| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2021/0190/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/194 |
| Огноо | 2021-02-24 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/194
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Ж.Отгончимэг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Буянжаргал,
шүүгдэгч ***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008032120044 дүгээр хэргийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ***********
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч ***********нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ********* тоотод хамтран амьдрагч ***********тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хөлөөрөө цээж орчим хэсэгт өшиглөж биед нь баруун 3, 4 дүгээр хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ***********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 10 дугаар сарын 23-нд караокед сууж байгаад гэртээ харьсан. Хэн аль нь согтуу байснаас маргалдаад хохирогчийн биед гэмтэл учруулсан, миний буруу. Хохиролд 150.00 төгрөг өгсөн. Бид хоёр 2016 оноос хойш хамт амьдарч байгаа. Гэм буруугаа хүлээж байна. Цаашид ийм үйлдэл гаргахгүй” гэв.
Эрүүгийн 2008032120044 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч ***********н: “2020 оны 10 дугаар сарын 23-ны орой хамтран амьдрагч ***********ийн хамт ажлын хүмүүстэй караоке орж шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ******* тоотод очоод гар утсаа хайгаад байсан. ***********ийн дүү *********** рүү ороод “гар утсаа өгч бай, гар утас хаячих шиг боллоо” гээд аваад өөрийн дугаар луу залгатал холбогдохгүй байхаар нь би *********** “чи цүнхэнд байсан гар утсыг яах гэж авч ярьсан юм бэ гээд” орны хөлд сууж байтал *********** баруун хөлөөрөө миний баруун хавирга хэсэг рүү өшиглөчихсөн. Би амьсгаа авч чадахгүй болчхоод *********** “яаж байгаа юм” гээд хэрэлдсэн чинь цонх, хаалга нүдээд *********** гэрэл асуутал *********** ороод ирсэн. Гар утсаа орны араас олсон. Нэхэмжлэх зүйл байхгүй. *********** надад хөл, нуруу хэсэгт маажуулсан сорвио үзүүлж байсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-14-15, 19-20/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.11.12-ны өдрийн 13103 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ***********гийн биед баруун 3, 4 дүгээр хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй” гэжээ /хх-38-39/,
Гэрч Б.***********гийн: “2020 оны 10 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад ах *********** согтуу орж ирээд “ах нь гэртээ орж унтлаа” гэхээр нь “хэнтэй явж байгаа юм” гэхэд эхнэр ***********тай хамт гээд гарсан. Удалгүй ахын эхнэр *********** гэрт согтуу орж ирээд “би гар утсаа гээчихсэн байна, миний дугаар луу залгаад өгөөч” гэхээр нь залгахад дуудаад, авахгүй байсан. Тэгтэл *********** эгч “орж унтлаа” гээд гарсан. Хэсэг хугацааны дараа ахын гэрт хүүхэд нь уйлж орилоод хэрүүл болж байгаа чимээ гарахаар нь гарч ахын байшингийн хаалга цоожтой байхаар нь цонхоор ороод “юу болоод байгаа юм” гэхэд хоорондоо зодолдоод унахаар нь салгатал *********** эгч “чи ахыгаа өмөөрч байна” гээд цээж рүү хоёр гараараа түлхтэл би арагш шалан дээр бөгсөөрөө унасан. Тухайн үед *********** маажуулсан сорвио надад харуулсан. Гарын шуу, хөл дээр нь маажсан байсан...” гэх мэдүүлэг /хх-22/,
Шүүгдэгч Б.***********ийн яллагдагчаар өгсөн: “...Караокед орж архи, пиво уугаад гэртээ ирсэн. *********** бөөлжиж байхад цүнхнээс нь утсыг аваад ажлын хүнтэй ярьж байтал *********** “явж архи уух гэлээ” гээд булаагаад авсан. Би гэртээ ороод унтах гэтэл “миний гар утас байхгүй байна” гээд нэг хашаанд байдаг дүү *********** рүү ороод өөрийнхөө утас руу залгаад утас чинь дуудаж байсан гэсэн. Тэгтэл “лизингээр авсан утсыг хаячихлаа” гээд уурлаад хэрэлдээд байсан. Би хүүхэд уйлаад байхаар нь тэврээд орон дээр хэвтэхэд *********** орны хөлд суучхаад миний энэ тэндээс маажаад байхаар нь өөрөөсөө холдуулах гээд ***********н цээж рүү нэг удаа жийгээд босож гэрэл асаах гэтэл миний булчингаас маажсан...” гэх мэдүүлэг /хх-89/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-1/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-4/, цагдаагийн байгууллагад гаргасан Б.***********гийн гомдол /хх-6/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-54/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-51/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-55/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-57/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хх-58/, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-59/, ********-ын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-13”-ийн “***********нь тус байгууллагад сантехникийн засварчнаар ажилладаг” гэх тодорхойлолт /хх-61/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-81/, ***********г 100.000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас /хх-94/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ***********согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 23-ний шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ********** тоот гэртээ хамтран амьдрагч ***********тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан цээж хэсэгт өшиглөж биед нь баруун 3, 4 дүгээр хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч ***********н “...Караокед архи, пиво уугаад гэртээ ирсэн. *********** “чи цүнхэнд байсан гар утсыг яах гэж авч ярьсан юм бэ гээд” хөлд нь сууж байтал *********** баруун хөлөөрөө миний баруун хавирга хэсэг рүү өшиглөчихсөн...” гэх мэдүүлэг /хх-15, 20/, гэрч Б.***********гийн “...ахын гэрт хоорондоо зодолдоод унахаар нь орж салгатал...” гэх мэдүүлэг /хх-22/, шүүх эмнэлгийн 13103 дугаар “1. ***********н биед баруун 3, 4 дүгээр хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-38-39/, шүүгдэгч Б.***********ийн яллагдагчаар өгсөн “...Би хүүхэд уйлаад байхаар нь тэврээд орон дээр хэвтэхэд *********** орны хөлд суучхаад миний энэ тэндээс маажаад байхаар нь өөрөөсөө холдуулах гээд ***********н цээж рүү нэг удаа хөлөөрөө жийгээд өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-89/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.***********ийн хохирогч буюу хамтран амьдрагч ***********тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан цээж хэсэгт өшиглөж, баруун 3, 4 дүгээр хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.***********н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-20/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********нь 2020 оны 10 дугаар сарын 23-ний шөнийн 01 цагийн үед гэртээ хамтран амьдрагч ***********тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хөлөөрөө цээж орчим хэсэгт өшиглөж биед нь баруун 3, 4 дүгээр хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогчтой хамтран амьдардаг ч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн ажилтай, тодорхой орлоготой, өмнө нь хохирогчийн биед халдаж байгаагүй зэргийг харгалзан 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Мөн 3 хүүхэдтэй, орон гэрээ тэжээн тэтгэж байгааг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар торгох ялаас чөлөөлж, эсхүл торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар торгох ялаас чөлөөлж өгнө үү. Мөн “учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү” гэх дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ. Тухайлбал хохирогчийн “...цүнхэнд байсан гар утсыг яах гэж авч ярьсан юм гээд орны хөлд сууж байтал өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-14-15, 19-20/, мөн хохирогчийн гэрчээр өгсөн “...*********** надтай маргалдаж байгаад уурлаад миний цээж рүү амьсгаа авч болохгүй болтол хүчтэй жийсэн...” гэх мэдүүлэг /хх-29/ зэргээр шүүгдэгчийн “хохирогч энд тэндээс маажаад байсан гэх” буюу хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байхын зэрэгцээ шүүгдэгчийн уг мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй болно.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч хохирогчид төлсөн төлбөргүй, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснээс дүгнэхэд “учруулсан хохирлыг төлсөн” гэх хуульд заасан нөхцөл байдлыг хангаагүй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт тул шүүгдэгч Б.***********ийн дээрх байдлаар тогтоогдсон үйлдлийн хувьд ялаас чөлөөлөх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч, хохирогч хэн аль нь согтуурсан байсан, үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж нэг удаагийн өшиглөх үйлдлээр хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд баруун 3, 4 дүгээр хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажил, орлоготой/-ыг тус тус харгалзан оролцогчдын торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч ***********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой/-ийг үндэслэн шүүгдэгч ***********500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *********ын *********** хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********500.000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР