Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/110

 

 

 

 

 

 

 

   2021          02          25                                       2021/ШЦТ/110

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Ц.Ганчимэг,

шүүгдэгч Г.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2110000000001 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 25-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Г.Э- нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 80-03 УБМ улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Соната-6” маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа үйлчлүүлсэн иргэн Т.Н-гийн гээгдүүлсэн “Самсунг А-50” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж ашиглан, бусдад 521.940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э- мэдүүлэхдээ: “Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргахгүй” гэв.  

 

Хоёр. Эрүүгийн 2110000000001  дугаартай хэргээс:

1. Хохирогч Т.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажил тараад ажлынхаа 4 залуутай, 2 том пиво хувааж уугаад Баянгол дүүрэг “Улаанбаатар гурил” ХХК-ны хажуу талаас саарал өнгийн приус 20 загварын такси барьж суугаад Хан-Уул дүүрэгт байрлах нисэхийн сургуулийн буудал дээр буугаад найзтайгаа уулзаж, цүнхтэй бичиг баримтуудаа аваад АБУ, “Хөх тэнгэр” нэртэй дэлгүүрийн орчим такси бариад Хан-Уул дүүргийн 7 дугаар хороонд байрлах гэрийнхээ гадаа хүргүүлсэн. Сүүлд барьсан такси мөнгөлөг саарал өнгөтэй, приус 20 загварын такси байсан. Суусан хоёр таксины дугаарыг нь хараагүй. Гэртээ ороод гар утсаа үзэхэд байхгүй байсан. Тухайн үед манай бага хүүхэд төрсөн гээд ажлаас өгсөн памперс мөн цүнхтэй бичиг баримтаа авсан, 2 гартаа нэлээн ачаатай байсан болохоор гар утсаа таксинд унагаасан уу, буугаад унагаасан уу, энэ тэнд тавьсан уу гэдгээ сайн санахгүй байсан болохоор цагдаад хандалгүй байж байгаад хүнээс утасныхаа имей дугаараар утсаа олж болдог гэж сонсоод цагдаагийн байгууллагад өөрийн биеэр ирж өргөдөл гаргасан. Би утсаа 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр Хорооллын “Smart” электроникс дэлгүүрээс 840.000 төгрөгөөр худалдан авч байсан. Цэнхэр өнгөтэй “Самсунг А50” загварын гар утас байсан. Утас авснаас хойш гар утсанд ямар нэг засвар үйлчилгээ хийгдээгүй. Ар талын цэнхэр таг хэсэг нэлээн арзайж зурагдсан, дэлгэцний нүүрэн талын хамгаалалтын шилэн наалт нь хөндлөн цуурсан, гар утасны нарийн завсар зай болгоноор гурил ороод муухай болсон байсан. ...Би гээгдүүлсэн гар утсаа 500.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

 

- 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хохирогчоор дахин өгсөн: “...гар утасныхаа Имэй кодоо тулгаж харлаа, миний утас мөн байна. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

 

2. Гэрч С.Л- мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...Он сар өдрийг нь сайн санахгүй байна. Манай нөхөр нэг өдөр таксинд явж ирээд машинаасаа гар утас оллоо гэж хэлсэн. Тухайн гар утас асаалттай байсан. 2-3 хоног асаалттай хэвээрээ байсан. Тэр үед нь ямар нэг хүн залгаагүй. ...Тэгсэн чинь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр цагдаагаас алдагдсан утас байна, авч ирж өгөх талаар хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,  

 

3. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “...Дамно” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ХУ2-20-816 дугаартай “Самсунг А50 загварын гар утас 521.940 төгрөг...” тухай үнэлгээний тайлан /хх-ийн 20-21/,

 

4. Эд зүйл түр хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-21/,

 

5. Шүүгдэгч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...2020 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт таксинд явж байхад гэртээ хүргүүлэн буусан хүн машины хойд суудал дээр гар утсаа мартаад буусан байсныг дараагийн суусан хүн надад өгсөн юм. Би тухайн үед машиндаа утас байсан үгүйг мэдээгүй. Ингээд тэр өдрөө тухайн гар утсыг унтраахгүй байж байгаад хэд хоногийн дараа эхнэр С.Л- нэр дээр байдаг 96169083 дугаарын сим картыг хийж ашигласан. Өөрийнхөө дугаарыг хийчихвэл эзэн нь мэдээд авчих байх гэж бодсон. Тэгсэн чинь над руу цагдаагаас яриад алга болгосон утас байгаа юм. Авч ирж өгөх талаар хэлсэн, энэ үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

 

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-30/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Г.Э- нь бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Г.Э- нь Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 80-03 УБМ улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Соната-6” маркийн тээврийн хэрэгслээр 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр такси үйлчилгээнд явж байхдаа үйлчлүүлсэн иргэн Т.Н-гийн гээгдүүлсэн Самсунг А-50 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 521.940 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  

 

- Хохирогч Т.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: Гэртээ ороод гар утсаа үзэхэд байхгүй байсан. ...утасныхаа имей дугаараар утсаа олж болдог гэж сонсоод цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. ...гар утсаа 500.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/ болон түүний хохирогчоор 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дахин өгсөн: “...гар утасныхаа Имэй кодоо тулгаж харлаа, миний утас мөн байна. ...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,

- Гэрч С.Л- мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...Манай нөхөр нэг өдөр таксинд явж ирээд машинаасаа гар утас оллоо гэж хэлсэн. ...2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр цагдаагаас алдагдсан утас байна, авч ирж өгөх талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ХУ2-20-816 дугаартай “Самсунг А50 загварын гар утас 521.940 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 20-21/,

- Эд зүйл түр хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-21/,

- Шүүгдэгч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...цагдаагаас яриад алга болгосон утас байгаа юм, авч ирж өгөх талаар хэлсэн, энэ үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Хууль зүйн хувьд гээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан үйлдлийг ойлгоно. Шүүгдэгч Г.Э- нь тухайн үед гээгдэл эд хөрөнгийг бусдын эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшиж байгаа нь гэм буруугийн шууд санаатай, шунахай сэдэлттэйгээр үйлдэгдсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гээгдэл эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан бол тус гэмт хэргийн шинжийг хангахаар хуульчилсан.

 

Тус хэрэгт “Дамно” хөрөнгийн үнэлгээний байгууллага нь хохирогчийн гээгдүүлсэн Samsung” A50 маркийн гар утасны зах зээлийн бодит үнэлгээг 521.940 төгрөгөөр тогтоожээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад  “бага хэмжээний хохирол гэж 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж заасан бөгөөд тус хэргийн хохирол нь 521.940 төгрөгөөр тогтоогдсон байгаа нь бага хэмжээнээс дээш хэмжээний хохиролд хамаарч байна.

 

Иймд шүүгдэгч Г.Э-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт гэм  буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Т.Н-д 521.940 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид гар утсыг биет байдлаар буцаан өгсөн талаарх баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгох ял оногдуулах тухай дүгнэлт гаргасан, шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Э- нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэгдэж байсан боловч түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.

 

Шүүгдэгч Г.Э-ыг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан, нөгөө талаас гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохимжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Мөн шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгохыг ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар: Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Э-ыгГээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Э-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДОРЖСҮРЭН