Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/152

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Д.Ганчимэг,

хохирогч ******, өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Пүрэвмаа,

шүүгдэгч ********т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ‘’А-1‘’ танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ******, ****** нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008028931437 дугаар хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ********

Шүүгдэгч: *************

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч ********* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ************тоотод оршин суух өөрийн гэртээ 2020 оны 9 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө хувийн таарамжгүй байдлын улмаас *********тай маргалдаж, улмаар өөрийн нөхөр ********тай бүлэглэж иргэн *********ын толгой, хүзүү, нүүр, хэвлий, бугалган тус газруудад өшиглөх, цохих, үснээс зулгаах зэрэг үйлдлүүдээр түүний биед хүзүү, зүүн шанаа, хэвлийд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн бугалга, хэвлийд цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Яллагдагч ********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ********** тоотод оршин суух өөрийн гэртээ 2020 оны 9 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө өөрийн эхнэр **********тай бүлэглэж иргэн **********ын хоёр гарыг барин дарж хөдөлгөөнгүй болгосны улмаас ******** нь хохирогчийн толгой, хүзүү, нүүр, хэвлий, бугалган тус газруудад өшиглөх, цохих зэрэг үйлдлүүдээр түүний биед хүзүү, зүүн шанаа, хэвлийд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн бугалга, хэвлийд цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Би зодоонд оролцоогүй, ариун цэврийн өрөөнд сууж байсан. Энэ хүнд гүтгүүлж байгаадаа гомдолтой байна. Торгох ялыг багасгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч ********* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр шөнө ажлаа тараад ******* бид хоёр таксинд суусан. Манайд очоод 1 шил архи хувааж уусан. ******* нөхөртэйгөө яриад нөхөр нь “наанаа хоно” гээд тасалсан. Архиа дуусаад унтах гэтэл хохирогч “архи ууя” гээд нэхсэн. Гэрлээ унтраагаад унттал ******* намайг алгадсан. Үүнээс болж маргаан үүсэж зодолдох болсон. 2 цагдааг ирэхэд ухаан орсон гэж хохирогч маргааш нь хэлж байсан. Хохирол учруулснаа хүлээж байна. Нөхрийг минь яагаад ингээд зуугаад байгааг ойлгохгүй байна. Торгох ялыг багасгаж өгнө үү” гэв.

Хохирогч *********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “********* эгч “манайд очъё” гээд архи аваад замдаа энэ хоёр уусан, би уугаагүй. Гэрт нь очоод архи уусан. ********** эгч надад агсраад, элдвээр хэлээд чичилж байснаа намайг зодоод эхэлсэн. “********аа гарыг нь барьж бай” гээд бариулж байгаад их зодсон. Гэрэл унтраагаад “наанаа нохой шиг хэвтэж бай” гэж хэлсэн. Тэгээд “мууг чинь үзнэ” гээд цагдаа дуудсан. ********* миний цүнхийг булааж авсан. “Явъя” гэхэд “миний хөлийг үнс” гээд хөлөө хөдөлгөөд байсан. Шүүгдэгч нар надаас уучлалт гуйгаагүй. Надаас уучлалт гуйх байх гэж бодоод 5-6 хоног хүлээсэн ч яриагүй тул аргаа бараад гомдол гаргасан. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Их гомдолтой байна” гэв.   

Эрүүгийн 2008028931437 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч ********ын: “2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 21 цаг өнгөрч байхад ажил тарсан. ********** эгч хоёулаа манайд очъё гэсэн. Замаараа түүний нөхөр **********ыг аваад явсан. Бид гурав архи уусан. ******** эгч над руу агсраад “Чи ажилдаа муу” гээд хараал хэлээд намайг загнаад байсан. Тэгэхээр нь та яагаад дандаа намайг харааж загнадаг юм бэ” гэсэн чинь ******** эгч уурлаад “Чи миний өөдөөс том дуугардаг хэн бэ” гээд гараараа зангаад чичээд байхаар би гарыг нь зайлуулсан. Тэгэхэд “чи миний гарыг хойш нь түлхдэг хэн бэ” гээд намайг үсдэж аваад үснээс зулгаагаад, үсийг туг, тугаар нь унагаасан. 2-3 удаа хацар луу алгадсан. Намайг түлхээд шалан дээр унагаасан. Унасан хойно 2 гараараа цээж рүү нэлээд хэдэн удаа цохисон. Хэвлий рүү өшиглөсөн. Би урдаас нь эсэргүүцээд гарыг түлхээд холдуулахад *********** эгч бүр уурлаад “наадахныхаа 2 гарыг барьж бай” гээд нөхөртөө хэлэхэд нөхөр нь миний хоёр гарыг бариад шалан дээр дарсан. ********* эгч миний дээр суугаад хацар, нүүр, дух, нүд рүү алгадаад байсан. Мөн үснээс зулгаасан. ********** эгч миний дээрээс боссон. Би тэр айлд агсан тавиагүй. Намайг цохихоор нь “битгий зодооч” гэж маш их гуйж, орилж хашхирсан.

...Мөн тэр үед ********* ах хацар луу 2 алгадсан. ...********* намайг цохиж зодсон асуудал байхгүй. Харин миний хоёр гарыг дээшээ татаад барихад ********** дээр суучхаад зодсон. Намайг шалтгаангүй зодсонд гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-18-23, 25-26, 27-31/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2020.10.05-ны өдрийн 11224 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. ************ын биед хүзүү, зүүн шанаа, хэвлийд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн бугалга, хэвлийд цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Учирсан гэмтлүүдийг өөрөө, өөртөө учруулсан эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй” гэжээ /хх-44-45/,

Гэрч **********ийн: “...******* надад “өчигдөр орой би ******* эгчийнд очиж архи уугаад, ******** эгч намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд миний нүд хөхөрсөн гээд нүдээ харуулсан. ******** нүүрээ крем түрхээд будсан байсан бөгөөд баруун нүднийх нь доогуур бүдэгхэн хөхөрсөн байгаа харагдсан. Хүн сайн анзаарч харвал хөхөрсөн нь харагдаж байсан. Түүнээс хүн лавлаж харахгүй бол мэдэгдэхгүй байсан. Би түүнээс “яагаад *********эгч чамайг зодсон юм” гэхэд тэр надад “Мэдэхгүй” гэж хариулсан. Надад тухайн үед ярихдаа *********** намайг алгадаад байсан. Нөхөр нь миний гарыг бариад гэж байсан. Өөр тодорхой юм яриагүй. ******** нь миний дүгнэснээр жаахан муу санаатай, архи уудаг, болъё гэхгүй цаашаа нэмж ууя л гээд байдаг...” гэх мэдүүлэг /хх-39-40/,

Гэрч *********ын: “2020 оны 9 дүгээр сарын 23-24-ний өдөр шилжих шөнө үүрэг гүйцэтгэсэн. 2020 оны 9 дүгээр сарын 24-ний шөнийн 02 цаг 46 минутад “******** тоотод ********** гэх эмэгтэй согтуу амраахгүй байна” гэсэн зөрчлийн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход 203 тоотын коридор дотор нь ********* гэх эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн их согтолттой байж байсан. Уг айлын эзэгтэй болох ******** гэх эмэгтэй, нөхрийн хамт байсан. ********** нь “энэ *********эх эмэгтэй манай гэрт ирж архи уучхаад согтоод явахгүй байна, унт гэхэд манай нөхрийг оролдоод байсан” гэж хэлсэн. Унт гэхээр унтахгүй, яв гэхээр явахгүй байсан. Ингээд арга ядаад дуудлага өгсөн юм гэж хэлсэн. ******** гэх эмэгтэйгээс юу болсон талаар асуухад “би эдний гэрт ирж архи уусан. Надад харих унааны мөнгө байхгүй. Би хаана очиж хонодог юм. Эсхүл та нар хүргэж өг гээд цуг явсан жолооч цагдаа бид хоёр луу агсарч загнаад байсан. Мөн гэрийн эзэн, эзэгтэй хоёрыг “харих мөнгө өг” гэхэд нөгөө хоёр нь “чадахгүй би яахаараа чамд мөнгө өгдөг юм” гээд хэрэлдээд байхаар нь *********** гэх эмэгтэйг тэр айлаас аваад гарсан. Тэр эмэгтэйг эрүүлжүүлэх байранд хүргэе гэхэд биеэ авч явах чадвартай, тухайн нөхцөл байдалд зөрчил гаргасан шинжгүй байсан тул ар гэрт нь хүлээлгэж өгөхөөр түүний эх болох хүний утас руу залгахад авахгүй байсан. Ингээд тэр эмэгтэй би харьчихъя гэж гуйгаад байсан учир та болгоомжтой яваад хариарай гээд явуулсан. Өөрөө тэр айлд хүнд зодуулж цохиулсан гэж огт яриагүй. Тэр айлаас гарахгүй хэрүүл хийгээд байсан...” гэх мэдүүлэг /хх-37-38/,

Гэрч ********ийн: “Би охин **********ийн гэрт ирээд 2-3 хонож байна. 2020 оны 9 дүгээр сарын 23-ны орой охин ********, хүргэн ********** нар ажлаа тараад 1 эмэгтэй дагуулж ирсэн. Намайг зурагт үзээд хэвтэж байхад, жижиг өрөөнд цуг орж ирсэн эмэгтэй нь архи уумаар байна, архи гаргаж өг гээд том том дуугараад байсан. Би шөнө болсон хойно амрахгүй яагаад агсраад байдаг бүсгүй вэ, ямар хүн амьтнаа дагуулаад ирсэн юм бол гэж бодсон. Тэр үед шөнө 2 цаг болж байсан байх. Би тэр үед ямар хүн архи дарс нэхээд байдаг байна гэж бодоод очоод хаалгыг нь нээж үзэхэд дунд зэргийн нуруутай 30 гаруй насны эмэгтэй сууж байсан. Тэр эмэгтэй нь архи нэхээд “архинд гараад ир, архи уумаар байна” гээд байсан. Нэлээд согтсон харагдаж байсан. Би харчхаад юу ч хэлээгүй хаалгыг нь хаагаад хэвтээд өгсөн. Намайг хэвтэж байхад 40-45 минутын дараа 2 цагдаа орж ирээд манай хүүхдүүд тэр эмэгтэйг өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /xx-41-42/,

Шүүгдэгч **********гийн яллагдагчаар өгсөн: “…Таксинд суугаад гурвуулаа архи уусан. ********* Өргөөгөөс такси бариад явна гэж байснаа яваагүй. Бид гурав архиа уусан. ...************“архи ууя л даа, нэмж юм ууя” гээд эхэлсэн. Би гэрлээ унтраагаад унтчихвал түүнийг унтах байх гэж бодоод ор засаад гэрлээ унтраасан. *********** хажуугаар орж хэсэг хэвтсэнээ гэнэт босож ирээд “архи ууя, бос л доо” гээд намайг алгадсан. Би зөрүүлээд алгадсан чинь “юм уумаар байна шүү дээ” гээд үсдээд авсан. Тэгээд бид хоёр үсдэлцээд авсан...” гэх мэдүүлэг /хх-59-61/,

Шүүгдэгч *****ын яллагдагчаар өгсөн: “...Би хохирогч *******ын биед огт гар хүрээгүй. Хохирогч ******** нь өөрөө архи ууж дууссаны дараа, дахиж уух гээд архи нэхэж, агсан тавьсан. Түүнийг дуугүй болгох гээд манай эхнэр янз бүрээр аргадсан. Энэ бүх гуйлтыг ********* нь ойлгохгүй агсраад, архи ууя гээд манай эхнэрийг алгадаад авсан. Би энэ үед нь жорлон ороод байж байгаад ирсэн. Тэр хоёрыг яасан эсэхийг би хараагүй. ********* нь тайван байлгахгүй унтаж амрах гэтэл амраахгүй байсан тул манай эхнэр цагдаад дуудлага өгч түүнийг өгч явуулсан. ********** нь намайг яагаад гүтгээд зодсон гэж хэлж байгааг огт ойлгохгүй байна. Надад ямар ч буруу байхгүй. Иймд энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Надад өөр ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /xx-71/,

Дуудлага лавлагааны хуудас /хх-14-15/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /xx-46-48/, хохирогчоос гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлт /хх-75-78/, Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /xx-75-76/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх-84/, шүүгдэгч ********гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /xx-87/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /xx-88/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /xx-92/, шүүгдэгч ***********ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /xx-95/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /xx-96/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /xx-100/, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн *****дугаар хэлтсийн албан бичиг /хх-103/, Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2020.11.24-ний өдрийн 101 дүгээр “гомдлыг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгох тухай” тогтоол /xx-117/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.  

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч********* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, хохирогч *********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч ********* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. ********* таслан зогсоогоогүй, харин ч дэмжлэг үзүүлж оролцсон. Хохирогчийн мэдүүлгийг үндэслэн шийдэх боломжтой. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Шүүгдэгч нар бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү. Хохирогч үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Харилцан зодоон болоогүй. Тэгсэн бол Сарантуяа холбогдох газарт хандаж болох байсан. Хохирол төлбөрт 38.000 төгрөг төлсөн. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогчийн зүй бус үйлдэл байсан. Хохирогч ******* зодооныг эхлүүлж, шүүгдэгч ******** харилцан зодолдож гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нь тогтогдоогүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ******т нар согтуурсан үедээ бүлэглэж Сонгинохайрхан дүүргийн ******** тоот гэртээ 2020 оны 9 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө хувийн таарамжгүй харилцааны  улмаас хохирогч ******тай маргалдаж, *******ын толгой, хүзүү, нүүр, хэвлий, бугалган тус газруудад өшиглөх, цохих, үсдэх зэрэг үйлдлүүдээр эрүүл мэндэд “хүзүү, зүүн шанаа, хэвлийд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн бугалга, хэвлийд цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч *******ын “...******* эгч уурлаад “Чи миний өөдөөс том дуугардаг хэн бэ” гээд гараараа зангаад чичээд байхаар нь би гарыг нь зайлуулсан. Тэгэхэд “чи миний гарыг хойш нь түлхдэг хэн бэ” гээд намайг үсдэж аваад миний үсийг туг, тугаар нь унагаасан. 2-3 удаа хацар луу алгадсан. Намайг түлхээд шалан дээр унагаасан. Унасан хойно 2 гараараа цээж рүү нэлээд хэдэн удаа цохисон. Хэвлий рүү өшиглөсөн. Би эсэргүүцээд гарыг түлхээд холдуулсан ******* эгч бүр уурлаад “наадахныхаа 2 гарыг барьж бай” гээд нөхөртөө хэлэхэд нөхөр нь миний хоёр гарыг бариад шалан дээр дарсан. ******гч миний дээр суугаад хацар, нүүр, дух, нүд рүү алгадаад, үснээс зулгаасан...” гэх мэдүүлэг /хх 18-23, 25-26, 27-31/, шүүх эмнэлгийн 11223 дугаар “1. ********ын биед хүзүү, зүүн шанаа, хэвлийд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, баруун, зүүн бугалга, хэвлийд цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна’’ гэх шинжилгээ /хх-44-45/, гэрч *****ийн “...***** надад “өчигдөр орой би *** эгчийнд очиж архи уугаад ****эгч намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд миний нүд хөхөрсөн гээд нүдээ харуулсан. Нөхөр нь миний гарыг бариад гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-39-40/, шүүгдэгч ********ийн яллагдагчаар өгсөн “…бид хоёр ноцолдож зодолдсон. Хишигжаргал өөрөө эхэлж агсан тавьж, ийм үйлдэл гаргаж, амгалан тайван байдал алдагдуулаагүй бол ийм зүйл болохгүй байх байсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-59-61/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ********** нар согтуурсан үедээ, бүлэглэн хохирогч ********ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас эрх, эрх чөлөөнд нь халдан үйлдлээрээ нэгдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Шүүгдэгч ***** уг хэрэгт оролцоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ. Тухайлбал хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн “...Шүүгдэгч ******** миний хоёр гарыг дээш барьж хөдөлгөөн хорьсноор шүүгдэгч ***** дээр гарч зөндөө зодсон...” гэх мэдүүлэг /хх-18-31/, гэрч *****ийн “...****** намайг алгадаад байсан гэж ярьсан. Нөхөр нь миний гарыг бариад гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-41/ зэргээр шүүгдэгч ********* нь дээрх гэмт хэрэгт үйлдлээрээ нэгдэн оролцсон болох нь хангалттай тогтоогдсон гэж шүүх үзснийг тэмдэглэж байна.   

Гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд 38.000 төгрөг төлсөн, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Улсын яллагчтай санал нэг байна. Өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээхгүй байгаа хувийн байдлыг харгалзан үзнэ үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч ********** гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч ********т нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-д заасан “...хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /ахуйн хүрээнд согтуурсан үедээ, хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан шүүгдэгч нар үйлдлээрээ нэгдэн бүлэглэж, хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлбөрт 38.000 төгрөг төлсөн, хохирогч “Гомдолтой” гэх/, шүүгдэгч нарын хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Сарантуяа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нар эрхэлсэн тодорхой ажилтай, улмаар тодорхой орлого олдог, оролцсон оролцоо/-ийг тус тус харгалзан оролцогч нарын торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр, шүүгдэгч ******** 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах “...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /шүүгдэгч нар эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой/-ийг үндэслэн шүүгдэгч ******* оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 8 /найм/ сарын хугацаанд, шүүгдэгч ****** оногдуулсан 650.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******овогт *******ийн *****, ****** овогт ******гийн ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******ыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сарантуяаг 1.000.000 төгрөгийн торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд, шүүгдэгч Л.Оюунбатыг 650.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******** нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР