| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2021/0021/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/24 |
| Огноо | 2021-02-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/24
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгч П.Э,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн П-ийн Э-т холбогдох 2028003180002 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........................................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч П.Э нь согтуугаар 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4 дүгээр баг, ...................... тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Ц.М-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч П.Э-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би нөхөр П.Э-тай 2019 онд гэр бүл болж 2019 оны 12 дугаар сард хүү Тэнгэр мэндэлсэн. Одоо нөхөр, хүү бид гурав Дундсайханы ...................... байх түрээсийн байранд амьдарч байгаа. 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө манай нөхөр П.Э архи уух юм яриад байсан. Манай хажуу өрөөнд 2 байр түрээсэлдэг бөгөөд Э нөгөө хоёр охиноос таксины дугаар олох юм яриад гэрээс гарсан. Хэсэг хугацааны дараа гэрт орж ирчихээд гэрээс гараад яваад өгсөн. 15 цаг өнгөрч байхад гэрт согтуу ороод ирсэн. Дээгүүр хувцсаа тайлчихаад намайг ороод ир гэж хэлсэн. Би тухайн үед нь коридорт хүүхдээ тэврээд явж байсан. Гэрт орох гэж байсан чинь Э өмнөөс гарч ирээд намайг баруун гараараа ханатай хавсарч алгадсан. Тэгэхээр нь хажуу өрөөнд байдаг эгчийн өрөө рүү амь авраарай гээд орсон чинь араас Э миний араас дагаад ороод ирсэн. Би эгчийн гэрийн хоймрын орон дээр сууж байсан чинь миний хажууд ирээд миний хөл рүү хөл нүцгэн хөлөөрөө өшиглөсөн. Би айгаад тэр эгчээс амь авраарай гээд хашхираад нөгөө эгчээс зуурсан чинь Э ирээд дахиад миний баруун талын хавирга хэсэг рүү өшиглөсөн. Тэгсэн чинь нөгөө эгч чи одоо боль чиний гарын аяыг яаж даадаг юм бэ гэхэд Э надаас уучлалт гуйгаад одоо дахиж ингэхгүй гээд намайг гэртээ оръё гэж хэлсэн. Би хүүхдээ тэврээд хамт гэрт орсон чинь Э миний шилэн хүзүүн дээрээс базаад байсан. Чи одоо болилдоо гэхэд миний ууц руу өшиглөсөн. Миний хоёр гарнаас барьж аваад базаад болдогсон бол алаад хаячих юмсан гээд байсан. Тэгж байгаад тамхи татна гээд гэрээс гараад яваад өгсөн. Хэсэг гадаа байж байгаад орж ирээд хэвтэж байхад нь цагдаа орж ирээд аваад явсан... Нөхөр бид хоёр эвлэрсэн. Нөхөр одоо гэртээ хүүхдээ хараад байж байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/
Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр үдээс хойш гэртээ үүдээ цоожлоод 1 настай зээ хүүтэйгээ хамт байсан чинь гэнэт хүн үүд тогшсон. Үүдээ нээсэн чинь гаднаас манай хажуу өрөөний хүүхэн уйлсан бололтой орж ирсэн чинь араас нь нөхөр нь гээд нэг залуу хүүхдээ тэврээд ороод ирсэн. Эхнэрээ гэртээ ор п... минь гэсэн чинь эхнэр нь манай гэрт орон дээр суугаад байсан. Нөхөр нь эхнэр дээрээ очоод явъя гэж хэлээд цээж рүү нь өшиглөөд заамдаад татсан чинь эхнэр нь газар унаад миний хөлнөөс зуураад уйлаад суугаад байсан. Тэгсэн 1 настай хүүхэд нь уйлаад байсан. Би та нар хүүхэд айлгаад байна, манай хүүхэд бас унтаж байгаа чимээгүй байцгаа гэж хэлсэн чинь нөхөр нь одоо бид нар гэртээ орлоо та чанга чимээ гарвал манай гэрт ороод ирээрэй, одоо бид хоёр муудалцахгүй гэж хэлээд эхнэр, хүүхдээ аваад гэртээ орсон. Гэртээ орсноос нь хойш чимээ гараагүй нам жим байсан. Удалгүй цагдаа нар дуудлага өгсөн үү гэхээр нь би юм хэлээгүй байж байсан чинь хажуу айл руу орсон. Эхнэр нь коридорт таараад манай нөхрийг цагдаа нар аваад явсан гэж хэлсэн. Дараа нь нэг настай эмэгтэй орж ирээд би хөршийн холбооноос явж байна наад 2 чинь Дундсайханд амьдарч байсан, би энэ хоёрыг мэднэ гэж хэлээд дахиад агсам согтуу тавивал цагдаад дуудлага өгөөрэй, энэ миний дугаар гээд өөрийнхөө дугаарыг бас өгөөд над руу ямар нэг зүйл болбол дохиорой гэж хэлсэн... Намайг харахад зүүн шанаа руу нь нэг удаа гараараа цохисон, бас намайг хоол хийж байхад эхнэрээ орон дээр сууж байхад нь хажуу талаас нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн.” /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/
Гэрч Т.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр таксинд явж байхад Ц.М гэдэг эмэгтэй над руу залгаад, дохиод байсан. Тэгэхээр нь би эргүүлээд залгасан чинь нөхөр архи уугаад намайг зодсон гэхээр нь цагдаад дуудлага өгчих үү гэхэд тэг гэхээр нь би цагдаагийн газрын 7053102 дугаарын утсанд ...................... тоотод согтуу хүн эхнэртээ агсам тавиад зодоод байна гэсэн дуудлага өгсөн. Би энэ хүнийг нөхөртөө зодуулаад янз бүр болчих байх гэсэн үүднээс цагдаад дуудлага өгсөн.” /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/
Шүүгдэгч П.Э-т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн харьяат Ц.М гэдэг эмэгтэйтэй танилцаж улмаар 2019 онд гэр бүл болсон. Бид хоёр дундаасаа 1 хүүтэй. Манай эцэг П 2013 онд нас барсан, манай эх Г.Нямсүрэн одоо Булган аймгийн Рашаант суманд амьдарч байгаа. Би Гурвантэс суманд ажилд орж ирээд Гурвантэс сумын харьяат болсон. Эхнэр бид хоёр гэр орон байхгүй улмаас Даланзадгад сумын 4 дүгээр баг Жаргалант хороололд байх түрээсийн байранд түр оршин сууж байгаа. Би эхнэр хүүхдийн хамтаар Даланзадгад сумын 4 дүгээр баг ...................... тоотод байх түрээсийн байранд амьдарч байгаа бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө манай хуучин ажлаас нярав Ганчимэг залгаад таны хувцасны размер хэд вэ гэж асуусан. Би 52 размер өмсдөг гэж хэлээд утсаа тасалсан. 15 минутын дараагаар дахин залгаад таны нийгмийн даатгалын дэвтэр хаана байгаа билээ гэж асуусан. Би ажлаар сонин сайхан юу байна гээд инээлдээд жаахан юм ярьсан. Манай эхнэр намайг алцганаад янз бүрийн хүмүүстэй яриад байх юм гэж хэлсэн. Түүнээс болоод бид хоёр маргалдсан. Бид хоёр хэсэг маргалдаж байгаад би гэрээс гараад дээшээ алхаж байгаад Солонго дэлгүүрийн хажуунаас такси бариад төв рүү явсан. Явж байхдаа ганц шил архи олдохгүй байхдаа гэхэд нөгөө ах ганц шил архи бол байгаа, үнэтэй л байгаа даа гэж хэлсэн. Үнэтэйдээ хэд вэ гэхэд 35,000 төгрөг гэж хэлэхээр нь би наад архийг чинь авчихъя гээд бэлэн мөнгөөр нь 0,75 граммын Ерөөл архийг авсан. Би худалдааны төвийн ард буугаад арын сааданд орж сууж байгаад нөгөө архиа усны саванд хийсэн. Тэр хавиар алхаж байхдаа нөгөө архиа уугаад дуусгасан. Орой 17 цагийн үед гэртээ харьсан чинь эхнэр намайг чи нөгөө я... б... байгаад ирсэн үү гэж хэлсэн. Түүнээс болж уурлаад өмсөж байсан малгайгаа тайлаад баруун талын хацар руу нь 3 шавхартсан. Баруун гараас нь базаад чи з... гэж хэлэхэд гэрээс гараад явсан. Би араас нь гараад очсон чинь хүүгийн барьж байсан аягыг аваад над руу шидсэн. Тэгэхээр нь би яах гээд байгаа п... вэ гээд зүүн талын шилбэ рүү нь өшиглөсөн. Би гадагшаа гарч бие засчихаад ороод ирсэн чинь хажуу айлын эгч гараад ирчихсэн чи нэгнийгээ аллаа шүү дээ гэж хэлсэн. Би тэр эгчийн гэр рүү орсон. Би эхнэрээ тэр айлд байхдаа дугтарсан чинь явахгүй гээд байхаар нь би хүүгээ аваад гэртээ орж ирсэн. Тэгээд байж байхад араас эхнэр ороод ирсэн. Эхнэр бид хоёр гэртээ бага зэрэг маргалдаж байгаад эвлэрээд унтах гэж байхад цагдаа ирээд намайг аваад цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд авч ирсэн... Би шинжээч эмчийн дүгнэлттэй танилцсан. Би эхнэр Ц.М-ийн биед 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр архи уусан үедээ цохиж гэмтэл учруулсан... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 649 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ц.М-ийн биед баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Ц.М-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/
Зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 40-41, 44-45, 48-57, 61-64/
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас /
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч П.Э-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч П.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4 дүгээр баг, ...................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Ц.М-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Э-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч Ц.М хохирол төлбөр нэхэмжлээгүй байна гэх саналыг гаргав.
Шүүгдэгч П.Э нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж буй талаар тайлбар гаргав.
Шүүгдэгч П.Э, хохирогч Ц.М нар нь гэрлэлтийн баталгаагүй боловч тэд 2 жил хамт амьдарч буйгаа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8- д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж заасан ба шүүгдэгч П.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ц.М-ийн биед баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь халдсан үйлдлийн улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч П.Э-т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч П.Э нь согтуугаар 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4 дүгээр баг, ...................... тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Ц.М-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.М-ийн “...2020 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө манай нөхөр П.Э архи уух юм яриад байсан. Манай хажуу өрөөнд 2 байр түрээсэлдэг бөгөөд Э нөгөө хоёр охиноос таксины дугаар олох юм яриад гэрээс гарсан. Хэсэг хугацааны дараа гэрт орж ирчихээд гэрээс гараад яваад өгсөн. 15 цаг өнгөрч байхад гэрт согтуу ороод ирсэн. Дээгүүр хувцсаа тайлчихаад намайг ороод ир гэж хэлсэн. Би тухайн үед нь коридорт хүүхдээ тэврээд явж байсан. Гэрт орох гэж байсан чинь Э өмнөөс гарч ирээд намайг баруун гараараа ханатай хавсарч алгадсан. Тэгэхээр нь хажуу өрөөнд байдаг эгчийн өрөө рүү амь авраарай гээд орсон чинь араас Э миний араас дагаад ороод ирсэн. Би эгчийн гэрийн хоймрын орон дээр сууж байсан чинь миний хажууд ирээд миний хөл рүү хөл нүцгэн хөлөөрөө өшиглөсөн. Би айгаад тэр эгчээс амь авраарай гээд хашхираад нөгөө эгчээс зуурсан чинь Э ирээд дахиад миний баруун талын хавирга хэсэг рүү өшиглөсөн. Тэгсэн чинь нөгөө эгч чи одоо боль чиний гарын аяыг яаж даадаг юм бэ гэхэд Э надаас уучлалт гуйгаад одоо дахиж ингэхгүй гээд намайг гэртээ оръё гэж хэлсэн. Би хүүхдээ тэврээд хамт гэрт орсон чинь Э миний шилэн хүзүүн дээрээс базаад байсан. Чи одоо болилдоо гэхэд миний ууц руу өшиглөсөн. Миний хоёр гарнаас барьж аваад базаад болдогсон бол алаад хаячих юмсан гээд байсан. Тэгж байгаад тамхи татна гээд гэрээс гараад яваад өгсөн. Хэсэг гадаа байж байгаад орж ирээд хэвтэж байхад нь цагдаа орж ирээд аваад явсан...” /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,
гэрч Ц.О-ийн “...Би 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр үдээс хойш гэртээ үүдээ цоожлоод 1 настай зээ хүүтэйгээ хамт байсан чинь гэнэт хүн үүд тогшсон. Үүдээ нээсэн чинь гаднаас манай хажуу өрөөний хүүхэн уйлсан бололтой орж ирсэн чинь араас нь нөхөр нь гээд нэг залуу хүүхдээ тэврээд ороод ирсэн. Эхнэрээ гэртээ ор п... минь гэсэн чинь эхнэр нь манай гэрт орон дээр суугаад байсан. Нөхөр нь эхнэр дээрээ очоод явъя гэж хэлээд цээж рүү нь өшиглөөд заамдаад татсан чинь эхнэр нь газар унаад миний хөлнөөс зуураад уйлаад суугаад байсан. Тэгсэн 1 настай хүүхэд нь уйлаад байсан. Би та нар хүүхэд айлгаад байна, манай хүүхэд бас унтаж байгаа чимээгүй байцгаа гэж хэлсэн чинь нөхөр нь одоо бид нар гэртээ орлоо та чанга чимээ гарвал манай гэрт ороод ирээрэй, одоо бид хоёр муудалцахгүй гэж хэлээд эхнэр, хүүхдээ аваад гэртээ орсон... Намайг харахад зүүн шанаа руу нь нэг удаа гараараа цохисон, бас намайг хоол хийж байхад эхнэрээ орон дээр сууж байхад нь хажуу талаас нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн.” /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,
гэрч Т.Ч-ийн “...Би 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр таксинд явж байхад Ц.М гэдэг эмэгтэй над руу залгаад, дохиод байсан. Тэгэхээр нь би эргүүлээд залгасан чинь нөхөр архи уугаад намайг зодсон гэхээр нь цагдаад дуудлага өгчих үү гэхэд тэг гэхээр нь би цагдаагийн газрын 7053102 дугаарын утсанд ...................... тоотод согтуу хүн эхнэртээ агсам тавиад зодоод байна гэсэн дуудлага өгсөн. Би энэ хүнийг нөхөртөө зодуулаад янз бүр болчих байх гэсэн үүднээс цагдаад дуудлага өгсөн.” /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 649 дугаартай Ц.М-ийн биед баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч П.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч П.Э-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч П.Э-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.М-ийн биед баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч П.Э-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 /гурван зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах саналтай байна. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналыг гаргав.
Шүүгдэгч П.Э нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн тайлбар гаргав.
Шүүгдэгч П.Э-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч П.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний өрхийн орлогыг тодорхойлсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа зэргийг харгалзан түүнд 350 /гурван зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч П.Э-ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, улмаар 240 цагаас 720 цаг хүртэлх хугацаатай ялын хэмжээнээс 350 цагийн хугацаагаар оногдуулахаар шийдвэрлэсэн тул давхар үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авах шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э нь шүүхээс оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ц.М хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн П-ийн Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-т 350 /гурван зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э нь шүүхээс оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ц.М хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ