Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1233

 

 

 

 

 

 

       2020        12            17                                       2020/ШЦТ/1233

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч  А.Ганзориг,

шүүгдэгч Б.О...............т, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Б...............жийн О...............тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2008 0197 01385 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Б...............жийн О...............т, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянхангай суманд 1986 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эх нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ................... тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ........................, урьд;

1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 445 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын баривчлах ял,

2. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 652 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ял,

3. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 785 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1  сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар дээрх оногдуулсан 2 жил 1 сарын хорих ял дээр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 652 дугаар шийтгэх тогтоолын хорих ялаас 7 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг нийт 2 жил 8 сараар тогтоосон,

4. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 311 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 245 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

5. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 209 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.200.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч Б.О...............т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Минж” төвийн 7 дугаар давхрын 1 тоотод оршин суух иргэн Ц.Б...............ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Samsung S8 Plus” маркийн гар утас, савхин куртик, малгай, даавуун өмд, савхин түрүүвч, “ХААН”, “ХАС” банкны карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, бусдад 339.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О...............т мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Ц.Б...............ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Минж” худалдааны төвийн 7 давхарт 01 тоотод амьдардаг юм. 2020 оны 4 дүгээр сарын 29-ний орой 23 цагийн орчим унтахдаа гэрийнхээ  хаалгыг онгорхой орхисон бөгөөд тухайн шөнө манайд ах ирэх байсан болохоор унтаад сэрэхгүй байх гэж бодоод хаалгаа цоожлоогүй онгорхой орхиж амарсан юм. Тэгээд 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өглөөний 06 цагийн орчим хаалганы орчим чимээ гарахаар нь орноосоо босоод очоод үзэхэд манай гэрийн хаалга онгорхой хаалга орц хоёрын заагт нэг танихгүй залуу миний малгайг өмсчихсөн зогсож байсан. Тэгэхээр нь би “чи юун хүн бэ” гээд тухай залууг гэртээ дагуулж ороод өөрийн эд зүйлээ бүртгэж үзэхэд миний орны хажууд байсан Samsung S8 Plus маркийн гар утас, түрүүвч, савхин хүрэм, даавуун өмд зэрэг алга болсон байсан. Тухайн үед нөгөө залууд зөвхөн миний малгай л байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн бөгөөд хоёр цагдаа ирээд тухай залууг манай байрнаас авч гарсан бөгөөд хогийн бункер дотроос миний савхин куртик, түрүүвчийг, мөн орцноос миний өмдийг олж өгсөн. Миний түрүүвч дотор “ХААН”, “ХАС” банкны карт байсан бөгөөд бэлэн мөнгө байгаагүй. Харин гар утас хаана нуусан талаараа тухайн залуу хэлээгүй бөгөөд манайд орж хулгай хийсэн талаараа хүлээн зөвшөөрч байсан...би гар утсаа 2 хоногийн дараа буюу 2020 оны 5 дугаар сарын 2-ны өдөр манай байрны урд талын замын урд талд байдаг цэнхэр өнгийн чингэлгээс олсон. Би байрны хяналтын камерын бичлэг шалгаж байгаад олсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46),

2. Гэрч Д.Г.............тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 30-ны өглөө 6  цаг 50 минутад жижүүрээс “Их Минж”-ийн 7 давхарт хулгай хийх гэж байгаад хүн нь баригдсан байна гэж дуудлага ирсэн. Би хошууч Г.М...............рын хамт тухайн дуудлага мэдээллийг хүлээн авч очсон юм. Тухайн дуудлага нь дээр очиход хохирогч нь гэх залуу савхин куртик, гар утас, түрүүвч, өмд зэрэг алга болсон байсан гэж хэлсэн бөгөөд хулгай хийх гэж байсан нэг залууг нь барьчихсан зогсож байсан. Тэгээд хошууч Г.М...............р бид хоёр тухайн хулгай хийсэн гэх залууг дагуулж явахад орцонд нэг өмд байсан бөгөөд хохирогч нь тухайн өмдийг миний өмд байна гэж хэлээд авсан. Хулгай хийсэн гэх залуу хогийн бункер дотор савхин куртик, түрүүвч зэргийн нуусан гэж хэлсэн бөгөөд хамт гарч хогийн бункер дотроос савхин куртик, түрүүвчийг нь олсон бөгөөд дуудлага өгсөн залуу эд зүйлээ авсан...Эд зүйлээ алдсан гэх хүн гэрийнхээ хаалгыг онгорхой  унтчихсан чинь гэрт орж ирээд гар утас болсон хувцас хулгайлсан байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60),

3. Гэрч Г.М...............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр би үүрэг гүйцэтгэж ажиллаж байхад жижүүрээс хулгай хийх гэж байгаа хүн баригдсан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу цагдаагийн дэд ахлагч Д.Г.............тын хамт “Их Минж” төвийн 7 давхарт очсон. Тухайн үед гэрийн эзэн гэх залуу хаалгаа онгорхой унтаж байтал гэрт ороод гар утас, хувцас хунар хулгайлчихсан байна гэж хэлж байсан бөгөөд хулгай хийсэн хүн нь гэрийн эзэнд нь баригдчихсан зогсож байсан. Тэгээд бид хоёр тухайн залууг гэрийн эзэнтэй дагуулж яваад орцноос өмд, гадаа байдаг хогийн бункер дотроос савхин хүрэм, түрүүвч зэргийг олж өгсөн. Тухай түрүүвчинд нь банкны 2 ширхэг карт байсан бөгөөд бэлэн мөнгө байгаагүй...гэрийн эзэнд савхин хүрэм, түрүүвч банкны 2 карт болон малгай, өмд зэргийг тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64),

4. Гэрч Б.О.............хын мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ажил дээрээ байж байтал өглөө 11  цагийн үед үл таних залуу орж ирээд “манай гэрт хулгай орсон юм. Та байгууллагынхаа хамгаалалтын камерыг шүүгээд өгөөч” гэхээр нь би тэр залууд байгууллагынхаа баруун урд талын “Минж төв” рүү харсан хамгаалалтын камерыг шүүлгэж үзүүлэхэд 2020 оны 4 дүгээр сарын 30-ны 06 цагийн үед “Минж төв”-өөс үл таних бараан хувцастай хүн гарч ирээд зам хөндлөн гараад манай байгууллагын баруун хойд талд байх 40 тонн цэнхэр өнгийн чингэлэг доор сууж байгаа харагдсан. Ингээд хяналтын камер шүүж байсан хүн гараад удаагүй буцаж орж ирээд гар утсаа олчихлоо баярлалаа гээд явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69),

5. Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэлд: “...иргэн Б.Отгонбаатараас савхин куртик, өмд, хэтэвч, 2 ширхэг банкны карт, малгай зэргийг хураан авав...” гэх баримт  (хавтаст хэргийн 10),

6. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Минж төвөөс 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хулгай хийсэн тэр газраа зааж ...байсныг гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 33-36),

7. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1003 дугаартай тайланд “...Samsung S8 Plus маркийн гар утас...250.000 төгрөг, хар өнгийн савхин куртик...60.000 төгрөг...буюу нийт 310.000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 72-73),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2517 дугаартай хөрөнгө үнэлгээний тайланд: ...Малгай 8.000 төгрөг, Даавуун өмд 10.000 төгрөг, савхин түрүүвч 5.000 төгрөг, Хаан, Хас банкны карт тус бүр 3.000 төгрөг буюу нийт 29.000 төгрөг...” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 76-77),

8. Шүүгдэгч Б.О...............тын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Энхжин худалдааны төв дээр танихгүй хүнд хивэг ачиж буулгах ажил хийгээд 10.000 төгрөгийн орлого олоод тэр мөнгөөрөө 0.75 граммын “Шим” нэртэй архи авч уусан. Тэгээд орой 23 цаг болоод автобус зогсчихоор нь би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо таван шарын автобусны буудал руу ганцаараа алхаад тэндээсээ Тахилт явдаг 4000 төгрөгийн жижиг машин суух гэсэн чинь суудлын машин байгаагүй. Тэгэхээр нь би Тахилт руу алхаж байгаад арай хол санагдаад байхаар нь 5 шарын автобусны буудлын баруун хойд талд байх “Их минж” төвийн 2 талдаа төмөр шаттай байрны баруун хаалгаар ороод дээш шатаар өгсөөд нэг айлын хаалганы хажууд унтах гэтэл тэр айлын хаалга онгорхой байхаар нь орсон. Тэгээд ширээн дээрээс гар утас түрүүвч, малгай, даавуун өмд, хар өнгийн куртик зэргийг авч гараад хогийн саванд хулгайлж авсан зарим эд зүйлээ нуугаад айлаас авсан саравчтай малгайгаа өмсөөд буцаад айл руу ороод үүдний хэсэгт зогсож байсан чинь нэг эрэгтэй босож ирээд намайг “чи юун хүн бэ?” гээд бариад авсан...миний буруу би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын орон байранд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлсан үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85-86),

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүхийн шийдвэр (хавтаст хэргийн 206),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, (хавтаст хэргийн 174)  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 89), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 92-94, 95-128, 131-132, 133-165, 179-188), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 171, 169), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 173,3), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 11) болон зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.О...............тад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.О...............тыг хүн байнга амьдрах зориулалттай, тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: шүүгдэгч нар нь амьжиргааны баталгаажих түшингээс доогуур орлоготой, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг тухайн үед нь нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч Б.О...............т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн үүрээр 06 цагийн орчим, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “Их Минж” төвийн 7 дугаар давхрын 01 тоотод оршин суух иргэн Ц.Б...............ийн гэрт түүнийг гэрийн хаалгаа цоожлоогүй унтаж байхад нэвтрэн орж “Samsung S8 Plus” маркийн гар утас, савхин куртик, малгай, даавуун өмд, савхин хэтэвч, “ХААН”, “ХАС” банкны карт зэргийг хулгайлж 339.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Ц.Б...............ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Минж” худалдааны төвийн 7 давхарт 01 тоотод амьдардаг юм. 2020 оны 4 дүгээр сарын 29-ний орой 23 цагийн орчим унтахдаа ...шөнө ...ах ирэх байсан болохоор ...хаалгаа цоожлоогүй онгорхой орхиж амарсан юм. Тэгээд 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өглөөний 06 цагийн орчим хаалганы орчим чимээ гарахаар нь орноосоо босоод очоод үзэхэд манай гэрийн хаалга онгорхой хаалга орц хоёрын заагт нэг танихгүй залуу миний малгайг өмсчихсөн зогсож байсан. Тэгэхээр нь би “чи юун хүн бэ” гээд тухай залууг гэртээ дагуулж ороод өөрийн эд зүйлээ бүртгэж үзэхэд миний орны хажууд байсан Samsung S8 Plus маркийн гар утас, түрүүвч, савхин хүрэм, даавуун өмд зэрэг алга болсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46),

- Гэрч Д.Г.............тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 30-ны өглөө 6  цаг 50 минутад жижүүрээс “Их Минж”-ийн 7 давхарт хулгай хийх гэж байгаад хүн нь баригдсан байна гэж дуудлага ирсэн. ...Тухайн дуудлага нь дээр очиход хохирогч нь гэх залуу савхин куртик, гар утас, түрүүвч, өмд зэрэг алга болсон байсан гэж хэлсэн бөгөөд хулгай хийх гэж байсан нэг залууг нь барьчихсан зогсож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60),

- Гэрч Г.М...............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ...дуудлага мэдээлэл ирсэний... дагуу цагдаагийн дэд ахлагч Д.Г.............тын хамт “Их Минж” төвийн 7 давхарт очсон. Тухайн үед гэрийн эзэн гэх залуу хаалгаа онгорхой унтаж байтал гэрт ороод гар утас, хувцас хунар хулгайлчихсан байна гэж хэлж байсан бөгөөд хулгай хийсэн хүн нь гэрийн эзэнд нь баригдчихсан зогсож байсан. Тэгээд бид хоёр тухайн залууг гэрийн эзэнтэй дагуулж яваад орцноос өмд, гадаа байдаг хогийн бункер дотроос савхин хүрэм, түрүүвч зэргийг олж өгсөн. Тухай түрүүвчинд нь банкны 2 ширхэг карт байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64),

- Гэрч Б.О.............хын мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ажил дээрээ байж байтал өглөө 11  цагийн үед үл таних залуу орж ирээд “манай гэрт хулгай орсон юм. Та байгууллагынхаа хамгаалалтын камерыг шүүгээд өгөөч” гэхээр нь би тэр залууд байгууллагынхаа баруун урд талын “Минж төв” рүү харсан хамгаалалтын камерыг шүүлгэж үзүүлэхэд 2020 оны 4 дүгээр сарын 30-ны 06 цагийн үед “Минж төв”-өөс үл таних бараан хувцастай хүн гарч ирээд зам хөндлөн гараад манай байгууллагын баруун хойд талд байх 40 тонн цэнхэр өнгийн чингэлэг доор сууж байгаа харагдсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69),

- Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэлд: “...иргэн Б.Отгонбаатараас савхин куртик, өмд, хэтэвч, 2 ширхэг банкны карт, малгай зэргийг хураан авав...” гэх баримт  (хавтаст хэргийн 10),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 1003, 2517 дугаартай тайланд “...Samsung S8 Plus маркийн гар утас...250.000 төгрөг, хар өнгийн савхин куртик...60.000 төгрөг...буюу нийт 310.000 төгрөг...”, “...Малгай 8.000 төгрөг, Даавуун өмд 10.000 төгрөг, савхин түрүүвч 5.000 төгрөг, Хаан, Хас банкны карт тус бүр 3.000 төгрөг буюу нийт 29.000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 72-73, 76-77),

- Шүүгдэгч Б.О...............тын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Энхжин худалдааны төв дээр танихгүй хүнд хивэг ачиж буулгах ажил хийгээд 10.000 төгрөгийн орлого олоод тэр мөнгөөрөө 0.75 граммын “Шим” нэртэй архи авч уусан. Тэгээд орой 23 цаг болоод автобус зогсчихоор нь би ...Тахилт руу алхаж байгаад арай хол санагдаад байхаар нь 5 шарын автобусны буудлын баруун хойд талд байх “Их минж” төвийн 2 талдаа төмөр шаттай байрны баруун хаалгаар ороод дээш шатаар өгсөөд нэг айлын хаалганы хажууд унтах гэтэл тэр айлын хаалга онгорхой байхаар нь орсон. Тэгээд ширээн дээрээс гар утас түрүүвч, малгай, даавуун өмд, хар өнгийн куртик зэргийг авч гараад хогийн саванд хулгайлж авсан зарим эд зүйлээ нуугаад айлаас авсан саравчтай малгайгаа өмсөөд буцаад айл руу ороод үүдний хэсэгт зогсож байсан чинь нэг эрэгтэй босож ирээд намайг “чи юун хүн бэ?” гээд бариад авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85-86) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.О...............т нь шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, Ц.Б...............ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 329.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн...” гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Б.О...............тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б...............ийд 339.000 төгрөгийн хохирол учирсан байх боловч тэрээр гэмт хэрэг гарсан даруйд зарим эд зүйлийг буцаан авч, Samsung S8 Plus маркийн гар утсыг 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өөрөө олж авсан байна. Иймд шүүгдэгч Б.О...............тыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.О...............тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 2 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О...............тын урьд ял шийтгүүлсэн буюу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 209 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1200 нэгжийн торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногт шилжүүлж нийт 80 хоногийн хорих ялыг түүнд оногдуулсан 2 жил 2 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 4 сар 20 хоногоор тогтоож, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялтай байгаа. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байгаа нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.О...............тад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.О...............тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 2 сарын хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч Б.О...............т нь энэ гэмт хэрэгт ял шийтгүүлэхээс өмнө Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 209 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн байх бөгөөд дээрх торгуулийн ялыг биелүүлээгүй болох нь хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг (хавтаст хэргийн 193) болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн... бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх... шийдвэрлэж болно.” гэж, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг;” хорих ялын нэг хоногоор тооцно гэж тус тус хуульчилсан байна.

Тиймээс шүүгдэгч Б.О...............тад оногдуулсан 2 жил 2 сарын хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 209 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1200 нэгжийн торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногт шилжүүлж нийт 80 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 4 сар 20 хоногийн хугацаагаар тогтоох хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.О...............т нь энэ хэрэгтээ 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ...цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “цагдан хоригдсон нэг хоногийг ...хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж тус тус заасан байна. Иймд шүүгдэгч Б.О...............тын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт 43 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж шийдвэрлэв.

 Эрүүгийн 2008 0197 01385 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийг иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 3, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Б...............жийн О...............тыг бусдын эд хөрөнгийг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.О...............тыг 2 (хоёр) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О...............тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 2 сарын хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 209 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1200 нэгжийн торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногт шилжүүлж нийт 80 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 (хоёр) жил 4 (дөрөв) сар 20 (хорь) хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О...............тын биечлэн эдлэх 2 жил 4 сар 20 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О...............тыг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 43 (дөчин гурав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчийн эдлэх ялыг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөөр гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.МӨНХЗУЛ