Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/181

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин,

шүүгдэгч ***********нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005008071564 дүгээр хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: **********

ТОДОРХОЙЛОХ нь

Яллагдагч ***********нь 2010 оны 7 дугаар сараас 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн ******** тоот хаягт байх өөрийн гэртээ тусгай зөвшөөрөлгүй Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “нэн ховор” амьтан болох цоохор ирвэсийн түүхий эд болох 2 ширхэг арьс, 2 ширхэг толгойн хэсгийн яс, эрүүний яс 2 ширхэг, ясны үйрмэг зэргийг хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

Шүүгдэгч ***********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2010 оны зун нутагтаа очсон. Тэр үед найз *********** надад элдсэн 2 ширхэг арьс зэрэг зүйлс өгсөн. Түүнээс хойш 2010 оны 7 дугаар сараас 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл гэртээ хадгалж байсан. Би хориотой ан хийж болохгүй гэдгийг мэднэ, харин хадгалж болохгүй талаар мэдээгүй. *********** яаж олж авсан талаар ярьж байгаагүй. Хүний бэлэглэсэн зүйлийг аваад өөрийгөө гэм буруутай гэж үзэхгүй байна” гэв.

 

Эрүүгийн 2005008071564 дугаарт хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч ***********: “Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлд агнуурын амьтан агнах, барих зөвшөөрөл олгохыг заасан. 25.3 дугаар зүйлд байгаль орчны тодорхойлолт олгоно. 37 дугаар зүйлд тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, хадгалсан, худалдан авсан, гадаад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтан агнасан, барьсантай адилтган үзэж нөхөн төлбөр оногдуулна гэж заасан байдаг. Биологийн Хүрээлэнгийн хөхтний Экологийн лабораторийн шинжээчийн дүгнэлтээр эм цоохор ирвэс болох нь тогтоогдсон байх тул Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-т заасны дагуу нэг цоохор ирвэсийг 2 дахин нэмэгдүүлэн 2 цоохор ирвэсийн арьсыг 52 сая төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлж өгнө үү. Цоохор ирвэс “ховор амьтны жагсаалт”-д заасан нэн ховор зүйлийн амьтан...” гэх мэдүүлэг /хх-23/,

Биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн лабораторийн 2020.03.02-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн хоёр ширхэг арьс, хоёр ширхэг толгойн яс нь бүгд Цоохор ирвэс /Panthera uncia/-ийн хоёр бодгаль амьтных болохыг тодорхойлов. 2. Шинжилгээнд ирүүлсэн хоёр арьснаас хоёул эм бодгалийнх, Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болон “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд зааснаар цоохор ирвэсийн эм бодгаль 13.000.000 төгрөг. 3. Шинжилгээнд ирүүлсэн хоёр цоохор ирвэсийн арьс нь нэг бие гүйцсэн болон нэг залуу бодгальд амьтанд хамаарна. 4. Хоёр амьтны арьсанд буудаж агнасан байх боломжтой хэд хэдэн нүх байна. 5. Цоохор ирвэс нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны Амьтны тухай хуулийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтдын жагсаалт”-д зааснаар нэн ховор зүйл бөгөөд Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын нэгдүгээр хавсралтад бүртгэгдсэн. Шинжээч Г.Гантулга” гэжээ /хх-36/,

Шинжээч Г.Гантулгын: “Цоохор ирвэс нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар нэн ховор амьтанд хамаарагдана. Манай орны улаан номд бүртгэгдсэн. Мөн ОУ-ын байгаль хамгаалах холбооны улаан дансны шалгуураар устаж болзошгүй ангилалд багтдаг. Шинжилгээнд ирүүлсэн хоёр ширхэг ирвэсийн арьсыг эдэлж боловсруулсан, толгойн ясыг чанаж, цэвэрлэсэн байх тул агнасан хугацааг тогтоох боломжгүй” гэх мэдүүлэг /хх-114/,

Гэрч ***********ын: “2019 оны 12 дугаар сард Амрита гэх нэртэй хорт хавдар эмчилдэг амьтны талаар сонирхож байхдаа хүмүүсээр дамжуулан *********** гэх залуутай танилцсан. Тэр хүн 2020 оны 02 сарын эхээр цоохор ирвэсийн арьс олж чадах уу худалдаж авъя гэсэн хятад хүн байна гэж хэлсэн. Би бодоод байсан чинь 2014 онд *********** надтай танилцаад удаагүй байхдаа би эхнэртэйгээ хамт хэдэн жилийн өмнө хөдөө байдаг найз дээрээ очиход надад 2 ширхэг цоохор ирвэсийн арьс бэлэглэсэн. Нэг арьсыг нь гэртээ өлгөхөд шалнаас тааз хүрэхээр урттай юм байна лээ гэж ярьж байсныг санаад Д.***********тай яриад “нэг Хятад хүн ирвэсийн арьс сонирхож байгаа” талаар хэлэхэд “дэмий байлгүй дээ” гээд зөвшөөрөөгүй. 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ***********залгаад “нөгөө арьс авна гэсэн хүн чинь найдвартай юм уу” гэж асуухаар нь би *********** гэх залуугийн утасны дугаарыг өгсөн. Маргааш нь *********** залгаад “нөгөө арьс авна гэсэн хүн чинь цагдаа юм байна өчигдөр намайг очсон чинь шууд бариад авчихсан” гэж над руу уурласан…” гэх мэдүүлэг /хх-67-68/,

Гэрч ***********гийн: “...Миний дүү *********** нь ***** суманд төрсөн. Бага насаа эцэг, эхийн халамжид өссөн. 8 дугаар анги төгсөөд, хөдөө мал маллах болсон. 2003 онд Улаанбаатар хотод эхнэр, хүүхдүүдийн хамт ирж суурьшин амьдарсан. *********** тайван, даруухан, хүнтэй хэрэлдэж муудалцаад байдаггүй, их зөөлөн хүн. Найз нөхөд, хамаатан садандаа нэр хүнд сайтай, их тусархуу хүн...” гэх мэдүүлэг /хх-32/,

Шүүгдэгч Д.***********ын яллагдагчаар өгсөн: “…2010 онд эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Алтай суманд очихдоо багын найз ***********ы гэрт зочилж очсон. Тухайн үед *********** надад 2 ширхэг ирвэсийн арьс болон 2 ширхэг хоншоорын яс зэргийг бэлэглэж байсан. Түүнээс хойш би гэртээ хадгалж байсан. 2020 оны 02 дугаар сард надтай өмнө нь хамт ажиллаж байсан ***********гэх залуу залгаад “өмнө нь надад ярьж байсан ирвэсийн арьс чинь байгаа юу хүн авъя гээд байна” гэхээр нь “байгаа” гэхэд надад нэг утасны дугаар өгөөд залгачих гэж хэлсэн. Би тэр хүнтэй нь ярихад 1 дүгээр хорооллын Цамбагаравын Номин их дэлгүүрийн гадна аваад ир үзье гэж хэлсэн. Би арьсаа аваад очтол үзэх гэж байсан хүмүүс нь цагдаагийн үнэмлэх үзүүлээд намайг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр авч очсон...” гэх мэдүүлэг /хх-108-111/,

Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...2 ширхэг арьс, 2 ширхэг толгой хэсгийн яс, 2 ширхэг эрүүний яс, ясны үйрмэг байв. 31 гэж дугаарласан ирвэсний арьсны хамрын үзүүр /хоншоор/ хэсгээс сүүлний үзүүр хүртэл нийт 203см, их сүүлний урт 89см урттай байв. Урд 2 хөл, хойд 2 хөлийн сарвууны хумя, яс нь хатаж цайрсан байв. 30 дугаартай арьсны хамрын үзүүрээс /хоншоор/ хэсгээс сүүлний үзүүр хүртэл 174см, сүүлний урт 82см, урд 2 хөл, хойд 2 хөлийн сарвууны хумс, яс нь хатаж цайрсан байв. 31 дугаартай толгойн ясанд үзлэг хийхэд 2 талын эрүү яс салангид байдалтай. Эрүүний 2 талд 2 соёотой, дээд талд 1 соёотой байв. 1 соёо, 9 ширхэг жижиг шүд мэт яс байв. 30 дугаартай толгойн ясанд үзлэг хийхэд дээд 2 том соёотой эрүүний яс бүтэн, доод 2 соёо үгүй, 2 ширхэг ясны үйрмэг мэт шүд сул байсныг хураан авлаа...” гэжээ /хх-6-9/,

Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2020.02.20-ны өдрийн 89 дүгээр “Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол /хх-16/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-18/, гэрч ****гийн мэдүүлэг /хх-31/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44/, эд хөрөнгө бүртгэлтэй байсныг шилжүүлсэн тухай лавлагаа /хх-48/, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай мөрдөгчийн санал /хх-54/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-70/, Т.***********ы нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-80/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг уншиж тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Д.***********ын 2020.03.05-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-28/-ийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүйг тэмдэглэж байна.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********нь 2010 оны 7 дугаар сараас 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн ********* тоот гэртээ тусгай зөвшөөрөлгүй “нэн ховор” амьтан болох цоохор ирвэсийн түүхий эд болох 2 ширхэг арьс, 2 ширхэг толгой хэсгийн яс, эрүүний яс 2 ширхэг, ясны үйрмэг зэргийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирлын үнэлгээгээр гарсан 52.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэх саналтай. Гэмт хэрэг таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаанд хамааруулж яллах дүгнэлт үйлдсэн. Цагдаагийн албан хаагч эд зүйлийг хураан авснаар таслан зогсоогдсон. Яллагчийн зүгээс энэ байдлыг харгалзан худалдан авахыг завдсан үйлдэл дээр яллах дүгнэлт үйлдээгүй. Өөрөөр хэлбэл цагдаагийн албан хаагч худалдах үйлдлийг зорилготойгоор бий болгосон” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т заасныг үндэслэн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай. Өөрөөр хэлбэл эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй. 2010 оны 7 дугаар сард Ан агнуурын тухай хууль үйлчилж байсан бөгөөд нэн ховор, хово гэж тодорхойлоогүй байсан. 2012 оны Амьтны тухай хууль нарийвчлан зохицуулагдсан. 2002 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 2-т заасан байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа “Тухайн гэмт хэрэг нь 2010 онд уг зүйлийг хадгалснаар төгссөн. Худалдах гэж байгаад баригдсан. Гүйцэтгэх ажлын хууль, журам зөрчсөн гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байсныг анхаарч үзнэ үү” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ***********нь 2010 оны 7 дугаар сараас 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан ******* тоот гэртээ Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “нэн ховор” амьтан буюу цоохор ирвэсийн түүхий эд болох “2 ширхэг арьс, 2 ширхэг толгойн хэсгийн яс, эрүүний яс 2 ширхэг, ясны үйрмэг” зэргийг хадгалсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч *********** “…Цоохор ирвэс “ховор амьтны жагсаалт”-д заасан нэн ховор зүйлийн амьтан...” гэх мэдүүлэг /хх-23/, Биологийн Хүрээлэнгийн 2020.03.02-ны өдрийн 63 дугаар: “1. Шинжилгээнд ирүүлсэн хоёр ширхэг арьс, хоёр ширхэг толгойн яс нь бүгд Цоохор ирвэс /panther uncial/ -ийн хоёр бодгаль амьтных болохыг тодорхойлов. 2. Шинжилгээнд ирүүлсэн хоёр арьснаас хоёул эм бодгалийнх, Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болон “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд зааснаар цоохор ирвэсийн эм бодгаль 13.000.000 төгрөг. 3. Шинжилгээнд ирүүлсэн хоёр цоохор ирвэсийн арьс нэг бие гүйцсэн болон нэг залуу бодгальд амьтанд хамаарна. 4. Цоохор ирвэс нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны Амьтны тухай хуулийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтдын жагсаалт”-д зааснаар нэн ховор зүйл бөгөөд Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын нэгдүгээр хавсралтад бүртгэгдсэн” гэх шинжилгээ /хх-36/, шинжээч Г.Гантулгын “…Шинжилгээнд ирүүлсэн хоёр ширхэг ирвэсийн арьсыг эдэлж боловсруулсан, толгойн ясыг чанаж, цэвэрлэсэн байх тул агнасан хугацааг тогтоох боломжгүй” гэх мэдүүлэг /хх-112-114/, гэрч ***********ын “…2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ***********залгаад “нөгөө арьс авна гэсэн хүн чинь найдвартай юм уу” гэж асуухаар нь би түүнд *********** гэх залуугийн утасны дугаарыг өгсөн. Маргааш нь *********** залгаад “нөгөө арьс авна гэсэн хүн чинь цагдаа юм байна өчигдөр намайг очсон чинь шууд бариад авчихсан” гэж над руу уурласан…” гэх мэдүүлэг /хх-67-68/, шүүгдэгч Д.***********ын яллагдагчаар өгсөн “…2010 онд эхнэр, хүүхдүүдийн хамт ***** суманд очихдоо багын найз ***********ы гэрт зочилж очсон. Тухайн үед *********** надад 2 ширхэг ирвэсийн арьс болон 2 ширхэг хоншоорын яс зэргийг бэлэглэж байсан. Түүнээс хойш би гэртээ хадгалж байсан. 2020 оны 02 дугаар сард надтай өмнө нь хамт ажиллаж байсан ***********гэх залуу залгаад “өмнө нь надад ярьж байсан ирвэсийн арьс чинь байгаа юу хүн авъя гээд байна” гэхээр нь “байгаа” гэхэд надад нэг утасны дугаар өгөөд залгачих гэж хэлсэн. Би арьсаа аваад очтол үзэх гэж байсан хүмүүс нь цагдаагийн үнэмлэх үзүүлээд намайг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр авч очсон…” гэх мэдүүлэг /хх-108-109/, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-9/ зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.***********ын нэн ховор амьтны буюу цоохор ирвэсийн 2 ширхэг арьс, толгой, эрүүний яс, ясны үйрмэг, шүд гэх зүйлийг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу нэн ховор амьтны түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүй хадгалсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Д.***********ын тухайн нэн ховор амьтны түүхий эдийг худалдахыг завдсан үйлдлийг цагдаагийн албан хаагч зорилготойгоор бий болгож холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тул ***********нэн ховор амьтны эд зүйл худалдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул яллах дүгнэлт үйлдээгүй гэх улсын яллагчийн тайлбарыг үндэслэлтэй байна гэж шүүх үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.      

Прокуророос хэргийг 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран тухайн гэмт хэрэг үйлдсэн үеийг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд тооцно” гэж, 2017 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тоолно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч П.***********ын цоохор ирвэсийн арьс, толгойн яс, эрүүний яс, ясны үйрмэг гэх мэт зүйлсийг 2010 оны 7 дугаар сард олж аван хадгалсан үйлдэл нь тодорхой хугацаанд үргэлжлэн 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр гэмт хэрэг үйлдэгдэж дууссан байх тул гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тухайн гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн дээрх хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ. Иймд дээрх үйлдлийг 2017 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч өөрийн үйлдэлдээ хандах субъектив харьцаа нь тухайн үйлдэл, эс үйлдэхүйг хийх үед үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарагдах учиртай.      

Амьтны аймгийн тухай хууль болон Ан, агнуурын тухай хуулиар ан амьтдыг нөөц, нөхөн сэргэх чадвар, экологийн ач холбогдлоор нь нэн ховор, ховор, агнах нөөцтэй гэж ангиллаад тус бүрийн ашиглалт, нөхөн сэргээх эрх зүйн үндсийг тодорхойлон заахын зэрэгцээ нэн ховор амьтныг төрийн байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн судалгаа, шинжилгээний зориулалтаар агнаж, барих, түүнчлэн нэн ховор амьтны агнаж бэлтгэсэн арьс, яс, бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглосон болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гэм буруугийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Шинжээчийн дүгнэлтээр 2 эм цоохор ирвэсийн арьс болох нь тогтоогдсон тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно”, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ” -нд 1 эм цоохор ирвэс 13.000.000 төгрөг” гэснийг тус тус үндэслэн шүүгдэгч Д.***********аас 52.000.000 төгрөг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д.***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан ирвэсийнх гэх 2 ширхэг арьс, 2 ширхэг гавлын яс, 2 ширхэг эрүүний яс, ясны үйрмэг зэргийг Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүргүүлж, бор өнгийн арьсан дээд талдаа цахилгаан түгжээтэй, хоёр тасалгаатай цүнхийг устгуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, Л.Батаа нар “Гэм буруугийн талаар маргаж байгаа тул эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйлгүй” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /2010 онд найз нь бэлэглэсэн гэх 2 ширхэг эм цоохор ирвэсний арьс, толгойн яс, эрүүний яс, үйрмэг яснуудыг 2020 оны 2 дугаар сар хүртэл гэртээ зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /байгаль орчинд учруулсан хор хохирол ихтэй, хоёр бодгалийн нийт үнэ 26.000.000 төгрөг, төлөгдсөн зүйлгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /гэр бүлийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага буюу чин санаанаасаа гэмшихгүй байгаа/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.***********д 3 жилийн хорих ял шийтгэж, ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн ирвэсний арьсны хамрын үзүүр /хоншоор/ хэсгээс сүүлний үзүүр хүртэл нийт 203 см, их сүүлний урт 89 см урттай 1 ширхэг арьс, хамрын үзүүр /хоншоор/ хэсгээс сүүлний үзүүр хүртэл 174 см, сүүлний урт 82 см урттай 1 ширхэг арьс /урд 2 хөл, хойд 2 хөлийн сарвууны хумс, яс нь хатаж цайрсан/, 2 талын эрүү яс салангид байдалтай, эрүүний 2 талд 2 соёотой, дээд талд 1 соёотой толгойн яс 1 ширхэг, 1 соёо, 9 ширхэг жижиг шүд мэт яс, дээд 2 том соёотой эрүүний яс бүтэн, доод 2 соёо үгүй толгойн яс 1 ширхэг, 2 ширхэг ясны үйрмэг мэт сул шүд зэргийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, бор өнгийн арьсан, дээд талдаа цахилгаан түгжээтэй хоёр тасалгаатай цүнхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т тус тус даалгаж шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13. 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ********йн ***********ыг нэн ховор амьтны түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********3 /гурав/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.***********д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн ирвэсний арьсны хамрын үзүүр /хоншоор/ хэсгээс сүүлний үзүүр хүртэл нийт 203 см, их сүүлний урт 89 см урттай 1 ширхэг арьс, хамрын үзүүр /хоншоор/ хэсгээс сүүлний үзүүр хүртэл 174 см, сүүлний урт 82 см урттай 1 ширхэг арьс /урд 2 хөл, хойд 2 хөлийн сарвууны хумс, яс нь хатаж цайрсан/, 2 талын эрүү яс салангид байдалтай, эрүүний 2 талд 2 соёотой, дээд талд 1 соёотой толгойн яс 1 ширхэг, 1 соёо, 9 ширхэг жижиг шүд мэт яс, дээд 2 том соёотой эрүүний яс бүтэн, доод 2 соёо үгүй толгойн яс 1 ширхэг, 2 ширхэг ясны үйрмэг мэт сул шүд зэргийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, бор өнгийн арьсан, дээд талдаа цахилгаан түгжээтэй хоёр тасалгаатай цүнхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т тус тус даалгасугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Д.***********аас 52.000.000 /тавин хоёр сая/ төгрөг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.***********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР