч, гэрч нарын мэдүүлэг/ нотлох баримтуудаар нотлогдсон, мөн түүний согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсний улмаас үйлдлээ санахгүй байна гэсэн нь түүний гэмт хэрэг үйлдээгүй гэснийг нотолж буй баримт бус тул түүний гэмт хэрэг үйлдээгүй гэх мэдүүлэг үгүйсгэгдсэн гэж үзнэ.

Иймээс Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх шинжгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Д.Гын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бид 450.000 төгрөгийн хохирол учирсан, уг хохирлыг шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байх тул 450.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Н.Бид олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...шүүгдэгч Д.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...прокуророос санал болгосон ялын хэмжээг багасгаж болдог бол багасгуулах, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Д.Год Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Иймээс дээрх шударга ёсны зарчимд нийцүүлэн дараах байдлаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа боловч тэрбээр хохирол төлбөр төлж барагдуулаагүй, мөн өмнө санаатай гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан ч дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдал зэргийг харгалзаж үзсэнээс гадна шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчийн хяналт сул байдлыг далимдуулан түүнд мэдэгдэлгүйгээр эд зүйлийг авч буй үйлдлийн арга зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Год 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдалд тохирох тул шүүгдэгчээс гаргасан “нийтэд тустай ял оногдуулж өгнө үү” гэсэн санал, хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь ял шийтгэлийн хувьд сонгох ялын төрөлтэй боловч эдгээр ялын төрлүүдээс шүүгдэгчид оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ялгамжтай байдлаар, аль тохирох ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэх нь шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх тул шүүгдэгч Д.Год эдгээр ялын төрлүүдээс хорих ялыг оногдуулж, хэмжээний хувьд 8 сарын хугацаагаар тогтоож,  уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Г нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 29 хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Гын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-ын Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Год Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найм) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Год оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гын цагдан хоригдсон 29 (хорин ес) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гоос 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Бид олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Год урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ