Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/28

 

 

 

 

 

 

 

 

  2021             01            08                                       2021/ШЦТ/28

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Х.Анхцэцэг,

хохирогч С.Батчулуун,

шүүгдэгч Б.Батсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Батсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2008000001054 дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул-Алтай 104 дүгээр байрны 30 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байсан байдал:

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Гэгээн Бямба овогт Бямбын Батсайхан (РД: ЧА74100419).

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.Батсайхан нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Их нарангийн автобусны буудлын орчимд “мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар эрүүн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “эрүү ясны хугарал, оочинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

 

  • Шүүгдэгч Б.Батсайхан “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

- Хохирогч С.Батчулуун ...“Батсайхантай хамт зуны улиралд ажил хийж байсан. Тухайн үед Батсайхан бид хоёр маргалдаж би явлаа гээд найзтайгаа хамт явсан. Явж байхад манай найз надад Батсайханы картын нууц дугаарыг мэдэх үү гэхэд нь би мэднэ гэж хэлж бид хоёр картыг нь уншуулж дэлгүүрээс юм авсан. Тухайн үед хэдэн төгрөг үрснийг мэдэхгүй байна. Батсайхан картад 1.000.000 сая төгрөг байсан гэж хэлсэн. Сүүлд би та хоёроос 300.000, 300.000 төгрөг авна гэж хэлсэн. Манай найз Батсайханд мотоциклоо барьцаанд үлдээж, хавар нь 300.000 төгрөг өгч мотоциклоо буцаан авсан байсан. Би хавар ажил хийж Батсайханы мөнгийг өгөх гэж байсан боловч миний бие муудаж, эмнэлэгт хэвтэж, хагалгаанд орсон. Зун Батсайхантай тааралдахад мөнгөө авъя гэж хэлэхэд нь би эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирлээ. Одоохондоо боломжгүй байна гэж хэлтэл миний хэвлий хэсэгт нэг удаа цохисон. Тухайн үед надтай хамт байсан хүмүүс бие нь муу байгаа боль гэж хэлтэл битгий худлаа хэлээд бай гэж хэлээд миний эрүү рүү нэг удаа цохичхоод машинд суугаад явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очиж зураг авхуулахад миний эрүүг хоёр хугарсан байна гэж хэлсэн. Батсайхан надад хохиролд 1.000.000 төгрөг өгсөн нь үнэн. Энэ хэргийн анхны шүүх хуралдааны дараа Батсайханаас асуухад “би шүүхээс 3.000.000 төгрөгөөр торгох ял авсан чамд одоо нэмж мөнгө өгөхгүй” гэж хэлсэн тул би давж заалдах гомдол гаргасан. 11 дүгээр сард бие муудаж эмнэлэгт хэвтсэн. Энэ хооронд Батсайхан манай дүү рүү агсам тавьж, удмаар чинь ална гэж хэлсэн байсан. Ямар шалтгаанаар ингэж хэлж, манай ар гэрийнхнийг дарамталж байгааг ойлгохгүй байна...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

  • Хохирогч С.Батчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр би эмнэлгээс гараад гэртээ харих гээд Их Нарангийн дунд буудал дээр автобуснаас 16-17 цагийн орчим буусан. Тэгсэн автобусны буудлын орчим Батсайхан машинтайгаа зогсож байсан. Намайг дуудахаар нь яваад очсон. Батсайхан тухай үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 150.000 төгрөгийн тооцоотой талаар ярьж согтуурхаж байснаа гэдэс рүү цохихоор нь миний бие муу байгаа, эмнэлгээс гараад явж байна гэхэд эрүү рүү гараараа цохисон. Миний уруул амнаас цус гарахаар нь би” шүд хугалчихлаа шүү дээ” гэж хэлсэн чинь “чиний хиймэл шүдийг л хугалаа биз битгий худлаа хэлээд бай” гээд машиндаа суугаад яваад өгсөн. Миний эрүү хугарчих шиг болохоор нь Гэмтлийн эмнэлэг орсон. Миний биед учирсан бүх гэмтлийн Батсайхан нэг удаа цохиж учруулсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас)

            - Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 6325 дугаар: “Хэсэг газрын үзлэгт ам ангайл хязгаарлагдсан, эрүү яс доод үүдэн 2 шүдний баруун талаар хугарч салсан харагдана, цус их гарсан, оочин доор хавдсан 2х2.5 см хөх ягаан өнгийн цус хуралттай.

1. С.Батчулууны биед эрүү ясны хугарал, оочинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид өнгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дугаар тал)

  • Шүүгдэгч Б.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Их Нарангийн дунд буудал дээр танил С.Батчулуунтай тааралдсан. Нэг жилийн өмнө надаас мөнгө аваад өгөөгүй болохоор нь мөнгөө авъя гэсэн чинь өгнө гээд байсан. Батчулуун надаас авсан мөнгөө өгөхгүй, өгнө гэж удаа дараа хэлээд зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа. Тэгээд бид хоёр маргалдаад би эрүү хэсэгт нь нэг удаа цохичхоод машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дугаар тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 39 дугаар тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дүгээр тал), эд хөрөнгөтэй талаарх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 42 дугаар тал), Хаан банк дахь депозит дансны хуулга (хавтаст хэргийн 43-62 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Батсайханд холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Батсайхан нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Их Нарангийн автобусны буудлын орчимд С.Батчулууныг “мөнгөө өгсөнгүй” гэх шалтгаанаар эрүүн тус газар нь цохиж, эрүүл мэндэд халдаж хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

- хохирогч С.Батчулууны “... 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ... автобусны буудлын орчим Батсайхан намайг дуудахаар нь яваад очсон...150.000 төгрөгийн тооцоотой талаар ярьж согтуурхаж байснаа гэдэс, эрүү рүү гараараа цохисон...миний эрүү хугарчих шиг болохоор нь Гэмтлийн эмнэлэг орсон” гэх мэдүүлэг (хх-11),

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 6325 дугаартай “С.Батчулууны биед эрүү ясны хугарал, оочинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид өнгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хх19-20)

- шүүгдэгч Б.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Батсайхан нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус  зүйл, хэсэгт зааснаар түүнийг гэм буруутайд тооцох үндэстэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Батсайхан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч С.Батчулуун нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, “...ямар нэгэн гомдол саналгүй, Батсайханаас эмчилгээний зардал 1.000.000 төгрөгийг бэлнээр авсан” гэх хүсэлт (хх-69)-ийг илэрхийлж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Харин хохирогчоос “эрүү яс хадуулах хагалгаанд орсон хадаас авах хагалгаанд орох зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлгийг өгсөн ба тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардалтай холбоотой, хагалгааны зардалд хэдэн төгрөг болох эсэх талаарх баримтыг тус тус гаргаж өгөөгүйн улмаас гэм хор учруулсны төлбөрийг үндэслэл бүхий тодорхой тооцоо гарган шийдвэрлэх боломжгүй учир хохирогч С.Батчулуун нь уг гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

            Иймд шүүгдэгч Б.Батсайханыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагч: ”шүүгдэгч Б.Батсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг шүүгдэгч маргаж, мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Батсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, үл ялих зүйлээр шалтаглан бусдын эрүүл мэндэд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаар төлөхөө илэрхийлсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /хувиараа хөдөлмөр эрхэлж тодорхой орлого олдог, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батсайханыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого зэргийг харгалзан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар.

Эрүүгийн 2008000001054 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Батсайхан нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бямба овогт Бямбын Батсайханыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батсайханыг 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Батсайханд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 (дөрвөн) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4. Эрүүгийн 2008000001054 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Батсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж, хохирогч С.Батчулуун нь уг гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БЯМБААБААТАР