Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 018

 

Баянхонгор аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянлиг сумын 2-р багт оршин суух, эмэгтэй, ВВ67013004 регистрийн дугаартай, Болцгор овогт Чойдоржийн Пагамдуламын

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн эсэх болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 12 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэндмаа шүүх хуралдааны нарийн бичгийн даргаЛ.Хаш-Эрдэнэ  оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Пагамдулам шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1967 онд Баянлиг суманд төрсөн. 1982 онд 8-р анги төгсөж, Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн даргын 1982 оны 06 сарын 15-ны өдрийн 20 дугаар тушаалаар 1-р бригадад ямаачнаар ажилд орсон. Тус нэгдэл тартал малчнаар ажилласан. Одоо тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний 1982 оны 06 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, мөн 1982 оны 07 сарын 01-ний өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн нэр зөрүүтэй учир хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоож өгнө үү  гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, орлогын маягт, тус аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 сарын 19-ний өдрийн 950 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн даргын 1982 оны 06 сарын 15-ны өдрийн 20 дугаар тушаалын хуулбар, 1982 оны 07 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Пагамдулам нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн эсэх болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Чойдоржийн Пагамдуламд 1972 оны 06 сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт Чойдорж овогтой Пагмадулам гэж нэрийг зөрүүтэй бичсэн боловч түүний эцгийн нэр, төрсөн он сар өдөр, ажиллаж байсан аймаг, сум, нэгдлийн нэр зэрэг нь тохирч байна.

Хүсэлт гаргагч 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний иргэний үнэмлэхний хуулбар, тус аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 сарын 19-ний өдрийн 950 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн даргын 1982 оны 06 сарын 15-ны өдрийн 20 дугаар тушаалын хуулбар, 1982 оны 07 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Ч.Пагамдуламын хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн эсэх болон ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар 1982 оны 07 сарын 01-ний өдөр Чойдорж овогтой Пагмадуламд олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Чойдоржийн Пагамдулам мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ЧойдоржийнПагамдуламын 1982 оны 06 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн  119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дугаар зүйлийн  119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ