Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2021/0954/З |
Дугаар | 221/МА2022/0665 |
Огноо | 2022-10-19 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2022/0665
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 540 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бгийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Т” ХХК
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар,
Гуравдагч этгээд: Б.Д, Н.Н
Гуравдагч этгээд: Нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж, 11-1 тоот хаягт байрлах Ү-2205032435 дугаартай бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 540 дүгээр,
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г,
Гуравдагч этгээд Б.Д,
Гуравдагч этгээд Н.Н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д,
Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Ө.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,
Хэргийн индекс: 128/2021/0954/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн 540 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.2, 24 дүгээр зүйлийн 24.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гаргасан “Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж, 11-1 тоот хаягт байрлах Y-2205032435 дугаартай бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн а/736 дугаар захирамжаар “Т” ХХК-ийг Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 11, 12 дугаар байрны барилгажилтын төслийн хэрэгжүүлэгчээр батламжилж эрх олгосон бөгөөд төсөл хэрэгжих газрыг тус компанид эзэмшүүлсэн.
Тус төслийг хэрэгжүүлэхэд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны 1 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хууль зөрчиж олгогдсоноос төсөл хэрэгжих боломжгүйд хүрч, олон оршин суугч, иргэд болон газар эзэмшигч гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөж хохироод байна.
Тодруулбал Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 07 дугаар сарын 10-ний өдрийн 01-01/05, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн 01-01/08 дугаар шийдвэрээр тус тус Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм БНбД 22.01.01 /2006”-ын холбогдох заалтуудыг хангахгүй болсон, улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй болох нь тогтоогдсон тул тус байшингийн ашиглалтыг 2014 оны 07 дугаар сарын 20-ний өдрөөс эхлэн хориглосон.
Улмаар Нийслэлийн Засаг дарга 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай А/977 дугаар захирамж гаргаж, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 11 дүгээр байрыг дахин төлөвлөж, барилгажуулж, тус орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн.
Мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 02-01/1387 дугаар захирамжаар Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг буулгах, дахин төлөвлөх, шинээр орон сууц барих талаар аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэр гарснаар тухайн орон сууцыг мэдээллийн нэгдсэн сангаас хасч ашиглах эрх дуусгавар болно” гэж заасны дагуу орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргах ажлыг түдгэлзүүлэх арга хэмжээг авах тухай захирамжийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн байдаг.
Гэтэл ашиглахыг хориглосон Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 11 дүгээр байрны 11-1 тоот хаягт байрлах 130.98 м.кв талбайтай үйлчилгээний
зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө дээр газрын гэрээ, гэрчилгээгүй байхад 53.82 м.кв талбайтай өргөтгөлийг нэмж Y-2205032435 дугаарт бүртгэсэн нь Улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчиж бүртгэсэн нь тогтоогдсон гээд зөвхөн 2018 оны 10 дугаар сарын 10-ний 11-1288843 дугаартай мэдүүлэг бүхий бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч дээрх бүртгэлийн 130,93 м.кв бүртгэл хүчинтэй үлдсэнээр 11 дүгээр байрыг буулгах боломжгүй болж өнөөдрийг хүртэл төсөл хэрэгжих боломжгүй нөхцөл үүсээд байгаа.
Гэтэл анхан шатны шүүх хуулийг илтэд буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хянахад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул хэвээр үлдээж, тус гомдлыг хангахгүй орхилоо.
2. Нэхэмжлэгч “Тэргүүн чансаа” ХХК нь “Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж, 11-1 тоот хаягт байрлах Ү-2205032435 дугаартай бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Анхан шатны шүүх уг үл хөдлөх эд хөрөнгийг 2009 онд иргэн С.Бын мэдүүлэг, түүнд хавсаргасан газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ болон бусад баримтуудыг үндэслэн анх улсын бүртгэлд бүртгэсэн, С.Быг нас барснаас хойш түүний хууль ёсны өвлөгч Н.Наранжав, Б.Даваасүрэн нарын нэр дээр 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлэн бүртгэсэн нь тус тус Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн (2003 оны) 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.2-т нийцсэн, уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. ... тухайн 11 дүгээр байр шаардлага хангахгүй болсонтой холбоотой барилгажилтын төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж төсөл хэрэгжих газрыг тус компанид эзэмшүүлсэн. 11-1 тоотын үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хууль зөрчиж олгогдсоноос төсөл хэрэгжих боломжгүйд хүрч, олон оршин суугч, иргэд болон газар эзэмшигч гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөж хохироод байна” гэжээ.
5. Тухайн 130 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх 2009 онд хууль ёсоор бүртгэгдсэн, харин нэхэмжлэгчид шинээр барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрх нь 2017 онд үүссэн байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь тухайн бүртгэл болон үл хөдлөх эд хөрөнгийн эрх өв залгамжлагч нарт шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийн улмаас зөрчигдсөн гэж үзэж тухайн бүртгэлийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй байна.
6. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ20220/540 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Тэргүүн чансаа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ