| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0028/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/40 |
| Огноо | 2021-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Пүрэвсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/40
2021 01 12 2021/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч О.Пүрэвсүрэн,
шүүгдэгч Ц.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Энхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008030611553 дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр замын татах хэсэгт засварчин ажилтай, ам бүл-2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо Ногоочин 1-05 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
- Улаанбаатар хотын шүүхийн 1988 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 116 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,
- Нийслэлийн шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Боржигон овогт Цэвэгийн Энхболд (РД:УД72011414).
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Энхболд мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Хохирогч Л.Эрдэнэзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Отгоо гэх найзынхаа гэрт хоночхоод байж байтал өглөөний 9 цагийн орчим Энхболд гаднаас 1 шил 0.75 грамм “Хараа” нэртэй архитай орж ирсэн. Бид нар архийг хувааж уусан. Энхболд Отгоог дагуулаад гэрээс гарсан. Тэгээд маргалдаж байхаар нь би очоод больцгоо гээд Энхболдыг татсан чинь Энхболд над руу дайраад бид хоёр газарт унасан. Энхболд миний дээр гарч суугаад газарт байсан чулууг аваад миний толгойн оройн хэсэгт 3-4 удаа цохисон...миний толгойноос цус гарсан. Энхболд гэрт орж шанагаар ус авч ирсэн. Тэгээд толгойгоо угаагаад байж байтал цагдаа, эмч хоёр ирсэн. Миний биед учирсан гэмтлүүдийг Энхболд учруулсан. Миний толгой хэсэг рүү 3 удаа чулуугаар цохисон. Үүнээс болж миний толгой дээр 3 газар хагарч оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-14 дүгээр хуудас),
- Гэрч Д.Түмэннастын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр намайг гэртээ байхад Эрдэнэзул ирсэн. Тэр оройдоо би нэг шил архи уугаад унтсан. Маргааш өглөө 9 цагийн үед Энхболд 1 шил архи авч ирсэн. Тэгээд Эрдэнэзул, Энхболд, Нэргүй бид нар тэр архийг уусан. Энхболд согтоод агсраад надтай маргалдаад байсан. Энхболд намайг дагуулж гэрээс гараад хашаанд маргалдаад зогсож байтал гэрээс Эрдэнэзул гарч ирээд “та хоёр найзууд байж болио” гэж хэлсэн. Тэгсэн Энхболд Эрдэнэзулыг барьж аваад газарт унагаагаад газраас чулуу аваад түүний толгой хэсэг рүү 3-4 удаа цохисон. Тэгэхээр нь би цагдаа дуудаад, түргэн дуудсан. Тэгсэн Энхболд гэрээс шанагатай ус гаргаж ирээд Эрдэнэзулын нүүрийг угаагаад, гараад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12127 дугаартай:
1.2. Л.Эрдэнэзулын биед хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас),
- Шүүгдэгч Ц.Энхболдын хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 39 дүгээр тал), эд хөрөнгөтэй талаар лавлагаа (хавтаст хэргийн 36 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 37 дугаар тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 41-44 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 46 дугаар тал), урьд ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 65-74 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Энхболдод холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Ц.Энхболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 32-32 тоотод иргэн Л.Эрдэнэзулыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
- хохирогч Л.Эрдэнэзулын мэдүүлэг (хх10-14), гэрч Д.Түмэннастын мэдүүлэг (хх57-58), Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12127 дугаартай дүгнэлт (хх28-29) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ц.Энхболд нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр Л.Эрдэнэзулын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Энхболд нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул прокуророос түүнийг гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тус зүйл, хэсэгт зааснаар түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Энхболд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв.
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогч Л.Эрдэнэзул нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй бөгөөд тэрээр “хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт (хх-47)-ийг илэрхийлсэн, шүүгдэгчийн зүгээс 300.000 төгрөгийг хохирогчид төлсөн байна.
Иймд шүүгдэгч Ц.Энхболдыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас: “шүүгдэгч Ц.Энхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн зүгээс маргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Энхболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн..” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ц.Энхболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Энхболдыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрвээ торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 2008030611553 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.Энхболд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Цэвэгийн Энхболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Энхболдыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Энхболдод оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Эрүүгийн 2008030611553 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Энхболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Энхболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР