Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/70

 

 

 

 

          2021            01          18                                        2021/ШЦТ/70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч А.Тунгалагтуяа,

шүүгдэгч П.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар (үнэмлэхийн дугаар ) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос П.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн .............. дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.... оны .... дугаар сарын ....-ны өдөр Увс аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганцаараа Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 78 гудамж 1080Б тоотод оршин суух бүртгэлтэй боловч тухайн хаягт оршин суудаггүй, урьд ял шийтгэлгүй, Бух овогт Пүрэвсүрэнгийн Мөнхбаяр (РД:).

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч П.Мөнхбаяр нь 20.... оны .... дугаар сарын ....-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 26-2 тоотод оршин суух иргэн Ж.Мөнхнасангийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу өвлийн сууцны вакум цонхыг хагалж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн ЛСД зурагтыг хулгайлж 480.000 төгрөг, вакум цонхны салхивчны шил хагалж 10.000 төгрөг, нийт 490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Мөнхбаяр мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

 

  • Хохирогч Ж.Мөнхнасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэртээ ирэхэд байшингийн том өрөөний вакум цонхны давхар шил хагарсан байсан. Хаалга цоож бүтэн байсан. Гэртээ орж эд зүйлээ бүртгэж үзэхэд том өрөөнд байрлах цагаан өнгийн мөлхөө тавилгын голд байсан 42 инчийн зурагт /ЛСД/ алдагдсан байсан. Өөр алдагдсан зүйлгүй, цонхны давхар шил хагарсан, өөр устаж гэмтсэн эд зүйл байхгүй. Мөнхбаяр нь миний төрсөн дүү Мөнхжаргалтай 2012 оноос 2017 оны хооронд хамтран амьдарч байсан. 2017 оноос хойш хамт амьдрахаа больсон...Би 490.000 төгрөгийн хохирлыг барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн “...байшингийн баруун талын вакум цонхны салхивчны шил хагарсан байх ба хаалганд ил харагдах эвдрэлгүй байв...хаалгаар дотогш ороход...том өрөө байх ба уг өрөөний урд хананд байх вакум цонхны 45-120 см хэмжээтэй салхивчны шил хагарсан байдалтай,...хойд хана дагуу цагаан өнгийн мөлхөө тавилга байх ба уг тавилгын гол хэсэгт байсан ЛСД зурагт алдагдсан гэх...том өрөөний хагархай вакум цонхны дотор талын хүрээнээс 2 ширхэг гарын мөр, хагархай шилэн дээрээс 1 ширхэг гарын мөр,....цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон даавууны хэсэг байсныг бэхжүүлэн хурааж авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-8 дугаар хуудас),

 

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 04/492 дугаартай “...Шинжилгээнд тэнцэх гарын мөрүүд нь нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дартсууд, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илэрсэн гарын мөрүүдтэй харьцуулан үзэхэд “1” дугаартай гарын мөр нь санд 2014.10.06 өдөр санд MN000210024509 дугаараар санд бүртгэгдсэн “Пүрэвсүрэн овогтой Мөнхбаяр” гэсэн нэрээр санд бүртгэгдсэн хүний баруун гарын ядам хурууны дардастай тохирч байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас),

 

- “Мастер үнэлгээ” ХХКомпанийн 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 20/032 дугаартай “...42инчийн ЛСД зурагт 480.000 төгрөгийн үнэ ханштайгаар зах зээлд худалдаалах боломжтой, вакум цонхны салхивчны шил 2 ширхэг нийт 10.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),

 

- Шүүгдэгч П.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн:

“...2020 оны 07 дугаар сарын 12-13-ны өдрийн хооронд...Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хадам ах Ж.Мөнхнасантай уулзахаар очиход тэдний гэрт хүн байхгүй байсан. Би согтуудаа цонхыг нь гараараа хагалж дотогшоо орж хар өнгөтэй, хавтгай зурагтыг авч гарсан. Өөр ямар нэгэн зүйл аваагүй. Уг зурагтыг тэвэрч яваад гудамжинд таарсан эрэгтэй хүнд 50.000 төгрөгөөр зарсан...хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-46 дугаар тал),

 

- Шүүгдэгч П.Мөнхбаярын хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дугаар тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49 дүгээр тал), Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 87 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч П.Мөнхбаярыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг,

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс “гэм буруу дээр маргах зүйлгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэх дүгнэлтийг танилцуулсан болно.

Шүүгдэгч П.Мөнхбаяр нь 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 26-2 тоотод оршин суух иргэн Ж.Мөнхнасангийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн ЛСД зурагт хулгайлж, 490.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Ж.Мөнхнасангийн “...2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэртээ ирэхэд байшингийн том өрөөний вакум цонхны давхар шил хагарсан байсан. Гэртээ орж эд зүйлээ бүртгэж үзэхэд ...42 инчийн зурагт алдагдсан байсан. Өөр алдагдсан зүйлгүй байсан” гэсэн мэдүүлэг (хх13-14),

- хэргийн газарт үзлэг хийсэн “...байшингийн баруун талын вакум цонхны салхивчны шил хагарсан. Хаалга нүдэнд ил харагдах эвдрэлгүй байв. ...хаалгаар дотогш ороход...том өрөө байх ба...хойд хана дагуу цагаан өнгийн мөлхөө тавилга байна. Уг тавилгын гол хэсэгт байсан ЛСД зурагт алдагдсан...том өрөөний урд хананд хагархай вакум цонхны дотор талын хүрээнээс 2 ширхэг гарын мөр, хагархай шилэн дээрээс 1 ширхэг гарын мөр,....цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон даавууны хэсэг байсныг бэхжүүлэн хурааж авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх3-8),

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн н криминалистикийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 04/492 дугаартай ”Шинжилгээнд тэнцэх гарын мөрүүд нь нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дартсууд, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илэрсэн гарын мөрүүдтэй харьцуулан үзэхэд “1” дугаартай гарын мөр нь санд 2014.10.06 өдөр санд MN000210024509 дугаараар санд бүртгэгдсэн “Пүрэвсүрэн овогтой Мөнхбаяр” гэсэн нэрээр санд бүртгэгдсэн хүний баруун гарын ядам хурууны дардастай тохирч байна.” гэсэн дүгнэлт (хх25-27),

- П.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх44-46) болон шүүхийн хэлэлцүүлэгт тэрээр хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субьектив нөхцөл байдлын үндэслэл болно.

            Мөн хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн орон байранд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн, мэдээгүй эсэхээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Тиймээс шүүгдэгч П.Мөнхбаярыг хохирогч Ж.Мөнхнасангийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч П.Мөнхбаярын үйлдэл нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр иргэн Ж.Мөнхнасангийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 42 инчийн ЛСД маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгчийн үйлдлийг тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Мөнхнасанд “Мастер үнэлгээ” ХХКомпанийн 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 20/032 дугаартай хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт (хх36-37)-оор 490.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатараас хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг ажлын тав хоногийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн ба 2021 оны 01 дүгээр  сарын 18-ны өдрийн байдлаар хохирогчийн Хаан банкны 5496054443 тоот дансанд 250.000 төгрөгийг шүүгдэгчээс төлжээ.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Мөнхбаяраас 240.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Мөнхнасанд олгохоор шийдвэрлэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “П.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч П.Мөнхбаяр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан улсын яллагчаас санал болгож байгаа 2 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй юм.

Шүүгдэгч П.Мөнхбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, хялбар аргаар мөнгө олох зорилготой/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эд хөрөнгөд 490.000 төгрөгийн шууд хохирол учирснаас 250.000 төгрөгийг төлсөн, учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд ял шийтгэлгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Мөнхбаярыг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг  хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж заажээ. Иймээс шүүгдэгч П.Мөнхбаярын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон (хх134-135) 33 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасах нь зүйтэй юм.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг шүүх хэрэглэх боломжгүй гэж үзлээ. 

Учир нь хорих ялыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэхийг шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон.

Үүний дагуу Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “....гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол...” гэсэн нөхцөлийг шаарддаг. Шүүгдэгч П.Мөнхбаяр нь учруулсан хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй болно.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2008023301182 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бух овогт Пүрэвсүрэнгийн Мөнхбаярыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Мөнхбаярыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мөнхбаярт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Мөнхбаярын цагдан хоригдсон 33 (гучин гурав) хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Мөнхбаяраас 240.000 (хоёр зуун дөчин мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Мөнхнасанд олгосугай.

 

6. Эрүүгийн 2008023301182 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Мөнхбаярын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч П.Мөнхбаярын эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Мөнхбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БЯМБААБААТАР