Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/23

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгч Д.Т,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё овгийн Д-ийн Т-д холбогдох 2128000000003 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ......................................

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Д.Т нь согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6 дугаар баг, ............................ тоотод хардалтын улмаас иргэн Ү.Дыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Т-ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Х, Отгоо гэдэг найзынхаа гэрт пиво ууж байгаад унтчихсан байсан. Хамт байсан Я гэдэг найз бүсгүй байхгүй гараад явчихсан байсан. Я-ыг хаачсан юм гэхэд Х Баянбулагт байдаг найзтайгаа уулзана гээд явсан гэхээр нь би Х-ийнхээс гараад замаас такси аваад Баянбулаг хороололд очсон. Баянбулаг хорооллын 14-2 тоотод очсон чинь Я-ын хүүхэд нь гэрийнх нь хаалгыг нь нээж өгсөн. Тэгэхэд Д орон дээрээ нүцгэн хэвтэж байсан. Би Я хаана байна гэсэн чинь мэдэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д-ы нүүр рүү гараараа цохисон. Д хувцсаа өмсөөд гарахаар нь би араас нь гараад Д-тай уулзаж байтал гэрт байсан хүүхдүүд гараад ирсэн. Би хүүхдүүдийг нь гэрт нь оруулах гээд хаалгыг нь татаж үзсэн чинь нээгдэхгүй байсан. Д-аас хаалгаа нээгээч хүүхдүүд хөлдөж үхлээ гэж хэлэхэд түлхүүр нь байхгүй гаднаасаа онгойхгүй байхаар нь хаалганы хажуу талын жижиг цонхыг нь хагалаад түүгээр гараа оруулж хаалгыг дотроос нь нээсэн. Би хүүхдүүдийг оруулчихаад гараад явчихсан. Маргааш өглөө утсаа асаах гэхэд болохгүй байсан. Д-ыд очсон чинь нүд нь хөхөрсөн байсан. Би зодсон гэдгээ хэлж уучлалт гуйсан. Д-ы дүү цагдаа дуудаж шүүх эмнэлгээр явсан гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ү.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...Миний эхнэр, 2 хүүхэд Дархан хотод хөл хорионд орчихсон байж байгаа. Би түр хугацаанд гэртээ ганцаараа амьдарч байна. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн орчимд би урьд өмнө нь нэг байгууллагад хамт ажиллаж байсан найз Б-той утсаар ярьж байгаад Б-ыг манай гэрт хүрээд ир хоёулаа юм ярьж суунгаа жаахан пиво ууя гэж хэлсэн. Б удалгүй манай гэрт ганцаараа ирсэн. Би Б-той хамт гадагш гарч дэлгүүрээс нэг хайрцаг пиво аваад эргэж манай гэрт ирж Б бид хоёр манай гэрт уг пивийг ууцгаасан. Б бид хоёрыг пиво уугаад сууж байхад гаднаас 2 эмэгтэй 1 эрэгтэй хүн манай гэрт ирэх шиг болсон. Би энэ үед архи уугаад их согтсон байсан болохоор одоо хэн гэдэг хүмүүс байсныг санахгүй байна. 14 цагийн орчимд Б манайхаас явахдаа гэрт ирсэн байсан 1 эрэгтэй, 2 эмэгтэйг хүргэж өгөөд цаашаа гэр рүүгээ явна гээд явцгаасан. Дараа нь 16 цагийн орчимд Б надтай утсаар ярих гээд залгахад Я гэх эмэгтэй миний утсыг аваад яриад байсан гэж хэлсэн. Би гэртээ ганцаараа үлдэж унтаж амарсан. Намайг унтаж байхад манай гэрийн цонх хагарах чимээ надад сонсогдож би сэрээд хэн бэ чи цонх хагалчихлаа шүү дээ гэж хэлсэн. Би их согтуу байсан болохоор энэ үед болсон зүйлийг тодорхой хэлж санахгүй байна. Мөн би тэр залууг хэн гэдэг хүн байсныг хэлж мэдэхгүй байна. Санаж байгаагаар эрэгтэй хүн байсан. Тэр эрэгтэй хүнийг ямар зүс царайтай ямар хувцас өмссөн байсныг нь одоо би санахгүй байна. Тэр залуу миний нүүр толгойнд цохиж зодсон. Би гарч зугтаасан. Тэр залуу араас элдэж байсан. Танихгүй нэг хүн таарахад нь би цагдаа дуудаарай гэж хэлсэн. Тэр залуу тэгээд явчихсан байсан. Би гэртээ орсон. Удалгүй манай дүү охин Рэнчинсүрэн манай гэрт ирсэн. Манай гэрийн гал тогооны өрөөний цонх хагарч хаалганы бариул эвдэрсэн байсан. Мөн миний “А-30” загварын гар утас болон бичиг баримтаа хийсэн байсан үүрдэг цүнх алга болсон байсан. Би намайг зодсон хүнийг олж намайг хохиролгүй болгож өгнө үү гэж танай байгууллагад өргөдөл гаргаж байгаа юм... Миний хоёр нүд хөхөрч улайсан, зүүн талын хацар хавдсан, мөн толгойны орой хэсэг дээр шалбарсан шарх үүссэн байсан. Миний биед одоогоор өөр гэмтэл учраагүй байна... Цонхоо 40,000 төгрөгөөр шинээ авч шиллэсэн. Хаалганы бариул хэдэн төгрөгийн үнэтэй болохыг мэдэхгүй байна. Манай гэрийн хаалга байр болгонд л байдаг төмөр хаалга байгаа. Би өөрийн “Самсунг А-30” загварын гар утсаа 2013 онд 400,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний алдсан гэх үүрдэг цүнх хар өнгийн “Nike” брэндийн логотой цүнх байсан ба урд талын жижиг кармад нь миний жолооны үнэмлэх, ажлын үнэмлэх байсан. Миний цүнхэнд өөр зүйл байгаагүй... Би гомдолтой байна. Мөн өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс барагдуулж бичиг баримтаа яаралтай олж авмаар байна... Манай гэрийн хаалга гадна талаасаа бариулаараа онгойдоггүй заавал түлхүүрээр онгойдог хаалга байгаа юм. 2020 оны 12 дугаар сарын 18-ны орой гэрт Т гэдэг залуу Х болон Х-ийн эхнэр Отгоо нарын хамт манайд ирээд Т намайг цохиход би гарч зугтаахад араас гэрт байсан хүмүүс гадаа гарахдаа хаалга хаагаад гаднаасаа онгойхгүй гэдгийг мэдэлгүй онгойлгох гэж байгаад хаалганы гадна талын бариулыг хугалсан юм билээ. Тэгээд байшингийн хаалга онгойхгүй гадаа хүүхдүүд даараад байна гэхээр нь би жижиг цонх хагалж гэрт ороод дотор талаас нь хаалга онгойлго гэж хэлсэн болохоор цонх хагалсан гэж Т-тэй уулзахад хэлсэн. Т зориуд манай байшингийн цонхыг хагалж хаалганы бариул хугалаагүй гэж ойлгосон. Миний гар утсыг Т манайд ирээд явахдаа өөрийнхөө гар утастай андуураад аваад явсан байсан. Маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 19-ний орой гэрт ирж надад өгсөн. Цүнхтэй бичиг баримтыг би орныхоо ард талд нь нуусан байсан юм билээ олсон. Утас болон цүнхтэй бичиг баримт алга болоогүй надад байгаа. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Т гараараа цохиж нүүр хэсэг хавдаж нүд хөхөрсөн. Намайг цохисон талаараа Т манайд ирж гар утас өгөхдөө хэлсэн... Гар утас, цүнхтэй бичиг баримтаа олсон болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй. Т намайг цохисон асуудалд гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 16-19, 20-21 дүгээр хуудас/

Гэрч Ү.Р мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манай бэр эгч Нарандулам 18 цагийн орчимд надтай утсаар ярьж Д хүнд зодуулчихсан байна гээд очоод үзээдхээч гэж надад хэлсэн. Манай бэр эгч Нарандулам хүүхдүүдтэйгээ хамт Дархан хотод түр байж байгаа юм. Би 19 цагийн орчимд ...................... байдаг өөрийн төрсөн ах Д-ы гэрт очиход ах гэртээ ганцаараа согтуу хүнд зодуулчихсан байдалтай байсан. Мөн байрных нь гал тогооны өрөөний цонх хагарчихсан, хаалганых нь гадна талын бариул хугарчихсан байсан. Бас ахын “Самсунг А-30” загварын гар утас, мөн ажилдаа үүрч явдаг үүргэвч нь алга болсон байсан. Би юу болсон талаар ахаасаа асуухад юу ч санахгүй мэдэхгүй байна гэж надад хэлсэн. Миний ойлгосноор бол ах гэртээ хүмүүстэй архи, пиво ууцгааж тэгээд хүнд зодуулсан байна гэж ойлгосон. Би ахын биеийн байдлыг асуухад гайгүй байна гээд унтчихсан. 19 цаг өнгөрч байх үед ахын гэрийн гадаа цайвар өнгөтэй 95-48 ӨМҮ гэсэн улсын дугаартай автомашин ирээд машин дотроос нэг танихгүй эмэгтэй хүн гарч ирсэн. Машин дотор их согтуу байдалтай эрэгтэй хүн сууж байгаа харагдсан. Бас уг машины ар талын суудал дээр нь Я сууж байгаа харагдсан. Би гарч очоод уулзах гэж байтал айл андуурчихлаа гээд явцгаасан. Би ахын гэрт унтаж амарсан. Д ахын байрны цонх нь хагархай байсан тул байр их хүйтэн хоносон. Маргааш өдөр нь захиалга өгч цонхыг нь шиллүүлсэн. 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн өглөө ахыг сэрэхэд нь болсон зүйлийн талаар асуухад юу ч санахгүй байна гэж хэлсэн. Д ах өөрт учирсан хохирлоо барагдуулах, алга болсон гар утас, үүргэвчээ олж авахын тулд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн. Д ахын хоёр нүд нь хөхөрч хавдсан, мөн зүүн хацар нь хавдсан байсан. Бас толгойных нь орой хэсэг дээр самардсан байж болохоор шалбарсан гэмтэл учирсан байсан. Өөр гэмтэл учраагүй байсан.” /хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/

Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 12 дугаар сарын 18-ны өглөө гэртээ байж байхад 07 цаг өнгөрч байх үед Д утсаар залгаад гэрт хүрээд ир хамт банк орчихоод ирье гэхээр нь би ганцаараа очиход Д гэртээ ганцаараа байж байсан. Д-ы гэрээс бид хоёр 09 цаг дөнгөж өнгөрч байхад яваад Цогтжавлан-3 дэлгүүрийн Хаан банканд очиж Д эхнэртээ мөнгө шилжүүлчихээд бид хоёр Д-ы гэрт очсон. Д нэг эмэгтэй хүнтэй утсаар яриад замаараа дэлгүүр орж пиво аваад хүрээд ир гээд дуудахад удалгүй нэг эмэгтэй хүүхэдтэйгээ хамт ирсэн. Эмэгтэйгийн авч ирсэн 0,5 граммын савласан “Сэрүүн” нэртэй пиво 24 ширхэг байснаас талд нь хүртэл уугаад сууж байхад хамт байсан эмэгтэй найз хүүхнээ дуудаж ирүүлээд хамт пиво уугаад сууж байхад нэг хүн ирээд хаалга болон цонх нүдээд байсан. Хамт байсан эмэгтэй Я байна битгий хаалгаа нээгээрэй гээд хаалгаа онгойлгож өгөөгүй. Удалгүй Д согтоод унтах гээд байх шиг байхаар нь 13 цаг өнгөрч байхад Д-ыг үлдээгээд би хамт байсан 2 эмэгтэйг Дундсайханд гэрт нь хүргэж өгөөд гэртээ очсон. Маргааш өглөө нь би Д-ыд очиход байшингийн цонх хагарсан, Д-ы нүд нь хөхөрсөн байхаар нь асуухад Д хариулаагүй. Тэгсэн чинь дүү нь и өчигдөр энд ирээд хаалга, цонх нүдээд байхад чиний машин байсан, тар нар яагаад архи дарс уугаад байдаг юм гэж хэлсэн.” /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/  

Шүүгдэгч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Х гэдэг найзынхаа гэрт пиво ууж байгаад унтчихаад орой 17 цагийн үед сэргэсэн. Тэгсэн чинь хамт байсан Я гэдэг найз бүсгүй байхгүй гараад явчихсан байсан. Я-ыг хаачсан юм гэхэд Х Баянбулагт байдаг найзтайгаа уулзана гээд явсан гэхээр нь би Х-ийнхээс гараад замаас такси аваад Баянбулаг хороололд очсон. Баянбулаг хорооллын 14-2 тоотод очсон чинь Я-ын хүүхэд нь гэрийнх нь хаалгыг нь нээж өгсөн. Тэгэхэд Д орон дээрээ нүцгэн хэвтэж байсан. Би Я хаана байна гэсэн чинь мэдэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д-ы нүүр рүү гараараа 4-5 удаа цохисон. Д хувцсаа өмсөөд гарахаар нь би араас нь гараад Д-тай уулзаж байтал гэрт байсан хүүхдүүд гараад ирсэн. Би хүүхдүүдийг нь гэрт нь оруулах гээд хаалгыг нь татаж үзсэн чинь нээгдэхгүй байсан. Д-аас хаалгаа нээгээч хүүхдүүд хөлдөж үхлээ гэж хэлэхэд түлхүүр нь байхгүй гаднаасаа онгойхгүй хаалганы хажуу талын цонхыг нь хагалаад түүгээр гараа оруулж хаалгыг дотроос нь нээсэн. Би хүүхдүүдийг оруулчихаад гараад явчихсан. Би Ятай гэр бүл болох гээд сүүлийн 3 сар орчим хамт амьдарч байгаа. Тэгсэн тухайн үед Я, Д хоёр явалдсан юм шиг байхаар нь уурандаа Д-ыг зодсон.”/хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Ү.Д-ы биед 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун нүдний дээд зовхи, урууланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Ү.Д-ы биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 835 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээнд: “Цонхны шил 1 ширхэг, 40,000 төгрөг /вакум цонх 30х1.10 харьцаатай, гар утас /Samsung А30/ 1 ширхэг, 120,000 төгрөг, /2013 онд худалдаж авсан /маш хуучин/, хаалганы бариул, 1 ширхэг, 15,000 төгрөг, /2015 онд ашиглалтанд орсон Бүргэд хаалганы бариул/, нийт дүн: 175,000 төгрөг” /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дүгээр хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 09-12 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/

Өмнөговь аймаг “Дээрхийн адис” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 015 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Д.Тд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Т нь согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6 дугаар баг, ............................ тоотод хардалтын улмаас иргэн Ү.Д-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ү.Д-ы мэдүүлэг, гэрч Ү.Р, гэрч П.Б, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлтэд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас Ү.Д-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Иргэн Ү.Д мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөр нэхэмжлээгүй гэх саналыг гаргав.

Шүүгдэгч Д.Т нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа талаар тайлбар гаргав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Т-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:   

Шүүгдэгч Д.Т нь согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6 дугаар баг, ............................ тоотод хардалтын улмаас иргэн Ү.Д-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Ү.Д-ы “...Тэр залуу миний нүүр толгойнд цохиж зодсон. Би гарч зугтаасан. Тэр залуу араас элдэж байсан. Танихгүй нэг хүн таарахад нь би цагдаа дуудаарай гэж хэлсэн... 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Т гараараа цохиж нүүр хэсэг хавдаж нүд хөхөрсөн. Намайг цохисон талаараа Т манайд ирж гар утас өгөхдөө хэлсэн...” /хавтаст хэргийн 16-19, 20-21 дүгээр хуудас/,

гэрч Ү.Р-ийн “...Би 19 цагийн орчимд Баянбулаг хороололд байдаг өөрийн төрсөн ах Д-ы гэрт очиход ах гэртээ ганцаараа согтуу хүнд зодуулчихсан байдалтай байсан... Д ахын хоёр нүд нь хөхөрч хавдсан, мөн зүүн хацар нь хавдсан байсан. Бас толгойных нь орой хэсэг дээр самардсан байж болохоор шалбарсан гэмтэл учирсан байсан. Өөр гэмтэл учраагүй байсан.” /хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/,

гэрч П.Б-ын “...Маргааш өглөө нь би Д-ыд очиход байшингийн цонх хагарсан, Д-ы нүд нь хөхөрсөн байхаар нь асуухад Д хариулаагүй...” /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаартай Ү.Д-ы биед 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун нүдний дээд зовхи, урууланд зулгаралт гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Д.Т нь хохирогч Ү.Д-ы эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Т-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.          

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Д.Т нь хардалтын улмаас Ү.Д-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан боловч хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандан “...Нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ: Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Д.Т-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.  Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна. Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн  хөрөнгө, орлого байхгүй болно гэх саналыг гаргав.

Шүүгдэгч Д.Т нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч буй талаар тайлбар гаргав.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Д.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Д.Т-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. 

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ё овгийн Д-ийн Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Т нь шүүхээс оногдуулсан 700,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

5. Шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ