| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2021/0023/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/28 |
| Огноо | 2021-02-18 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/28
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, шүүгч Г.Батмөнх нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н,
Шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,
Иргэдийн төлөөлөгч Б.С,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д-ийн О-т холбогдох эрүүгийн 2028000000145 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...............................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Д.О нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага-Овоо багийн нутаг “Хуршуут” гэх газарт Б.З-ын цээжин тус газарт нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.О-ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Нэхэмжилж байгаа зүйл байхгүй байна. Би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Овоотын цэргийн ангид гэрээт цэргээр ажиллаж байгаа. Аав минь амьд байхдаа намайг заавал ахлагчийн сургуульд сургана гэж хэлдэг байсан. 09 дүгээр сард миний гэрээний хугацаа дуусна. 09 дүгээр сард хот явж суралцах төлөвлөгөөтэй байгаа. Сургалтын төлбөр нэхэмжилмээр байгаа боловч өнөөдрийн байдлаар энэ талаар гаргаж өгөх нотлох баримт байхгүй тул уг нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Шүүгдэгч миний данс руу 3,000,000 төгрөг шилжүүлсэн, мөн талийгаачийн буяны ажилд 2,652,140 төгрөгийн тусламж үзүүлсэн гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би аавтайгаа хамгийн сүүлд 5 хоногийн өмнө утсаар ярьсан. Би тухайн үед Шивээхүрэн хилийн боомт дээр үүрэг гүйцэтгэж байсан. Манай аав тухайн үед над руу утсаар залгаж ярихдаа архи уучихсан О намайг зодож нүдээд чулуугаар хөөгөөд байна сумын төв дээр байна гэж ярьсан, өөр юм яриагүй утсаа тасалсан. Тэрнээс хойш огт холбогдоогүй. Би 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Шивээхүрэн хилийн боомтоос Гурвантэс суманд ирсэн. Аавыгаа нас барсан талаар ахаасаа мэдсэн, яг яаж нас барсан талаар нь би мэдэхгүй байна... Талийгаачид ямар нэгэн архаг хууч өвчин байгаагүй. Талийгаач архийг ажлаасаа буугаад амарсан үедээ 2-3 хоног уудаг байсан. Ажилдаа 28 хоног явдаг. 14 хоног амардаг, амрах үедээ архи уугаад гэртээ байж байдаг байсан. Талийгаач 1973 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Гурвантэс суманд төрсөн, 47 настай. “Мак” ХХК-д усны белазын жолоочоор 2008 оноос хойш ажилласан. Талийгаач ямар нэгэн ширүүн догшин зан байхгүй, даруу төлөв хүн байсан. Архийг байнгын уудаг байсан. О гэх хүнтэй 1 жил орчим хамтран амьдарсан байх. Би 2019 онд цэрэгт явсан. Гэрээт цэрэг болж цэргийн алба үргэлжлүүлж хаасан. Тэрнээс хойш аавтайгаа ойр дотно уулзаагүй. Талийгаачтай их дотно байгаагүй. Аав над руу архи уучихсан согтуу нэг л удаа О намайг зодсон, чулуугаар цохиж хөөсөн гэж л ярьж байсан. Тэрийг нь би сайн мэдэхгүй байна. О-тай хамт амьдардаг болсноос хойш би талийгаачтай 2, 3 удаа л уулзсан. Би гомдолтой байна. Би ээжийгээ алдаад удаагүй байхдаа аавыгаа алдсан болохоор надад гомдолтой байна. Ямар шалтгаанаар, юунаас болж нас барсан болохыг мэдмээр байна... Талийгаач нь О-тай таарамж их муутай амьдардаг байсан. Архи уухаараа байнга хоорондоо хэрэлдэж маргалддаг байсан... О нь байнга архи дарс уудаг, их түрэмгий ааш зантай, Гурвантэс сумын 5 дугаар багийн нутаг болох Хуршуут гэх газарт ногоо тарьдаг. Өмнө нь ямар хүнтэй сууж амьдарч байсан талаар нь сайн мэдэхгүй байна. Талийгаачийн буяны ажил болон бусад зарцуулсан төлбөр мөнгийг гаргуулж авна. Бид нар буяны ажилд зарцуулсан хохирлыг баримтаар гаргаж өгнө...” /хавтаст хэргийн 16-19 дүгээр хуудас/
Гэрч О.Ү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хамт байдаг Хилийн цэргийн 0166 дугаар ангийн байлдагч З.Б-тай хамт ногоогоо усалсан. Би 11 цаг өнгөрч байх үед гэрээсээ сумын төв рүү мотоцикльтой ганцаараа явсан. Намайг сумын төв дээр ирэхэд өдрийн 12 цаг өнгөрч байсан. Би сумын төвд банкаар явах ажлаа амжуулаад үдээс хойш 17 цагийн орчимд хүүхдийнхээ гэрт байж байгаад мотоцикльтойгоо буцаж Хуршуут руу явсан. Намайг гэртээ очиход 18 цаг болсон байсан байх. Манай гэрийн гадаа цагдаагийн машин очсон байсан. Намайг цагдаа хамгаалалт авсан гэр рүү ойртуулаагүй. Ойр орчимд түр байж бай гэж хэлсэн. Аймгийн төвөөс цагдаа нар ирж манай гэрт үзлэг хийсэн бөгөөд намайг үзлэгтээ байлцуулсан. Гэрт ороход манай саахалт айлын З нь гэрийн баруун талд дээшээ харсан байдалтай нас барсан байсан. Би талийгаач З-ыг нэг сумын хүмүүс гэдгээр нь таньдаг байсан. Яагаад гэвэл өмнө нь манай хамаатны хүргэн байсан. Өмнөх эхнэр нь манай садангийн хүн байсан. 2019 оны зунаас л талийгаач нь О-тай хамт Хуршуутад очсоноос хойш тэр хоёр хамтран амьдарч эхэлсэн, ирэн очин байж байсан. Талийгаач “Мак” ХХК-д ажилладаг. 20 хоног ажиллаж 10 хоног амардаг байсан. Амрах үедээ Хуршуутад байж байгаад ажилдаа буцаад явдаг байсан. Миний мэдэхээр талийгаач ширүүн догшин хүн биш төлөв даруу л байдаг. Хүнтэй нийтэч, тусархуу, ажил хийж байвал ирээд тусалдаг байсан. Миний хажууд л ямар нэгэн муухай зан гаргаж байгаагүй. Нэг дор байдаг байсан болохоор нэгнийхээрээ орж гараад явдаг л байсан. Би О гэх хүнийг сайн мэднэ. Нэг газарт ногоо тарьж олон жил айл саахалт явсан. Би хүүхэд байхаас нь мэддэг. Эцэг, эхтэй нь хүртэл хамт ажиллаж байсан. О нь талийгаачтай хамтран амьдрахаас өмнө нь ганцаараа Хуршуутад амьдардаг байсан, 3 хүүхэдтэй. Том хүү нь 2019 онд цэргээс халагдаж ирсэн. 2 дахь хүүхэд нь Хуршуутад эхтэйгээ амьдардаг. Бага хүү нь 4-5 насны хүүхэд байдаг. О нь залуу байхаасаа л хааяа архи уудаг, архи уугаад согтчихоороо их ааштай агсам болчихдог. Эрүүл үедээ хүнтэй хэрүүл маргаан хийдэггүй хэвийн харилцаатай байдаг. Ногоо тарьдаг хүмүүст тусалж, ажил сайн хийдэг хүн... Би 2020 оны 08 дугаар сарын 12-ны өглөө Гурвантэс сумын 5 дугаар багийн нутаг Хуршуут гэдэг /ногоо тарьдаг/ газарт гэртээ 06 цагийн үед босож цэргийн хүү /байлдагч/ З.Б-тай хамт ногоогоо усалчихаад цэргийн хүүгээ ногооны талбай дээр үлдээчихээд би гэр рүүгээ харьсан. Тэгэхэд манай гэрт Б /Ш Ба гэдэг хочтой/ шөнө ирж хоносон байсан. Би Б-тэй гэрт байсан 0,5 граммын Ерөөл нэртэй архийг гаргаад бид хоёр хамт ууж байхад гаднаас О, талийгаач З хоёр орж ирсэн. Бид хоёрын ууж байсан архи бараг дуусаж байсан. Тэр хоёрт би рүнкээр архи өгөхөд О, талийгаач хоёр ганц, хоёр хундага архи уусан байх тэгээд ч архи дууссан. О, талийгаач З хоёр надаас тамхи байна уу гэхэд би ороодог тамхинаас боож өгөхөд О, талийгаач З хоёр манай гэрээс гараад гэр рүүгээ явсан. Би Гурвантэс сум руу явах гэж байхад О гэдэг эмэгтэй ирээд хадлан авна гэхээр нь би ногооны талбайд түүсэн ургамал зөндөө байгаа түүнээс очиж ав гэхэд О надад 2 шил 0,75 граммын Ерөөл архи, 2 литрийн савтай пиво 1 ширхэг, сүү, чихэр зэргийг надад өгөхөөр нь би нэг шил архийг нь задлаад Б, Бат.. /Хуршуут гэдэг газарт хамт ногоо тарьдаг/ гурвуулаа 0,75 граммын архийг хуваагаад ууж байхад гаднаас О, талийгаач З нар орж ирсэн. Тэр архийг бид тавуулаа хувааж ууж байгаад би Гурвантэс сум руу явах ажилтай гээд тэр дөрвийг үлдээчихээд сум руу явсан. Би суман дээр ирж ажлаа амжуулчихаад орой 18 цагийн үед очиход цагдаа нар ирчихсэн манай гэрийг хамгаалалтын тууз татчихсан байсан. Намайг гэрээс Гурвантэс сум руу явахад гэрт хүн байгаагүй. Манай гэрийн чирдэг воганчигний сүүдэрт 2 төмөр байдаг. Тэрний сүүдэрт Бат.., О, талийгаач З нар үлдсэн. Би Б-ийг сундлаад сум руу явсан. Архи ууж байхад тэнд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Намайг сум руу явсан дараа л хэрэг маргаан болсон байсан... О хүүхэд байхаасаа эхлэн архи уудаг байсан. Архи уугаад 20 гаруй жил болж байна. Архийг сайн даадаг. Уухаараа их агсам зантай, хүнтэй их дээрэлхүү харьцдаг, харьцааны соёлгүй хүн байгаа юм... Талийгаач З нь их даруухан ааш зантай хүн байсан. Гэм нь жаахан архи их уудаг хүн байсан. ” /хавтаст хэргийн 21-22, 23-24 дүгээр хуудас/
Гэрч З.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би хилийн цэргийн 0168 дугаар ангид 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан алба хааж байгаа. Алба хааж байх хугацаанд буюу 2020 оны 05 дугаар сард манай анги Гурвантэс сумын Хуршуут гэх газарт хүнсний ногоо тарьсан. Би уг газарт Ү гэж ангийн ногоог хариуцдаг хүнтэй хамт ногоо тарьж тэнд байдаг. Хааяа ангиас ирж тойрдог. 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өглөө би ногооны талбай дээр усалгаагаа хийхээр 06 цагийн үед гарсан. Ногооны талбай дээр байж байтал Ү ах би сум руу явлаа чи цаана байгаа Бат.. ахтайгаа байж байгаарай гэж хэлээд намайг үлдээгээд явсан. Би буцаад ногооны талбай руу ороод усалгаагаа хийсэн. Бат.. ах ангийн ногооны талбайн цаахна талд өөрөө ногоо тарьдаг. Бид хоёр тус тусын ажлаа хийж байгаад өдөр 15 цагийн үед миний байрладаг Ү ахын гэр рүү очсон. Тэгж очиход ногооны талбайн ойр орчмоор хадлан хадахаар ирсэн байсан О эгч бид хоёртой хамт манайд очсон. Гэрт очиход Бат.. ах өөрийнхөө ногооны талбайгаас ногоо аваад гэрт байсан хатсан гурилаар бид гурав гурилтай шөл хийж идээд байж байтал гэрийн гаднаас манай гэрийн урд амьдардаг бас л ногоо тарьдаг З ах О эгч хоёр гэрт ар араасаа цувраад орж ирсэн. Тэр хоёр архи уучихсан согтуу байсан. З ах Октябриас тамхиа өгчих гэсэн чинь татаж байгаад тамхиныхаа ишийг /акуркийг/ гэрийн үүдний хойд талд тавиатай байсан тогоотой хоол руу няслаад оруулчихсан. Гэрт байсан хүмүүс ажигласан үгүйг мэдэхгүй байна. Би ямар ч байсан харсан. Тэгээд би юм хэлээгүй хоолноос тэр тамхины ишийг нь гаргаж авсан. Би З ах О эгч хоёрт хоол аягалж өгчихөөд харсан чинь О эгч гэрийн зүүн талд миний ногоо арилгаж байгаад аяга таваг тавьдаг хоолны тавиурын дээд талд тавьчихсан байсан бор модон иштэй хутгаар хоолоо хутгаж идээд байхаар нь би босоод сэрээ авч өгсөн. Тэгсэн миний өгсөн сэрээг авч хажуудаа тавьчихаад тэр хутгаар л хоолоо идээд байсан. Би ч өөрөө хоолоо гэр дотор буюу гэрийн үүдний харалдаа урагшаа үүд рүү хараад газар сууж байсан. Харин Бат.. ах гэрийн зүүн баганын хойд талд хоолоо идээд газар миний ард сууж байсан. Харин О гэрийн зүүн талд байх орны доод талд орон дээр сууж байсан. Талийгаач гэрийн баруун талд байх ширээний наад талд газар сууж байсан. О эгч гадаа аяга угаагаад байж байсан. Тэгээд байж байтал тэр хоёр хоорондоо маргалдаад п... чинь гээд хоёулаа хэрэлдэх шиг болсон. Би юунаас болоод п... гэж хэлэх болсон талаар огт ойлгоогүй. Би анзаарч хараагүй. Ард гэнэт пис гээд юм дуугарах шиг болсон. Эргээд хартал З ахын цээжнээс нь доош хэвлий хэсэг рүү болон өмссөн байсан цагаан өмд рүү нь цус урсаад гарч байгаа харагдсан. Тэгэхэд О хажууд нь З-ын урдаас хараад зогсож байсан. Тэр хоёрын урд талд нь газар Бат.. ах суучихсан байсан. О эгч яг тэр үед хаана байсныг би анзаараагүй. О эгч гарч ороод аяга таваг угаагаад явж байсан. Талийгаач З гэрийн хойд талд байх төмөр орон дээр хойшоо саваад унасан. Тэгсэн чинь О гэр рүүгээ гүйгээд яваад өгсөн. Гэр нь манайхаас баруун урагш 300 орчим метрийн зайтай байдаг. Тэнд очоод эмнэлэгт дуудлага өгсөн байсан. Бат.. ах бид хоёр гэрийн гаднаас хараад байж байтал О болон тэдний гэрээс нь О-ийн охин нь тэгээд нэг бүдүүн сахалтай цагаан хүн бас нэг эмэгтэй хамт ирсэн. Тэр хүмүүс ирээд энэ юу болсон юм гээд асууж байсан. Тэгсэн чинь Бат.. ах хутганых нь мөр нэлээд орсон байна лээ шүү гэж хэлсэн чинь тэр хүмүүс яваад өгсөн. Тэрний дараа Бат.. ах О эгч бид гурав гэрийнх нь гадаа хараад сууж байсан. О хажууд нь байж байсан. Тэгтэл Бат.. ах О эгчийг гэрт нь хүргэж өгөх гээд явсан. Тэгээд байж байтал О өөрөө ч ирээд охин нь ч ирээд тэр гэр рүү орж гараад яваад байсан. Тэр үед би ногооны талбай дээр сууж байсан. Би өөрөө айгаад ойртоогүй. Тэгээд байж байтал цагдаа, түргэний эмч хамт ирсэн. Цагдаа, эмч нар тэр хүнийг үзээд нэлээд байж байгаад намайг хоёр цагдаа ирж дуудаад би гэрт орсон. Тэгсэн З ахыг нас барсан байна гэж хэлсэн. Эмч ирээд талийгаачийн эрүүг нь толгойтой нь боосон байсан. Ийм л зүйл болсон... Би О-ийг хоол хутгаж идээд байсан хутгаар талийгаачийг хутгалчихсан болов уу гэж бодож байгаа. Учир нь тэр хоёроос өөр хэн ч юм ярьж хэрүүл маргаан үүсгээгүй. Хэн ч хөдлөөгүй хоол идээд сууцгааж байсан. Гэрийн голд хоёр баганын хооронд байсан ширээн доогуур цус болсон хутга хэвтэж байсан. Тэр хутга О-ийн хоол хутгаж идээд байсан хутга мөн байсан... Талийгаачаас их цус гарсан. Гэрийн хойд хэсгийн шалан дээгүүр нэлээн цус болсон байсан. Сүүлд нь намайг талбай дээр байж байгаад нэг очиж харахад шалыг нь арчаад цусыг нь цэвэрлэчихсэн ширээний доогуур байсан цустай хутга алга болчихсон байсан. Гэр рүү талийгаачийн эхнэр О, охинтойгоо гарч ороод байсан. Тэр хоёрын нэг нь л цэвэрлэсэн байсан.” /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/
Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх сумын төвөөс баруун урагшаа 7 километрт “Шар дэл” гэх газарт байдаг. Манайх мал маллан амьдардаг. 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Гурвантэс сумын төвөөс баруун урагш 30 км зайтай газарт байх “Хуршуут” гэх ногооны талбай дээр Ү ахынхаас хадлан авахаар өөрийн төрсөн хүүгийн хамт очсон. Эхлээд Бат.. ахынд очиж машины татлага авсан. Ногооны талбайн хажууд очоод зогссон. Би машинаа орхиод хадлангаа хаанаас авах талаар Ү ахаас асуухаар очсон. Ү ахтай уулзаад байж байхад О гаднаас тамхи сураглаад ороод ирсэн. Тэгэхээр нь би надаа тамхи байгаа би тэрийг өгье гэж хэлсэн. Тэгтэл О манайд хадлан байгаа шүү дээ чи хэнийхээс нь аваад хэнийхээс авдаггүй юм, чи муу голоод байгаа юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье авъя, би хадлан голдоггүй гэж хэлсэн. Тэгсэн О надаас п... чинь чи юутай ирсэн юм гэж асуухаар нь би сүү, тараг, аарцтай л ирсэн гэж хэлсэн. /Ер нь О надтай тийм дээрэнгүй харьцдаг/ Ү ах надад хадлан авах газар зааж өгсөн. Би хадлан авах газраа заалгаад цаашаа яваад О-ийн эцэг, эхийнд очиж сүү авч очиж өгсөн. Би О-ийн эцэг, эхэд нь би архи охинд чинь авч ирж өгөөгүй шүү, цагаан идээтэй яваа гэж хэлсэн. О-ийн эцэг, эх нь намайг архи авч ирж өгөөгүй байхад архи авч ирж өгсөн гээд байдаг болохоор нь би зориуд тэгж хэлчихээд явсан. Би тэндээсээ О-ийнд очсон. Тэднийд очоод От аарц, сүү өгсөн. Тэгсэн баярлалаа гэчихээд надаас п... чинь ганц юм аваад ирэхэд яадаг муу п... вэ гэж хэлсэн. Би чамд архи авч ирж өгөхгүй гэж хэлсэн. Тэднийд нөхөр З нь байж байсан. Би тэднийхээс гарч явсан. Тэгээд хадлангаа хадаж машинд аччихаад хүүгээ гэрт буулгаад ир гэж явуулчихаад хүлээж байх хоорондоо 15 цагийн үед Ү ахынд Бат.., цэргийн хүү бид гурав хоол хийгээд өөрсдөдөө аягалаад идээд сууж байтал гаднаас талийгаач З орж ирээд гэрийн баруун баганын хойд талд гараад суусан. Би баруун баганын доор сууж байсан. Цэргийн хүү /нэрийг нь мэдэхгүй/ гэрийн зуух байдаг хэсэгт тавиатай ширээний зүүн талд сууж байсан. Цэргийн хүү талийгаачид хоол аягалж өгсөн. Түүнтэй зэрэгцээд гаднаас О нөхөртөө буюу талийгаачид хандаж зайлна гэсэн яасан п... минь айлд юу хийгээд сууж байгаа юм гээд тамхи татчихсан ороод ирсэн. Талийгаач тамхиа өгчих гэсэн чинь ингээд ав гээд тамхиныхаа ишийг тогоотой хоол руу шидчихсэн. Тэгсэн чинь талийгаач п... чинь яагаад давраад байгаа п... вэ гэж хэлсэн чинь О п... чинь зайлахгүй яасан юм гэх утгатай л зүйл яриад п... гээд хараагаад байсан. Талийгаач эрүүгээ хуга өшиглүүлэх нь үү гэж хэлсэн чинь О бүр л уурлаад эхэлсэн. Тэр хооронд цэргийн хүү От хоол аягалж өгсөн. Би нэг харсан чинь О хаанаас ч авсан юм мэдэхгүй хутгаар хоолоо идээд сууж байсан. Талийгаачид хандаад дүрнэ шүү би шийдчихсэн хүн шүү, би чамайг ална шүү п... минь гээд хоолоо хутгаар идээд босож ирээд хутгаараа талийгаач руу чичлээд байсан. Тэрийг цэргийн хүү болон Бат.. ах хоёр хоолоо идээд урагшаа хараад суучихсан анзаараагүй байж мэднэ. О Бат.. ахын хойхно талд нь тийм үйлдэл гаргаад байсан. Би хутга бариад чичлээд байхаар нь айгаад бушуухан шиг халбага угааж хутгыг нь авъя гэж бодоод хэдэн халбага аваад угаахаар гарсан. Халбага угаачихаад ороод ирсэн чинь талийгаач цээжин хэсэгтээ гараараа дараад гэдийгээд ор налаад унасан. Цээжин хэсгээс нь цус гарч байсан. О хутгаар дүрчихсэн байсан. Тэгэхэд О п... цагдаагаа дуудаач та нар цагдаа дууддаг биз дээ гээд хашхираад байсан. Би үнэхээр их айсан. О бас талийгаачийг баашлаад байна гэж хэлж байсан. Би тэр үед их айсан, гар, хөл салгалаад их сандарсан. Бат.. ах судсыг нь барьж үзээд цохилж байна, шоконд орсон байна гэж хэлэхээр нь би нэг хэсэг тайвширсан. Талийгаач нэг ухаан ороод намайг эндээс аваад яваач явмаар байна гэх утгатай зүйл аажуухан хэлсэн. Бат.. ах О-т эмнэлэг дуудаач гээд явуулсан байсан. О эмнэлэг дуудчихлаа гээд охинтойгоо болон 2 танихгүй эрэгтэй, эмэгтэй хүн ирсэн. О талийгаачид цай халбагадаж өгсөн. Тэгсэн Бат.. ах за одоо эмч ирнэ гайгүй ухаан орж байх шиг байна, одоо бид нар гаръя эд нар өөрсдөө учраа олох байх гэж хэлээд цэргийн хүү, Бат.. ах бид гурав гарсан. Би айгаад сандарсан байсан болохоор гэртээ харимаар байна гээд Бат.. ахаар гэртээ хүргүүлсэн. 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэртээ малаа хариулаад байж байхад Бат.. ах намайг цагдаагаас дуудаж байна, З нас барчихсан гэж хэлсэн. Би нас барсан гэж бодоогүй байна. Нэг зүйл орхисон байсан. Бат.. ах судсыг нь барьж үзээд цохилж байна гэж хэлж байх үед гэрийн дунд хэсэгт байх ширээний доогуур цус болчихсон хутга хэвтэж байсан. Цэргийн хүү болон Бат.. ах хоёр энэ хутганд гар хүрч болохгүй шүү гээд байсан... Ү-ийнд байсан хутга байсан. Тэр хутгыг О авчихсан хоол хутгаж идээд барьж байсан хутга мөн байсан... Би талийгаачийг сайн танихгүй, манай холын садан төрлийн хамаатан болдог. Зан аашных нь талаар би мэдэхгүй байна. Харин О архи нэхэж дарамтлаад үгэнд орохгүй бид нарыг байнга дээрэлхдэг, согтуу байхаараа хүмүүсийг дарамталж архи нэхээд байдаг. Тийм учраас бид нар дөлж зугтаадаг. Эрүүл ч байсан согтуу байсан ч хүнтэй их дарамттай харьцдаг. Өөрийгөө их атаман гэж бодож явдаг байх. Хүнийг их дээрэлхэж, дарамтлах гээд байдаг хүн байгаа юм.” /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/
Гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 17 цаг 30 минутад манай Гурвантэс сумын эрүүл мэндийн төвд дуудлага ирсэн. Уг дуудлагыг ээлжийн сувилагч Э.Х авсан. Дуудлагыг өгөхдөө Д.О гэх эмэгтэй өөрийн биеэр эмнэлэг дээр ирж өгсөн ба “Хуршуут” дээр хутга шөвөгтэй холбоотой хэрэг гарсан байна, шархнаас цус алдаж байна гэж хэлсэн. Тэгээд уг дуудлагыг манай байгууллага хүлээн аваад шууд цагдаагийн тасаг руу утсаар уг явдлын талаар мэдэгдсэн. Би сувилагч Хо хамт цагдаагийн машинд суугаад “Хуршуут” руу явсан. 18 цаг 50 минутад “Хуршуут” гэх газарт амьдардаг Ү гэх хүний гэрт очсон. Гэрт ороход гэрийн хойд талд баруун тийшээгээ жишиж хэвтсэн, амаа ангайсан, толгойгоо баруун тал руу далийлгаж тавьсан, хоёр гараа унжуулсан, зүүн гар нь хэвлий дээрээ, баруун гар нь газар шулуун тавьсан байдалтай, хоёр хөл нь тэнийсэн, өмссөн байсан фудволк нь цээжин хэсгээрээ нилэнхүүдээ цустай, фудволкийг сөхөж харахад зүүн эгэмний шугамаар дөрөв тав дугаар хавирганы завсар 1 см орчим хэмжээтэй ил шархтай цогцос байсан. Уг цогцсын бие нь хөрсөн байдалтай байсан. Улмаар би гэрээс гарсан... Намайг “Хуршуут” гэх газар дуудлагад очоод харахад О эрүүл юм шиг харагдсан. Ярьж байгаа яриа нь ба эрүүл юм шиг боловч түүнээс архи үнэртэж байсан. О тэр үед уйлаад л байсан. Түүний охин Насаа нь эхийгээ аргадаад л байсан. Нас барсан хүн О-ийн ханилж байсан хүн юм шиг байна лээ. О надтай юу ч яриагүй уйлаад л суугаад байсан. Тухайн үед би дуудлагаар “Хуршуут” гэх газарт очиж цогцос байсан гэр рүү ороход гэрийн хоймор хэсэгт цогцсын баруун талаар хулдаасан дээр байсан цусыг муухан арчсан байдалтай саарайлгачихсан байсан. /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/
Гэрч Т.Бат.. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Гурвантэс сумын төвөөс баруун урагш 30 км зайтай газарт байх “Хуршуут” гэх ногооны талбай дээр өөрийн тариалсан ногоогоо усалсан. Дараа нь гүйцэт боловсорсон нарийн ногоогоо хураасан. Манай ногоон талбайн зүүн хойд талд байх Ү-ийн гэр рүү тэднийд хамт байдаг байлдагч Б-ы хамт хоол хийж идэхээр хамт явсан. Бид хоёрыг тийшээ явж очиход О гэж хүүхэн тэнд очиж таарсан. Би цэрэг Баар борц нүдүүлж, дараа нь Б бид хоёр ногоо арилгасан. О-оор газын плиткан дээр ус тавиулж буцалгуулсан. Бид гурав нарийн ногоотой тасалсан гурилтай шөл хийсэн. О надад хоол аяглаад цэрэг Баар дамжуулан надад өгсөн. Би хоолыг аваад гэрийн зүүн талын баганын дэргэд ширээний зүүн хойд талд газар суугаад хоолоо идэж эхэлсэн. Миний зүүн урд талд цэрэг Б мөн хоолоо аваад газар суусан. Бид гурвыг хоолоо идээд сууж байтал гэрийн гадаа зайтайхан З, О хоёр хэрэлдээд байгаа юм уу гэхээр чанга, чанга дуу гарч сонсогдоод дөхөөд ирсэн. Түрүүлээд талийгаач З орж ирээд О-ын зүүн гар талд газар суусан. Араас нь О талийгаачийг хөөсөн маягтай зайлахгүй яасан юм зайлаач гэж хэлээд орж ирсэн. Цэрэг Б-ы сууж байсны урдхан талд сандал дээр суусан. О тэр үед өөрөө тамхи татаж орж ирсэн байсан. Талийгаач З О-иас тамхиа гэж хэлсэн чинь О нь татаж байсан тамхины ишээ шөлтэй хоол руу шидээд май чи гэх утгатай зүйл хэлсэн. Тэгэхэд цэрэг, талийгаач хоёр хоёр талаас нь халбагаар тамхины ишийг хоолноос гаргаж хаясан. Хоол унд ч тайван идүүлчихгүй далжганасан юмнууд ороод ирэхээр нь миний дургүй хүрээд уур хүрээд л сууж байсан. О билүү цэрэг хоёрын нэг нь тэр хоёрт хоол аягалж өгсөн. Тэгсэн О нь гэрийн зүүн талд байх гал тогооны тавиур дээрээс ногоо арилгаж байсан хутгыг аваад хоолоо хутгаар хутгаж идэж байгаа ч юм уу нэг тийм дүр үзүүлсэн маягтай босоод зогсож байгаад гэрийн зүүн талын орон дээр суусан. З ч бас л өөдөөс нь мөчөөгөө өгөхгүй чи муу гээд хэрэлдэнгүй л байсан. Тэр хоёрын үйл хөдлөл байгаа байдлыг нь харахад З нь явах гээд байгаа бололтой харин О хөөсөн мөртлөө араас хэрүүл хийсэн явж байгаа маягтай зүйл ажиглагдсан. О, З хоёр босоод миний сууж байны араар л учиргүй зодолдож ноцолдоогүй хэдий ч арзганалдаад нэг тулж очих шиг болоод /би урагшаа хараад хоолоо идээд сууж байсан юм/ гэнэт пүд гэх чимээ сонсогдсон. Эргээд хартал Зын хар өнгийн фудволк, цагаан өнгийн өмд зэргүүд рүү цус урсаж байгаа харагдсан. Би тэрхэн үед О-ийг хутгалчихна гэж огт бодоогүй байсан. Тэгсэн З хойшоо хойд талын орыг налаад унасан. О та нар цагдаагаа дуудахгүй юу гэж хэлсэн. Дараа нь О нь талийгаачийг энэ бараг баашилж байна гэх ухааны зүйл ярьсан. Талийгаачийг харсан чинь талийгаачийн царай зүс нь нэг их сонин байдалтай болоод ирсэн. Тэрийг ч О хараад ойлгох шиг болсон. Тэр зүйлийг харсан цэрэг, О нар бас сонин болоод айгаад эхэлсэн. Би От цагдаа гэхийнхээ оронд эхлээд эмнэлгээ дууд хүн ийм байдалтай болсон байна гэж хэлсэн. О нэг явах гэж гарснаа буцаад ороод ирсэн. Тэгэхээр нь би чи явж эмч дуудаач энэ хүн чинь шоконд орчихсон эвгүй болчихсон байна шүү гэж хэлж шахаж байгаад явуулсан. Тэгж байхдаа цээж хавиас нь цус гараад байхаар нь би фудволкийг нь сөхөөд харсан чинь зүүн хөхний дэргэд цоорхой байсан. /хонь гаргаж байгаад өрцлөөд хутгаар хатгачихад үүсдэг шиг шарх байсан/ Тэрнээс нь цус гарч байсан. Талийгаачийн нүүр царай шарлаад нүд нь эргэлдээд их сонин болсон. Тэгэхээр нь цэрэг бид хоёр талийгаачийг өргөөд хойморт байх орон дээр хэвтүүлсэн. Тэгээд арахад гэрийн голд байх ширээний доогуур цус болчихсон хутга байж байсан. Тэр хутга нь О-ийн бариад хоол хутгаж идэж байсан хутга мөн байсан. Талийгаач надад маш аажуухан Бат.. ах намайг та эндээс л тийш нь гэх утгатай зүйл маш аажуухан хэлээд дахиж дуугарч чадаагүй сонин болсон. Би дотроо яагаад ч юм мэдэхгүй Хуршуутаас л холдуулаад өгөөч гэж хэлж байна гэж ойлгосон. Би ч бас их айж эхэлсэн. Арай ч нас барчихгүй байх гэж бодсон. Би талийгаачид их эвгүй шарх байна хөдөлж болохгүй шүү гэж хэлсэн. Гэрээс гарсан чинь О эцэг, эхийнхээ гэрээс өөрийн охинтой болон эгчийнхээ охин хоёртой хамт цувралдаад ирсэн. Эхлээд О-ийн төрсөн охин гэр рүү түрүүлж орсон. Харин хүргэн нь надаас яасан юм гэж асуусан. Тэгэхээр нь би өдий чинээний хутга орсон байна шүү гээд би хоёр хуруугаа гаргаж үзүүлсэн. Тэгсэн тэр залуу бас яваад орсон. Түүний дараа мөн О аягатай цай ам руу нь хийх гээд нөгөөх нь уух чадваргүй байсан. Тэгж байхдаа түргэн дуудсан гэж хэлж байсан. Мөн тэр үед шалан дээр урссан цусыг алчуураар арччихсан байсан. Хэн яагаад арчсан талаар мэдээгүй. Цэрэг, О бид гурав ногооны талбай дээр очсон. О намайг гэрт хүргээд өг би бүр айчихлаа гээд байхаар нь би мотоцикльтой хүргэж өгөхөөр явсан. О-ыг хүргэж өгөөд би гэр рүү очсон. Намайг цагдаа нар асууж ирээд явсан байсан. Би аан нөгөө асуудлаар гэж ойлгоод өөрөө яваад очсон. Тэгээд очсон чинь эмч, цагдаа ирчихсэн байсан. Талийгаачийг нас барчихсан талаар мэдсэн. Би нас барсан талаар бол мэдээгүй байсан. Би ер нь арай нас барчихна гэж бодоогүй явсан байсан... О, З хоёр хамт амьдарч байсан хоёр. О бол их олон нөхөртэй байсан. О нь байнга архи хайсан, артчихсан, агсарсан тийм л хүн байсан. Ногооны талбай дээр О-ийг согтуу ирлээ гэвэл эмэгтэйчүүд тараад алга болдог. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан. Харин эрүүл бол их зөв яриатай, зүгээр ааштай хүн байдаг. З зөөлөн тийм хар яр гэсэн зангүй ердийн байдал л хэвийн тийм л хүн байсан... Талийгаач Ү-ийн гэрт От хутгалуулж нас барсан. Талийгаачийн зүүн талын хөхний хавьд юмаар бүлэгдэж, зүсэгдсэн. Түүнээс нь цус гараад доошоо урсаж байсан. Хэрэг гарсан байхад Ү-ийн гэрт нь О, түүний охин Насаа, О-ийн эгч Солонго, түүний нөхөр болох эрэгтэй хүн орсон. Миний бодлоор О талийгаачийг цээжин хэсэгт нь хутгалчихаад түүнийгээ мэдчихээд цагдаа дууд гэж хэлсэн байх...” /хавтаст хэргийн 31-32, 33-34 дүгээр хуудас/
Гэрч М.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би О гэх хүнийг танина, миний эх Солонгын төрсөн дүү нь бөгөөд миний нагац эгч байгаа юм. Би эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй.” /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/
Гэрч Э.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би О гэх хүнийг танина, миний эхнэр Энхмандахын эх Солонгын төрсөн дүү байгаа юм. Би эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй.” /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/
Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн орчимд манай эгчийн охин Насандэлгэр над руу залгаад ээж эмнэлэгт дуудлага өгөөдөх гэж байна, цус гарсан байна гээд ойлгомжгүй юм яриад байна гэж хэлсэн. Би эмнэлэг дээр очиж дуудлага өгсөн. Юу болсныг лавлаж асуугаагүй шууд араас нь явсан. Би эрхээ эдлээд гэр бүлийн гишүүдийнхээ талаар мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Надад ярих зүйл байхгүй. /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн орчимд миний эх О өвөөгийн гэрт орж ирээд эмнэлэг дуудаадах гээд ойлгомжгүй юм яриад гараад явсан. Би эхийн төрсөн дүү От эгч рүү залгаад эх эмч дуудаарай гэж хэлээд гараад явсан. Би тухайн үед юу болсныг мэдээгүй ба эцэг, эхийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлмээр байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Надад ярих зүйл байхгүй. /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/
Гэрч Б.И мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг 2020 оны 08 дугаар сарын 12-ны шөнө 23 цагийн үед Гурвантэс сумын нутаг болох Шивээхүрэн боомт дээр нүүрс тээврийн автомашинаар Хятад руу гарах гэж нүүрс тээврийн оочирт зогсож байхад манай эгчийн хүүхэд Б над руу утсаар яриад “Манай ах З-ыг өнгөрчихсөн байна” гэж л хэлсэн. Өөр тодорхой юм хэлээгүй. Талийгаач З өмнө нь хүүхэдтэй байсан. Эхнэрээсээ салаад энэ О гэдэг хүүхэнтэй нэр холбогдоод байсан. Юунаас болж эхнэрээсээ салсан талаар мэдэхгүй байна. Эхнэрийг нь алтанд явж байгаад машиндаа угаартаж нас барсан гэж хүнээс сонсож байсан. Ах маань “Мак” ХХК-д усны тэрэг барьдаг байсан. Хэзээ амралтаа аваад хаана байсан талаар нь сайн мэдэхгүй байна. Тэр О гэдэг хүүхэн л ахыг маань хороосон. Ах, дүү нарын зүгээс маш их гомдолтой байна. О, талийгаач З нарыг хүн амьтнаас их сонсож дуулж байсан. Их л таарамж муутай байдаг гэж сонсож байсан. Талийгаач ах маань ямар нэгэн хурц зан авир байдаггүй, даруухан зантай хүн байсан. Гэм нь хаад жаахан архи дарс уучихдаг хүн байсан. О нь архи их уудаг сураг байдаг. Архи уусан үедээ хүн амьтан өддөг, ширүүн зантай. /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Намайг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн үед байх Гурвантэс сумын 5 угаар багийн нутаг болох Хүрэн-Овоо гэх газарт гэртээ байж байхад манай охин Б над руу утсаар яриад “З ах өнгөрчихсөн байна” гэж хэлэхээр нь би найзынхаа машинаар тэр “Хуршуут” гэх газарт очиход талийгаач дүүг маань О-дий алчихлаа гэж л тэр хавийн хүмүүсээс сонсож мэдсэн. Миний сэтгэл санаа сонин болж ухаан алдаж унасан байсан. Сэрсэн чинь би сумын эмнэлэг дээр ирчихсэн байсан. О-дий гэж О-ийг хэлж байгаа юм. О-дий гэж хоч нь байгаа юм. Дүү маань “Мак” ХХК-д усны тэрэг барьдаг, одоо 12 дахь жилдээ ажиллаж байна. Намайг 2020 оны 08 дугаар сарын эхээр байх Гурвантэс сумын төвд байхад талийгаач дүү маань ирээд намайг “Хуршуут” руу мотоциклиор авч явсан. Би дүү З-ын гэрт нь 3 хоночихоод хөдөө гэр рүүгээ явсан. Дүү маань “Хуршуут” дээр өөрийн гэрээ барьсан байсан. Тэр О нь тусдаа гэрээрээ амьдардаг байсан. О гэдэг хүүхэн миний дүүг хутгаар зүрхэнд нь хутгалж алсан. Бид нар энэ хүнд маш их гомдолтой байна. О, талийгаач З нар хоорондоо их таарамж муутай байдаг. Их хардаж сэрддэг. Өмнө нь хоёр гурван удаа нүүр амыг нь самардаж маажсан байсан. Дүү маань надад хэлэхдээ энэ хүүхэнтэй байх хэцүү байна гэж хэлж байсан... Талийгаач дүү их төлөв даруухан зантай хүн байсан. Гэм нь хаад жаахан архи дарс уучихдаг, архи уухаараа ямар нэгэн ааш зан байдаггүй. Архи уучихаад унтаад өгдөг хүн байсан. Талийгаач дүү маань ганц хүүхэдтэй, тэр хүүхэд нь одоо 21 настай Овоотын цэргийн ангид гэрээт цэргээр ажиллаж байгаа. О архийг байнга уудаг хүн. Архи уусан үедээ хүн амьтан өдөөд яваад байдаг сурагтай байдаг. /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/
Гэрч С.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би О-ийг танина, ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Би энэ хүнтэй 1986 оноос 1994 он хүртэл Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуульд 8 жил хамт сурсан. 8 дугаар анги төгсөөд О сургуульд яваагүй хөдөө гарсан. Түүнээс хойш “Хуршуут” гэх газарт эцэг, эх дээрээ ногоо тарих болсон. Зан аашны хувьд даруу зантай, хичээл сурлагадаа дундын л сурдаг хүүхэд байсан... З гэдэг хүнийг хутгалж алсан л гэж хүнээс сонсож мэдсэн. Өөр тодорхой юм мэдэхгүй байна. Би О-тай 2020 оны 06 дугаар сард Гурвантэс сумын төвд уулзсан. Түүнээс хойш уулзаагүй. Амьдралын талаар тодорхой сайн мэдэхгүй байна. 3 хүүхэдтэй хүн байгаа юм. Тийм тогтсон нөхөр сүүдэр байгаагүй байх. /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/
Гэрч Ж.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуулийг 1987 онд 2 дугаар ангийг дааж авах багшаар авахад тэнд О сурч байсан. 1987 оноос 1988 он хүртэл анги даасан багшийг хийж байгаад 1989 онд би өөрөө Улаанбаатар хотод Багшийн их сургуульд сурахаар явсан. Би 1993 оноос 1994 он хүртэл анги даасан багшаар авч 8 дугаар ангийг төгсөж байсан. Тэгэхэд энэ О 8 дугаар ангийг бүрэн төгссөн хүүхэд байгаа юм. Их сэргэлэн цовоо, өөрийнхөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, чадвар сайтай, илэн далангүй, их нээлттэй хүүхэд байсан. Хичээл сурлагадаа сайн, өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг, ар гэрийн ахуйн хангамж сайтай, эрх танхил өссөн хүүхэд байсан. Бас дуулдаг урлагийн үзлэгт сайн оролцдог, ангийнхаа хүүхдүүдтэй их тусархуу, эвсэг, нийтэч хүүхэд байсан. Ангийн хүүхдүүд О-дий гэж дууддаг байсан. О нь 1994 онд 8 дугаар анги төгсөөд сургуульд яваагүй хөдөө мал дээр гарсан байх. Ер нь тогтсон амьдралтай байгаагүй байх. 3 хүүхэдтэй байх. Би амьдралыг нь тийм сайн мэдэхгүй байна. Архи дарс уудаг гэж хүнээс л сонсож байдаг юм. /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би О-ийг танина, ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Бид хоёр “Хуршуут” гэх газарт 1982 оноос хойш айл саахалтын хүмүүс байсан. Би талийгаач З-ын том эгч Насанжаргалын хүү нь байгаа юм. Миний нагац ах байсан. Талийгаачийг О “Хуршуут” гэх газарт хутгалсан. Түүнээс болж талийгаач З нас барсан. Өөр тодорхой юм мэдээгүй. Тухайн үед талийгаачийн төрсөн ах Зоригтбаатар над руу залгаад “би Шивээхүрэн боомт дээр 14 хоногийн хугацаатай хилийн хорионд орчихлоо, намайг талийгаачийн буяны ажлыг зохицуулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Би тэгээд талийгаачийн буяны ажлыг зохион байгуулсан. Буяны ажилд нийт 4,000,000 төгрөг зарцуулсан байх. Тухайн үед авсан зарлагын баримт болон бусад эд бараа худалдаж авсан мөнгөн төлбөрийн баримтуудыг бүгдийг нь шатааж өргөсөн тул надад одоо буяны ажилд зарцуулсан баримт төлбөр, баримтууд нь байхгүй... Талийгаачийн буяны ажилд О-ийн ар гэрээс нь 950,000 төгрөгийн мөнгөн тусламж болон нэг ямааны мах, бүх хоолны ногоо /төмс, сонгино, манжин, лууван, байцаа/ зэргийг өгсөн. Талийгаач хүү Н-ын хамт хоёулаа амьдардаг байсан. Талийгаач ганц хүүтэй хүн байсан. Талийгаач их төлөв даруу ямар нэгэн зан аашгүй, дуу цөөтэй, хүнд тусархуу зантай, гэм нь жаахан архийг хаад уучихдаг хүн байсан. Тогтсон амьдралгүй хүн байсан. Энэ О-тай нэр холбогдоод байдаг байсан. Тэр З гэдэг хүнийг хутгалж алсан л гэж хүнээс сонсож мэдсэн. Өөр тодорхой юм мэдэхгүй байна. Би О-тай 2020 оны 06 дугаар сард Гурвантэс сумын төвд уулзсан. Түүнээс хойш уулзаагүй. Амьдралын талаар тодорхой сайн мэдэхгүй байна. 3 хүүхэдтэй хүн байгаа юм. Тийм тогтсон нөхөр сүүдэр байгаагүй байх. О архийг байнга уудаг сурагтай байдаг. Архи уухаараа хүн амьтан өдөөд байдаг, зодоон цохион хийдэг сурагтай байдаг.” /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/
Гэрч Б.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Энэ хүнийг танина, О-тай ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Би талийгаач З-ын төрсөн ах нь байгаа юм. Талийгаачийг дүүг маань “Хуршуут” гэх газарт О хутгалж амь насыг хороосон гэж ах, дүү нараасаа сонсож мэдсэн. Хэргийн талаар өөр тодорхой юм мэдээгүй. Би Бү дүүдээ талийгаачийн буяны ажлыг зохион байгуулаарай гэж хэлсэн. Би өөрөө Шивээхүрэн боомтын хил дээр 14 хоногийн хугацаатай тусгаарлалтад орсон байсан... Талийгаач хүү Н-ын хамт хоёулаа амьдардаг байсан. Талийгаач дүү маань ганц хүүтэй хүн байсан. Эхнэр нь 2020 оны 04 дүгээр сард нас барчихсан. Миний бодлоор талийгаач О-тай сууж гэрлэсэн зүйл байхгүй эр, эмийн л хоорондын харилцаатай байсан байх гэж бодож байна. Талийгаачийг өнгөрсний дараа нь энэ О гэдэг хүн талийгаачийг маань байнга дарамталж, нүүр амыг самардсан, байнгын хэрүүл маргаантай байдаг гэдгийг ах, дүү нараасаа сонсож мэдсэн. Дүү маань хүнтэй их эвсэг, төлөв даруу, дуу цөөтэй хүнд тусархуу зантай, гэм нь жаахан архийг хаад уучихдаг хүн байсан. Бид нар маш их гомдолтой байна. Энэ О нь миний дүүг санаатай хутгалж алж бид нарт уй гашуу авчирч сэтгэл санааны хүнд байдалд оруулсан. Мөн талийгаачийн Хаан банкны өрийг төлүүлмээр байна. Талийгаач дүү маань амьд сэрүүн байсан бол Хаан банкны өрөө өөрөө төлөөд амьдралаа аваад явах байсан. Нэмж шалгуулах зүйл байхгүй. О нь архийг байнга уудаг, дүүг маань их дарамталж байдаг хүн байсан. Дүү маань их хэцүү байдалтай байдаг байсан байна. Бид нар одоо өмгөөлөгч авах гэж байгаа, тийм учраас өмгөөлөгчийн хөлс мөнгийг Октябриас гаргуулж авмаар байна.” /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/
Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би О-ийн төрсөн дүү нь байгаа юм. Бид нар эхээс есүүлээ. О нь айлын 7 дахь хүүхэд нь байгаа юм. Би хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Хэрэгтэй холбоотой мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. О нь Гурвантэс сумын 5 дугаар багийн “Хуршуут” гэдэг газарт ногоо тарьж амьдардаг байсан. Ам бүл дөрвүүлээ. Том хүү нь У.Ө одоо 22 настай, “Өсөх зоос” ХХК-д жолоочийн хийдэг. Дунд охин Б.Н 18 настай, тогооч мэргэжилтэй. Одоо Хуршуутын ногоо тарьдаг газарт өвөө Д, эмээ Н нарын хөдөө гэрт амьдарч байгаа. Бага хүү О.Э нь 6 настай Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид 2020 оны 09 дүгээр сард орсон. Энэ хүүхэд одоо манайд амьдарч байна. Эр ер нь манайд байдаг байсан. Энэ хүүг би харж хандана гэж ах, дүү нартаа болон О эгчид хэлсэн байгаа. Хүү одоо Гурвантэс сумын 4 дүгээр баг .................... тоотод манайд амьдарч байна. Хүүхэд одоо дажгүй сайхан байгаа. Дунд охин Н мөн манайд байгаа, хаад хөдөө байдаг өвөө, эмээ рүүгээ явдаг. Манай эгчид тийм их хөрөнгө байхгүй. 2 монгол гэр байдаг. Тэр 2 монгол гэрийг би хөдөөнөөс сум руу авчирч өөрийнхөө хашаанд буулгаж харж хандаж байгаа. Мөн гэрт байсан гэрийн тавилга, бусад эд хэрэгслүүд нь бүгд бүрэн бүтэн байгаа. О хүнд их тусархуу, цайлган зантай хүн байгаа юм. Хүнийг ялгаж харьцдаггүй. /2 дугаар хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас/
Гэрч У.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 10 сараас эхлэн “Өсөх зоос” ХХК-н Шор харуул хамгаалалтын албанд хамгаалагчийн ажил хийж байгаа. Манай нагац эгч О-т намайг болон 2 дүүг харж хандаж одоо цуг амьдарч байгаа. Би 2020 оны 11 сараас хойш Өсөх зоос уурхайд ажиллаж байна. Сумын төв дээр байсан өөрийнхөө гэрийг Гурвантэс сумын төвд байдаг О эгчийн хашаанд барьсан О эгчтэй нэг хашаанд амьдарч байгаа. Манай дүү Н одоо 19 настай, Э нь 6 настай бөгөөд дүү нарыг От эгч харж байгаа. Би болон дүү нарын маань сэтгэл санаа их хэцүү байгаа. /2 дугаар хавтаст хэргийн 111 дүгээр хуудас/
Шүүгдэгч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 08 дугаар сарын 12-ны өглөө талбай руугаа ус тавих гээд очсон чинь худагнаас ус гарахгүй байсан. Талийгаач З-ын хамт Ү ахынд очсон чинь Ү ах Ш Ба хоёр 0,5 граммын Ерөөл архи уугаад сууж байхаар нь би талийгаачтай хамт очоод өгсөн архинаас нь амсаад буцааж өгсөн. Ерөнхийдөө талийгаач болон Ү, Ш Ба 3 хувааж уусан. Би жоохон уусан. Архи дууссан чинь Ү гэртээ байсан Тэрэлж нэртэй ундааны савтай монгол архи гаргаад Ү, талийгаач, Ш Ба бид 4 хувааж ууж дуусгаад би талийгаачтай хамт гэр рүүгээ ирсэн. Талийгаач бид хоёрыг гэртээ байхад гаднаас С гэдэг хүүхэн манайд ирээд аарц, сүү хоёр өгөөд үдээс хойш манайхаас өвс авна гээд хэлээд бас Ү ахад 2 шил юм өгсөн. З та хоёр Ү ахынд очоод байж бай гэхээр нь талийгаач, С бид гурав манайхаас гараад Содог нөхөрлөлийн хүнтэй уулзана гээд явсан. Талийгаач бид хоёр Ү ахын гэр рүү явсан. Ү ахынд очсон чинь Ш Ба, Бат.. гурав 1 шил 0,75 Ерөөл, 2,5 литрийн том пиво уугаад сууж байхаар нь бид хоёр очиж тавуулаа ууж дуусгасан. Архи, пиво дууссан чинь Бат.. ах талийгаачаас дахиж архи уух уу гэсэн чинь талийгаач тэгье гэж хэлсэн. Тэгсэн чинь Бат.. ах талийгаач бид хоёрыг харьж бай архи аваад араас чинь очъё гэхээр нь тэгье гээд талийгаад бид хоёр гэр рүүгээ явсан. Харин Бат.., Ү, Ш Ба гурав Ү ахын гэрийн хажууд байх отрын пингийн хажууд үлдсэн. Бид хоёр гэртээ ирсэн. Бат.. ах манайд 0,75 граммын Ерөөл архи авч ирээд манай гэрт талийгаач, Бат.. бид гурав хувааж ууж байгаад согтох гээд байхаар нь ээж, аавынхаа гэрт очъё гээд гэрээсээ гарсан. Тэгээд юу болсон талаар юу ч санахгүй байна. Нэг мэдэхэд би Ү ахын гэрт талийгаачийн хөлнөөс барьчихсан уйлаад сууж байсан. Хажууд Б хутга хаана байна гээд байсан... Би 1978 оны 11 дүгээр сарын 07-нд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд төрсөн. Айлын 7 дахь хүүхэд болж төрсөн. Аав С.Д, ээж Д.Н нар Гурвантэс сумын 5 дугаар багт ногоочин. Би 1984 оноос 1994 он хүртэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 8-н жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. 2018 оны 06 дугаар сарын 28-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгуулийн ял авч байсан. Би нээх их архи ууж чаддаггүй. Би тухайн үед талийгаачтай маргалдсанаа огт санахгүй байна. Би хохирол төлбөрийг бүгдийг төлж барагдуулна. Талийгаачийн 49 дэх хоног дээр ном уншуулмаар байна, ямар ч буян үйлдэж чадсангүй, надад их харамсалтай байна ” /хавтаст хэргийн 134-140 дүгээр хуудас/
Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Шүүх сэтгэцийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 22 дугаартай дүгнэлтэд: “Шинжлүүлэгч Д овогтой О нь сэтгэцийн хувьд эрүүл, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай.” /хавтаст хэргийн 72-74 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 3572 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн цамцанд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин ханзралт, ханцуйгүй хар өнгийн цамцанд хутганы нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт, хатуу үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан хуучин цооролт байна. Ханзралт болон цооролт ямар багаж зэвсгийн үйлчлэлээр, ханзралт хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн өмд, цэнхэр өнгийн дотоож гэмтэлгүй байна. Ханзралт, зүсэгдэлт, цооролтын байрлал болон хэмжээг үзлэг ба шинжилгээний хэсгээс харна уу. Шинжилгээнд ирүүлсэн ханцуйгүй хар өнгийн цамцанд гарсан зүсэгдэлт шинжилгээнд ирүүлсэн хутгаар гарсан байж болно.” /хавтаст хэргийн 76-84 дүгээр хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 80 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Зын цогцост үзлэг шинжилгээгээр цээжний өмнө зүүн хэсэг дэх хөндий рүү нэвтэрч үнхэлцэг зүрхийг гэмтээсэн хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Б.Зын цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. Б.З нь амьсгал-зүрхний хурц дутагдлаар нас баржээ.” /хавтаст хэргийн 86-89 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 3570 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсгийн баруун дунд хэсгээс 1 ширхэг гарын мөр, ажлын хэсгийн зүүн талын дунд хэсгээс 1 ширхэг, нийт 2 ширхэг гарын мөр илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсгийн баруун дунд хэсгээс илэрсэн 1 дугаартай гарын мөр болон харьцуулах загварт ирүүлсэн О.Ү, З.Б, Д.О, Т.Бат.., Г.О, талийгаач Б.З нарын гарын дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсгийн зүүн талын дунд хэсгээс илэрсэн 2 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэж буй 1 дугаартай гарын мөр харьцуулах загварт ирүүлсэн Д.О-ийн баруун гарын долоовор хуруугаар үүсгэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн О.Ү, З.Б, Д.О, Т.Бат.., Г.О, талийгаач Б.З нарын гарын дардас гарын хээний нэгдсэн санд бүртгэлтэй гарын мөр, дардсуудтай тохирохгүй.” /хавтаст хэргийн 91-105 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4613 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн “З 12/VIII Гурвантэс” гэсэн хаягтай цуснаас 4,0 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 4,0 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 106-108 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 4614 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн модон хутга, саарал өнгийн алчуур, талийгаач Б.З-ын өмсөж байсан хувцаснууд дээр цус илэрсэн, яллагдагч Д.О-ийн гараас авсан арчдас дээр цус илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн модон хутга, саарал өнгийн алчуур, талийгаач Б.З-ын өмсөж байсан хувцаснууд дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна. Дээрх хувцас, эд зүйл дээр илэрсэн цус нь талийгаач Б.З-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна, яллагдагч Д.О-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй.” /хавтаст хэргийн 115-118 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дүгээр хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 05-12 дугаар хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 200 дугаар хуудас/
Цогцосны хувцас болон биеийн гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 61-70 дугаар хуудас/
Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 15-19 дүгээр хуудас/
Өргөдөл /2 дугаар хавтаст хэргийн 20-23 дугаар хуудас/
Төлбөрийн хүсэлт /2 дугаар хавтаст хэргийн 112-115 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 177-183, 201-207, 209-216, 218-221, 244, 2 дугаар хавтаст хэргийн 82-84 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Д.О-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Д.От холбогдох хэргийг шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Д.О нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага-Овоо багийн нутаг “Хуршуут” гэх газарт Б.З-ын цээжин тус газарт нь хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон эд мөрийн баримтуудаар тогтоогдож байна. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд гэр бүл болон найз нөхдөөрөө нийлж архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бүрдсэн байна гэж улсын яллагчийн зүгээс дүгнэж байна. Ингээд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.О-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас Б.З-ын амь нас хохирсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүгдэгчийн зүгээс нийт 5,652,140 төгрөгийг төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өнөөдрийн шүүх хуралдаанд нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй талаараа мэдүүлэг өгсөн. Иймд шүүгдэгч Д.О нь бусдад төлөх төлбөргүй байна гэх саналыг гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг дүгнэлтдээ: Юуны өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гүн эмгэнэл илэрхийлж байна. Сая шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгээс нь З.Н-ыг миний зүгээс үнэхээр сэтгэлийн хадтай ухаантай хүүхэд юм байна гэж харж суулаа. Шүүгдэгч Д.О ял шийтгэлээ эдэлж гарч ирээд чамайг өөрийн төрсөн хүүхэд шиг харж хандах байх гэдэгт эгч нь итгэлтэй байна. Шүүгдэгч Д.О нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлдэг. Тиймээс улсын яллагчийн дүгнэлттэй холбогдуулж хэлэх санал хүсэлт байхгүй байна. Хохирол төлбөрийн хувьд 5,652,140 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүгдэгчийн ар гэрийн зүгээс төлж барагдуулсан. Энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлдэг. Тиймээс бусдад төлөх хохирол төлбөргүй гэх улсын яллагчийн саналтай санал нэг байна гэх дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч Д.О нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа талаар тайлбар гаргав.
Иргэдийн төлөөлөгч Б.Сумъяа саналдаа: Хөдөлмөрийг нь үнэлсэн улс орноос өгсөн шагнал урамшуулал, бусдад төлөх төлбөрөө дуусгасан, 3 хүүхэд, өндөр настай эцэг, эх, ангийн багшийн тодорхойлолт зэргийг нь харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг эрхэм шүүгч, хуульчдаасаа хүсье. З.Н дүү ч гэсэн гомдол, саналгүй гэсэн санал байх шиг байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй байна гэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.О-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Д.О нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага-Овоо багийн нутаг “Хуршуут” гэх газарт Б.З-ын цээжин тус газарт нь хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н-ын “...Би болсон хэргийн талаар тодорхой зүйл мэдэхгүй байна. Би аавтайгаа хамгийн сүүлд 5 хоногийн өмнө утсаар ярьсан. Би тухайн үед Шивээхүрэн хилийн боомт дээр үүрэг гүйцэтгэж байсан. Манай аав тухайн үед над руу утсаар залгаж ярихдаа архи уучихсан О намайг зодож нүдээд чулуугаар хөөгөөд байна сумын төв дээр байна гэж ярьсан, өөр юм яриагүй утсаа тасалсан. Тэрнээс хойш огт холбогдоогүй. Би 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Шивээхүрэн хилийн боомтоос Гурвантэс суманд ирсэн. Аавыгаа нас барсан талаар ахаасаа мэдсэн, яг яаж нас барсан талаар нь би мэдэхгүй байна...” /хавтаст хэргийн 16-17, 18-19 дүгээр хуудас/,
гэрч О.Ү-ийн “...Би 2020 оны 08 дугаар сарын 12-ны өглөө Гурвантэс сумын 5 дугаар багийн нутаг Хуршуут гэдэг /ногоо тарьдаг/ газарт гэртээ 06 цагийн үед босож цэргийн хүү /байлдагч/ З.Б-тай хамт ногоогоо усалчихаад цэргийн хүүгээ ногооны талбай дээр үлдээчихээд би гэр рүүгээ харьсан. Тэгэхэд манай гэрт Б /Ш Ба гэдэг хочтой/ шөнө ирж хоносон байсан. Би Бтэй гэрт байсан 0,5 граммын Ерөөл нэртэй архийг гаргаад бид хоёр хамт ууж байхад гаднаас О, талийгаач З хоёр орж ирсэн. Бид хоёрын ууж байсан архи бараг дуусаж байсан. Тэр хоёрт би рүнкээр архи өгөхөд О, талийгаач хоёр ганц, хоёр хундага архи уусан байх тэгээд ч архи дууссан. О, талийгаач З хоёр надаас тамхи байна уу гэхэд би ороодог тамхинаас боож өгөхөд О, талийгаач З хоёр манай гэрээс гараад гэр рүүгээ явсан. Би Гурвантэс сум руу явах гэж байхад О гэдэг эмэгтэй ирээд хадлан авна гэхээр нь би ногооны талбайд түүсэн ургамал зөндөө байгаа түүнээс очиж ав гэхэд О надад 2 шил 0,75 граммын Ерөөл архи, 2 литрийн савтай пиво 1 ширхэг, сүү, чихэр зэргийг надад өгөхөөр нь би нэг шил архийг нь задлаад Б, Бат.. /Хуршуут гэдэг газарт хамт ногоо тарьдаг/ гурвуулаа 0,75 граммын архийг хуваагаад ууж байхад гаднаас О, талийгаач З нар орж ирсэн. Тэр архийг бид тавуулаа хувааж ууж байгаад би Гурвантэс сум руу явах ажилтай гээд тэр дөрвийг үлдээчихээд сум руу явсан. Би суман дээр ирж ажлаа амжуулчихаад орой 18 цагийн үед очиход цагдаа нар ирчихсэн манай гэрийг хамгаалалтын тууз татчихсан байсан. Намайг гэрээс Гурвантэс сум руу явахад гэрт хүн байгаагүй. Манай гэрийн чирдэг воганчигний сүүдэрт 2 төмөр байдаг. Тэрний сүүдэрт Бат.., О, талийгаач З нар үлдсэн. Би Б-ийг сундлаад сум руу явсан. Архи ууж байхад тэнд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Намайг сум руу явсан дараа л хэрэг маргаан болсон байсан” /хавтаст хэргийн 21-22, 23-24 ...дугаар хуудас/,
гэрч З.Б-ы “...Бат.. ах ангийн ногооны талбайн цаахна талд өөрөө ногоо тарьдаг, тэнд амьдардаг ах байдаг. Бид хоёр тус тусын ажлаа хийж байгаад өдөр 15 цагийн үед миний байрладаг Ү ахын гэр рүү очсон. Тэгж очиход ногооны талбайн ойр орчмоор хадлан хадахаар ирсэн байсан О эгч бид хоёртой хамт манайд очсон. Гэрт очиход Бат.. ах өөрийнхөө ногооны талбайгаас ногоо аваад гэрт байсан хатсан гурилаар бид гурав гурилтай шөл хийж идээд байж байтал гэрийн гаднаас манай гэрийн урд амьдардаг бас л ногоо тарьдаг З ах, О эгч хоёр гэрт ар араасаа цувраад орж ирсэн. Тэр хоёр архи уучихсан согтуу байсан. З ах Октябриас тамхиа өгчих гэсэн чинь татаж байгаад тамхиныхаа ишийг /акуркийг/ гэрийн үүдний хойд талд тавиатай байсан тогоотой хоол руу няслаад оруулчихсан. Гэрт байсан хүмүүс ажигласан үгүйг мэдэхгүй байна. Би ямар ч байсан харсан. Тэгээд би юм хэлээгүй хоолноос тэр тамхины ишийг нь гаргаж авсан. Би З ах О эгч хоёрт хоол аягалж өгчихөөд харсан чинь О эгч гэрийн зүүн талд миний ногоо арилгаж байгаад аяга таваг тавьдаг хоолны тавиурны дээд талд тавьчихсан байсан бор модон иштэй хутгаар хоолоо хутгаж идээд байхаар нь би босоод сэрээ авч өгсөн. Тэгсэн миний өгсөн сэрээг авч хажуудаа тавьчихаад тэр хутгаар л хоолоо идээд байсан. Би ч өөрөө хоолоо гэр дотор буюу гэрийн үүдний харалдаа урагшаа үүд рүү хараад газар сууж байсан. Харин Бат.. ах гэрийн зүүн баганын хойд талд хоолоо идээд газар миний ард сууж байсан. Харин О гэрийн зүүн талд байх орны доод талд орон дээр сууж байсан. Талийгаач гэрийн баруун талд байх ширээний наад талд газар сууж байсан. О эгч гадаа аяга угаагаад байж байсан. Тэгээд байж байтал тэр хоёр хоорондоо маргалдаад п... чинь гээд хоёулаа хэрэлдэх шиг болсон. Би юунаас болоод п... гэж хэлэх болсон талаар огт ойлгоогүй. Би анзаарч хараагүй. Ард гэнэт пис гээд юм дуугарах шиг болсон. Эргээд хартал З ахын цээжнээс нь доош хэвлий хэсэг рүү болон өмссөн байсан цагаан өмд рүү нь цус урсаад гарч байгаа харагдсан. Тэгэхэд О хажууд нь З-ын урдаас хараад зогсож байсан. Тэр хоёрын урд талд нь газар Бат.. ах суучихсан байсан. О эгч яг тэр үед хаана байсныг би анзаараагүй. О эгч гарч ороод аяга таваг угаагаад явж байсан. Талийгаач З гэрийн хойд талд байх төмөр орон дээр хойшоо саваад унасан. Тэгсэн чинь О гэр рүүгээ гүйгээд яваад өгсөн.” /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,
гэрч Г.О-ын “...Хадлангаа хадаж машинд аччихаад хүүгээ гэрт буулгаад ир гэж явуулчихаад хүлээж байх хоорондоо 15 цагийн үед Ү ахынд Бат.., цэргийн хүү бид гурав хоол хийгээд өөрсдөдөө аягалаад идээд сууж байтал гаднаас талийгаач З орж ирээд гэрийн баруун баганын хойд талд гараад суусан. Би баруун баганын доор сууж байсан. Цэргийн хүү /нэрийг нь мэдэхгүй/ гэрийн зуух байдаг хэсэгт тавиатай ширээний зүүн талд сууж байсан. Цэргийн хүү талийгаачид хоол аягалж өгсөн. Түүнтэй зэрэгцээд гаднаас О нөхөртөө буюу талийгаачид хандаж зайлна гэсэн яасан п... минь айлд юу хийгээд сууж байгаа юм гээд тамхи татчихсан ороод ирсэн. Талийгаач тамхиа өгчих гэсэн чинь ингээд ав гээд тамхиныхаа ишийг тогоотой хоол руу шидчихсэн. Тэгсэн чинь талийгаач п... чинь яагаад давраад байгаа п... вэ гэж хэлсэн чинь О п... чинь зайлахгүй яасан юм гэх утгатай л зүйл яриад п... гээд хараагаад байсан. Талийгаач эрүүгээ хуга өшиглүүлэх нь үү гэж хэлсэн чинь О бүр л уурлаад эхэлсэн. Тэр хооронд цэргийн хүү От хоол аягалж өгсөн. Би нэг харсан чинь О хаанаас ч авсан юм мэдэхгүй хутгаар хоолоо идээд сууж байсан. Талийгаачид хандаад дүрнэ шүү би шийдчихсэн хүн шүү, би чамайг ална шүү п... минь гээд хоолоо хутгаар идээд босож ирээд хутгаараа талийгаач руу чичлээд байсан. Би хутга бариад чичлээд байхаар нь айгаад бушуухан шиг халбага угааж хутгыг нь авъя гэж бодоод хэдэн халбага аваад угаахаар гарсан. Халбага угаачихаад ороод ирсэн чинь талийгаач цээжин хэсэгтээ гараараа дараад гэдийгээд ор налаад унасан. Цээжин хэсгээс нь цус гарч байсан. О хутгаар дүрчихсэн байсан. Тэгэхэд О п... цагдаагаа дуудаач та нар цагдаа дууддаг биз дээ гээд хашхираад байсан...” /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,
гэрч М.Д-ын “...2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 17 цаг 30 минутад манай Гурвантэс сумын эрүүл мэндийн төвд дуудлага ирсэн. Уг дуудлагыг ээлжийн сувилагч Э.Х авсан. Дуудлагыг өгөхдөө Д.О-т гэх эмэгтэй өөрийн биеэр эмнэлэг дээр ирж өгсөн ба “Хуршуут” дээр хутга шөвөгтэй холбоотой хэрэг гарсан байна, шархнаас цус алдаж байна гэж хэлсэн. Тэгээд уг дуудлагыг манай байгууллага хүлээн аваад шууд цагдаагийн тасаг руу утсаар уг явдлын талаар мэдэгдсэн. Би сувилагч Ховорцэцэгтэй хамт цагдаагийн машинд суугаад “Хуршуут” руу явсан. 18 цаг 50 минутад “Хуршуут” гэх газарт амьдардаг Ү гэх хүний гэрт очсон. Гэрт ороход гэрийн хойд талд баруун тийшээгээ жишиж хэвтсэн, амаа ангайсан, толгойгоо баруун тал руу далийлгаж тавьсан, хоёр гараа унжуулсан, зүүн гар нь хэвлий дээрээ, баруун гар нь газар шулуун тавьсан байдалтай, хоёр хөл нь тэнийсэн, өмссөн байсан фудволк нь цээжин хэсгээрээ нилэнхүүдээ цустай, фудволкийг сөхөж харахад зүүн эгэмний шугамаар дөрөв тав дугаар хавирганы завсар 1 см орчим хэмжээтэй ил шархтай цогцос байсан. Уг цогцсын бие нь хөрсөн байдалтай байсан. Улмаар би гэрээс гарсан... Намайг “Хуршуут” гэх газар дуудлагад очоод харахад О эрүүл юм шиг харагдсан. Ярьж байгаа яриа нь ба эрүүл юм шиг боловч түүнээс архи үнэртэж байсан. О тэр үед уйлаад л байсан. Түүний охин Насаа нь эхийгээ аргадаад л байсан. Нас барсан хүн О-ийн ханилж байсан хүн юм шиг байна лээ. О надтай юу ч яриагүй уйлаад л суугаад байсан. Тухайн үед би дуудлагаар “Хуршуут” гэх газарт очиж цогцос байсан гэр рүү ороход гэрийн хоймор хэсэгт цогцсын баруун талаар хулдаасан дээр байсан цусыг муухан арчсан байдалтай саарайлгачихсан байсан. /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,
гэрч Т.Бат..ийн “...2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Гурвантэс сумын төвөөс баруун урагш 30 км зайтай газарт байх “Хуршуут” гэх ногооны талбай дээр өөрийн тариалсан ногоогоо усалсан. Дараа нь гүйцэт боловсорсон нарийн ногоогоо хураасан. Манай ногоон талбайн зүүн хойд талд байх Ү-ийн гэр рүү тэднийд хамт байдаг байлдагч Б-ы хамт хоол хийж идэхээр хамт явсан. Бид хоёрыг тийшээ явж очиход О гэж хүүхэн тэнд очиж таарсан. Би цэрэг Баар борц нүдүүлж, дараа нь Б бид хоёр ногоо арилгасан. Би хоолыг аваад гэрийн зүүн талын баганын дэргэд ширээний зүүн хойд талд газар суугаад хоолоо идэж эхэлсэн. Миний зүүн урд талд цэрэг Б мөн хоолоо аваад газар суусан. Бид гурвыг хоолоо идээд сууж байтал гэрийн гадаа зайтайхан З, О хоёр хэрэлдээд байгаа юм уу гэхээр чанга, чанга дуу гарч сонсогдоод дөхөөд ирсэн. Түрүүлээд талийгаач З орж ирээд О-ын зүүн гар талд газар суусан. Араас нь О талийгаачийг хөөсөн маягтай зайлахгүй яасан юм зайлаач гэж хэлээд орж ирсэн. Цэрэг Б-ы сууж байсны урдхан талд сандал дээр суусан. О тэр үед өөрөө тамхи татаж орж ирсэн байсан. Талийгаач З Октябриас тамхиа гэж хэлсэн чинь О нь татаж байсан тамхины ишээ шөлтэй хоол руу шидээд май чи гэх утгатай зүйл хэлсэн. Тэгэхэд цэрэг, талийгаач хоёр, хоёр талаас нь халбагаар тамхины ишийг хоолноос гаргаж хаясан. О билүү цэрэг хоёрын нэг нь тэр хоёрт хоол аягалж өгсөн. Тэгсэн О нь гэрийн зүүн талд байх гал тогооны тавиур дээрээс ногоо арилгаж байсан хутгыг аваад хоолоо хутгаар хутгаж идэж байгаа ч юм уу нэг тийм дүр үзүүлсэн маягтай босоод зогсож байгаад гэрийн зүүн талын орон дээр суусан. З ч бас л өөдөөс нь мөчөөгөө өгөхгүй чи муу гээд хэрэлдэнгүй л байсан. ...гэнэт пүд гэх чимээ сонсогдсон. Эргээд хартал З-ын хар өнгийн фудволк, цагаан өнгийн өмд зэргүүд рүү цус урсаж байгаа харагдсан. Би тэрхэн үед О-ийг хутгалчихна гэж огт бодоогүй байсан. Тэгсэн З хойшоо хойд талын орыг налаад унасан. О та нар цагдаагаа дуудахгүй юу гэж хэлсэн. ...Талийгаачийн нүүр царай шарлаад нүд нь эргэлдээд их сонин болсон. Тэгэхээр нь цэрэг бид хоёр талийгаачийг өргөөд хойморт байх орон дээр хэвтүүлсэн. Тэгээд харахад гэрийн голд байх ширээний доогуур цус болчихсон хутга байж байсан. Тэр хутга нь О-ийн бариад хоол хутгаж идэж байсан хутга мөн байсан. /хавтаст хэргийн 31-32, 33-34 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 05-12 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/, цогцосны хувцас болон биеийн гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 61-70 дугаар хуудас/, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 3572 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 80 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 4614 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4613 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 4614 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүн бүр амьд явах үндсэн эрхтэй гэж зааж, энэхүү эрхийг Эрүүгийн хуулиар хамгаалсан бөгөөд хүний амьд явах эрхэд халдсан хууль бус үйлдлийг гэмт хэрэгт тооцож, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх замаар уг эрхийг хамгаалах хууль зүйн арга хэмжээ авахаар зохицуулсан байна.
Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч Д.О нь хохирогч Б.З-ын цээжин тус газар нь хутгалснаас хохирогч цээжний өмнө зүүн хэсэг дэх хөндий рүү нэвтэрч үнхэлцэг зүрхийг гэмтээсэн шарх гэмтлийн улмаас амьсгал зүрхний хурц дутагдлаар нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.О нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрийг хуульчилсан ба шүүгдэгч Д.О нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага-Овоо багийн нутаг “Хуршуут” гэх газарт хохирогч Б.З-ын цээжин тус газарт нь хутгалахдаа энэхүү үйлдлийг хүсэж үйлдсэн нь гэрч Г.О-ын “...Би нэг харсан чинь О хаанаас ч авсан юм мэдэхгүй хутгаар хоолоо идээд сууж байсан. Талийгаачид хандаад дүрнэ шүү би шийдчихсэн хүн шүү, би чамайг ална шүү п... минь гээд хоолоо хутгаар идээд босож ирээд хутгаараа талийгаач руу чичлээд байсан...” /хавтаст хэргийн 27-28/ гэсэн мэдүүлгээр тогтоогдсон байх тул түүнийг хүний амь насыг хохироосон хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч гартаа хутга барьснаар өөрийн хийх гэж буй үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж, үр дагаврыг урьдаас сайтар ойлгож улмаар нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг эсхүл учрах боломжтойг мэдсэн хэр нь хор уршгийг хүсэж үйлдсэн гэж үзэхээр байна.
Хэдийгээр Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4613 дугаартай шинжээчийн дүгнэлтэд хохирогч Зын цуснаас илэрсэн 4,0 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэж дурдсан боловч тухайн үед хохирогчийн зүгээс шүүгдэгчийн гаргаж буй үйлдэлд хариу эсэргүүцэл үзүүлж маргалдаж байсан үйл баримт гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдсон тул хохирогчийг бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, гэмт этгээдийн үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй байсан гэж дүгнэх боломжгүй байна.
Прокуророос эдгээр нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийг хүндрүүлэх шинжгүйгээр үйлдэгдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.
Иймд шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.О-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Д.О нь сэтгэцийн хувьд эрүүл, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай болох нь Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 22 дугаартай шүүх сэтгэцийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 72-74 дүгээр хуудас/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.О нь ам бүл 4, хүү У.Ө /22 настай/, охин Б.Н /19 настай/, хүү О.Э /6 настай/ нарын хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ногоочин мэргэжилтэй, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан зэрэг хувийн байдал нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага-Овоо багийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 87 дугаартай албан бичиг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага-Овоо багийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 87 дугаартай тодорхойлолт, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 62 дугаартай албан бичиг, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ. /хавтаст хэргийн 178-180, 200, 211, 212, дүгээр хуудас/
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.З-ын амь нас хохирсон бөгөөд шүүхийн шатанд шүүгдэгч нь хор уршгийн төлбөрт 5,652,140 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /2 дугаар хавтаст хэргийн 15-19 дүгээр хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н-ын зүгээс сургалтын төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ: Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Д.О-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Д.О нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн боловч энэ торгох ялаас биелэгдээгүй үлдсэн 5,660,000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 /арван таван мянган/ төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож нийт 2 жил 6 сарын хорих ялд шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 10 жил 11 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас З-ын амь нас хохирсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 5,652,140 төгрөгийг хохирол төлбөр төлөгдсөн байна. Шүүгдэгч нь 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл 188 хоног цагдан хоригдсон хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд нь оруулан тооцох саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, бохирлогдсон саарал өнгийн алчуур 1 ширхэг, бохирлогдсон хар өнгийн фудболка 1 ширхэг, бохирлогдсон улаан канттай цагаан өнгийн өмд 1 ширхэг, бохирлогдсон саарал өнгийн цахилгаантай цамц 1 ширхэг, бохирлогдсон цайвар цэнхэр өнгийн дотоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналыг гаргаж байна. Хэргийн газрын үзлэг болон цогцосны үзлэгийг дуу-дүрсээр бэхжүүлсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах саналтай байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг дүгнэлтдээ: Д.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар заасан. Д.О-ийн зүгээс өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрдөг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрийн үйлдлийн улмаас талийгаачийн амь нас эрсэдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээдэг учраас 1 дэх нөхцөл хангагдсан гэж үзэж байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.О-ийн ар гэрийн зүгээс хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохирол төлбөр байхгүй гэдэг зүйлийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мөн илэрхийлж байна. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол, санал байхгүй талаараа илэрхийлж байна. Энэ нь нөгөө талаараа шүүгдэгчийг ял шийтгэлээ хурдан эдлэх, бага ял шийтгэл авч үр хүүхдүүдтэйгээ хурдан уулзаасай гэсэн санааг илэрхийлж ийнхүү гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн болов уу гэж харж байна. Хуульд нэгэнт оногдуулах ялаас багасгаж болох боломжийг заагаад өгсөн. Энэ боломж нь Д.О-ийн хувьд бүрдчихсэн байгаа учраас 8 жилийн гуравны хоёр буюу 5 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү? гэсэн саналтай байна. Өмнөх ял шийтгэлийн хувьд 5,660,000 төгрөгийн хохирол төлбөр төлөгдөөгүй дутуу байгаа боловч төлөх хугацаа дуусаагүй. Тэгэхээр ялыг тус тусад эдлүүлэх боломжтой. Хэрвээ нэмж нэгтгэсэн тохиолдолд 5,660,000 төгрөг нь 377 хоног болж байна. Өөрөөр хэлбэл 1 жил 12 хоног болж байна өмгөөлөгчийн зүгээс бодож үзсэн. Улсын яллагчийн зүгээс буруу бодсон болов уу гэж харж байна. Эдгээр нөхцөл байдал болон Д.О-ийн үлдэж байгаа өндөр настай эцэг, эх, үр хүүхэд тэр хүмүүсийн сэтгэлийг бодож Д.О-ийн ялаас боломжоор нь хөнгөлж хасаж өгнө үү гэх дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч Д.О нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн тайлбар гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан оногдуулах ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулахаар заасан бөгөөд ингэхдээ уг зүйлийн 1 дэх хэсэгт заасан ерөнхий шаардлагыг давхар хангасан байх учиртай.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан ялын дээд хэмжээнээс шалтгаалан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ авахаар байна.
Шүүгдэгч Д.О-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон нь нөхөх, гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх боломжгүй хохирол бөгөөд уг хохирлоос шалтгаалж үүссэн хор уршгийн шинж чанар, урьд нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргээр торгох ял шийтгүүлж, уг ялаа хэсэгчлэн төлөхөөр заасан хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэн дахин хүнд ангилалд хамаарах гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан дээрх хорих ял хөнгөрүүлэх тухай хуулийн заалтыг хэрэглэх үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 5,652,140 төгрөгийг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Д.О-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бага насны хүүхэдтэй өрх толгойлсон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ буюу 8 жил хорих ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Д.О нь урьд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтооход 4,340,000 төгрөгийг төлж, 5,660,000 төгрөгийн торгох ялын үлдэгдэлтэй болох нь Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/33 дугаартай тодорхойлолт болон төлбөрийн хүсэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.О-ийн дээрх 10,000,000 төгрөгөөр торгох ялаас биелүүлээгүй үлдсэн 5,660,000 төгрөгөөр торгох ял болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жил хорих ялыг тус тусад нь эдлүүлэх талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хүсэлт гаргаагүй боловч шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд шүүгдэгчийн хувьд өрх толгойлсон эмэгтэй, 5 ханатай гэр, ногооны талбайгаас өөр хөрөнгө орлогогүй, бусад орлого олох боломжгүй, торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоосон 3 жил хүртэл хугацаанд уг ялыг биелүүлээгүй нөхцөл байдал зэргийг үндэслэн ялуудыг тус тусад нь эдлүүлэх бус, нэмж нэгтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.От энэ тогтоолоор оногдуулсан 8 /найм/ жилийн хорих ял дээр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаас биелүүлээгүй үлдсэн 5,660,000 /таван сая зургаан зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон 377 /гурван зуун далан долоо/ хоногийн хорих ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан хугацаа тоолох журамд нийцүүлэн 1 жил 12 хоногт шилжүүлэн нэмж нэгтгэн шүүгдэгч Д.О-ийн нийт эдлэх ялыг 9 /ес/ жил 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.О-ийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт 5,652,140 төгрөг төлсөн байдал болон өрх толгойлж 3 хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.О-ийн 2020 оны 08 дугаар сарын 14-нөөс 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сэжигтнээр баривчлагдсан 48 цаг /хавтаст хэргийн 128-130/, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 184 хоног /хавтаст хэргийн 145-146, 160-161, 2-р хавтаст хэргийн 29, 87, 136, 146/ нийт 186 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож хасах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Д.О нь 186 хоног цагдан хоригдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Над 5,652,140 /таван сая зургаан зуун тавин хоёр мянга нэг зуун дөч/ төгрөгийг хор уршгийн төлбөрт төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, бохирлогдсон саарал өнгийн алчуур 1 ширхэг, бохирлогдсон хар өнгийн фудболка 1 ширхэг, бохирлогдсон улаан канттай цагаан өнгийн өмд 1 ширхэг, бохирлогдсон саарал өнгийн цахилгаантай цамц 1 ширхэг, бохирлогдсон цайвар цэнхэр өнгийн дотоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, цогцосны үзлэгийг бэхжүүлсэн дуу-дүрсний бичлэг бүхий Ди ви ди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн 63.1.3-д эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхдийг асран хамгаалахаар заасан бөгөөд энэхүү асуудлыг мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар тухайн сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Д.О нь ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулсантай холбоотойгоор түүний 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн бага насны хүү О.Э-ийг эхийн зүгээс биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй нөхцөл байдал үүссэнийг харгалзан бага насны хүүхдийг асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Д.О нь өөрийн өмчлөлийн 5 ханатай гэртээ амьдардгийн зэрэгцээ өөрийн өмчлөлийн ногоо тарьдаг талбайтай талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх бөгөөд Монгол Улсын иргэнийх нь хувьд Үндсэн хуулиар олгогдсон хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг нь шүүх зөрчихгүй байх үүрэгтэй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу орон байрны халДгүй байдлыг нь хангах зорилгоор түүний өмчлөлийн 5 ханатай гэр, доторх тавилга, эд хөрөнгө болон ногооны талбайг шүүгдэгчийг ял эдэлж дуусах хүртэл хугацаанд хариуцан бүрэн бүтэн байлгаж, хамгаалж, хариуцаж байх үүргийг түүний дүү Д.От, хүү У.Ө, охин Б.Н нарт даалгаж, энэхүү ажиллагааг хийж гүйцэтгэн дээр дурдсан эд хөрөнгийг нэг бүрчлэн тоолж, бүртгэн дүү Д.От, хүү У.Ө, охин Б.Н нарт хүлээлгэн өгч хариуцуулах ажиллагаа хийхийг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Д-ийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ийг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.От энэ тогтоолоор оногдуулсан 8 /найм/ жилийн хорих ял дээр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаас биелүүлээгүй үлдсэн 5,660,000 /таван сая зургаан зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон 377 /гурван зуун далан долоо/ хоногийн хорих ялыг 1 жил 12 хоногт шилжүүлсэн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Д.О-ийн нийт эдлэх ялыг 9 /ес/ жил 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т оногдуулсан 9 /ес/ жил 12 /арван хоёр/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ийн цагдан хоригдсон 186 /нэг зуун наян зургаа/ хоногийг шүүгдэгчийн эдлэх хорих ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ийн насанд хүрээгүй хүүхэд болох 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү О.Э-ийг асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргад даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, бохирлогдсон саарал өнгийн алчуур 1 ширхэг, бохирлогдсон хар өнгийн фудболка 1 ширхэг, бохирлогдсон улаан канттай цагаан өнгийн өмд 1 ширхэг, бохирлогдсон саарал өнгийн цахилгаантай цамц 1 ширхэг, бохирлогдсон цайвар цэнхэр өнгийн дотоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, цогцосны үзлэгийг бэхжүүлсэн дуу-дүрсний бичлэг бүхий Ди ви ди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
8. Шүүгдэгч Д.О нь 186 хоног цагдан хоригдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Над 5,652,140 /таван сая зургаан зуун тавин хоёр мянга нэг зуун дөч/ төгрөгийг хор уршгийн төлбөрт төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ийн өмчлөлийн орон байр болох 5 ханатай гэр, түүний доторх тавилга, эд хөрөнгө болон ногооны талбайг шүүгдэгчийг ял эдэлж дуусах хүртэл хугацаанд хариуцан бүрэн бүтэн байлгаж, хамгаалах үүргийг түүний дүү Д.От, хүү У.Ө, охин Б.Н нарт тус тус даалгасугай.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ
ШҮҮГЧИД Э.ОЮУН-ЭРДЭНЭ
Г.БАТМӨНХ