Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 019

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5-р багт  оршин суух, эмэгтэй, ВЙ93112405  регистрийн дугаартай, Андуу овогт Хүрэлбаатарын Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-р багийн 21-р гудамж 16 тоотод  оршин суух, эрэгтэй, ВЮ94021604  регистрийн дугаартай, Холбооч овогт Дамбадаржаагийн Өлзийсайханд холбогдох

Хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 26-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Оюунгэрэл, хариуцагч Д.Өлзийсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Хаш-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Х.Оюунгэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие Д.Өлзийсайхантай 2012 оны 11 сараас үерхэж 2014 оны 01 сарын 24-ний өдөр хүү О.Мөнхтэмүүлэн төрсөн. Хүүг төрснөөс хойш 5 хоног амьдарч байгаад хүүхдийн даавуу угааж, өглөө босохоос шантарч бид хоёрыг орхиод явснаас хойш ирээгүй. Энэ байдлыг түүний аав Дамбадаржаад хэлэхэд Д.Өлзийсайхан өөр эхнэртэй болсон гэсэн. Иймд хүү Мөнхтэмүүлэнгийн эцэг Д.Өлзийсайхан мөн болохыг тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Оюунгэрэл  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Өлзийсайхантай 2012 оны 11 сард танилцаж, 2014 оны 01 сарын 24-ний өдөр хүү О.Мөнхтэмүүлэнг төрүүлсэн. Д.Өлзийсайхан 3 жил холбоо бариагүй, аавд нь хэлэхэд Д.Өлзийсайхан эхнэртэй болсон гэсэн тул эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү  гэв.

Хариуцагч Д.Өлзийсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Бид 2011 онд танилцаж, 2013 оны 02 сар хүртэл хотод хамт амьдарсан.Хүү Мөнхтэмүүлэнг төрөхөд эмнэлгээс гарахдаа надад хэлэлгүй авч явсан байсан.Аав ээж нь намайг доромжилсон, би хүүхдээ бодооч гэж олон удаа утсаар ярьж гуйсан.тэгээд би хүнтэй танилцаж, хүүхэдтэй болсон.Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна, тэтгэлэг төлнө гэв.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын иргэний үнэмлэхний хуулбарууд, орлогын баримт, хүү О.Мөнхтэмүүлэнгийн төрсний гэрчилгээний хуулбар, Бууцагаан сумын 5-р багийн Засаг дарга болон Бууцагаан сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, зохигчийн тайлбарууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Оюунгэрэл нь хариуцагч Д.Өлзийсайханд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Х.Оюунгэрэл нь хариуцагч Д.Өлзийсайхан нар нь 2012 онд танилцан үерхэж, 2014 оны 01 сарын 24-ний өдөр хүү Мөнхтэмүүлэнг төрүүлж, эрүүл энх өсөж байгаа нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, тус аймгийн Бууцагаан сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, 5-р багийн Засаг даргын тодорхойлолт, зохигчийн тайлбарууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд 2014 оны 01 сарын 24-ний өдөр төрсөн хүү Оюунгэрэлийн Мөнхтэмүүлэнгийн эцэг Д.Өлзийсайхан болохыг тогтоож, хуульд заасан тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Д.Өлзийсайханаас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хариуцагч Н.Мөнхсайханаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж 29145 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлого болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2014 оны 01 сарын 24-ний өдөр төрсөн хүү Оюунгэрэлийн Мөнхтэмүүлэнгийн эцэг Д.Өлзийсайхан мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 01 сарын 24-ний өдөр төрсөн хүү Оюунгэрэлийн Мөнхтэмүүлэнг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиарь, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Дамбадаржаагийн Өлзийсайханаас гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Д.Өлзийсайханаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 29145 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлого болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.2, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ