Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 00015

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

Г.Год холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Хэргийн индекс 179/2017/0139/Э

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: П.И,

Шүүгдэгч: Г.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батдорж,

Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолтой Г.Год холбогдох 1738003920138 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ш овогт Г-ын Г, 1989 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оноож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан 3 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялд багтааж бүгд 6 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулсан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 сар 10 хоног баривчлах ял оноож 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хуулийн тэгшитгэлээр суллагдсан /регистрийн дугаар: РГ....................../.

Шүүгдэгч Г.Г нь 2017 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 10-07 тоот хашаанаас М.Бий эзэмшлийн улсын дугааргүй ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль хулгайлж     1,780,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Шарнууд овогт Ганбаатарын Гыг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч Г.Гыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Год оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, болохыг дурдаж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн дөрвөлжин хэлбэртэй /плаш, мемори картны оролттой/ хөгжим, түүний дагалдах хэрэгсэл болох хөх өнгийн зууван дугариг хэлбэртэй 2 өсгөгч, мөн адил өнгийн цагаан саарал өнгийн 2 ширхэг, 1 ширхэг толь болон толины иш, урд гарын хооронд байдаг ногоон өнгийн зөөлөвч, консны тросс 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хохирогчид буцаан олгохыг шүүгчийн туслах Г.Түвшинтөгст даалгаж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь М.Б нь иргэний журмаар мотоцикльд учирсан гэмтэл буюу зардлыг  жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Г давж заалдах гомдолдоо: ... Хэргийг яаруу, түргэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ гэсэн мөрдөгч, прокурорын санаачилгаар шүүхэд шилжүүлсэн нь миний эрх ашгийг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь урьдчилсан дараах нөхцөл байдал бүрдсэн тохиолдолд хийгдэх ажиллагаа бөгөөд үүнд миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн байх, хүлээн зөвшөөрснөөс үүдэх үр дагаварыг надад танилцуулсан байх, түүнчлэн хэргээ түргэн хугацаанд хялбаршуулж шийдвэрлэж өгөхийг хүссэн миний хүсэлт байх ёстой ба ялын талаар тохирсон байх ёстой. Ийм нөхцөл байдал бүрдүүлэлгүй хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх шийдвэрлэсэнд гомдолтой байна.

... Мотоцикль алга болсон гэх өдөр Бат-Эрдэнийн хашаанаас олсон гэх гутлын ул мөр ч худлаа бөгөөд би тийм хүнтэй уулзаагүй, танихгүй болно.

... Би урьд өмнө мотоцикль хэрэглэдэг байсан. Залуу хүн болохоор хөгжим авч мотоцикльдоо тавьж сонсдог байсан. Доргилтонд амархан эвдэрдэг болохоор хөгжмөө хэд хэдэн удаа сольдог, манай хашаанд хүртэл мотоциклийн сэлбэг, хөгжимний эвдэрсэн өсгөгчүүд хүртэл байсан.  ... Хэн нэгний санаатай хийж байгаа хэрэг тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор: ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т  зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд  заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Г.Г нь 2017 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 10 дугаар гудамжны 07 тоот хашаанаас М.Бий эзэмшлийн улсын дугааргүй ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль хулгайлж, 1,780,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх ба анхан шатны шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “хөрөнгийг....хулгайлж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Г нь хохирогч М.Бий Мустанг-5 маркийн мотоцикль хулгайлж, 1,780,000 төгрөгийн хохирол учруулсан нь:

 -Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “...шинжилгээнд тэнцэж байгаа 6 дугаартай гутлын мөр нь Г.Гын гэр болох 13-27-12 тоот хашаанаас бэхжүүлсэн 12 дугаартай гутлын мөртэй ерөнхий шинжээрээ тохирч байна.” гэсэн 107 дугаар дүгнэлт,

-үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

-таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

          Шүүхээс Г.Гын  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Г.Год холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг бодитой тогтоосон байна.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-д зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарч байх ба дээрх журмаар  шийдвэрлэсэн нь түүний эрх ашгийг зөрчсөн гэж үзэх боломжгүй.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийн “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь миний эрх ашгийг зөрчсөн,  мотоцикль хулгайлаагүй байхад гэм буруутайд тооцсон” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г.Гын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БАЯРХҮҮ

                           ШҮҮГЧИД                                             С.УРАНЧИМЭГ

                                                                        Б.СОСОРБАРАМ