Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2022/0666

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э.Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ний өдрийн 585 дугаар шийдвэрийг хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Д.Б-ийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Д.Б,

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “Э.Р” ХХК

Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын ХV-019918 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж өгөхийг хариуцагчид даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ний өдрийн 585 дугаар,

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

 

Хэргийн индекс: 128/2022/0295/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ний өдрийн 585 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41.г дэх заалтад заасныг тус тус баримтлан “Э.Р” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын XV-019918 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад даалгаж” шийдвэрлэжээ.

2. Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнай дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:

3. “Ховд аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/441 дугаар захирамж, Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/171 дүгээр захирамжаар малын гоц халдварт шүлхий өвчин оношлогдсон тул өвчний халдварыг талсан зогсоох, голомтыг утсгах, халдвар дамжин тархахаас урьдчилан сэргийлж 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоожээ.”;

4. Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/172 дугаар захирамжаар сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн малын орох гарах хөдөлгөөнийг 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хориглосон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.”;

5. “Хорио цээрийн дэглэм тогтоосон нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41.”хүндэтгэн үзэх шалтгаан” гэж:, 6.1.41.г.”хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон;, гэж зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарч байна.”;

6. “Харин Ховд аймгийн Үенч сумын Засаг дарга Ховд аймгийн Үенч сумын нутаг дахь Булган нэртэй XV-019918 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2021 онд гүйцэтгэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баталжээ.” гэжээ.

“Э.Р” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-019918 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дууссан. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг, холбогдох баримт бичгүүдийг хавсарган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө төрийн захиргааны байгууллагад гаргахаар хуулиар зохицуулсан. Тус захиргааны хэрэгт авагдсан баримтуудаар тухайн орон нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан шалтгааны улмаас Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/172 дугаар захирамжаар Ховд аймгийн Үенч сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн малын орох гарах хөдөлгөөнийг 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр хүртэл хориглосон нь тогтоогдож байх тул 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд засаг даргаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг, хавсралт баримт бичгүүдийн хамт тус газарт ирүүлэх боломжтой байсан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Түүнчлэн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийн хавсралт баримт бичгүүдээ цаг хугацаа алдаж засаг даргаар батлуулсан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн буруутай үйл ажиллагааг Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41, 6.1.41.г.-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулж үзэх үндэслэлгүй байна.

Татварын ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол улсад татвар бий болгох, тогоох, татвар төлөгчийг бүртгэх, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах, хөнгөлөх, чөлөөлөх, суутган тооцох, буцаан олгох эрх зүйн үндсийг тогтоож, Монголын Татварын алба /цаашид “Татварын алба” гэх/, татвар төлөгч болон энэ хуулийн дагуу татварын албаны өмнө үүрэг  хүлээсэн бусад этгээдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлон, тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.” гэж энэ хуулийн зорилт, үйлчлэх хүрээг үзэхэд ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулаагүй болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:

7. “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана.” 22.1.1-т “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж,  хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;”, 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт,” 22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн  батлуулсан баримт,” 22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүцэтгэсэн тухайн тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч “Э.Р” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 21/06 дугаар албан бичгээр хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлжээ.”.

8. “Иймд “Э.Р” ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулахаар хугацаа дуусахаас 3 сарын өмнө сумын Засаг даргад хандсан, улмаар дээр дурдсан  хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баталж өгсөн нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байгаагүй, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дуусахаас өмнө буюу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өргөдөл, түүнд хавсаргавал зохих баримтуудыг захиргааны байгууллагад гаргасан үйл баримтууд нотлох баримтуудаар тогтоогдож байна.”.

9. “Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацаг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.” гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шүүх шийдвэрлэлээ.” гэж дүгнэсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” Гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хуулийн хугацаанд холбогдох өргөдөл, хавсралт баримт бичгүүдээ тус газарт ирүүлээгүй байх тул “Э.Р” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-019918 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж заасныг зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхйн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 585 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

2. Нэхэмжлэгч “Э.Р” ХХК-иас гаргасан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын ХV-019918 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж өгөхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээс бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.  

3. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь нэхэмжлэгч компанийг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:” гэж заасан хугацаанд гаргаагүй гэж үзжээ.

4. Нэхэмжлэгч нь ХV-019918 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргаагүй нь тухайн хүсэлтэд хавсаргах ёстой 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ховд аймгийн Үенч суманд гарсан “шүлхий өвчний улмаас хөл хорио тогтоосон”-оос тус сумын Засаг дарга хуульд заасан хугацаа хэтрүүлж баталсантай болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч “Э.Р” ХХК-ийн гаргасан 2021 оны 09 дүгээр сарын 05, 12 дугаар сарын 01-ний өдрүүдийн 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах хүсэлтүүд, Ховд аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/441 дүгээр захирамж, Үенч сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/171, А/172 дугаар захирамжаар сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн малын орох гарах хөдөлгөөнийг хориглосон, Ховд аймгийн Үенч сумын Засаг дарга нь нэхэмжлэгч компанийн 2021 онд гүйцэтгэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баталсан байдал, энэ талаар хариуцагчид тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө хүсэлт холбогдох баримтуудаа хүргүүлсэн зэргээр тогтоогдож байна.

5. Анхан шатны шүүх “... төлөвлөгөөг Сумын Засаг дарга 12 сард баталсанд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байгаагүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 14 хоногийн өмнө хуульд заасан баримтуудыг хавсаргаж, хугацаа сунгуулах хүсэлтийг хариуцагчид хүргүүлсэн байх тул нэхэмжлэлийг хангах нь зүйтэй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

6. Харин анхан шатны шүүх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сунгахтай холбоотой харилцаанд Татварын ерөнхий хуулийг хэрэглэсэн нь буруу, энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй боловч дээр дурдсан нэхэмжлэгчийн өөрөөс нь үл хамаарах шалтгаан буюу “малын гоц халдварт өвчний улмаас хөл хорио тогтоосны улмаас Засаг дарга байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хожим баталсан” нь нэхэмжлэгчийг хуульд заасан 1 сарын өмнө хүсэлтээ гаргалгүй, 14 хонгийн өмнө гаргахад нөлөөлсөн “бодит нөхцөл байдал” тогтоогдсон байхад хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “бодит нөхцөлд тохирсон байх” зарчмыг үйл ажиллагаандаа баримтлаагүй байх тул энэхүү гомдлыг хангах үндэслэлгүй байна.

7. Иймд хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2022/0585 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнайгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                             Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ