| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/1081/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/224 |
| Огноо | 2021-03-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/224
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,
улсын яллагч Д.Ганчимэг,
шүүгдэгч ***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008002171262 дугаар хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: *********
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч ***********нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** дугаар орцонд 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэн ***********нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед “дээд уруулын цус хуралт, дээд үүдэн нэг шүдний ганхалт” гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
Шүүгдэгч ***********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийн нүүр лүү 2 удаа цохисон. Хохиролд 100.000 төгрөг өгсөн. Гэм буруугаа ойлгож байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Эрүүгийн 2008002171262 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч ***********: “...Би ***** орцны давхруудыг шалгах гээд 9-н давхарт гараад шатаар бууж байхад 8 давхрын шатан дээр гурван залуу архи уугаад зогсож байхаар нь би “энд архи ууж болохгүй, орцноос нь гар” гэхэд миний үгэнд орохгүй, гарахгүй зогсоод байхаар нь би архийг булааж авахад цоохор ногоон хувцастай ***********гэж залуу нь миний нүүр лүү 3-4 удаа цохисон. Миний үүдэн шүд хугарч унаад нэг шүд унах гээд хөдөлгөөнд орсон. Амнаас цус гоожихоор нь би түрүүлж буугаад ээжтэйгээ утсаар яриад болсон явдлыг хэлээд цагдаад дуудлага өгсөн. Миний хувьд гомдолтой байна. Ажлаа хийж яваад хүнд шаардлага тавьсныхаа төлөө зодуулсан. Би хугарсан шүдээ янзлуулмаар байна.
...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. *********** надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн. Миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Энэ хэрэгт холбогдуулан миний зүгээс гаргах ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-13-16, 17-19/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.12.29-ний өдрийн 874 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.***********дээд уруулын цус хуралт, дээд үүдэн нэг шүдний ганхалт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, цохих үйлдлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-29-30/,
Материалаар гаргасан шүүх эмнэлгийн 2020.01.28-ны өдрийн 182 дугаар нэмэлт шинжилгээний дүгнэлтэд: “1. ***********дээд уруулын цус хуралт, дээд үүдэн нэг шүдний ганхалт тогтоогдлоо. Зүүн дээд хоёрдугаар үүдэн шүд өвчилсөн байсан нь хугарсан тул үүнийг эрүүл шүдтэй адил хугарсан гэж гэмтлийн зэрэг тогтоодоггүй. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, цохих үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувиар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-36-37/,
Гэрч ***********: “...хүү *********** миний утас руу залгаад “манай орцонд сууж байсан гурван залуу архи уугаад гарахгүй болохоор би архийг нь булааж аваад гар” гэхэд нэг нь намайг зодоод “үүдэн шүдний нэгийг хугалчихлаа, та буцаад ирэх боломж байна уу” гэж хэлсэн. ***********ын дээд уруулын дотор тал нь язраад хавдсан, нэг шүд нь хугарсан, хажуу талын шүд нь хөдөлсөн байсан. ***********ыг цохисон залууг цагдаа аваад явсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-22-23/,
Шүүгдэгч Б.***********ын яллагдагчаар өгсөн: “…Хамт ажилладаг ***********, *********** бид гурав 1 шил архи аваад орцонд уусан. Дуусаад гарах гэж байтал 2 залуу орж ирээд “энд архи ууж болохгүй” гэж уурласан. Тэр залуу уурлаад миний хөл рүү өшиглөсөн. Би уурлаад “гадаа хүйтэн болохоор энд орж ирээд уучихлаа, одоо гарлаа” гэсэн чинь уурлаад “гар” гээд хөөхөөр нь би тэр залуугийн нүүр лүү баруун гараараа 1 удаа цохисон. Хамраас нь цус гарсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэж ойлгож байна. Би энэ гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөн хариуцлага оноож өгнө үү” гэх мэдүүлэг /хх-46-47/
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-50/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа /хх-53/, эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа /хх-54/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас хх-57/, “*****” ХХК-ийн 2020.09.10-ны өдрийн “***********нь манай компанид ажилладаг нь үнэн болно. Сарын цалин 700.000 төгрөг, сар бүр бэлнээр авдаг” гэх тодорхойлолт /хх-64/ зэрэг бичгийн нотлох баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ***********согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, ***** орцонд хохирогч ***********нүүрэн тус газарт гараараа цохиж, “дээд уруулын цус хуралт, дээд үүдэн нэг шүдний ганхалт” гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч ***********“...Гурван залуу архи уугаад зогсож байхаар ...***********миний нүүр лүү 3-4 удаа цохисон. Тэр үед миний үүдэн шүд хугарч унаад нэг шүд унах гээд хөдөлгөөнд орсон...” гэх мэдүүлэг /хх-13-19/, шүүх эмнэлгийн 874 дүгээр “1. ***********биед дээд уруулын цус хуралт, дээд үүдэн нэг шүдний ганхалт тогтоогдлоо. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-29-30/, гэрч *********** “...Манай орцонд 3 залуу архи уугаад намайг зодлоо гэж хэлсэн. ***********ын дээд уруулын дотор тал нь язраад хавдсан, нэг шүд нь хугарсан, хажуу талын шүд нь хөдөлсөн байсан” гэх мэдүүлэг /хх-19-21/, шүүгдэгч Б.***********ын яллагдагчаар өгсөн “...Бид гурав орцонд архи уусан. Би энэ гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-46-47/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.***********ын хохирогч Х.***********тай маргалдан нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч ***********эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, түүнчлэн хохирол төлсөн баримт хэрэгт авагдаагүй ч хохирогчийн “*********** миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-19/-ийг үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********нь хохирогч ***********нүүрэн тус газар цохиж, түүний биед “дээд уруулын цус хуралт, дээд үүдэн нэг шүдний ганхалт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч ***********удаа дараа гэмт хэрэг үйлдсэн, шүүн таслах ажиллагаанаас оргон зайлсныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Бусдад төлөх төлбөргүй...” гэж,
шүүгдэгч “Гэм буруугаа ойлгож байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, зүй ёсны шаардлага тавьсан хохирогчийн нүүр лүү 3-4 удаа цохин эрх, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирогч “Хохирлыг барагдуулсан, эвлэрсэн. Нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүн таслах ажиллагаанаас оргон зайлсан/ зэргийг тус тус харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Шүүгдэгч Б.***********ын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон эдлэх ялаас 232 цагийг хасч, эдлэх ялыг 488 цагаар тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.11, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт *********ы ***********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***********ын цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 232 цагийг хасаж, эдлэх ялыг 488 /дөрвөн зуун наян найм/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.***********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР