Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1236

 

 

 

 

 

 

2020        12           17                                      2020/ШЦТ/1236

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Р.Очирсүрэн,

хохирогч Д.М...............р,

шүүгдэгч А.А..............ай, түүний өмгөөлөгч Б.Баттулга (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0383) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт А..............лийн А..............айг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0000 01327 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт А..............лийн А..............ай, Улаанбаатар хотод 1997 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “................., ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын .......................... тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ........................,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 999 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч А.А..............ай нь 2020 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ................................... тоотод байрлах хашаанд Д.М...............ртой маргалдан түүнийг газар унагаан хөлөөрөө өшиглөж, зодон эрүүл мэндэд “биед зүүн хөлийн шагайн үений гадна, дотор хашлага ясны далд хугарал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 2-р шүдний хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч А.А..............ай мэдүүлэхдээ: “...2020 оны 8 дугаар сарын 27-ны орой хамаатны ахын гэрт очсон. Гэтэл согтуу ах орж ирээд “...30.000 төгрөгийн цалинтай ажил хийх үү” гэж хэлсэн. Би “үгүй” гээ хэлээд гэрээс гаргаж өгтөл, чамайг ална” гэж хэлсэн. Би хохирогчтой гэрээс хамт гарсан. Хохирогч миний цээж, шанаа руу цохисон. Би түүнийг мөргөөд өшиглөсөн гэв...” гэв.

2. Хохирогч Д.М...............р мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би Б..............гч гэх айлын гэрт гурвуулаа байсан. Тэд Оргилсайханыг хүнсний дэлгүүр рүү пивонд явуулсан. Гэтэл Оргилсайхан дэлгүүр оролгүйгээр, “намайг хүнсний дэлгүүр явах замд хоёр бацаан явуулахгүй байна” гэж хэлсэн бөгөөд шүүгдэгчийн гэрт ороход шүүгдэгч дүүгийн хамт байсан. Би шүүгдэгчийг дагуулж гартал, намайг мөргөсөн ба миний ухаан балартаад болсон явдлыг сайн санахгүй байна. Улмаар миний шүд гэмтсэн. Би зээлийн мөнгө 480.000 төгрөг, шүд эмчлэх эмчилгээний зардлыг нэхэмжилж байна гэв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Д.М...............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 27-ны орой 42 дугаар сургуулийн баруун талын гудамжинд найз Б..............гч түүний ахтай нь хамт архи ууж байгаад Б..............гчийн ахыг архинд явуулсан. Б..............гчийн ах буцаж орж ирээд 2 бацаан намайг явуулахгүй байна. О...................н гэдэг айлд байна гэж хэлсэн. Б..............гч бид хоёр ахыг нь дагуулаад тэр айлд очсон чинь 2 танихгүй банди байсан бөгөөд “зүгээр байгаарай та нар зодох гэж ирж байна уу” гээд байхаар нь айлд муудалцаад яах юм бэ гараад ир гэж хэлээд Шагай гэдэг залууг нь дагуулаад түрүүлээд гарсан. Дөнгөж гэрээс нь гараад тэр залуу намайг түлхэж унагаагаад боссон чинь намайг мөргөөд газар унасан чинь хөлөөрөө өшиглөөд цохиод байсан. Би за болио хөөе хөл, гар нүүр элгүй болчихлоо гэж хэлсэн чинь нэмээд намайг зодоод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10),

2.Насанд хүргээгүй гэрч Б.М...................ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 27-ны орой...А..............ай ах залгаад бид хоёр гэрийнхэн үүдэнд уулзсан. Бид хоёр дэлгүүр ороод 2.5 литрийн 1 савтай пиво аваад А..............ай ахын гэрт очсон. А..............ай ах аягалаад өг гээд А..............ай ах хамаатны ахтайгаа цуг пиво оо уусан. Тэр айлд байж байхад цонхыг нь хүн нүдээд байсан бөгөөд эхлээд онгойлгож өгөхгүй гэж байгаад сүүлд нь онгойлгож өгсөн чинь нэг согтуу ах орж ирсэн. Тэр ах сантехникийн ажил хийх хүн байна уу, хоёр хүн хайгаад явж байна та хоёр ажил хийх үү гээд байсан. А..............ай ах бид хоёр ажил хийхгүй та өөр газраас хай гэж хэлсэн чинь мөнгийг нь та хоёрт өгнө гээд байсан тэр ахыг гаргаад хаалгаа цоожилсон. Тэр хүн буцаад 2 хүн дагуулж ирсэн. Махлагдуу ах нь шууд над руу дайраад яагаад байгаа юм гэхээр нь би яагаач үгүй гэж хэлсэн чинь А..............ай ах руу тэр хүн дайраад гарч зодолдъё гээд татаад чирээд аваад гарсан. Би байшинд сууж байгаад араас нь гарсан чинь махлаг биетэй ах газар унасан байсан бөгөөд А..............ай ахын толгойноос нь цус гарсан байсан...Сантехник хийдэг гээд ах М...............р гэдэг хүнийг дагуулж ирсэн бөгөөд М...............р нь зодолдъё гээд А..............ай ахыг чирээд аваад гарснаас болж тэр хоёр зодолдсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16)

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 9897 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн хөлийн шилбэ битүү гөлтгөнөн боолттой, дээд уруул овой хавдсан, 1см оёдол тавьсан шархтай, зүүн дээд үүдэн 2-р шүд буйлны түвшинд хугарсан, ёзоор харагдана.

2020.8.28-ны гавал цээж, зүүн хөлийн шагайн үений 2 байрлалын рентген зурагт: ...Зүүн шагайн үений гадна болон дотор хашлага яснууд хугарсан, бага зэрэг зөрсөн. Дүрс оношилгооны эмч О.Оюунбаясгалан, 2020.8.31 гэжээ...ДҮГНЭЛТ

1. Д.М...............рын биед зүүн хөлийн шагайн үений гадна, дотор хашлага ясны далд хугарал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 2-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо

2. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3.Зүүн хөлийн шагайн үений гадна, дотор хашлага ясны далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Дээд уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 2-р шүдний хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Зүүн дээд үүдэн 2-р шүдний хугарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5% нөлөөлнө...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18-19),

 

4. Шүүгдэгч А.А..............айн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 27-ны орой гудамжныхаа М...................н гэдэг дүүтэй уулзаад хөрш айл болох...О...................н гэдэг ахынд 1 пиво аваад орсон. Тэгээд О...................н ахтай пиво хувааж уугаад сууж байсан чинь танихгүй ах орж ирээд сан техникийн ажил хийлгэн гээд бид хоёр хийхгүй гэснээс болж маргалдаад тэр ахыг нь гэр рүүгээ яв гээд гаргаад явуулсан. 20-30 минутын дараа нөгөө ах 2 хүн дагуулаад О...................н ахын гэрт ирсэн. М...............р гэдэг залуу нь аль нь бэ гэж асууж орж ирснээ намайг заамдаж аваад наашаа гараад ир гэж хэлсэн. Би дагаад гарсан чинь М...............р гэдэг ах миний цээж хэсэг рүү нэг нэг удаа түрүүлж цохисон. Тэгэхээр нь би М...............рын нүүр рүү нь толгойгоороо мөргөөд газар унахаар нь дагз хэсэг рүү нь гарын алгаараа алагдаад хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. М...............р гэдэг ах эвгүй болчихлоо байж бай гэсэн тэгээд би дүүгээ аваад шууд гэр рүүгээ явсан...Эхлээд нүүр рүү нэг удаа мөргөсөн тэгээд шанаа хэсэг рүү нь 1 удаа цохисон. Тэгээд М...............р газар унахаар нь ар дагз хэсэг рүү нь гарынхаа алгаар алгадаад нэг удаа өшиглөсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28),

- Шүүгдэгчийн төрсний гэрчилгээний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 33), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 36, 42), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 38, 38), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн ) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.А..............айд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч А.А..............ай нь 2020 оны 8 дугаар сарын 27-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын ....................... тоотод иргэн М...................нээр шар айраг хундагалуулан иргэн О...................нтэй шар айраг хувааж уусан байна. Тэндийг ийнхүү шар айраг хуваан ууж байхад иргэн Д.М...............р нь ирж А.А..............айтай зүй бус харьцан улмаар О...................нгийнхээс түүнийг дагуулан гарахад шүүгдэгч нь намайг түлхлээ гэх шалтгааны улмаас хохирогчийн эрүүл мэндэд халдаж биед нь зүүн хөлийн шагайн үений гадна, дотор хашлага ясны далд хугарал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 2-р шүдний хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Д.М...............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 27-ны орой ...найз Б..............гч түүний ахтай нь хамт архи ууж байгаад ...ахыг архинд явуулсан. Тэгтэл ах нь буцаж орж ирээд “хоёр бацаан намайг явуулахгүй байна. О...................н гэдэг айлд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь Б..............гч бид хоёр ахыг нь дагуулаад тэр айлд очсон чинь 2 танихгүй банди байсан бөгөөд “зүгээр байгаарай та нар зодох гэж ирж байна уу” гээд байхаар нь айлд муудалцаад яах юм бэ гараад ир гэж хэлээд А..............ай гэдэг залууг нь дагуулаад түрүүлээд гарсан. Дөнгөж гэрээс нь гараад тэр залуу намайг түлхэж унагаагаад боссон чинь намайг мөргөөд газар унасан чинь хөлөөрөө өшиглөөд цохиод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10),

- Насанд хүргээгүй гэрч Б.М...................ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 27-ны орой...А..............ай ах ...бид хоёр ...дэлгүүр ороод 2.5 литрийн 1 савтай пиво аваад А..............ай ахын гэрт очсон. А..............ай ах аягалаад өг гээд А..............ай ах хамаатны ахтайгаа цуг пиво оо уусан. Тэр айлд байж байхад цонхыг нь хүн нүдээд байхаар нь хаалга ...онгойлгож өгсөн. Тэгтэл нэг согтуу ах орж ирээд ... “сантехникийн ажил хийх хүн байна уу, хоёр хүн хайгаад явж байна та хоёр ажил хийх үү” гээд байсан. А..............ай ах бид хоёр ажил хийхгүй та өөр газраас хай гэж хэлээд... тэр ахыг гаргаад хаалгаа цоожилсон. Тэгтэл тэр хүн буцаад 2 хүн дагуулж ирсэн. Махлагдуу ах нь ...А..............ай ах руу ...дайраад гарч зодолдъё гээд татаад чирээд аваад гарсан. ...Намайг байшингаас гарахад ...махлаг биетэй ах газар унасан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 9897 дугаар дүгнэлт “...1.  Д.М...............рын биед зүүн хөлийн шагайн үений гадна, дотор хашлага ясны далд хугарал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 2-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. ...3. Зүүн хөлийн шагайн үений гадна, дотор хашлага ясны далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Дээд уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 2-р шүдний хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18-19),

- Шүүгдэгч А.А..............айн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 27-ны орой гудамжныхаа М...................н гэдэг дүүтэй уулзаад хөрш айл болох...О...................н гэдэг ахынд 1 пиво аваад орсон. Тэгээд О...................н ахтай пиво хувааж уугаад сууж байсан чинь танихгүй ах орж ирээд сан техникийн ажил хийлгэн гээд бид хоёр хийхгүй гэснээс болж маргалдаад тэр ахыг нь гэр рүүгээ яв гээд гаргаад явуулсан. 20-30 минутын дараа нөгөө ах 2 хүн дагуулаад О...................н ахын гэрт ирсэн. М...............р гэдэг залуу нь аль нь бэ гэж асууж орж ирснээ намайг заамдаж аваад наашаа гараад ир гэж хэлсэн. Би дагаад гарсан чинь М...............р гэдэг ах миний цээж хэсэг рүү нэг нэг удаа түрүүлж цохисон. Тэгэхээр нь би М...............рын нүүр рүү нь толгойгоороо мөргөөд газар унахаар нь дагз хэсэг рүү нь гарын алгаараа алагдаад хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч А.А..............ай, хохирогч Д.М...............р нар нь хувийн шалтгаан нөхцөл буюу биеийн хэлэмжийн зохисгүй харилцсан шалтгаан нөхцөлөөр, шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан шууд санаатай үйлдлийн улмаас гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.А..............ай нь хохирогч Д.М...............рын нүүрэн тус газар цохиж унагаасны улмаас хохирогч нь унаж зүүн хөлийн шагайн үений гадна, дотор хашлага ясны далд хугарал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 2-р шүдний хугарал үүссэн болох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба үүний улмаас хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч А.А..............айг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт хийж бусдад хохирол хор уршиг учруулсан тул цагаатгаж өгнө үү гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.

Тодруулбал хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт болох Д.М...............рын гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлэгт “...А.А..............айг айлаас дагуулаад гарахад эхлээд намайг түлхсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд түлхэхэд тэрээр миний нүүр лүү цохисон...” гэж мэдүүлсэн нөгөө талаар хохирогч Д.М...............р нь шүүгдэгч А.А..............айн эсрэг Зөрчлийн болон Эрүүгийн хуульд заасан хууль бус довтолгоо хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй. Харин хохирогчийн зүй бус үйлдэл гаргасан болох нь гэрч Б.М...................ний мэдүүлгээр тогтоогдож байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.М...............р нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч А.А..............айг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. Харин хохирогч Д.М...............р нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч А.А..............айг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А..............айд урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 999 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг тус тусад нь эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Манай үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон байх тул 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.А..............ай нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч А.А..............айг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай, шүүгдэгчид энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэх байдлыг харгалзахын зэрэгцээ хохирогч Д.М...............рын хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан байгааг үндэслэн улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг хуульд заасны дагуу 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Харин улсын яллагчийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 999 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.А..............айд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг тусад нь эдлүүлэх талаар гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.

Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж тус тус хуульчилжээ.

Гэтэл шүүгдэгч А.А..............ай нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 999 дүгээр шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнссэнээс хойш санаатай гэмт хэрэг дахин үйлдээгүй, нөгөө талаар шүүгдэгчид 2020 оны 999 дүгээр шүүхийн шийдвэрээр хуульд заасан хугацаатай хорих ял оногдуулаагүй байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч А.А..............айд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах, нөгөө талаар хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах” үүргийг торгох ял биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн 2008 0000 01327 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт А..............лийн А..............айг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.А..............айг 1350 (нэг мянга гурван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 (нэг сая гурван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А..............айд оногдуулсан 1350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.А..............ай нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.А..............айд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүргийг торгох ял биелэгдэж дуусах хүртэл хугацаанд тогтоосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ