Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/38

 

 

 

     2021          01            12                                         2021/ШЦТ/38

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,

улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,

шүүгдэгч Л.Өнөрбат нарыг оролцуулан хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Л.Өнөрбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008000001431 дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа барилгын хөдөлмөр эрхэлдэг гэх,  Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 2 дугаар гудамжны 65 тоотод оршин суух бүртгэлтэй боловч ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын замын 5-7 тоотод түр оршин суух, урьд Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 67 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” Монгол Улсын хуулийн 2-р зүйлд зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж байсан, Боржигон овогт Л,Ө (РД:).   

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Л.Өнөрбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн Мал тууврын замын 5-7 тоотод найз эмэгтэйг оролдлоо гэх шалтгаанаар Д.Гончигсүрэнг гараарай толгой, нүүр хэсэг рүү нь цохиж, тус нийтийн байрны гадна Д.Гончигсүрэнгийн нүүр хэсэг рүү цохиж, газарт унаган, хөлөөрөө хавирга хэсэг рүү нь өшиглөж, нуруу хэсэг рүү дэвсэж чирсний улмаас эрүүл мэндэд нь цээжний баруун талд 10 дугаар хавирганы хугарал, хамрын нуруу, зүүн сарвуу, дух, зүүн хацар, цээж бүсэлхий, зүүн бугалга, баруун шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Өнөрбат мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй. Би хохирогчийн эмчилгээний зардалд 480.000 төгрөг өгсөн. Яллах дүгнэлтэд энэ талаар бичигдээгүй байна...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

    

            - Гэмт хэргийн талаарх гомдол, хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар тал),

 

- Хохирогч Д.Гончигсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Өнөрбаттай хөзөр тоглоод сууж байхдаа “хөзөр тоглох, ажил хийх 2 ондоо шүү” гэж хэлж намайг доромжлоод байхаар нь би түүний хацар луу гараараа алгадсан чинь намайг барьж аваад цохисон. Тэгтэл Пүрэвдорж “больцгоо” гэж хэлсэн. Өнөрбат түрүүлж гэрээс гараад шатны доор буучхаад “буугаад ир” гээд байсан. Би шатнаас хөл нүцгэн буугаад Өнөрбат дээр очих үед миний нүүр хэсэг рүү цохиод, газар унасан чинь миний хавирга рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд нуруун дээр дэвсээд хашааны үүд рүү чирээд “би чамайг харанхуй газар оруулж байгаад ална шүү” гээд байхаар нь би түүний гарыг тавиулаад шууд зам хөндлөн гараад зугтааж ...цагдаагийн газар өөрийн биеэр ирээд дуудлага мэдээлэл өгч, 2 цагдаа дагуулан түүнийг барьж өгсөн. Миний толгой өвдөөд амьсгалах, хөдлөх үед хавирга өвдөж, зовуурилж байгаа...Өнөрбат намайг гадаа цохиж зодсон болохоор өөр хэн харсан талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13, 64 дүгээр хуудас)

 

- Гэрч М.Мөнх-Ундраагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Гончигсүрэн гэх хүн босож ирээд “чи дуугүй бай” гэж хэлээд Өнөрбатын зүүн чих рүү нэг удаа цохисон. Өнөрбат зөрүүлээд толгой, цээж хавьцаа нь 2 удаа цохисон. Гончигсүрэн “би шоронгоор явсан” энэ тэр гээд орилж хашхираад байхаар нь Өнөрбат “та явж амар” гээд хамтдаа гарсан. Удалгүй Өнөрбат орж ирээд ”Гончигсүрэн шат руу уначихлаа” гэж хэлсэн. Төмөрөө тухайн үед гадаа нийтийн нойлд байсан. Би орондоо хэвтэж байсан. Пүүжээ гэх туслах залуу сандал дээр сууж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас)

 

- Гэрч Х.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...“Хараа” нэртэй архи 1 шилийг уугаад дуусаж байхад Өнөрбат, Гончигсүрэн нар хоорондоо маргалдаад эхэлсэн. Би юунаас болоод маргалдсан талаар мэдээгүй. Тэгээд хоорондоо маргалдаад барьцалдаж авахаар нь “хөөе болиоч” гэсэн тэр хоёр хоорондоо хэрэлдээд, хамт гараад явсан. Удаагүй гаднаас Өнөрбат орж ирээд  “Гончигсүрэн ах гэрт орохгүй байна” гэж хэлсэн. Бид хоорондоо ойр зуурын юм яриад сууж байхад Өнөрбатын гар утас руу цагдаагийн байгууллагаас залгаад “энд хүн хөл нүцгэн, хүнд зодуулсан гээд яваад байна. Гутлыг нь авч ирж өг” гэж хэлэхээр нь бид хоёр  такси бариад гэрээс гутлыг нь аваад цагдаагийн хэлтэс дээр ирсэн чинь байхгүй байсан болохоор буцаад Өнөрбатын гэрт ирсэн чинь цагдаа нар Гончигсүрэн ахыг дагуулаад орж ирсэн...Тухайн үед хамар нь халцарсан, нүүрний зүүн хэсэг улайж хавдсан байсан. Маргааш өдөр нь би эмнэлгээр дагуулан хамт явсан. 10 дугаар хавирга нь хугарсан, баруун мөрний дээд хэсэгт хөхрөлттэй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас)

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10543 дугаартай:

            1. Д.Гончигсүрэнгийн биед цээжний баруун талд 10 дугаар хавирганы хугарал, хамрын нуруу, зүүн сарвуу, баруун шилбэнд зулгаралт, дух, зүүн хацар, цээж, бүсэлхий, зүүн бугалга, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

            5. Хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дугаар тал)

 

  • Шүүгдэгч Л.Өнөрбатын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Бид хоёр тоглоомоос болоод бага зэрэг маргалдсан. Тэгсэн Гончигсүрэн ах миний зүүн шанаа орчим гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохисон...Нийтийн байранд хүмүүс амраахгүй орилж байхаар гарч учраа ольё гээд Гончигсүрэн ахыг чирч гулдраад хаалгаар гарсан. Тэгээд түрүүлж шатаар буугаад Гончигсүрэн ахыг “буугаад ир, учраа олъё” гэж дуудсан...Тухайн үед согтуу байсан болохоор би Гончигсүрэн ахын нүүр рүү гараараа цохих үед газарт унасан. Газарт унахаар нь би хоёр өшиглөөд хашаанаас гарч байгаад учраа олох уу гээд хувцаснаас нь татаж газарт чирээд хашаанаас гарсан. Тэгтэл Гончигсүрэн ах цааш гүйгээд явсан...Урнаа гэх эмэгтэйг оролдоод байсан болохоор нь миний уур бага зэрэг хүрсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас)

 

- Шүүгдэгч Л.Өнөрбатын хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 42 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 43 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56 дугаар тал), урьд ял шийтгүүлсэн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 58-59 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Өнөрбатад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Л.Өнөрбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн Мал тууврын замын 5-7 тоотод иргэн Д.Гончигсүрэнтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- хохирогч Д.Гончигсүрэнгийн “...хөзөр тоглоод сууж байхдаа намайг доромжлоод байхаар нь би түүний хацар луу гараараа алгадсан чинь намайг барьж аваад цохисон...Би шатнаас хөл нүцгэн буугаад Өнөрбат дээр очих үед миний нүүр хэсэг рүү цохиод, газар унасан чинь хавирга рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд нуруун дээр дэвсээд хашааны үүд рүү чирсэн...” гэх мэдүүлэг (хх 12-13, 64),

- гэрч М.Мөнх-Ундраагийн “...Гончигсүрэн босож ирээд “чи дуугүй бай” гэж хэлээд Өнөрбатын зүүн чих рүү нэг удаа цохисон. Өнөрбат зөрүүлээд толгой, цээж хавьцаа нь 2 удаа цохисон. Гончигсүрэн, Өнөрбат нар хамтдаа гарсан. Удалгүй Өнөрбат орж ирээд ”Гончигсүрэн шат руу уначихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-25),

- гэрч Х.Пүрэвдоржийн “...Өнөрбат, Гончигсүрэн нар хоорондоо маргалдаад эхэлсэн. Би юунаас болоод маргалдсан талаар мэдээгүй. Тэгээд хоорондоо маргалдаад барьцалдаж авахаар нь “хөөе болиоч” гэсэн тэр хоёр хоорондоо хэрэлдээд, хамт гараад явсан...Гончигсүрэн ахын хамар нь халцарсан, нүүрний зүүн хэсэг улайж хавдсан байсан. Маргааш өдөр нь би эмнэлгээр дагуулан хамт явсан. 10 дугаар хавирга нь хугарсан, баруун мөрний дээд хэсэгт хөхрөлттэй байсан...” гэх мэдүүлэг (хх29-30),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10543 дугаартай “Д.Гончигсүрэнгийн биед цээжний баруун талд 10 дугаар хавирганы хугарал, хамрын нуруу, зүүн сарвуу, баруун шилбэнд зулгаралт, дух, зүүн хацар, цээж, бүсэлхий, зүүн бугалга, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх15-16) болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Л.Өнөрбат нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн Л.Гончигсүрэнгийн эрүүл мэндэд халдаж, нүүр хэсэг рүү цохих, хавирга рүү нь өшиглөж, нуруу хэсэг рүү дэвсэж чирсний улмаас түүний эрүүл мэндэд нь цээжний баруун талд 10 дугаар хавирганы хугарал, хамрын нуруу, зүүн сарвуу, дух, зүүн хацар, цээж бүсэлхий, зүүн бугалга, баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Тиймээс шүүгдэгч Л.Өнөрбатыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Л.Өнөрбат нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч Д.Гончигсүрэн нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй бөгөөд тэрээр “надаас уучлалт гуйсан, эмчилгээний зардлыг бүрэн хариуцан шаардлагатай эм тариаг авч өгч байгаа” гэх мэдүүлгийг (хх-64), “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт (хх-79)-ийг илэрхийлсэн байх тул шүүгдэгч Л.Өнөрбатыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас ”шүүгдэгч Л.Өнөрбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах”  дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн зүгээс маргаж, мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзах үндэстэй.

Шүүгдэгч Л.Өнөрбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч учирсан хохирлыг нөхөн төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Л.Өнөрбат нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, хэрвээ нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Өнөрбат анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар.

Эрүүгийн 2008000001431 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Өнөрбат нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Л.Өнөрбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Өнөрбатыг 500 (таван зуун) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Өнөрбат нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

 

4. Эрүүгийн 2008000001431 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Өнөрбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  улсын яллагч, дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Өнөрбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.БЯМБААБААТАР