Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 00016

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

Б.Мт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Хэргийн индекс 179/2018/0019/Э

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч С.Уранчимэг шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: П.И,

Шүүгдэгч: Б.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.С,

Нарийн бичгийн дарга: П.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолтой Б.Мт холбогдох 1738000920068 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б овогт Б-ын М, 1987 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 204 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон /регистрийн дугаар: РБ............./.

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг “Хар үзүүр” гэх газар засмал зам дээр 87-31 ХӨВ улсын дугаартай Хьюндай Аксент маркийн автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 54-46 УБР улсын дугаартай УАЗ 469 маркийн автомашиныг шүргэж замаас гарган онхолдуулж, уг автомашинд сууж явсан Ц.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Э.Уын амь насыг хохироосон, Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б овогт Б-ын М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын М-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5/тав/ жилийн хугацаагаар хасч, 02/хоёр/ жил 01/нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт оногдуулсан 02/хоёр/ жил 01/нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Маас 11.895.020 /арван нэгэн сая найман зуун ерэн таван мянга хорь/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эт, 3.537.350 /гурван сая таван зуун гучин долоон мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Бд олгож, хохирогч Ц.Б нь цаашид гарах эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар алдсаны төлбөр 5.100.000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол, хохирогч Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 87-31 ХӨА улсын дугаартай Хьюндай Аксент маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Маас автотээврийн хэрэгслийн үнэ болох 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг хурааж, гэмт хэргийн хохиролд нөхөн төлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн 1738000920068 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ: ... Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгов” гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

-Гэрч А “... Цагаан машин тоормосоо дарсан тэр цагаан машиныг манай машин гүйцэж түрүүлсэн, тэгээд тэр машин бид нарын машиныг шахаж хажуугаар гарахдаа жолооч тал руу хажуугаар мөргөсөн. Тэгэхэд нь манай машины жолооч өө гэж дуугараад тэр машин руу харсан, тэгэнгүүт бид нар замын хажуу руу орж 2 удаа эргэсэн. Тэгтэл машин дээшээ хараад дугуй нь дээшээ харж унасан байсан. Машинаас түрүүлж Жонос гарсан. Дараа нь би хамгаалалтын бүсээ тайлаад шар усны савыг холдуулж байгаад машины ар талын цонх хагарсан байсан түүгээр гарсан. Машинаас гараад хартал Булганхүү орчуулагч машины хойд талд босоод сууцан жолоочоо асуусан, машин тойроод хартал машины хойд талд жолооч залуу маш их амьсгаадаад дээшээ харсан байдалтай цээж нь төвхөлзөөд байсан. Тэгэхээр нь би жолоочтойгоо ярих гэтэл юу ч ярихгүй байсан. Тэгж байгаад хөдлөхгүй 2 минутын дараа амьсгалахгүй болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/,

-Гэрч Ж-ын “Бид нар машинаараа явж байтал хажуугаар нэг машин гүйцэж түрүүлж ирээд манай машиныг жолоочийн талаар мөргөсөн. Тэр нь цагаан өнгийн машин байсан. Тэгтэл манай машины жолооч хажуу тал руугаа хараад өө гэж дуугараад баруун тал руугаа жолооныхоо хүрдийг дарж замаас гаргаад 2 эргээд дөрвөн дугуй нь өөдөө харж буусан. Тэгээд би машины хаалгаар гарч араар нь тойроод Андриныг хаалганы хажууд очиж гарахад нь тусалсан. ... Машины эсрэг талаар тойроод орчуулагчаа хайтал Булганхүү орчуулагч босоод сууцан байсан. Жолоочийг хартал машинаас 5 метр зайд байсан. Жолооч дээр очиж хартал дээшээ хараад амьсгал нь их ширүүн бөглөрсөн юм шиг байсан. Би туслахыг хичээсэн. Найз маань өөр машин зогсоож туслахыг хичээсэн. Тэгсэн боловч 2 минутын дараа амьсгалахгүй болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/,

-Гэрч Б.Э-ын “ ... Замдаа явж байтал Улаан үзүүрийн доод талаас цагаан өнгийн 69 маркийн машинтай урд хойноо оролцоод явсан. Манай машины хөгжим нь чанга байсан шиг санагдаж байна. Мөнхбаяр тэр 69 маркийн машиныг гүйцэж түрүүлж ортол гэнэт тэр машин манай машины баруун талын хойд хаалга руу тас гээд мөргөсөн. Манай машин унах шахсан. Тэр 69 маркийн машиныг харахад шороо манараад ард тоормоз дараад үлдчихсэн юм шиг харагдаж байсан. Тэр машиныг унасан гэдгийг нь мэдээгүй. Мөнхбаяр тухайн үед айгаад сандарсан жолооны хүрдээ тогтворгүй бариад байсан. Тэгэхээр нь би Баянхангай минь гайгүй байхаа гэж хэлсэн. Тэгээд бид нар цаашаа яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

- Гэрч М.Э-ын “... Хар морьтоор даваад Их тахилтын эх гэдэг газарт явж байтал нэг цагаан өнгийн 69 маркийн машин манай машиныг гүйцэж түрүүлсэн. Манай машин тэр 69 машинтай урд хойноо ороод явж байсан чинь тэр 69 маркийн машин гэнэт миний сууж явсан машины баруун талын хойд гупер хэсэгт түс гээд мөргөсөн. Тэгтэл манай машины тэнцвэр алдагдаад 2 тийшээ болоод унах шахсан. Би толиндоо арын машиныг хартал бөөн тоос гозойгоод юм харагдахгүй байсан. Тэгээд бид нар гайгүй байлгүй дээ гээд цаашаа яваад өгсөн. Ямар нэгэн машин унасан зүйл тухайн үед харагдаагүй. Ямар ч байсан их хэмжээний хар тоос босоод, бөөн шороо боссон байсан тул ямар нэгэн зүйл харагдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 168-р хуудас/ болон хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

... зам тээврийн осолд холбогдсон жолооч нь замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоочийн үүргээ заавал биелүүлэх ёстой, харин энэ үүргээ биелүүлэлгүй хэргийн газрыг орхиж явсан тохиолдолд тухайн зам тээврийн ослын улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн бол мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж ойлгож болохоор байна. Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйл нь зам тээврийн осолд холбогдсон жолооч тухайн ослын улмаас хүний эрүүл мэнд, амь нас хохирсон эсэх, ямар хэмжээний хохирол учирсан болохыг үнэлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг мэдсэн байх шаардлагагүй гагцхүү Замын хөдөлгөөний дүрэмд заагдсан зам тээврийн осолд холбогдсон тохиолдолд хэргийн газрыг орхиж явахгүй байх үүргээ биелүүлэх харилцааг зохицуулсан заалт юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр тухайн үед уг хоёр автомашин засмал зам дээр мөргөлдөж зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдож байгаа ба УАЗ-469 автомашин засмал замаас гарч замын хажуу руу орсны улмаас их хэмжээний тоос, шороо боссон талаар гэрчүүд мэдүүлсэн байдаг. Тухайн үед Б.М нь энэ байдлыг харсан, мэдэж байсан ба энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Гэтэл Б.М болон түүнтэй хамт явж байсан нэгдмэл сонирхол бүхий Б.Э, М.Э нарын уг автомашин онхолдсон болохыг мэдээгүй, хараагүй гэсэн мэдүүлгүүдийг үнэлж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Иймд Б.Мт холбогдох хэргийн Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Л.Г давж заалдах гомдолдоо: ... Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн  гэж үзэж байна . Учир нь: Зам тээврийн осол гарсан газрыг орхиж зугтаан улмаар Мөрөн хотод ирж машинаа нууж олдохгүй байсан бөгөөд нилээд хугацааны дараа мөрдөн шалгах ажиллагааны явцад илрүүлсэн юм. Шүүгдэгч Б.Мын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа бөгөөд энэ хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон атлаа ял шийтгэл оногдуулахдаа зөвхөн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар ял оногдуулсан нь буруу юм. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-т “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно.” гэж заасан. Гэтэл Ц.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт нь ял шийтгэл оногдуулахгүй орхигдуулсныг ял завшуулсан байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Хохирогч Ц.Бгийн хөдөлмөрийн чадвар алдсаны хохирол болон Б.Эын гэм хорын хохирол нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх боломжтой байсан юм.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31 ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор: Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мыг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэр “Хар үзүүр” гэх газар засмал зам дээр 87-31 ХӨВ улсын дугаартай Хьюндай аксент маркийн автомашиныг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 54-46 УБР улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашиныг шүргэж, замаас гарган онхолдуулж, уг автомашинд сууж явсан Ц.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Э.Уын амь насыг хохироосон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн, нэг гэмт хэргийн шинжийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон атал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-ийг хэрхсэн нь тодорхойгүй орхиж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан ба Б.Мын хэргийн тухайд зам тээврийн осол гаргасны улмаас Ц.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Э.Уын амь насыг хохироосон гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэх нь Эрүүгийн хуульд нийцэх юм.

Мөн анхан шатны шүүх Б.Мыг авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийн үйлдэл, гэмт хэргийн шинж хангалттай тогтоогдохгүй байна гэх дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг баримтлан аймгийн прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь дээрх гэмт хэргийн талаар шүүгдэгч Б.М болон хохирогч Ц.Б, гэрч Б.Э, М.Э нарын мэдүүлгүүд хэрэгт авагдсан байхад улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолд тодорхой заагаагүй, үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэстэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийг аливаа гэмт хэрэгт гэм буруутайд тооцох, гэмт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн дүгнэх хууль зүйн зохицуулалт байхгүй тул эрүүгийн хууль буруу хэрэглэсэн алдааг  арилгуулахаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг буцаах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Б.Мт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Б.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                 Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                                              С.УРАНЧИМЭГ

                                                                                        Н.БАЯРХҮҮ