| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2021/0025/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/25 |
| Огноо | 2021-02-11 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/25
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч А.Ө, түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,
Шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Н.Сундуй,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн А-ийн Ө, Т овгийн Ц-ийн О, Б овгийн Э-ын Э нарт холбогдох 2021000000005 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..............................................
Монгол Улсын иргэн, ..............................................
Монгол Улсын иргэн, ...............................................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч А.Ө, Ц.О, Э.Э нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сум 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Нисэх гэр хорооллын дагуух засмал замын орчимд Т.Н-г найз охин Э.М хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.Ө, Ц.О, Э.Э нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Ө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Ц.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Э.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Н 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би анх Э.М 2020 оны 04 дүгээр сард танилцаж фэйсбүүкний чат мессежээр харилцдаг болсон. 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн орчимд би Э.М чат мессежээр харилцаж байгаад би хоёулаа уулзъя гэж хэлсэн. М тэгье уулзъя гээд би айлд ..................... тоотод хүрээд ир гадаа ирээд хэлээрэй гэж хэлсэн. Би М-тай уулзахаар өөрийн өмчлөлийн 49-95 ӨМЭ улсын дугаартай Альпард загварын машинаа унаад 20 цаг өнгөрч байх үед М-гийн хэлсэн хаяг дээр нь очоод би ирчихлээ гэдгээ М-д хэлсэн. Удалгүй М яаруу сандруу байдалтай гарч ирээд яваарай яваарай намайг гэр рүү хүргээд өгчих гэж надад хэлсэн. Мөн М хэлэхдээ энд манай найзын төрсөн төрсөн өдөр болоод бид нар жаахан архи уучихлаа гэж хэлсэн. М-гаас архи их үнэртэж байсан. Би, чи архи уучихсан юм уу гэж асуухад М би пиво уусан гэж надад хэлсэн. Нисэх хороололд М-гийн гэрийн орчимд ирэхэд М манай найзууд араас манай гэрт ирчихлээ жоохон байж байгаад намайг гэрт хүргээд өг гэж хэлсэн. Би нисэх гэр хорооллын араар тавигдсан шинэ засмал замаар явж байгаад замынхаа хойд талд нь гарч зогссон. Тэгээд байж байтал цагаан өнгийн суудлын автомашин ирээд миний машины өмнөөс гэрлээ тусгаад зогссон. М уг машиныг хараад нөгөө хэд чинь мөн байна зугтаагаарай гэж хэлсэн. Би машинаа хөдөлгөөгүй. Тэгтэл нөгөө машин дотроос 3 залуу гарч ирээд майжигдуу хөлтэй шаргал бэлтгэлийн өмдтэй залуу миний сууж байсан жолоочийн талын хаалгыг гаднаас онгойлгоод үгийн зөрүүгүй ямар нэгэн юм хэлэлгүй гараараа нэг удаа миний баруун талын чи орчимд цохисон. Би яаж байгаа юм бэ чи гээд машинаас бууж очиход цаанаас нь Мгийн найз залуу байсан гэх дээгүүрээ цээж нүцгэн байсан залуу гарч ирээд наад муугаа бариад ав гэж хэлсэн. Тэгтэл сахалтай залуу болон майжигдуу залуу хоёр нэг нэгээрээ миний хоёр гарнаас сугадаж барьж авсан. М-гийн найз залуу байсан гэх цээж нүцгэн байсан залуу хүрч ирээд миний нүүр толгой хэсэг рүү гар хөлөөрөө олон удаа цохиж авсан. Би газар унасан. Намайг газар уначихсан байхад цээж нүцгэн байсан залуу миний нүүр толгой руу хэд хэдэн удаа өшиглөөд наадхаа босгоод ир гэж хэлсэн. Намайг миний машинд суулгаад шарил дээр аваачаад алаад булаад хаячихъя гээд аваад явсан. Намайг машинд суулгах үед тэр 3 залуугийн ирсэн машин хөдлөөд явчихсан байсан. Нэр зүсийг нь үл мэдэх танихгүй 3 залуу намайг зодож машинд суулгаад одоо миний санаж байгаагаар нисэх буудлын торон хашаа бүтэн тойрч яваад нисэн буудлын орчимд очиж зогссон байсан. Намайг цээж нүцгэн байсан залуу нь машин дотор цохиж зодоод байсан. Би хэсэг хугацаанд ухаан балартсан байсан. Ухаан ороод сэргэхэд би машины гадаа гарчихсан миний нүүрийг цасаар угаачихсан миний хөмсөг сормуусанд цас наалдаад мөсччихсөн байсан. Миний хажууд сахалтай болон майжигдуу хөлтэй 2 залуу зогсчихсон одоо ална энэ чиний чулуу гээд чулуу харуулсан. Би ойр орчмоо харахад 10 гаруй шарилтай шарилын газар ирчихсэн байсан. Тэр хоёр залуу чи өөрөө өөрийнхөө булшны нүхээ ух гээд хатуу дагтралдсан байсан цасыг хөлөөрөө дэвсэлж цөмлөөд энд арай зөөлөн байна энийг ух гээд байсан. Би тэр үед дөрөв хөлөлчихсөн байдалтай байсан. Тэгтэл миний хоёр талаас тэр хоёр залуу чирч яваад цементэн дэвсгэртэй шарил дээр гаргаж хаясан. Би дөрөв хөллөөд чирэгдээд явсан. Тэгээд би хартал тэр цементэн дэвсгэртэй газар нь хүний шарил байсан ба тэр нь Д үсгээр эхэлсэн нэртэй хүний шарил байсан. Майжигдуу хөлтэй залуу нь уг шарилын чулуун дээр байгаа хүний нэрийг уншиж өгөөд байсан. Би айж сандарсан байсан болохоор нэрийг нь тогтоогоогүй. Шарилын газарт байх үед М болон цээж нүцгэн залуу хоёр бууж ирээгүй. Сахалтай болон цээж нүцгэн залуу хоёр намайг дарамталж айлгаж байгаад буцаагаад машинд оруулж суулгасан. Машинд намайг орж суухад дотор нь М цээж нүцгэн байсан 2 залуу байж байсан. Машинаа хөдөлгөөд аймгийн төв рүү орж ирээд сахалтай залуу болон майжигдуу хөлтэй залуу хоёрыг нэг дор хамтад нь буулгаад явсан. Машиныг цээж нүцгэн байсан залуу унаад яваад байсан. ..................... тоотод очиход цээж нүцгэн байсан залуу машинаас буугаад надад наадхаа аваад зайл гэж хэлээд уг хашаа руу орсон. Би өөрийнхөө машинаас буугаад жолоотой талын суудал дээр суух гэж байхад М машинаас буугаад уг хашаа руу ороод цээж нүцгэн нөгөө залуу дагуулаад гараад ирсэн. Цээж нүцгэн байсан залуу нь М-гийн гэр рүү яв маргааш п... минь над дээр ирж уулзаарай гэж хэлсэн. Би нисэх хороололд очиж М цээж нүцгэн байсан залуутай хамт Мгийн гэрийн гадаа буулгаад 01 цагийн орчимд өөрийн гэртээ очсон... Миний биед учирсан бүх гэмтлийг цээж нүцгэн байсан Өлзий гэх залуу гар хөлөөрөө өшиглөж миний биед гэмтэл учруулсан. Өлзий миний толгой нүүр гээд бүх л газар цохиж зодсон... Миний 2 нүд, 2 хацар, толгой нэлэнхийдээ хавдаж хөхөрсөн, мөн үүдэн 1 шүд эмтэрч хугарсан гэмтэл надад учирсан. Би уг 3 залуугаар зодуулсны улмаас толгой болон бүх бие хөндүүрлэж өвдөж байгаа. ...Би өмд, цамц, куртикнийхээ үнийг нэхэмжлэхгүй.” /хавтаст хэргийн 35-39 дүгээр хуудас/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Н 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байхад М гэдэг хүүхэд миний фэйсбүүк чатаар “сайн уу со са юу байна” гэсэн чат бичсэн. Би зөрүүлээд “тайван даа чи хаана байна” гэсэн чат бичсэн чинь “би аймагт байна ..................... тоотод байна хүрээд ирж чадах уу” гэсэн чат явуулсан. Тэгэхээр нь би “хүрээд очъё” гэсэн чат явуулсан. Би Далангийн 1-4 тоотод байдаг өөрийн гэрээс гараад өөрийн Альпард машинаар ..................... тоот хашааны гадаа очоод “ирчихлээ” гэсэн чат явуулсан. Удаагүй тэр хашаанаас М гүйгээд гарч ирээд миний машины урд талын суудалд суухад архи үнэртэж байхаар нь би архи уучихсан юм уу гэсэн чинь үгүй ээ энд манай найзууд төрсөн өдрөө тэмдэглэж байгаа юм аа би бултаад гараад ирлээ гэрт хүргээд өг гэж хэлсэн. Би хөдлөөд гудамжид эргэж байхад нэг залуу хашаанаас гарч ирээд миний зүг алхсан. Энэ хүн юу хүн юм бэ гэхэд манай найзын ах байгаа юм хажуу гэрт нь байдаг юм, хэн явж байна гэж харж байгаа байх гэж хэлээд намайг хурдан яваарай гэж хэлсэн. Би эргээд чигээрээ дээшээ яваад Зүүнсайханы засмалд нийлээд засмал замаар уруудаад Нисэх хороолол руу гэр рүү нь явж байсан чинь М найзууд манай гэрийн гадаа ирчихсэн байна гэнэ хоёулаа жоохон байж байгаад би гэртээ хүргүүлье гэж хэлсэн. Би чигээрээ яваад засмал замын хойд талд гарч зогсоод машинаасаа бууж тамхи татчихаад эргээд машиндаа ороод ирэхэд М утсаар яриад сууж байсан. Тэр үед нэг машин давхиж ирээд миний машины халз өмнөөс гэрлээ тусгаад зогссон. Тэгсэн М намайг хурдан яв нөгөөдүүл чинь ирчихлээ гэж хэлсэн. Би хөдөлсөн чинь нөгөө машин өмнүүр орж ирээд хөндлөөд зогссон. Тэгэхээр нь би зогссон чинь нөгөө машинаас намхан залуу /Э сүүлд нэрийг нь мэдсэн/ өндөр залуугийн /Ө сүүлд нэрийг нь мэдсэн/ хамтаар бууж ирсэн. Намхан майжигдуу залуу миний машины хаалгыг татсан. Би хаалгаа нээсэн чинь үгийн зөрүүгүй нөгөө залуу миний шанаа хэсэг рүү цохиод авсан. Тэгэхээр нь чи чинь яаж байна, яагаад намайг цохиж байгаа юм бэ гээд машинаас буусан чинь цаанаас нь 2 өндөр залуу гараад ирсэн. Юу болоод байгаа юм бэ гээд ухраад алхсан чинь нөгөө анх намайг цохиж авдаг майжигдуу хөлтэй намхан залуу буюу Э намайг бариад авсан. Би гараа дугтраад салгасан чинь нөгөө өндөр сахалтай залуу буюу О /О-ын нэрийг сүүлд мэдсэн/ миний нөгөө талын ханцуйнаас бариад авсан. Тэгсэн чинь Ө ирээд намайг таних уу гэж асуухаар нь би танихгүй гэхэд “төө Ө” гэж мэдэх үү чи гэж хэлээд миний нүүр рүү гараараа хэд хэд цохиод авсан. Би цохиулаад байж байхад миний хоёр талаас барьж байсан О, Э нар намайг тонгойлгосон чинь Ө миний нүүр рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Би Өт хэд хэд өшиглүүлээд ухаан балартаад газар унасан. Газар унасан үед бас намайг Ө хэд хэдэн удаа өшиглөх шиг болсон. Хэсэг хугацаанд юу болсныг санахгүй байна нэг сэрэхэд би гадаа хэвтэж байсан. Э, О нар намайг машины урд талын суудалд суулгасан чинь Ө миний машины хүрд дээр сууж байсан. Тэгээд хөдлөх гэхээр нь би чамд машинаа унуулахгүй чи согтуу байна гэж хэлэхэд чи муу дугуй бай гээд намайг мөн цохиод авсан. Ө чамайг шарил дээр аваачаад алаад хаячихъя гэсэн чинь Э арын суудлаас тэг тэг наадхаа шарил дээр аваад очоодох гэж хэлсэн. Ө машин унаад явсан. Хаашаа явж байгааг нь сайн мэдээгүй. Ө намайг байж байгаад л цохиод байсан. Би ухаан балартаад орж гараад яваад байсан. Нэг мэдэхэд би шарилын газарт хэвтэж байсан. Ухаан орсон чинь хөмсөг, нүүр нойтон болчихсон байсан. ...Эмнэлэгт үзүүлэхэд намайг эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байна гээд гэмтлийн тасагт 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 5 хоног хэвтэж эмчлүүлсэн. Би бусдад зодуулаад миний хамрын 2 яс хугарсан байна гэж хэлсэн. Одоо хамар хавантай байгаа учраас хагалгаанд орж чадахгүй байгаа. Эмнэлгийн байгууллагаас хаван буухаар хагалгаанд орно гэж хэлсэн. Тархи толгой маш их өвдөж байгаа. Одоо биеийн байдал дунд зэрэг толгой байнга өвдөөд өвчин намдаах эм уугаад явж байгаа. Мөн шүд хугарсан гэмтэл учирсан. Ө намайг зодох үед Э, О хоёр нь намайг барьж байгаад зодуулаад байсан... Миний машины тэнхлэг тохиргоо алдагдсан. Урд 2 амартизатор мурийсан, хойд, урд хоёр гупер хоёулаа цохигдож хагарсан байсан. Миний машин ямар ч гэмтэлгүй машин байсан бөгөөд хэрэг болдог орой Ө гэрч нь миний машиныг унаж явж дэрс, сундуул ихтэй газраар хүчтэй яваад машиныг эвдсэн байна... /хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ө-тай утсаар ярьж төвд уулзахаар болсон. Энэ өдрийн 17 цагийн орчимд гэрэлт гудамжинд Ө-тай уулзаж гадуур хамт явсан. 19 цаг өнгөрч байх үед Ө манай найзын гэрт очъё гэж хэлээд ..................... тоот хаягт би Ө-тай хамт явж очсон. Уг айлд очиход гэрт нь Ө-ын 2 найз гэх сахалтай болон намхандуу нуруутай майжигдуу хөлтэй 2 залуу пиво уугаад сууж байсан. Би 2 найзтай нь танилцсан. Гэхдээ нэрийг нь тогтоогоогүй. Тэр үед надтай фейсбүүкээр харилцдаг найз Н надтай чат мессежээр харилцаж уулзъя гэж хэлсэн. Би за тэгье гэж хэлээд байгаа хаягаа хэлсэн. Ө болон түүний 2 найз нь надад пиво өгсөн. Би бага зэрэг ууж амсаад өгсөн. Тэгээд байж байтал Н ирчихлээ гэж надад хэлсэн. Би Өт гадаа манай найз ирчихсэн байна би найзтайгаа гарч уулзлаа тэгээд гэр рүүгээ хүргүүлчихье гэртээ очоод би чамтай утсаар ярья гэж хэлээд гэрээс нь гарахад хашааны гадаа Н өөрийнхөө машинтай ирчихсэн байсан. Би машинд орж суухад миний араас гэрээс хүн гараад ирж байгаа харагдсан. Би Нд хурдан явъя хөдөл хөдөл гэж хэлсэн. Н машинаа хөдөлгөж төв засмалаар явж нисэх гэр хорооллын нэг гудмаар орж өгсөөд явж байхад Ө надтай утсаар ярьж гэртээ очсон юм уу цэнэглэгчийг чинь аваад ирлээ гэж хэлсэн. Би гэртээ очих арай болоогүй байна гэж хэлсэн. Ер нь тэр үед Ө 2 найзтайгаа хамт Н бид хоёрын араас дагаад явж байсан юм байна лээ. Н бид хоёр юм ярьж суухаар нисэх гэр хорооллын араар малчны хороолол руу явдаг шинэ тавигдсан засмал замын хойд талд гарч зогссон. Гэнэт цагаан өнгийн суудлын автомашин хүрч ирж Н-гийн машины өмнөөс гэрлээ тусгаад тулж ирж зогссон. Машинаас Ө 2 найзтайгаа хамт бууж ирээд Ө-ын найз гэх майжигдуу хөлтэй намхан нуруутай залуу эхэлж хүрч ирээд Н-гийн талаар очиж машиных нь хаалгыг онгойлгож ямар нэгэн юм хэлэлгүй Н-гийн толгой руу гараараа 1 удаа цохиж авсан. Н яадаг хүмүүс вэ та нар гэж асуухад нь майжигдуу хөлтэй залуу нь юу ч тайлбарлаж хэлээгүй. Н машинаас бууж очсон. Өыг 2 найзтай нь хүргэж ирсэн цагаан өнгийн автомашин Ө-ыг 2 найзтай нь буулгачихаад удаагүй явчихсан. Н-г машинаас буухад нь Ө толгой, нүүр рүү нь цохисон. Н хойшоо гүйгээд зугтаахад нь араас нь Ө-ын 2 найз нь элдэж гүйж очоод барихад Ө очиж Н-г дахиад цохиж зодсон. Тэгээд байж байгаад Н дахиад урагшаа гүйгээд зугтсан. Ө-ын найз сахалтай болон майжигдуу хөлтэй хоёр залуу араас нь элдэж очоод Н-г барьж авсан. Ө араас нь очиж Н-г дахиад цохиж зодож байсан. Тэр үед Н-гийн дух орчим хэсгээс нь цус гарсан байсан. Ө болон нэрийг нь мэдэхгүй байгаа сахалтай залуу, майжигдуу хөлтэй намхан нуруутай залуу гурав Н-г дагуулаад машин руу нь явсан. Би болж байгаа зүйлийг хараад уйлаад үлдсэн. Тэгтэл Ө Н-гийн машиныг жолоодоод хажуугийн суудал дээрээ Н-г суулгачихсан арын суудал дээр нь сахалтай болон майжигдуу хөлтэй 2 залуу нь суучихсан над дээр ирсэн. Намайг машинд суу гэж хэлсэн. Би хаачих гэж байгаа юм гэж асуухад чамд ямар хамаатай юм гэж Ө-ын 2 найз нь хоёулаа надад хэлсэн. Би машинд нь орж суухад Ө машиныг жолоодоод хойшоо нисэх буудлын зүг рүү явсан. Явж байх замдаа Ө нэг гараараа хажуудаа сууж явсан Н-гийн толгой нүүр рүү нь цохиод хүний юмаар оролдоод, яах гэж уулзсан юм чи гээд байсан. Нисэх буудлаас хойшоо гарч яваад дэрс буттай жалгатай газар очиж зогссон. Ө явах замдаа Н-гийн нүүр толгой руу нь гараараа цохиж явснаас болоод Н-гийн хамар амнаас нь их цус гарсан байсан. Машин зогсоход сахалтай болон майжигдуу хөлтэй 2 залуу машинаас бууж Н-г машинаас буулгаж авч явсан. Машины цонхоор харахад хүний шарилтай газар ирсэн байгаа харагдсан. Би Ө-тай ярилцъя гээд машинаас гараагүй. Гадаа сахалтай болон майжигдуу хөлтэй 2 залуу Н-гийн нүүрийг цасаар угаасан. Тэр үед Н сууж байх шиг харагдсан. Сахалтай болон майжигдуу хөлтэй намхан нуруутай 2 залуу Н-гийн хувцаснаас нь бариад цааш нь чирээд шарилтай газар руу аваад явсан. Би машинаас буугаагүй болохоор юу болсныг мэдээгүй. Хэсэг хугацааны дараа сахалтай болон майжигдуу хөлтэй 2 залуу Н-г дагуулаад машин дотор орж ирсэн. Ө машиныг жолоодоод аймгийн төв рүү явсан. Аймгийн төвд орж ирээд Дундсайхан хороолол орчимд Ө өөрийн найз гэх сахалтай болон майжигдуу хөлтэй 2 залууг хамтад нь буулгаад тэндээсээ ..................... тоот хаягт очиж Ө машинаас бууж уг айлаас Ө өөрийнхөө гар утсыг авсан. Би Ө-тай хамт машинаас буусан. Тэгээд эргэж гарч ирээд Н-гээр өөрөөр нь өөрийнх нь машиныг жолоодуулаад нисэхийн 1-8 тоотод манай гэрийн гадаа очиж Ө бид хоёр машинаас бууж үлдээд Н машинаа жолоодоод ганцаараа явсан. Сахалтай болон майжигдуу хөлтэй 2 залуу нь Н-г зугтах гэхэд нь барьж аваад байсан.” /хавтаст хэргийн 43-46 дугаар хуудас/
Гэрч И.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би ажлаасаа бууж ирээд гэртээ байж байхад 16 цагийн үед Ө ахын найз нь Э нэг залуугийн хамтаар манайд хүрээд ирсэн. Тэр хоёр ирэхдээ 2.5 литрийн 2 пиво авч ирээд нэг пиво задлаад тэр хоёр хуваагаад уугаад тэр пиво нь дуусч байх үед Ө ах нэг охины хамтаар гэрт орж ирсэн. Ө ахыг гэрт орж ирсэн дараагаар үлдсэн нэг пиво задлаад ууцгаасан. Би тэр үед гэр орноо цэвэрлээд хоол ундаа хийж байсан. Хэсэг хугацааны дараагаар Ө ахын дагуулж ирсэн эмэгтэй явахаар болоод гараад явсан. Араас нь Ө ах гараад удаагүй ороод ирсэн. Ө ах буцаж гэрт орж ирээд нөгөө эмэгтэйг повер банк, цэнэглэгчээ гэрт үлдээсэн байна энийг хүргээд өгье гэж надад хэлсэн. Би хувцсаа өмсөөд гэрээс гарч өөрийн машинаа асаагаад Ө ах Э хамт ирсэн залуу бид нар миний машинаар явсан. Хашаанаас гарахад гудамжаар дээшээ явж байсан машины араас дагаад яв гэж Ө ах хэлсэн. Би нөгөө машины араас дагаад явахад нөгөө машин Зүүнсайханы засмал замаар доошоо уруудаж яваад чигээрээ хойшоо яваад “Хайрхан” дэлгүүрийн өмнүүр гараад чигээрээ хойшоо яваад Нисэх хороолол руу орсон. Тэгж яваад Нисэх хороололд байх шинэ засмал замын хойд талд очоод зогссон чинь замын урд байсан хашааны гадаа очоод зогсчих гэж хэлсэн. Би хэлсэн ёсоор нь яваад хашааны гадаа зогссон. Тэнд нэг хэсэг зогсож байгаад би Ө ахад хандаад би харьж амарлаа маргааш ажилтай гэж хэлсэн чинь Ө ах тэр машины өмнө очоод зогсчих гэж хэлсэн. Би яваад нөгөө машины өмнө очоод гэрлээ тусгаад зогссон чинь нөгөө машин хөдөлсөн чинь Ө ах намайг өмнө нь очоод зогсчих гэхээр нь тойроод нөгөө машины өмнө очоод зогссон чинь Ө ах Э нөгөө залуу гурав машинаас буугаад явсан. Тэгэхээр нь би шууд хөдлөөд гэртээ очиж амарсан. Намайг гэртээ унтаж байхад Ө ах гэрт орж ирээд юм хэлээгүй куртикээ аваад гарсан... Ө ах дагуулж ирсэн эмэгтэйгээ хардаад байх шиг байсан. Нөгөө хоёр залуу нь согтуу учраас машинд тамхи татах гэхээр нь би татуулахгүй гэсэн чинь хашхиралдаад яваад байсан. /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/
Шүүгдэгч А.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 12 дугаар сарын 19-ний орой 18 цагийн үед найз охин М-гийн хамтаар ..................... тоотод очиход Э, О нар 2.5 литрийн савтай пиво уугаад сууж байсан бөгөөд намайг очиход уг пиво дуусч байсан. Тэгсэн цаанаасаа дахин 2.5 литрийн савтай пиво гаргаж ирсэн. Нөгөө пивоноос надад хийж өгсөн боловч найз охин М битгий уу гээд уулгахгүй байсан. Тэр сүүлийн пиво дуусч байхад М найзтайгаа уулзаад ирье гээд гэрээс гарсан. М гарсан дараагаар араас нь гарсан чинь М цагаан өнгийн Альпард загварын машинд суугаад хөдөлсөн. Түүнийг харчихаад эргээд гэрт орж ирэхэд М повер банк, утасны залгуур хоёроо үлдээсэн байсан. Тэгэхээр нь би энийг нь Мд аваачиж өгье гээд гэрээс Э, О бид гурав манай дүү Мө нарын хамтаар гарсан. Гэрээс гараад дүү Мө-ийн машинаар бид нар М-гийн сууж явсан Альпардны араас дагасан. Дагаад явж байхад Э наад машинаа зогсоогоод наад юмнуудыг нь өгчихөө гэхээр нь би яахын бэ дагаад яв гээд дагуулаад явсан. Тухайн үед Мө өөрийн машиныг жолоодож явсан. Бидний дагаж явсан машин Зүүнсайханы засмал замаар уруудаад Зүүнсайхан, Баруунсайханы өмнүүр явдаг засмал замаар хойшоо яваад Хан-Уул хорооллын голоор явдаг засмал замаар чигээрээ хойшоо яваад Нисэхийн гудамжаар явж байгаад Автотээврийн газрын зүүн урд талд засмал замын хойд талд гараад зогссон. Тухайн үед бид нар дагаж явж байгаад засмал замын урд талд айлын хашааны гадаа хараад зогссон. Хэсэг хугацааны дараа нөгөө машин кабины гэрэл болон их гэрлээ унтраасан. Тэгэхээр нь би дүүгээ яваад очоодох гэж хэлээд нөгөө машины өмнө талд нь очоод өмнөөс нь гэрэл тусгаад зогссон. Тэгсэн чинь нөгөө машин хөдөлсөн. Тэгэхээр нь бөгсөөр нь тойроод өмнө нь гараад хөндлөн зогссон. Би энэ үед дүүгээ ингэж зогс тэгж зогс гэж зааварчилж байсан. Өмнө нь зогсоод би машинаас бууж очоод жолоочийн эсрэг талын хаалгаар нь очоод жолоочийг цохиж авсан. Тэгсэн чинь жолооч буугаад зугтаасан. Би араас нь гүйж очоод барьж аваад чи М-гийн юу юм бэ гэсэн чинь хамаатан нь байна гэж хэлсэн. Тэгэхээр нь чи хамаатан юм бол шөнө орой юу хийж энд зогсож байгаа юм бэ гэж хэлсэн. Тэр үедээ толгой хэсэгт нь нэг удаа цохиж авсан. Тэгээд чи худлаа яриад байгаа ч гэж асуухад би экс нь байна гэж хэлсэн. Ахиад далайсан чинь цаашаа зугтаасан. Би араас нь гүйгээд бариад авсан. Энэ үед манай хоёр найз араас ирж байсан. Тэр залууг хэд хэдэн удаа цохиж авсан. Тэгж байгаад чи үнэнээ хэлээч чи юу нь юм бэ гэсэн чинь би ярьдаг залуу нь байгаа юм гээд байсан. Би нөгөө залууг урдаас чирээд машин дээр нь авч ирсэн. Машин дээр нь авч ирээд нөгөө залууг жолооч талын эсрэг сандалд суулгаад би өөрөө жолоочийн суудалд нь суусан. Тэр үед манай найз охин М машины гадаа уйлаад сууж байсныг нь манай хоёр найз машинд оруулж ирсэн. Би машиныг нь унаад шарилын газар руу явсан. Ингэж явах замдаа чи үнэнээ хэл гээд 2 удаа цохиж авсан. Тэгээд явж байхдаа нөгөө залууд хандаад чи үнэнээ хэлэхгүй бол чамайг шарилын газарт аваачна гэж хэлэхэд ахаа би үнэнээ хэлнэ гээд байсан. Тэгж яваад нисэхийн баруун хойд талд байдаг шарилын газарт очсон. Тэнд очиж зогсоод буух гэсэн чинь манай найз охин намайг араас тэврээд буулгахгүй байсан. Тэр үед манай найз буюу Э, О хоёр нөгөө залууг аваад машинаас буусан. Гадаа юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Гэрэлд О шарил дунд цас өшиглөөд нүүрийг нь угаалгаад байх шиг байсан. Тэр гурав эргээд машинд ороод ирсэн. Тэгээд эргэж яваад Гурвансайхан хорооллын замаар урагшаа чигээрээ яваад ..................... тоотын гадаа очиж зогсоод би гэр рүү ороод куртикээ өмсөж гарч ирээд буцаж Нисэх хороолол руу яваад М-гийн гэрийн гадаа очиж М бид хоёр буусан. Тэндээс машиныг нь жолоочид нь өгсөн. Тэр өөрөө машинаа унаад манай хоёр найзыг суулгаад яваад өгсөн. Ийм зүйл болсон.” /хавтаст хэргийн 82-84 дүгээр хуудас/
Шүүгдэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 1993 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн. 2000 оноос 2010 онд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын дунд сургуульд сурч бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2010 оноос 2011 онд Улаанбаатар хотод Монгол Улсын Боловсролын Их Сургуульд сурч байгаад жилийн чөлөө авч 2011 оноос 2012 онд Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хаасан. 2012 онд цэргээс халагдаж ирээд мал дээр гарч эцгийн хамтаар мал маллаж байгаад 2015 онд тусдаа гарч ганц биеэрээ мал маллан амьдарч байгаа... Би болсон асуудлын талаар урьд нь мэдүүлэг өгсөн, одоо өөр нэмж ярих зүйл байхгүй учраас би мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлэхийг хүсч байна.” /хавтаст хэргийн 90-91 дүгээр хуудас/
Шүүгдэгч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 12 дугаар сарын 17-ны орой хөдөө гэрээсээ Даланзадгад суманд эхийн хамтаар ирсэн бөгөөд манай эх 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хөдөө гэр рүүгээ буцаад би хувийн ажлаар аймагт үлдсэн. 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед би найз Э-ийн гэрт буюу ............... тоотод яваад очиход Э гэртээ эгчийн хамтаар байж байсан. Э бид хоёр уулзаад юм ярьж байгаад найз Ө-тай уулзъя гэж яриад Э бид хоёр Ө руу залгаад хаана юу хийж байна гэсэн чинь Ө гадуур найз охинтойгоо хамт явж байна та хоёр манай дүү Мө-ийн гэрт очоод байж бай гэж хэлсэн. Э бид хоёр Э-ийн гэрээс гараад доошоо ..................... тоотод очихоор алхсан. Бид хоёр явж байх замдаа “Баясах” дэлгүүр орж 2.5 литрийн Нийслэл нэртэй 2 ширхэг пиво аваад Ө-ын дүүгийн гэрт буюу ..................... тоотод очиход Мө ганцаараа байж байсан. Бид хоёр тэнд Ө-ыг хүлээнгээ авч очсон пивоо уусан. Тухайн үед Мө хоол хийгээд байсан. Нэг пиво уугаад дуусч байхад гаднаас Ө найз охин М-гийн хамтаар орж ирсэн. Би дараагийн пивог задлаад Өт хийж өгөхөд Ө уухгүй найз охиноо хүргэж өгнө гэж хэлсэн. Ө-ын найз охин мөн пиво уухгүй байсан. Тухайн пивог Э бид хоёр хувааж уугаад дуусгасан. Пиво дуусаад хоол идэж байхад Ө-ын найз охин бид нараас түрүүлээд гараад явсан. Араас нь Ө гарсан. Удалгүй Ө эргэж орж ирээд М повер банк, цэнэглэгч хоёроо орхичихсон байна, үүнийг нь хүргэж өгье гэж хэлсэн. Э, Мө, Ө бид 4 Мө-ийн машинд суугаад явсан. Мө машинаа бариад хашаанаас гарсан. М-гийн сууж явсан машиныг дагаад явж байсан чинь Ө жаахан араас нь дагаад явъя наадах чинь эрэгтэй хүнтэй явж байх шиг байна гэж хэлсэн. М-гийн сууж явсан машиныг дагаад явсан чинь нөгөө машин чигээрээ явсаар байгаад Нисэхийн хойд талд гараад тал дээр зогссон. Бид нар хойд талд нь айлын хашааны гадаа хараад зогссон. Тэгээд хараад байж байхад нөгөө машин гэрлээ унтраасан. Тэгсэн чинь Ө тэр машин дээр очъё гэж хэлсэн. Бид нар хөдлөөд нөгөө машины өмнө талд нь очоод гэрлээ асаагаад зогссон чинь нөгөө машин ухраад хөдөлсөн чинь Ө араар нь хашаад зогсчих гэж дүүдээ хэлсэн. Дүү нь нөгөө машины араар нь хашаад зогссон. Тэр үед Ө машинаас буугаад гүйгээд нөгөө машин руу явсан. Тэгсэн нөгөө машины жолооч удалгүй урагшаа зугтааж байгаа харагдсан. Араас нь Ө хөөж бариад үнэнээ хэл гээд цохиод байсан. Тэр үед би машинаас гараад Ө дээр очоод Өыг Э бид хоёр тэвэрч аваад салгах гэж оролдсон чинь Ө нөгөө залууг нэг гараараа заамдчихсан чи үнэнээ хэл гээд байсан. Тэгсэн нөгөө залуу эхлээд ах нь байгаа юм гэж хэлсэн. Дараа нь экс нь байгаа юм гэж хэлж байсан. Тэгсэн чинь Ө чи муу үнэнээ хэл гээд хаад цохиж аваад байсан. Хэсэг тэгж байгаад Э, Ө хоёр нөгөө залууг машин руу нь аваад явсан. М тэнд уйлаад суугаад байхаар нь би аваад араас нь нөгөө машин дээр ирсэн чинь машинд суучих гэж Ө хэлсэн. Би машины арын суудалд М, Э нарын хамтаар суусан. Ө нөгөө залуугийн машиныг бариад нөгөө залууг хажуу суудал дээрээ суулгаад хөдөлсөн. Тухайн үед би хаашаа явж байгааг нь мэдээгүй хэсэг явж байгаад нэг газар зогссон. Машинаас буугаад ирэхэд Даланзадгад сумын шинэ нисэхийн баруун талд байх шарилын газар байдаг тэнд ирсэн байсан. Тэр үед Ө та гурав бууж бай би найз охинтойгоо ярилцаадахъя гэж хэлсэн. Э бид хоёр нөгөө залуутай хамт машинаас буугаад цас ховхолж цусыг нь угаалгасан. Тэнд нэг их удаагүй 10-20 минут болсон байх. Нөгөө залуу бид гурав гадаа тамхи татаад зогсож байхад Ө явъя гэж хэлсэн. Тэндээсээ эргэж Даланзадгад сум руу орж ирээд .................... тоотод бууж үлдээд Э-ийн гэрт орсон чинь Э-ийн эгч нь байхаар нь би гэр рүүгээ яваад гэртээ очиж амарсан.” /хавтаст хэргийн 97-99 дүгээр хуудас/
Шинжээч Б.Баярхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Гайморын хөндийн гэдэг нь хоншоор ясанд байрладаг бөгөөд уг хөндий нь амьсгал авахад агаарыг бүлээсгэдэг хөндий юм. Уг хөндийн дотор хананд үүссэн хугарал, гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Энэ ясанд үүссэн хугарал, гэмтэл, түүнээс үүссэн үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах тул хүндэвтэр гэмтэлд тооцогдоно.” /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Т.Н-гийн биед тархи доргилт, зүүн гайморын хөндийн дотор хананд хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт орчны эдэд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтад нөлөөлөхгүй. Т.Н-гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 83 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Т.Н-гийн биед 22-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Тухайн гэмтэл хэзээ учирсан эсэхийг тогтоох боломжгүй. Т.Н-гийн биед учирсан зүүн дээд 1 шүдний хугарал гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас/
“Хас үнэлгээ” ХХК-ний 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 841 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээнд: “Гар утас /iphone 7 plus/, 1 ширхэг, нэгжийн үнэ 650,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 650,000 төгрөг /шинэвтэр/, куртка /R-URBAN/ 1 ширхэг, нэгжийн үнэ 120,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 120,000 төгрөг /шинэвтэр/, цамц 1 ширхэг, нэгжийн үнэ 15,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 15,000 төгрөг /хуучин/, женсэн өмд, 1 ширхэг, нэгжийн үнэ 40,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 40,000 төгрөг /шинэвтэр/, нийт дүн 825,000 төгрөг” /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1258 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайланд: “эвдэрсэн эд ангиуд: баруун урд амартизатор эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 90,000 төгрөг /солих/, зүүн урд амартизатор эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 90,000 төгрөг /солих/, урд буфер эвдрэлийн зэрэг дунд, үнэлгээ 65,000 төгрөг /засах/, хойд буфер эвдрэлийн зэрэг дунд, үнэлгээ 40,000 төгрөг /засах/, будах зардал эвдрэлийн зэрэг бага, үнэлгээ 150,000 төгрөг /ажлын хөлс/, шууд зардлын дүн 435,000 төгрөг, 200 грамм будаг, туслах материал лак өнгө гаргах, үнэлгээ 40,000 төгрөг /материалын үнэ/, эд анги солих, үнэлгээ 30,000 төгрөг /ажлын хөлс/, тэнхлэг тохируулах үнэлгээ 20,000 төгрөг /ажлын хөлс/, шууд бус зардлын дүн 90,000 төгрөг, нийт дүн 525,000 төгрөг” /хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дүгээр хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 06-11 дүгээр хуудас/
Хэргийн газрын схем зураг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-20 дугаар хуудас/
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 21-25 дугаар хуудас/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 26-31 дүгээр хуудас/
Эвлэрлийн гэрээ /хавтаст хэргийн 170, 174, 186 дугаар хуудас/
Шүүгдэгч нарын хохирол төлбөр төлсөн талаарх хохирлын баримтууд /хавтаст хэргийн 171, 175, 209 дүгээр хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 107, 113, 119 дүгээр хуудас/
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 110-112, 116-118, 121-126, 176-184/
А.Ө-ын дансны хуулга /хавтаст хэргийн 211 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч А.Ө, Ц.О, Э.Э нараас өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагч нарт танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.Ө, Ц.О, Э.Э нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч А.Ө, Ц.О, Э.Э нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сум 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Нисэх гэр хорооллын дагуух засмал замын орчимд Т.Н-г найз охин Э.М хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Т.Н 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт “...Машин дотроос 3 залуу гарч ирээд майжигдуу хөлтэй шаргал бэлтгэлийн өмдтэй залуу миний сууж байсан жолоочийн талын хаалгыг гаднаас онгойлгоод үгийн зөрүүгүй ямар нэгэн юм хэлэлгүй гараараа нэг удаа миний баруун талын чи орчимд цохисон. Би яаж байгаа юм бэ чи гээд машинаас бууж очиход цаанаас нь Мгийн найз залуу байсан гэх дээгүүрээ цээж нүцгэн байсан залуу гарч ирээд наад муугаа бариад ав гэж хэлсэн. Тэгтэл сахалтай залуу болон майжигдуу залуу хоёр нэг нэгээрээ миний хоёр гарнаас сугадаж барьж авсан. М-гийн найз залуу байсан гэх цээж нүцгэн байсан залуу хүрч ирээд миний нүүр толгой хэсэг рүү гар хөлөөрөө олон удаа цохиж авсан. Би газар унасан. Намайг газар уначихсан байхад цээж нүцгэн байсан залуу миний нүүр толгой руу хэд хэдэн удаа өшиглөөд наадхаа босгоод ир гэж хэлсэн. Намайг миний машинд суулгаад шарил дээр аваачаад алаад булаад хаячихъя гээд аваад явсан. Намайг машинд суулгах үед тэр 3 залуугийн ирсэн машин хөдлөөд явчихсан байсан. Нэр зүсийг нь үл мэдэх танихгүй 3 залуу намайг зодож машинд суулгаад одоо миний санаж байгаагаар нисэх буудлын торон хашаа бүтэн тойрч яваад нисэн буудлын орчимд очиж зогссон байсан. Намайг цээж нүцгэн байсан залуу нь машин дотор цохиж зодоод байсан. Би хэсэг хугацаанд ухаан балартсан байсан. Ухаан ороод сэргэхэд би машины гадаа гарчихсан миний нүүрийг цасаар угаачихсан миний хөмсөг сормуусанд цас наалдаад мөсччихсөн байсан. Миний хажууд сахалтай болон майжигдуу хөлтэй 2 залуу зогсчихсон одоо ална энэ чиний чулуу гээд чулуу харуулсан. Би ойр орчмоо харахад 10 гаруй шарилтай шарилын газар ирчихсэн байсан. Тэр хоёр залуу чи өөрөө өөрийнхөө булшны нүхээ ух гээд хатуу дагтралдсан байсан цасыг хөлөөрөө дэвсэлж цөмлөөд энд арай зөөлөн байна энийг ух гээд байсан. Би тэр үед дөрөв хөллөчихсөн байдалтай байсан. Тэгтэл миний хоёр талаас тэр хоёр залуу чирч яваад цементэн дэвсгэртэй шарил дээр гаргаж хаясан. Би дөрөв хөллөөд чирэгдээд явсан. Сахалтай болон цээж нүцгэн залуу хоёр намайг дарамталж айлгаж байгаад буцаагаад машинд оруулж суулгасан... Намайг машинд сууж байхад анх майжигдуу хөлтэй залуу нь ирж миний баруун талын чихний орчимд гараараа 1 удаа цохисон. Намайг машинаас буусны дараа сахалтай болон майжигдуу хөлтэй 2 залуу миний 2 гар болон сугнаас барьж байгаад цээж нүцгэн байсан Өлзий гэх залуугаар зодуулсан. Намайг газар унахад Өлзий гараараа намайг цохиж хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед сахалтай залуу намайг хэд хэдэн удаа өшиглөсөн. Миний биед учирсан бүх гэмтлийг цээж нүцгэн байсан Өлзий гэх залуу гар хөлөөрөө өшиглөж миний биед гэмтэл учруулсан. Өлзий миний толгой нүүр гээд бүх л газар цохиж зодсон... Миний 2 нүд, 2 хацар, толгой нэлэнхийдээ хавдаж хөхөрсөн, мөн үүдэн 1 шүд эмтэрч хугарсан гэмтэл надад учирсан.” /хавтаст хэргийн 35-39 дүгээр хуудас/,
хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Н 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт “...Тэр үед нэг машин давхиж ирээд миний машины халз өмнөөс гэрлээ тусгаад зогссон. Тэгсэн М намайг хурдан яв нөгөөдүүл чинь ирчихлээ гэж хэлсэн. Би хөдөлсөн чинь нөгөө машин өмнүүр орж ирээд хөндлөөд зогссон. Тэгэхээр нь би зогссон чинь нөгөө машинаас намхан залуу /Э сүүлд нэрийг нь мэдсэн/ өндөр залуугийн /Ө сүүлд нэрийг нь мэдсэн/ хамтаар бууж ирсэн. Намхан майжигдуу залуу миний машины хаалгыг татсан. Би хаалгаа нээсэн чинь үгийн зөрүүгүй нөгөө залуу миний шанаа хэсэг рүү цохиод авсан. Тэгэхээр нь чи чинь яаж байна, яагаад намайг цохиж байгаа юм бэ гээд машинаас буусан чинь цаанаас нь 2 өндөр залуу гараад ирсэн. Юу болоод байгаа юм бэ гээд ухраад алхсан чинь нөгөө анх намайг цохиж авдаг майжигдуу намхан залуу буюу Э намайг бариад авсан. Би гараа дугтраад салгасан чинь нөгөө өндөр сахалтай залуу буюу О /О-ын нэрийг сүүлд мэдсэн/ миний нөгөө талын ханцуйнаас бариад авсан. Тэгсэн чинь Ө ирээд намайг таних уу гэж асуухаар нь би танихгүй гэхэд “төө Өлзий” гэж мэдэх үү чи гэж хэлээд миний нүүр рүү гараараа хэд хэд цохиод авсан. Би цохиулаад байж байхад миний хоёр талаас барьж байсан О, Э нар намайг тонгойлгосон чинь Ө миний нүүр рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Би Өт хэд хэд өшиглүүлээд ухаан балартаад газар унасан. Газар унасан үед бас намайг Ө хэд хэдэн удаа өшиглөх шиг болсон. Хэсэг хугацаанд юу болсныг санахгүй байна нэг сэрэхэд би гадаа хэвтэж байсан. Э, О нар намайг машины урд талын суудалд суулгасан чинь Ө миний машины үрүүл дээр сууж байсан. Тэгээд хөдлөх гэхээр нь би чамд машинаа унуулахгүй чи согтуу байна гэж хэлэхэд чи муу дугуй бай гээд намайг мөн цохиод авсан. Ө чамайг шарил дээр аваачаад алаад хаячихъя гэсэн чинь Э арын суудлаас тэг тэг наадхаа шарил дээр аваад очоодох гэж хэлсэн. Ө машин унаад явсан. Ө намайг байж байгаад л цохиод байсан. Би ухаан балартаад орж гараад яваад байсан. Нэг мэдэхэд би шарилын газарт хэвтэж байсан. Ухаан орсон чинь хөмсөг, нүүр нойтон болчихсон байсан. Миний машин шарилын газрын хойд орой дээр зогсож байсан. Тэр үед Э хатуурсан цас дэвсэж цөмлөөд энэ чиний булшны нүх энийгээ ух гээд байсан. Хажууд тэр хоёр миний куртикний араас татаж аваад булшны дэргэд авч ирээд намайг тонгойлгож дөрвөн хөллүүлж байгаад энэ чиний булшны чулуу энийг унш гээд байсан. Тухайн үед нь харахад Б үсгээр эхэлсэн нэр байсан. Э нь надад уншиж өгөөд байсан. Тэгж байгаад буцаагаад Э, О хоёр миний хоёр талаас бариад машин руу явсан. Машин дээр ирээд намайг машины урд талын суудалд суулгасан. Ө машин бариад хөдлөөд аймаг чиглээд явсан. Тухайн үед аймгийн гэрэл хараад аймгийн хойноос нь ирж байна гэж бодож байсан. Аймаг руу явж байх замдаа Э наадахыг чинь булшлаад хаясан, наадах чинь үхсэн гээд байсан. Тэгж байхад Ө намайг энэ мууг алчих уу гээд цохиод л явсан... Хамгийн анх намайг Э цохиж авсан. Түүний дараагаар нь Ө миний бүх биед зодож цохиж байсан. Миний биед учирсан гэмтлүүдийг Ө учруулсан. О нь миний санаж байгаагаар намайг цохиогүй гэж бодож байна. Ө намайг зодох үед Э, О хоёр нь намайг барьж байгаад зодуулаад байсан...” /хавтаст хэргийн 35-39, 40-42 дугаар хуудас/
насанд хүрээгүй гэрч Э.М-гийн “...Машинаас Ө 2 найзтайгаа хамт бууж ирээд Ө-ын найз гэх майжигдуу хөлтэй намхан нуруутай залуу эхэлж хүрч ирээд Н-гийн талаар очиж машиных нь хаалгыг онгойлгож ямар нэгэн юм хэлэлгүй Н-гийн толгой руу гараараа 1 удаа цохиж авсан. Н яадаг хүмүүс вэ та нар гэж асуухад нь майжигдуу хөлтэй залуу нь юу ч тайлбарлаж хэлээгүй. Н машинаас бууж очсон. Өыг 2 найзтай нь хүргэж ирсэн цагаан өнгийн автомашин Ө-ыг 2 найзтай нь буулгачихаад удаагүй явчихсан. Нг машинаас буухад нь Ө толгой руу нүүр рүү нь цохисон. Н хойшоо гүйгээд зугтаахад нь араас нь Өын 2 найз нь элдэж гүйж очоод барихад Ө очиж Н-г дахиад цохиж зодсон. Тэгээд байж байгаад Н дахиад урагшаа гүйгээд зугтсан. Ө-ын найз сахалтай болон майжигдуу хөлтэй хоёр залуу араас нь элдэж очоод Нг барьж авсан. Ө араас нь очиж Н-г дахиад цохиж зодож байсан. Тэр үед Н-гийн дух орчим хэсгээс нь цус гарсан байсан. Ө болон нэрийг нь мэдэхгүй байгаа сахалтай залуу, майжигдуу хөлтэй намхан нуруутай залуу гурав Н-г дагуулаад машин руу нь явсан. Би болж байгаа зүйлийг хараад уйлаад үлдсэн. Тэгтэл Ө Н-гийн машиныг жолоодоод хажуугийн суудал дээрээ Нг суулгачихсан арын суудал дээр нь сахалтай болон майжигдуу хөлтэй 2 залуу нь суучихсан над дээр ирсэн. Намайг машинд суу гэж хэлсэн. Би хаачих гэж байгаа юм гэж асуухад чамд ямар хамаатай юм гэж Ө-ын 2 найз нь хоёулаа надад хэлсэн. Би машинд нь орж суухад Ө машиныг жолоодоод хойшоо нисэх буудлын зүг рүү явсан. Явж байх замдаа Ө нэг гараараа хажуудаа сууж явсан Нгийн толгой нүүр рүү нь цохиод хүний юмаар оролдоод, яах гэж уулзсан юм чи гээд байсан. Нисэх буудлаас хойшоо гарч яваад дэрс буттай жалгатай газар очиж зогссон. Ө явах замдаа Нгийн нүүр толгой руу нь гараараа цохиж явснаас болоод Н-гийн хамар амнаас нь их цус гарсан байсан. Машин зогсоход сахалтай болон майжигдуу хөлтэй 2 залуу машинаас бууж Н-г машинаас буулгаж авч явсан. Машины цонхоор харахад хүний шарилтай газар ирсэн байгаа харагдсан. Би Ө-тай ярилцъя гээд машинаас гараагүй. Гадаа сахалтай болон майжигдуу хөлтэй 2 залуу Н-гийн нүүрийг цасаар угаасан. Тэр үед Н сууж байх шиг харагдсан. Сахалтай болон майжигдуу хөлтэй намхан нуруутай 2 залуу Нгийн хувцаснаас нь бариад цааш нь чирээд шарилтай газар руу аваад явсан. Би машинаас буугаагүй болохоор юу болсныг мэдээгүй. Хэсэг хугацааны дараа сахалтай болон майжигдуу хөлтэй 2 залуу Н-г дагуулаад машин дотор орж ирсэн. Ө машиныг жолоодоод аймгийн төв рүү явсан... Миний харснаар Ө л ганцаараа Н-гийн тархи толгойнд цохиж зодоод байгаа харагдсан. Сахалтай болон майжигдуу хөлтэй 2 залуу нь Н-г зугтах гэхэд нь барьж аваад байсан.” /хавтаст хэргийн 43-46 дугаар хуудас/,
гэрч И.Мө-ийн “...Хэсэг хугацааны дараагаар Ө ахын дагуулж ирсэн эмэгтэй явахаар болоод гараад явсан. Араас нь Ө ах гараад удаагүй ороод ирсэн. Ө ах буцаж гэрт орж ирээд нөгөө эмэгтэйг повер банк, цэнэглэгчээ гэрт үлдээсэн байна энийг хүргээд өгье гэж надад хэлсэн. Би хувцсаа өмсөөд гэрээс гарч өөрийн машинаа асаагаад Ө ах Э хамт ирсэн залуу бид нар миний машинаар явсан. Хашаанаас гарахад гудамжаар дээшээ явж байсан машины араас дагаад яв гэж Ө ах хэлсэн. Би нөгөө машины араас дагаад явахад нөгөө машин Зүүнсайханы засмал замаар доошоо уруудаж яваад чигээрээ хойшоо яваад “Хайрхан” дэлгүүрийн өмнүүр гараад чигээрээ хойшоо яваад Нисэх хороолол руу орсон. Тэгж яваад Нисэх хороололд байх шинэ засмал замын хойд талд очоод зогссон чинь замын урд байсан хашааны гадаа очоод зогсчих гэж хэлсэн. Би хэлсэн ёсоор нь яваад хашааны гадаа зогссон. Тэнд нэг хэсэг зогсож байгаад би Ө ахад хандаад би харьж амарлаа маргааш ажилтай гэж хэлсэн чинь Ө ах тэр машины өмнө очоод зогсчих гэж хэлсэн. Би яваад нөгөө машины өмнө очоод гэрлээ тусгаад зогссон чинь нөгөө машин хөдөлсөн чинь Ө ах намайг өмнө нь очоод зогсчих гэхээр нь тойроод нөгөө машины өмнө очоод зогссон чинь Ө ах Э нөгөө залуу гурав машинаас буугаад явсан. Тэгэхээр нь би шууд хөдлөөд гэртээ очиж амарсан.” /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн Т.Н-гийн биед тархи доргилт, зүүн гайморын хөндийн дотор хананд хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт орчны эдэд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсныг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/, шинжээч Б.Баярхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар “бүлэглэж” дээрх гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.
Шүүгдэгч А.Ө нь мөрдөн шалгах ажиллагааны үед үйлдсэн гэмт хэргийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн байх ба харин шүүгдэгч Ц.О, Э.Э нар гэмт хэрэгт оролцоогүй талаар мэдүүлж байснаа прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Хэдийгээр прокуророос шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн ч шүүх уг хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдсон эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэдэг билээ.
Энэхүү хуульд заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүргийг тодорхойлбол, хохирогч Т.Н нь А.Өт хэд хэдэн удаа нүүр, толгой руу цохиулж зодуулсны улмаас гүйж зугтаахад шүүгдэгч Ц.О, Э.Э нар хохирогчийн ардаас нь очиж барьж авч, хоёр гараас нь барин хохирогчийг зодоход А.Өт давуу байдал бий болгосноос гадна шүүгдэгч Э.Э эхэлж хохирогчийн шанаа руу цохисон болох нь хохирогч Т.Н болон насанд хүрээгүй гэрч Э.М нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч нар гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдлээрээ санаатайгаар нэгдэж, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байх тул бүлэглэж гүйцэтгэсэн гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч А.Ө, Ц.О, Э.Э нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасны дагуу тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Н-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандан “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлэхийн зэрэгцээ хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөр төлсөн баримт, эвлэрлийн гэрээгээр /хавтаст хэргийн 170, 174, 186 дугаар хуудас/ шүүгдэгч тус бүр хохирогчид 1,667,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Ө, Ц.О, Э.Э нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 5,000,000 төгрөгийг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч А.Ө, Ц.О, Э.Э нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.Өт 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.О, Э.Э нарыг тус бүр 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар шүүгдэгч Ц.О, Э.Э нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О, Э.Э нар нь үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Ө нь тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 7 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байх боловч уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхаас гадна прокурортой тохиролцсон 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг төлөх боломжтой болохоо шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтаар гаргаж өгсөн ХААН банкин дахь өөрийн 5585337918 дугаартай дансны хуулгаар нотолсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан прокурорын саналын хүрээнд, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болохыг дурдаж байна.
Шүүгдэгч А.Ө нь шүүхээс оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх боломжтой гэдгээ нотолсон тул хэсэгчлэн төлөх хугацаа тогтоохгүйгээр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн цамц 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цайвар цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч хохирогч Т.Нд буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.О, Э.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгч А.Ө энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь хохирогчид 5,000,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О, Э.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.Ө нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор 7 /долоо/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, цагдан хоригдож байгаа болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн А-ийн Ө, Т овгийн Ц-ийн О, Б овгийн Э-ын Э нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.Ө-т 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.О, Э.Э нарыг тус бүр 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар шүүгдэгч Ц.О, Э.Э нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О, Э.Э нар нь үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг тус тус мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.Ө нь шүүхээс оногдуулсан 3,000,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн цамц 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цайвар цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч хохирогч Т.Н-д буцаан олгосугай.
8. Шүүгдэгч Ц.О, Э.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгч А.Ө энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь хохирогчид 5,000,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О, Э.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.Ө нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор 7 /долоо/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, цагдан хоригдож байгаа болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ