| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/1235/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/166 |
| Огноо | 2021-02-08 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | О.Пүрэвсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/166
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч О.Пүрэвсүрэн,
хохирогч ***********,
өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч ***********, ***********,
өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.***********баатар,
өсвөр насны шүүгдэгч ***********, ***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***********, ***********нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008019831345 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: **********
Шүүгдэгч: ************
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны яллагдагч ***********, *********** нар нь бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 25-ны орой Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, “***********” шатахуун түгээх станцын эсрэг талд иргэн ***********гийн “Самсунг Эс-8” гар утас, биет 640.000 төгрөг, бичиг баримт, цүнхийг хүч хэрэглэж, авахаар довтолж 944.600 төгрөгийн хохирол учруулсан дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Өсвөр насны шүүгдэгч ***********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид хоёр пиво уусан. Манай найз хохирогч эгчтэй зууралдаад байж байхад нь би хохирогчийн гарыг тавиулаад бид хоёр зугтсан. ***********, гар утас, цүнхийг бариад ирсэн. Хийсэн хэрэгтээ үнэхээр их харамсаж байна. Хохирлыг барагдуулна” гэв.
Өсвөр насны шүүгдэгч *********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид хоёр уулзаад пиво уусан. Баруун салааны 2 дугаар буудал руу алхаж байсан. ***********ийг шатахуун түгээх станц руу цэнэглүүлж байсан утсаа авчруулахаар явуулсан. Тэр үед хохирогч эгчийг машинаас 3 хүн буулгасан. Энэ эгч жорлонгийн араар орохдоо надад утсаа бариулсан. Тэгэж байснаа надтай зууралдаад байсан. *********** ирээд салгасан. Бид хоёр зугтсан. Хохирлыг төлнө” гэв.
Эрүүгийн 2008019831345 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч ***********гийн: “2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн үед найз ***********, ***********, *********** нартай хамт таксинд суугаад 2 шил архи уусан. Би шатахуун түгээх газрын хажууд таксинаас буусан. Гараа өргөж такси барьж байтал араас цагаан цамцтай банди хүрч ирээд шууд хүзүүдэж аваад “***********”-ын эсрэг талын модон жорлонгийн цаагуур чирч оруулж ноцолдож миний хувцсыг урж тасдаж хүчиндэх гэж дайрсан. Ардаас нь нэг үл таних банди хүрч ирээд миний хоёр хөлийг доош татаж би тийрсэн чинь “явъя, энэ гичийг дийлэхгүй юм байна” гэж хэлээд миний цүнхнээс түрийвч, утас хоёрыг хар хувцастай нь авч тэгээд зугтаасан. Миний “Самсунг Эс 8” маркийн гар утас, 640.000 төгрөг, түрийвчинд байсан бичиг баримт, иргэний үнэмлэх, нөхрийн иргэний үнэмлэхийг аваад явсан. Намайг дээрэмдсэн гэх хоёр хүүхдээс түрийвч болон бичиг баримт, виза картуудыг цагдаагийн байгууллагаас хүлээж авсан. Харин бусад хохирол болон надад учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Би гомдолтой байна. Өөрт учирсан хохирол болон бусад толгойны зураг авхуулсан мөнгө болон шүүх эмнэлэгт үзүүлсэн мөнгийг барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-22-29, 30-31/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.05.27-ны өдрийн 6231 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.***********гийн бие гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ /хх-64-65/,
“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2020.05.30-ны өдрийн 20/025 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “Самсунг Эс8 гар утас 230.000 төгрөг, бэлэн мөнгө 640.000 төгрөг, иргэний үнэмлэх 36.600 төгрөг, 5 ширхэг виза карт 25.000 төгрөг, худалдагчийн үнэмлэх 3000 төгрөг, түрийвч 10.000 төгрөг, нийт 944.600 төгрөг” гэжээ /хх-70-71/,
Гэрч ***********ийн: “2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 23 цагийн орчим гэртээ байхад ээж танихгүй дугаараас залгаад “ээж нь хүнд дээрэмдүүлчихлээ, намайг зодоод хамаг юм аваад явчихлаа” гэж ярьсан. Тэгэхэд нь би “***********” шатахуун түгээх газрын хажууд очиход, тухайн шатахуун түгээх газрын түгээгч ээжтэй хамт байсан. Ээж надад “хоёр залуу намайг 00-н хажууд чирч очоод намайг зодсон” гэж хэлсэн. Ээжийн фудволк, хөхний даруулгыг урсан байсан. Ээжийн цүнхэнд “Самсунг Эс 8 плас” маркийн гар утас, хэтэвчинд нь 640.000 төгрөг байсан нь алдагдсан байсан. Ээж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /36-37/,
Гэрч ***********гийн: “2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр би Баруун салааны “Петровис шатахуун түгээх газар түгээгчээр хоногийн үүрэг гүйцэтгэж байсан. Шөнө 22 цагийн үед гар утас цэнэглээд өгөөч гээд нэг хүүхэд ирсэн. Тэр хүүхдийг би огт танихгүй, харж байгаагүй. Цагаан жинсэн яактай, цэнхэр жинсэн өмдтэй, цагаан пүүзтэй залуу байсан. Гар утсаа авах гэж нэг хүүхэдтэй хамт ирсэн ба тэр нь шоотой алаг цамцтай, жинсэн өмдтэй харагдсан...” гэх мэдүүлэг /хх-38-41/,
Гэрч ***********гийн: “2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр би Баруун салааны “Петровис” шатахуун түгээх станцад түгээгчээр хоногийн үүрэг гүйцэтгэж байсан. Шөнө 22 цагийн үед түгээгүүрийн хажууд сууж байхад автобусны буудлаас хоёр хүүхэд ирж яваа харагдсан. Миний хажуугаар гарч колонкийн байр луу очиж Мөнхбаянтай уулзсан. Тэр хоёр залуу 24 дүгээр хорооны зүг явсан. Удалгүй “***********”-ны хойд талд хүмүүс орилолдоод хэрүүл болоод байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор хаана юу болсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-42-45/,
Өсвөр насны шүүгдэгч ***********ийн яллагдагчаар өгсөн: “...*********** пиво ууж байхдаа “Петровис нэртэй колонкод гар утсаа цэнэглүүлсэн байсныг очиж авчхаад ирье гээд бид хоёр колонк орсон. Гар утас нь сайн цэнэг ороогүй байсан. Бид хоёр ертөнцийн зүгээр замын баруун талд байрлах хашааны дэргэд юм яриад сууж байх үед таксинаас нэг согтуу эгч бууж байгаа нь харагдсан. Тэр үед *********** “чи колонк руу яваад миний утсыг аваад ир” гэж хэлсэн. Би утсыг нь аваад гараад ирэхэд *********** байхгүй байсан. Тэгэхээр нь би колонкийн хажууд байрлах модон жорлонд бие засаж байтал найз *********** жорлонгийн хажуу талаас намайг гараад ир гэсэн. Гараад очиход нөгөө таксинаас буусан эгч *********** үснээс зулгаагаад өмднөөс нь зуурчихсан байсан. Би тэр эгчийн хоёр гарыг найзынхаа биеэс татаж холдуулсан. Машин ирж байх шиг харагдахаар нь сандраад жорлон тойроод эцэс тал руу алхсан. *********** араас гүйж ирээд би утас түрийвчийг нь авчихлаа, гялс зугтаарай гэж хэлсэн. Би найзыгаа дагаж гүйгээд бид хоёр эзгүй блокон хашаа руу орж нуугдсан. Тэнд бид хоёр түрийвчийг нь уудалж үзэхэд ойролцоогоор 40.000 төгрөг байсан. Бас “Самсунг Галакси Эс-8 плас” маркийн утас байсан. Түрийвчинд байсан 40.000 төгрөгийг аваад түрийвчийг нь эзэнгүй хашаа руу шидчихээд тэр хашаандаа 20-30 минут орчим нуугдаж байгаад Зүүн салаа руу уул давж орсон. Тэндээс такси бариад ***** байрлах ахынх нь гэрт очиж хоносон...” гэх мэдүүлэг /х-97-99/,
Өсвөр насны шүүгдэгч Х.*********** яллагдагчаар өгсөн: “...Би тэр гар утсыг пиво ууж байхдаа “Петровис” колонк орж цэнэглүүлсэн байсан. *********** бид хоёр колонкийн тэр хавьд юм яриад сууж байтал нэг машинаас согтуу эмэгтэй хүн бууж ирээд Баруун салаа тал руу алхаж байсан. Тэр үед ***********ийг миний гар утсыг аваад ир гэж хэлчхээд байж байтал тэр эгч миний хажуугаар зөрөхдөө эгчийгээ жоохон дөхүүлээд өгөөч гэж хэлсэн. Колонкийн тэр хавьд байрлах модон жорлонд нөгөө эгч бие заслаа гээд 00-н ард тал руу орсон. Тэр үед нөгөө эгч гар утсаа хүзүүндээ хавчуулсан байхаар нь утсаа унагаалаа гэж хэлээд утсыг нь аваад халаасандаа хийсэн. Би тэр эгчээс 2-3 алхам холдоход миний утсыг өгөөч гээд миний өмдний халааснаас татаад хойшоо надтай цуг унасан. Би гар утсыг аваад өмднийхөө арын халаасанд хийсэн. Тэр үед миний үснээс зулгаагаад тавихгүй байсан. Тэгэж байтал найз *********** ирэхээр нь “андаа энэ гарыг нь тавиулаадах” гээд өөрийнхөө үснээс тавиулаад 00-руу яваад орчихсон. Би тэр эгчтэй нэлээд зууралдаж байгаад цүнхэний дотроос нь түрийвчийг аваад өөр лүү нь шидчихээд зугтаасан. Тэр үед *********** намайг дагаж зугтаасан. Замдаа түрийвчийг уудалж бэлэн 30.000 гаруй төгрөгийг авчхаад түрийвчийг эзэнгүй хашаа руу шидсэн...” гэх мэдүүлэг /хх-108-110/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-12/, зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-16-17/, эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан “***********ас хохирогчоос дээрэмдэн авсан гэх түрийвч, банкны виза картууд, иргэний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, гар утасны симний үүрүүд, бэлэн 190 төгрөг хураан авсан” тэмдэглэл /хх-19-21/, гэрч Н.***********гийн мэдүүлэг /хх-57/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /хх-66-68/, хохирогчийн өдөр тутмын барааны орлоныэ дэвтрийн хуулбар /хх-82/, шүүгдэгч нарын нас тоолсон тухай тэмдэглэлүүд /хх-119, 121/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-126-128/, шүүгдэгч нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-120, 122/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-134, 135/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-136, 137/, хохирлын баримтууд /хх-62, 75/ зэрэг баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Өсвөр насны шүүгдэгч нар бүлэглэж хохирогчийн утас, мөнгө, бичиг баримт, цүнхийг хүч хэрэглэн довтолж авсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч ***********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай. Хохиролд биет байдлаар бичиг баримт, түрийвч зэрэг 74.000 төгрөгийн эд зүйлс төлөгдсөн, үлдэх хохирлыг гаргуулах саналтай...” гэж,
шүүгдэгч нарын өмгөөлөгч “Гэм буруугийн талаар маргаагүй. Хохиролд бэлэн 640.000 төгрөг байсан болох нь тогтоогдохгүй байгаа тул зөвшөөрөхгүй. Үлдэх хохирлыг гаргуулахаар зааж өгнө үү” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар өсвөр насны яллагдагч ***********, *********** нар бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 25-ны орой Сонгинохайрхан дүүргийн **** дүгээр хороо, “***********” шатахуун түгээх станцын эсрэг талд хохирогч ***********гийн “Самсунг Эс-8” гар утас, биет 640.000 төгрөг, бичиг баримт, цүнхийг хүч хэрэглэж авахаар довтолж авсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч ***********гийн “...араас цагаан цамцтай банди хүрч ирээд шууд хүзүүдэж аваад “***********”-ын эсрэг талын модон жорлонгийн цаагуур чирч оруулж ноцолдож миний хувцсыг урж тасдаж хүчиндэх гэж дайрсан. Ардаас нь нэг үл таних банди хүрч ирээд миний хоёр хөлийг доош татаж би тийрсэн чинь “явъя, энэ гичийг дийлэхгүй юм байна” гэж хэлээд миний цүнхнээс түрийвч, утас хоёрыг хар хувцастай нь авч тэгээд зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-22-31/, гэрч ***********ийн “...ээж *********** надад “хоёр залуу намайг 00-н хажууд чирч очоод намайг зодсон” гэж хэлсэн. Ээжийн фудволк, хөхний даруулгыг урсан байсан...” гэх мэдүүлэг /хх-36-37/, өсвөр насны шүүгдэгч ***********ийн “...*********** араас гүйж ирээд би утас түрийвчийг нь авчихлаа гялс зугтаарай гэж хэлсэн. Би найзыгаа дагаж гүйгээд бид хоёр эзгүй блокон хашаа руу давж орж нуугдсан...” гэх мэдүүлэг /хх-97-99/, өсвөр насны шүүгдэгч Х.*********** “...утсыг нь аваад халаасандаа хийсэн. Би тэр эгчээ 2-3 алхам холдоход миний утсыг өгөөч гээд миний өмдний халааснаас татаад хойшоогоо надтай цуг унасан. Тэгэхээр нь би гар утсыг нь аваад өмднийхөө арын халаасанд хийсэн. Тэр үед миний үснээс зулгаагаад тавихгүй байсан. Тэгээд байж байтал манай найз *********** ирэхээр нь “андаа энэ гарыг нь тавиулаадах” гэж хэлээд, өөрийнхөө үснээс тавиулаад, 00-руу яваад орчихсон. Би тэр эгчтэй нэлээд зууралдаж байгаад цүнхний дотроос нь түрийвчийг нь аваад өөр лүү нь шидчихээд зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-108-110/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг, шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ***********, *********** нарын бүлэглэн хохирогч ***********д хүч хэрэглэн “Самсунг Эс-8” гар утас, биет 640.000 төгрөг, цүнхийг авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч ***********, ***********нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч ***********д бэлэн 550.000 төгрөг, утас 230.000 төгрөг, томографийн 120.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, түрийвч болон бусад зүйл нийт 74,800 төгрөг, нийт 982.800 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирснаас түрийвч, виза картууд, иргэний болон мэргэжлийн үнэмлэх зэрэг нь биет байдлаар буцаан өгөгдсөн тул тэдгээрийн үнэ 74,800 төгрөгийг төлсөн гэж шүүх дүгнэлээ. Ингээд үлдэх төлбөр 908.000 төгрөгийг буюу өсвөр насны шүүгдэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч нараас тус бүр 454.000 төгрөгийг гаргуулж хохирогч *********** /Сонгинохайрхан дүүргийн ******/-д олгохоор шийдвэрлэлээ. Нэхэмжлэлийн шаардлагаас “90.000 төгрөг гаргуулах” хэсгийг нотлогдохгүй байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан орлогын дэвтрийн хуулбараар 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 510.000 төгрөг байсан нь, мөн хохирогчийн түрийвчинд бэлэн 40.000 төгрөг байсан нь шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул шүүх 550.000 төгрөгийн бэлэн мөнгө байсан байна гэж дүгнээд 640.000 төгрөгөөс үлдэх 90.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ид 2 жил 5 сар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********д 2 жил 5 сар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч нарын өмгөөлөгч “Анх удаа гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны шүүгдэгч нар байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, алдаагаа засах боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хугацаагаар хойшлуулж өгнө үү. Хохирлыг төлнө гэдгээ илэрхийлж байгаа” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /өсвөр насны шүүгдэгч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч *********** түрүүлж хохирогчид хүч хэрэглэсэн, улмаар шүүгдэгч ***********хохирогчийн гарыг тавиулж үйлдлээрээ нэгдэн оролцсон/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 982.800 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, 74.800 төгрөгийн эд зүйл биет байдлаар төлөгдсөн, үлдэх хохирол төлөгдөөгүй, хохирогч “Гомдолтой, хохирлыг хурдан барагдуулж өгнө үү” гэх/, шүүгдэгч нарын хувийн байдал /шүүгдэгч *********** 15 настай, шүүгдэгч ***********17 настай, шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, түүнчлэн оролцсон оролцоо/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ийг 2 жил 5 сар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** 2 жил 5 сарын хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг дээрх үндэслэлээр сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг хоёр дахин багасгаж, 1 жил 2 сар 15 хоногоор тогтоож, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилээр хойшлуулж байна.
Шүүгдэгч ***********2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 14 хоног цагдан хоригдсоныг тэмдэглэж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********** цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.11, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч ***********, ***********нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч ***********ийг 2 жил 5 сар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Гантулгыг 2 жил 5 сар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч ***********, *********** тус бүрд оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг хоёр дахин багасгаж, тус бүр 1 жил 2 сар 15 хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч ***********, ***********тус бүрт оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********** цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ***********14 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********, *********** тус бүрт 1 жил 2 сар 15 хоногийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, тэдэнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.5-д заасан “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд өсвөр насны шүүгдэгч ***********, *********** нарт авсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нар шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргахыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ***********, түүний хууль ёсны төлөөлөгч *********** нараас 454.000 төгрөг, өсвөр насны шүүгдэгч ***********, түүний хууль ёсны төлөөлөгч *********** нараас 454.000 төгрөг тус тус гаргуулж, хохирогч *********** /Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 28 дугаар гудамж, 39 тоотод оршин суух, РД:ББ77102608/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас “90.000 төгрөг гаргуулах” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч ***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, өсвөр насны шүүгдэгч ***********ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********, ***********нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР