Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 35

 

         Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

        Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Үенч суманд 1957 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, ам бүл 5, /эхнэр,  3 хүүхдийн хамт/ Ховд аймгийн Үенч сумын Улиаст багт оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Хүнхрээхэн овогт Раашын Даваагийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл, хүсэлт гаргагч Р.Даваа, гэрч Ш.Буядаа, М.Доржсүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Хүсэлт гаргагч Р.Даваа нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг шаардаж байх ба шаардлагаа дараах байдлаар үндэслэж байна.

          Хүсэлт гаргагч Р.Даваа нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 1957 онд төрсөн. 1972 онд 7-р ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Үенч сумын “Алтайн-Оргил” нэгдэлд 1973 оны 05 дугаар 01-ний өдрөөс 1975 оны 06 дугаар 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байгаад 1975 оноос цэргийн албанд явж 1978 онд халагдаж ирээд 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Иймд миний Алтайн-Оргил нэгдэлд ажиллаж байсныг байдлыг тогтоож өгнө үү гэв.

           Гэрч: Хүнхрээхэн  овогт Шарын Буядаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Р.Даваа бид нар хамтдаа Үенч сумын “Алтайн-Оргил” нэгдэлд мал маллаж байсан. Би 1960 оноос хойш мал малласан. Р.Даваа нь  сайн малчин, хүндэт жуух бичгээр шагнагдаж байсныг сайн мэднэ  гэв.

          Гэрч:Гүнээхэн овогт Муухөхийн Доржсүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Р.Даваа нь Үенч сумын Улиаст багт ямаа хариулж байсан. 1980 оноос 1993 он хүртэл ямаа хариулж байсан. Р.Даваа сайн малчин байсан. 1993 онд нэгдэл хувьчлагдсан.  Улиас баг нь 4-р бригад байсан. Бригадын даргаар н.Бүүвэй, тоо бүртгэгчээр манай аав Муухөх нар ажиллаж байсан. гэв.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан  нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь хүсэлт гаргагч Р.Даваа нь 1973 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Үенч сумын “Алтайн-Оргил” нэгдэлд малчнаар, 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мөн “Алтайн-Оргил” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь:

        -Ховд аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №20 тоот лавлагаа,

        -Р.Даваагийн 1973-1975 он, 1978-1988 он, 1990-1992 онуудын хөдөлмөрийн хөлсний түүвэр,

        -1981 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн Ардын хувьсгалын 60 жилийн ойн баярын бичиг,

        -1985 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн сайн малчны дурсгалын диплом, гэрч Ш.Буядаагийн шүүх хуралдаанд мэдүүлсэн...Р.Даваа бид нар хамт мал маллаж байсан. Би 1960 оноос хойш мал малласан Р.Даваа нь  сайн малчин, хүндэт жуух бичгээр шагнагдаж байсан.

          Гэрч М.Доржсүрэнгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн...Р.Даваа Үенч сумын Улиаст багт ямаа хариулж байсан. 1980 оноос 1993 он хүртэл ямаа хариулж байсан. Р.Даваа сайн малчин байсан. 1993 онд нэгдэл хувьчлагдсан. 4-р бригадын даргаар н.Бүүвэй, тоо бүртгэгчээр Муухөх нар ажиллаж байсан гэх мэдүүлэг,  нэхэмжлэгчийн тайлбар  зэрэг  баримтуудаар тогтоогдож байна. 

          Иймд хүсэлт гаргагч Р.Давааг 1973 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Үенч сумын “Алтайн-Оргил” нэгдэлд малчнаар, мөн 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

         Хүсэлт  гаргагчийн  улсын  тэмдэгтийн  хураамжид  төлсөн 70200  төгрөгийг улсын

орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118,  133 дугаар зүйлийн  133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон      

ТОГТООХ  нь:

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хүнхрээхэн овогт Раашын Давааг 1973 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Үенч сумын “Алтайн-Оргил” нэгдэлд малчнаар, 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан  шатны  шүүхийн   шийдвэрийг   гардан   авснаас  хойш 14  хоногийн  дотор  Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.