| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2021/0118/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/107 |
| Огноо | 2021-02-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/107
2021 02 24 2021/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,
улсын яллагч Ц.Ганчимэг /томилолтоор/,
шүүгдэгч Э.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 20100 2054 1115 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .....
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч Э.Б- нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” клубд үйлчлүүлж байхдаа тухайн клубээр үйлчлүүлж байсан иргэдтэй маргаан үүсгэж, уг маргааныг таслан зогсоохоор шаардлага тавьсан хохирогч Ө.Б-ы нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун хөмсөгт шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, доод зовхинд зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б- мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг гаргахгүй” гэв.
Хоёр. Эрүүгийн 20100 2054 1115 дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/,
2. Хохирогч Ө.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” клубээр үйлчлүүлээд тэкен дээр байж байтал үл таних залуу нэг залууг цохиод байхаар нь хөөе болиоч ээ гэж хэлтэл уг залуу шууд миний нүүрэн тус газар нэг удаа цохисон. Миний хөмсөгнөөс маш их цус гарсан ба хамгаалагч нар салгаж түргэн дуудаж цусыг тогтоож өгч би Мөнгөн гүүр эмнэлэг орж оёулсан. Тэгээд цагдаагийн газар дээр ирж өргөдөл өгсөн. Уг залуу намайг цохих үед хажууд хэн байсныг мэдэхгүй байна. Хурдан болоод өнгөрсөн болохоор сүүлд хамгаалагч нар ирсэн байсан. Цохиулснаас болж би хөдөлмөрийн чадвараа 2 сар алдсан. Би нэг сарын 4 сая төгрөгийн орлоготой учир түүнийгээ нэхэмжилмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-11/,
3. Гэрч Б.Э-ий 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг 15 хороо “Минт” клубд харуул хамгаалалтын албаны даргаар ажиллаж байх үед үйлчлүүлж байсан залуу нэг үл таних залуутай текний орчим маргалдаад нэг нь нөгөөхөө түлхэж унагаагаад өшиглөсөн. Тэгтэл араас нэг нь очоод тухайн түлхэж унагаагаад өшиглөж байсан залууд хандаж хөөе чи болиоч гээд түлхтэл нөгөө залуу эргэж хараад шууд уг залуугийн нүүрэн тус газар цохитол уг залуугийн хөмсөгнөөс цус гарсан. Уг залуу бөгжтэй гараараа цохисон байсан. ...Тэр цохисон залуу цагаан футволктой саравчтай малгайтай залуу байсан. Цохисон залуу согтууруулах ундаа хэрэглэсэн, гэхдээ биеэ хянах чадвартай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11521 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтэд:
- Ө.Б-ы биед баруун хөмсөгт шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, доод зовхинд зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Шинэ гэмтлүүд байна.
- Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-21/,
5. Шүүгдэгч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 12 дугаар сарын 18-ний өдөр өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгаа тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Хойноос ирж намайг татсан залууг намайг цохих гэж байна гэж бодоод нэг удаа цохисон. Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/,
6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 32/, иргэний үнэмлэхний лавлагаа, хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34-38/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Э.Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Э.Б- нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” клубд 2020 оны 10 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө үйлчлүүлж байхдаа тухайн клубээр үйлчлүүлж байсан иргэдтэй маргаан үүсгэж, уг маргааныг таслан зогсоохоор шаардлага тавьсан хохирогч Ө.Б-ы нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун хөмсөгт шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, доод зовхинд зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/,
- Хохирогч Ө.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хөөе болиоч ээ гэж хэлтэл уг залуу шууд намайг нүүрэн тус газар нэг удаа цохисон. ...би Мөнгөн гүүр эмнэлэг орж оёулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-11/,
- Гэрч Б.Э-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хөөе чи болиоч гээд түлхтэл нөгөө залуу эргэж хараад уг залуугийн нүүрэн тус газар цохитол ...хөмсөгнөөс цус гарсан. ...бөгжтэй гараараа цохисон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11521 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт /хх-ийн 20-21/,
- Шүүгдэгч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...яллагдагчаар татаж байгаа тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Хойноос ирж намайг татсан залууг намайг цохих гэж байна гэж бодоод нэг удаа цохисон. Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Шүүгдэгч Э.Б- нь олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ өөрийн ухамсарт үйл ажиллагааг хянаагүй, согтууруулах ундаа хэрэглэсэн байдал нь бусадтай зүй бус харьцахад нөлөөлж, улмаар хохирогч Ө.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.
Иймд шүүгдэгч Э.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Тус хэргийн улмаас хохирогч Ө.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8.000.000 төгрөгийн хохирол нэхэмжлэх талаараа мэдүүлсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд нэхэмжлэлтэй холбоотой баримтаа ирүүлээгүй учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Ө.Б- нь энэ хэргийн улмаас гарсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Улсын яллагч дүгнэлтдээ “... шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Э.Б- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заалтад зааснаар “ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүхээс шүүгдэгч Э.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан, нөгөө талаас гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар: Тус хэрэгт шүүгдэгч Э.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.Б-ад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Э.Б-ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ө.Б- нь энэ хэргийн улмаас учирсан хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН