Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/168

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,

улсын яллагч В.Батдэлгэр /томилолтоор/,

шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Д.Г,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Шихихутаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Б.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905038741115 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ... оны 08 дугаар сарын 13-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх ах нарын хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 108 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 04 хоногийн хорих ялыг хугацааны өмнө  тэнсэж сулласан,

Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар  энэ шийтгэх тогтоолоор  оногдуулсан 5 жил 1 сарын  хорих ял дээр  өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан  1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн ялаас заримыг буюу 6 сарын хорих  ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг  5 жил 7 сарын хорих ял болгож, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 46а дугаартай шүүгчийн захирамжаар  хорих ялыг дүйцүүлэн хасаж, эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Ө овогт М-ын Г /РД:.../,

2. Монгол Улсын иргэн, ... оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд ... тоотод оршин суух хаягтай, урьд

Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 11 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Б овогт Б-ын Э /РД:.../,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч М.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ноос 27-нд шилжих шөнө 02 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн ... дугаар хороо, Зүүн Нарангийн ... дугаар гудамжинд иргэн Б.Уын эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж газар унаган, гар дээр нь дэвсэж өөр гэмт хэргийг хялбарчлах зорилгоор зүүн шуу ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулан, гар цүнхтэй эд зүйлс буюу Самсунг Эс-7 Эджэ маркийн гар утас, бэлэн 380.000 төгрөгийг нь авч нийт 625.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,

2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 09 цагаас 17 цагийн хооронд Нийслэлийн Баянгол дүүргийн ... дугаар хороо, ...тоотод байрлах иргэн Н.Бын хүн байнга амьдрах байр болох байшинд хууль бусаар нэвтэрч “НРР” загварын 32 инчийн зурагт, 10 кг үхрийн мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 385.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,

Б.Этай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 01-с 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн ... сум, ... дугаар баг, ... тоот иргэн Г.Цгийн орон байранд нэвтэрч Монел зурагт, дунд гарын мөнгөн аяга, булган малгай, мөнгөн бүс, эсгийн олбог, орны бүтээлэг, Мөнгөн ээмэг 1 хос, Цэнхэр өнгийн номин чулуутай мөнгөн ээмэг, бөгж 1 хос, нарийн мөнгөн гинж 4 ширхэг, Скайтелийн гар утас 1 ширхэг, Самсунг Экс-2 загварын гар утас 1 ширхэг, хятад хөөрөг, даалингийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаар 1.008.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд,

Шүүгдэгч Б.Э нь М.Гтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 01-с 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн ... сум, ... дугаар баг, ... тоот иргэн Г.Цгийн хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч Монел зурагт, дунд гарын мөнгөн аяга, булган малгай, мөнгөн бүс, эсгий олбог, орны бүтээлэг, мөнгөн ээмэг 1 хос, Цэнхэр өнгийн номин чулуутай мөнгөн ээмэг, бөгж 1 хос, нарийн мөнгөн гинж 4 ширхэг, Скайтелийн гар утас 1 ширхэг, Самсунг Экс-2 загварын гар утас 1 ширхэг, хятад чулуун хөөрөг, даалингийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1,008,000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Мтой бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоот хашаанд байрлах иргэн Ё.Цийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол, интернэт төхөөрөмж, саарал чулуун хөөрөг, жижиг оюу хөөрөг, ноолууран цамц, куртик, бэлэн 60.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 636,000 төгрөгийн хохирол учруулсан,

Ганцаараа 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... тоот иргэн Ц.Эийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж LG брэндийн зурагт, LG G-3 брэндийн гар утас, гар утас цэнэглэгч, орны дэвсгэр даавуу зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 374.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 08 дугаар сарын 15-с 18-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар гудамж ... тоот иргэн С.Тгийн хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч хөх өнгийн торгон дээл, саарал өнгийн даавуун дээл, хээтэй цэнхэр дээл, жижиг мөнгөн аяга, том мөнгөн аяга, хар саарал өнгийн зургийн аппарат, 32 инчийн Самсунг брэндийн ЛСД зурагт зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсны улмаас 907,400 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамж, ... тоот иргэн Т.Оийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг хагалж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч НР брэндийн зөөврийн компьютер, Юнителийн модемыг хүч хэрэглэхгүйгээ, нууцаар, хууль бусаар авсны улмаас 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоот иргэн Б.Мгийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг хагалж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, зэс аяга 1 ширхэг, шигтгээтэй бөгж 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” банкны салбарт ажлаа хийж байсан иргэн Э.Бын эзэмшлийн Самсунг Эс-8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 320.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би Уыг зодож, дээрэмдээгүй, гэмтэл учруулаагүй тул прокуророос зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй, харин хулгайн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ Дорнод аймгаас Эын хамт хулгай хийгээгүй, оролцоогүй, энэ талаараа Э өөрөө ярих байх. Би ганцхан Баттулгын гэрээс эд зүйл хулгайлсан” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...Прокуророос зүйлчилж ирүүлсэн 7 үйлдлийн зүйлчлэлийн хувьд маргахгүй. Дорнод аймгийн үйлдэл дээр ганцаараа хулгай хийсэн, Г нь надтай хамт явж байгаад 2 гудамжны цаана үлдсэн, Баянзүрх дүүргийн үйлдэл дээр би хохирогч С.Тгийн гэрээс зургийн аппарат, зурагт авсан, бусдыг нь аваагүй тул хохирлоос хасаж тооцуулах хүсэлтэй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

улсын яллагчаас: яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан нотлох баримтууд, мөн нэмж хавтаст хэргээс гэрч А.Агийн мэдүүлэг /2хх-ийн 121-122х/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 92-93х/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн шүүгдэгч Б.Эын өмнөх шийтгэх тогтоолын хуулбарыг,

Шүүгдэгч М.Гын өмгөөлөгчөөс: 1 дүгээр хавтаст хэргээс 14-15х, 57-58х, 114-115х, 2 дугаар хавтаст хэргээс 26х, 29-31 хуудсанд авагдсан баримтуудыг,

Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгчөөс: 3 дугаар хавтаст хэргийн 44-48х, 96-98х, 105-107х, 209-212х, 4 дүгээр хавтаст хэрээс 49-50х, 191 хуудсанд авагдсан баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: “Шүүгдэгч М.Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг өөр гэмт хэргийг хялбарчлах зорилгоор буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд, мөн ганцаараа болон бусадтай бүлэглэж, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч Б.Эыг ганцаараа болон бусадтай бүлэглэж, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч М.Гын өмгөөлөгч Д.Г: “... М.Г нь иргэн Б.Уыг дээрэмдэж хүндэвтэр хохирол учруулсан нь нотлогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Гыг цагаатгах, харин хулгайлах гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэсэн саналыг,

Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Б.Шихихутаг: “...Б.Э нь өөрийн үйлдсэн хэргүүдийн хувьд маргаагүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг талуудаас шинжлэн судалсныг үнэлж дүгнэхэд:

1. Шүүгдэгч М.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ноос 27-нд шилжих шөнө 02 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн ... дугаар хороо, Зүүн Нарангийн ... дугаар гудамжинд иргэн Б.Уын эд зүйлийг авахаар хүч хэрэглэж, газар унаган гар дээр нь дэвсэж, өөр гэмт хэргийг хялбарчлах зорилгоор зүүн шуу ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж, гар цүнхтэй эд зүйлс буюу Самсунг Эс-7 Эджэ маркийн гар утас, бэлэн 380.000 төгрөгийг нь авч, нийт 625.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Уын бичгээр гаргасан өргөдөл /1хх-ийн 3х/,

Хохирогч Б.Уын: “...2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 19 цагийн үед ... би гэрээс гараад такси бариад Г дээр очоод нялх хүүхэдтэй явж байсан болохоор нөхөр хүүхэдтэй нь хамт барьсан таксиндаа суулгаад явуулсан. Тэгээд би араас нь дэлгүүрээс архи болон идэж уух юм аваад Гийн ээж Дтэй хууч хөөрч ярихаар очсон. Д нь надад “хажуу талын хөрш танихгүй залуу гэртээ их заваан суух юм аа, чи нэг ороод хэлээд өгөөч” гэхээр нь би тэр айлд ороход хоёр эмэгтэй, хоёр залуу байсан.  Тэгээд би хоёр дүүг нь явуулаад гаднаас архи авчруулаад бөөндөө сууж архи ууж байгаад Г гэх залуугийн эхнэртэй нь маргалдан хоорондоо үсдэлцэж аваад маргаж байгаад салаад хоорондоо эвлэрсэн. Тэр Г нь согтчихоод хүн, хүн рүү агсраад дайраад гэртээ шүлсээ хаяад эхнэр лүүгээ дайраад байсан. Би гадагшаа гарч бие засах гээд нойлын орчимд байж байтал над дээр хүрч ирээд надтай маргалдаад байхаар нь би тэд нараас салахаар гэрт орж цүнхээ авчхаад хашаанаас гараад доошоо бууж байтал ардаас Г гэх залуу гүйгээд л орж ирээд намайг хамаад газар хамт унаж байгаад миний гар цүнхнээс татаад явъя гээд байсан. Би тэр үед гар цүнх барьчхаад үгүй гэхэд  Г гэх залуу миний гаран дээр дэвсэж байгаад гар цүнхийг булааж аваад цаашаа зугтаад өгсөн. Би айсандаа араас нь явалгүй цаашаагаа зугтаагаад такси барьж аваад гэртээ хариад дүүгээ дуудуулаад гэмтэл орчхоод цагдаа орж өргөдөл бичиж өгсөн. Миний гар цүнхэнд Самсунг галакси эс-7 эджэ маркийн гар утас, бэлэн 380.000 төгрөг, гадаад паспорт, хаан банкны виза карт, төрийн банкны виза карт, электрон тамхи, сэйфний түлхүүр, гэрийн түлхүүр болон нүүрний будаг байсан. Би урд өдөр нь 880 доллар, 100 еврогийн  хамт Төрийн банкин дээр очиж солиулсан. Уг мөнгөнөөс үлдсэн нь миний цүнхэнд байсан юм. Би анх гэрээсээ гарахдаа 500,000 төгрөгтэй гарсан ба  архи, идэж уух юм аваад үлдсэн нь 380,000 төгрөг байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 14-15х, 17х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11984 дугаартай шинжээчийн: “...Б.Уа-н зүүн хацар завьжинд шарх, зулгаралт, зүүн шуу ясны далд хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо би ирмэгтэй тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ШЭГЗТЖ-н 2.3.1 зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно...” гэх дүгнэлт /1хх-ийн 25х/,

Ашид Билгүүн ХХК-ийн үнэлгээний: “Samsung s7 edge-200.000 төгрөг, Соча брэндийн эмэгтэй гар цүнх /хэрэглэж байсан/-45.000 төгрөг, нийт 245.000 төгрөг” гэх дүгнэлт /1хх-ийн 27-28х/,

Хохирогч Б.Уаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг: “хохирогч Б.Уа нь М.Гыг өөрийнх нь цүнхийг булааж зугтаасан хүн мөн байна гэж заасан” /1хх-ийн 42-47х/,

Гэрч Г.Гийн: “...Маргааш нь Уа над руу өглөө үүрээр шахуу залгаад “би арай гэж тэр хүнээс зугтааж такси барьж ирлээ. Г гэдэг нь намайг зодоод миний гарыг хуГд, цүнх гар утас зэргийг дээрэмдчихлээ” гэж хэлсэн. Хэд хоногийн дараанаас манай хашаанд амьдарч байсан хүмүүс бүгдээрээ гэрээ бариастай чигээр нь түгжиж хаяад алга болчихсон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 178-179х/,

Гэрч Э.Бийн: “...Миний бие М.Г /Г гэж дууддаг гэх/ хүнийг хүүхэд ахуй цагаасаа эхлэн таньдаг байсан. Би одоогийн хамтран амьдрагч Э.О /Н гэж дууддаг гэх/-тай одоогоос 5 сарын өмнө танилцсан ба Улаанбаатар хот Баянгол дүүрэгт /Өргөө кино театраас хойд зүгт гэр хороололд хаягийг нь тодорхой сайн мэдэхгүй гэх/ айлын хашаанд М.Г болон түүний найз охин болох Эын /Э гэж дууддаг гэх/ хамт дөрвүүлээ М.Гын эзэмшлийн гэрт нь амьдардаг байсан. Миний санаж байгаагаар 2019 оны 09 дүгээр сарын дундуур /өдрийг нь тодорхой сайн санахгүй байна/ М.Г, найз охин болох Э, мөн манай эхнэр Н бид нар архи уугаад Г ахын гэрт байж байхад хашааны эзэн гэх эмээгийн хүү нь Уа гэх 37-38 орчим настай эгчийн хамт шөнө орж ирсэн. Яг хэдэн цаг болж байсныг нь тодорхой сайн санахгүй байна. Ингээд тухайн хүмүүс нь бид нарт хандан “та хэд нүүхгүй юм уу хэзээ нүүх гэж байна” гээд нэлээн ууртай орж ирсэн ба Г ахтай тухайн хүмүүстэй ярилцаад хашаанаас нүүх асуудлыг хойшлуулсан. Тэгээд Уа,  хүү хоёр нь бид нартай нийлээд архи уусан ба эмээ хүүгийнхээ хамт нэлээд согтоод гэр лүүгээ ороод унтаад өгсөн. Харин Уа нь бид нартай үргэлжлүүлэн архи уусан. Уа гэх хүн нь нэлээд мөнгөтэй байсан тул бид нарт архи авч өгөөд байсан. Архи дэлгүүрээс авахаар Н бид хоёр явж байсан. ... Тухайн үед Г ах надад хандан “энэ хүүхэн их хэмжээний бэлэн мөнгөтэй байна, би архиар аргалж байж чи цүнхийг нь авчих” гэж хэлсэн боловч би цүнхийг нь аваагүй. Учир нь тухайн эгч жижиг гар цүнхээ биеэсээ огт салгахгүй байсан. Тухайн эгч бие засах газар орохоор гэрээсээ гарахад Г ах араас нь гараад боогоод унагаасан. Тухайн үед эгч биеэсээ цүнхээ огт салгахгүй байсан тул Г ах зодоод нүүр болон цүнх барьсан гарыг дэвсээд  байсан тул  би Г ахыг болиулаад салгахад нөгөө эгч босоод гэр тойроод гүйгээд алга болсон Г араас нь хөөгөөд гүйсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 180-181х/

Гэрч А.Эын: “...2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 22 цагийн үед Б, Г бид гурав 0.75 литрийн Хараа архи дэлгүүрээс авч ирж хамт ууцгаасан. Тэр үед Н гэх хүүхэн нь архи уугаагүй, Бийн найз хүүхэн юм. Б, Г бид гурав л архи хувааж уучхаад 23 цагийн үед унтаж амарцгаасан. Унтаад удаагүй байхад хаалга хүчтэй цохиод байхаар нь Г босоод хаалга тайлж өгөхөд гаднаас манай хажуу айлын Г, Уа гэх эмэгтэй хоёулаа согтуу орж ирээд надтай орилж хашхираад, надтай зодолдсон. Зодолдсоны дараа бид хоёр гар бариад эвлэрээд Уа мөнгө өгч Бийг архинд явуулсан. Гаднаас Б 0.75 литрийн Хараа архи авч ирж Уа, Г, Г, Б нарын хамт бид тав архиа хувааж уусан. Архиа уучхаад Уа нь явлаа, харилаа гээд манай гэрээс гараад явцгаасан. Араас нь Г, Б, Н гурав гаргаж өгчхөөд ирье гээд гарцгаасан. Тэгээд гэртээ орж ирээд унтаад байж байтал гаднаас хоёр цагдаа орж ирээд Б, Г, Н гурвыг авч явцгаасан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 18-19х/ зэрэг нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгч М.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 09 цагаас 17 цагийн хооронд Нийслэлийн Баянгол дүүргийн ... дугаар хороо, ...тоотод байрлах иргэн Н.Бын байшинд хууль бусаар нэвтэрч “НРР” загварын 32 инчийн зурагт, 10 кг үхрийн мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 385.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 73-78х/,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл:  “...алдагдсан эд зүйлс болох 32 инчийн НРР загварын хар өнгийн зурагтыг иргэн Б.Пгээс хураан авсан тухай” /1хх-ийн 81х/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл: “...32 инчийн НРР загварын хар өнгийн зурагтыг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цаг 25 минутад иргэн Н.Бад хүлээлгэн өгсөн тухай” /1хх-ийн 82х/,

Хүндэт Ломбардын барьцаат зээлийн гэрээ: “М.Г нь найз эмэгтэй  А.Эын бичиг баримтаар тухай эд зүйлийг тавьсан” /1хх-ийн 83х/,

Хохирогч Н.Бын: “...2019 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 09 цаг 45 минутад би гэрээ түгжээд эмнэлэг явсан. Эмнэлэг орж бэр эгчийгээ үзүүлээд шинжилгээ өгүүлээд орой 17 цаг 50 минутад гэртээ ирсэн чинь гэрийн хамаг эд зүйлс онгичоод хаясан, манай байшингийн баруун талын цонхыг онгойлгоод хулгай орсон байдалтай байж байхаар нь би тэр даруй цагдаагийн байгууллагад хандсан. ...32 инчийн зурагт, үхрийн мах алдагдсан өөр эд зүйлс алдагдаагүй. ...Би алдагдсан НРР загварын 32 инчийн зурагтаа буцаан авсан. Алдагдсан үхрийн махыг буцаан аваагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 85-86х, 87-88х/,

Гэрч А.Эын: “...2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 13 цагийн үед манай хамтран амьдрагч М.Г гэх залуу намайг гэртээ байж байхад 32 инчийн хар өнгийн зурагт барьж орж ирсэн. Юун зурагт бэ гэж асуухад надад огт юм хэлээгүй. Орой 16 цагийн үед миний бичиг баримт байхгүй байна гэж хэлээд намайг иргэний үнэмлэхийн лавлагаагаараа Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүндэт ломбардад барьцаанд тавьчих гэж гуйсан. Би зурагтыг 100.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. 100.000 төгрөгөөр бид хоёр найзуудын хамт архи ууцгаасан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 92х/,

Гэрч Б.Пгийн: “...Манай ах болох Я.М нь Баянгол дүүргийн ... дүгээр хороонд “Хүндэт” нэртэй ломбард ажиллуулдаг. 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн орчимд нэг үл таних Аын Э гэх эмэгтэй орж ирээд 32 инчийн зурагт ломбардад тавьсан байна. ...Тухайн үед манай ах Я.М нь ломбард ажиллуулж байсан болохоор хулгайн эд зүйлс гэдгийг нь сайн мэдэхгүй байна. ...100.000 төгрөгийн хохирол учраад байна. ...М нь Бүгд Найрамдах Солонгос улсад ажлаар яваа, хэзээ ирэхийг нь сайн мэдэхгүй байна. Би одоо түр хугацаанд Ломбардад сууж байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 93-94х/,

Ашид Билгүүн ХХК-ийн үнэлгээний: “...Үхрийн мах/ястай/ 10кг-105.000 төгрөг, HPP брэндийн 32 инч зурагт-280.000 төгрөг, нийт-385.000 төгрөг” гэх дүгнэлт /1хх-ийн 114-116х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 01/544 дугаартай дүгнэлт:

“...Шинжилгээнд тэнцэх “1” гэж дугаарласан гарын мөр нь санд МN004110009625, MN004120002533, MN4010005665, MN004110003807, MN004110009405 гэсэн дугааруудаар бүртгэгдсэн Мандах овогтой Гын баруун гарын алгаар үүсгэгдсэн байна...” гэх /1хх-ийн 98х/ зэрэг нотлох баримтуудаар,

3. Шүүгдэгч М.Г, Б.Э нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 01-с 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн ... сум, ... дугаар баг, ... тоот иргэн Г.Цгийн орон байранд нэвтэрч Монел зурагт, дунд гарын мөнгөн аяга, булган малгай, мөнгөн бүс, эсгийн олбог, орны бүтээлэг, мөнгөн ээмэг 1 хос, цэнхэр өнгийн номин чулуутай мөнгөн ээмэг, бөгж 1 хос, нарийн мөнгөн гинж 4 ширхэг, Скайтелийн гар утас 1 ширхэг, Самсунг Экс-2 загварын гар утас 1 ширхэг, хятад хөөрөг, даалингийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.008.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 85-89х/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл: “Б.Эаас мөнгөн аяга хураан авсан тухай” /2хх-ийн 98х/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн: “... Б.Эаас хураан авсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхгийг хохирогч Г.Цд хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /2хх-ийн 94х/,

Хохирогч Г.Цгийн: “...2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 02-нд шилжих шөнө манай аав Г, ээж Д нарын амьдардаг ... сумын ... дугаар баг ... тоот дахь байшинд хулгай орж эд зүйл алдагдсан бөгөөд 2017 оны 09 сард Улаанбаатар хотоос худалдан авч байсан хар өнгийн монел брэндийн 32 инчийн зурагт, 2018 оны 05 дугаар сард Улаанбаатар хотоос 290.000 төгрөгөөр худалдан авч байсан бичиггүй, хээгүй шинэвтэр мөнгөн аяга алдагдсан байсан бөгөөд цагдаагийн албан хаагчид хохирогч үзлэг хийгээд явсны дараа дахин гэрийнхээ эд зүйлийг сайн шалгаад үзэхэд 2016 онд Дорнод аймгаас худалдан авч байсан эрэгтэй булган малгай, Дорнод аймгаас худалдан авч байсан эрэгтэй хүний хээтэй мөнгөн бүс, 2018 онд өөрсдөө шинэ эсгийгээр хийсэн бөө бөөлөх үед хэрэглэдэг эсгий олбог, 2016 онд Дорнод аймаг шүр захаас худалдан авч байсан хар ногоон өнгөтэй нимгэн орны бүтээлэг, 2017 онд Дорнод аймгийн мөнгөн завъяагаас худалдан авч байсан сувд шиг шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, цэнхэр өнгийн номин чулуутай мөнгөн ээмэг 1 хос мөн бөгжтэй нь улаан өнгийн цаасан хайрцаг дотор байсан эмэгтэй хүний нарийн мөнгөн гинж 4 ширхэг, дээшээ сөхөгддөг, товчлууртай шар өнгийн хүрээтэй, хар өнгийн Скайтелийн гар утас 1 ширхэг, Самсунг маркийн ЭКС 2 гэсэн бичигтэй цагаан өнгийн олон товчлууртай гар утас 1 ширхэг, улаан өнгийн чулуун толгойтой цагаан өнгийн чулуун хятад хөөрөг, хөөргийн даалин зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байна. Мөнгөн эдлэлүүдийн сорьц, граммуудыг нь би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 103-105х/,

Гэрч А.Агийн: “...2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Э 80581123 дугаарын утаснаас над руу залгаад би гэртээ ганцаараа байна, хүрээд ирээч, би тосоод авъя гэсэн. Би тэгээд Эынд очиход манай найзынх руу явъя гээд Ялалтын 14-10 тоотод очсон. Тэр айл нь Г гэх залуугийн гэр байсан бөгөөд тухайн байшинд Э, Г бид 3 байсан. Би тэнд хоноод маргааш нь гэр лүүгээ явсан. Тэд хулгай хийсэн талаар яриагүй, хоорондоо шоронгийн талаар яриад байсан ба гэрийнх нь цонхны доор даавуун боодолтой эд зүйл байсан, гаднаас нь харахад зурагт шиг харагдаад байсан, би “энэ юм юу бэ” гэхэд М.Г нь манай гэр УБ хотод байдаг, гэрийнхээ зурагтыг хот руу авч явах гэж байгаа юм гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 121-122х/,

2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ:

 “...Мөнгөн аяга /дунд гар/-230.000 төгрөг, Монел маркийн 32 инчийн зурагт-300.000 төгрөг, эрэгтэй хүний булган малгай-50.000 төгрөг, эрэгтэй хүний мөнгөн бүс-160.000 төгрөг, олбог /эсгийгээр хийгдсэн/-30.000 төгрөг, орны бүтээлэг-8.000 төгрөг, сувдан шигтгээтэй мөнгөн ээмэг-30.000 төгрөг, номин шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, мөнгөн гинж-60.000 төгрөг, скайтел маркийн гар утас-30.000 төгрөг, эс2 маркийн гар утас-50.000 төгрөг, цагаан өнгийн хөөрөг даалингийн хамт-60.000 төгрөг, нийт-1.008.000 төгрөг” /2хх-ийн 106-107х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай дүгнэлт:

“...Зураг№6, Зураг№8 дугаартай зурагт харуулсан гутлын мөр нь иргэн Б.Эаас хураан авсан улаан, ягаан өнгийн гутлын улны мөртэй тохирч байна...” гэх /2хх-ийн 141-145х/,

Шүүгдэгч М.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Э бид хоёр манай гэрт ирээд Э надад нэг айл байна тийшээ орж хулгай хийе гээд бид хоёр санаа нэгдээд Эын тоочиглосон гэх айл руу явсан. ... хороололд очсон бөгөөд хаягийг нь санахгүй байна. Э намайг хашааны гадаа намайг үлдээгээд хүн харж бай, би орж цоожийг нь эвдэлнэ, тэгээд чи ороод ир гэсэн. Би гадаа хүн харж байгаад Э хаалганы цоожийг эвдэлсний дараа түүний араас байшинд хаалганы цоожийг эвдлээд орсон. Тухайн айлаас зурагтыг нь аваад авдрыг нь онгичиж хөөрөг, булган малгай, хужаа архи, мөнгөн аяга, нүүр нь хагарсан гар утас зэрэг зүйлсийг аваад гарсан. Тэндээсээ бид хоёр манай гэрт очсон бөгөөд архийг нь уучхаад маргааш нь мөнгөн аягыг Э зарах гэж дэлгүүр ороод худалдагч нь цагдаа дуудаад бариад өгсөн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 148-149х/,

Шүүгдэгч Б.Эын яллагдагчаар өгсөн: “... Би 2018 оны 12 дугаар сарын 02-ний шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 3б-2 тоотод М.Гын хамтаар орж эд зүйл авсан” гэх мэдүүлэг /4хх-ийн 221х/ зэрэг нотлох баримтуудаар,

4. Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... тоот иргэн Ц.Эийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж LG брэндийн зурагт, LG G-3 брэндийн гар утас, гар утас цэнэглэгч, орны дэвсгэр даавуу зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 374.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 11-15х/,

Хохирогч Ц.Эийн: “...2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 13 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн ... дугаар хороо ... тоот гэрээ цоожлоод гарсан. Гэрт хүн үлдээгүй. Орой нь 17 цаг 50 минутын үед гэртээ ирээд хаалгаа онгойлгоод ороход хойд цонх онгорхой, гэрийн эд зүйлийг замбараагүй болгочихсон байсан. Хар өнгийн 32 инчийн LG брэндийн LED зурагт, хар саарал өнгийн G3 маркийн гар утас, цэнэглэгч, орны дэвсгэр даавуу зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 18-19х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01/319 дугаартай дүгнэлт:

“...Шинжилгээнд ирүүлсэн шинжилгээнд тэнцэх “5” гэж дугаарласан “Цонхны доор байрлах хөлдөөгчийн тавцан дээрээс бэхжүүлж авсан гэх” мөр нь санд MN004110002010, MN000710020722, MN004110013354 гэсэн дугаараар тус тус Б овогтой Э нэрээр санд бүртгэгдсэн хүний баруун гарын алгаар үүсгэгдсэн байна...” /3хх-ийн 32-33х/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...LG брэндийн 32 инчийн LED зурагт-256.000 төгрөг, LG G3 гар утас-112.000 төгрөг, дэвсгэр даавуу /хуучийн хэрэглэж байсан/-3.600 төгрөг, цэнэглэгч-2.400 төгрөг, нийт-374.000 төгрөг” гэх тайлан /3хх-ийн 42-43х/ зэрэг нотлох баримтуудаар,

5. Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 08 дугаар сарын 15-с 18-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар гудамж ... тоот иргэн С.Тгийн байшинд нэвтэрч, хөх өнгийн торгон дээл, саарал өнгийн даавуун дээл, хээтэй цэнхэр дээл, жижиг мөнгөн аяга, том мөнгөн аяга, хар саарал өнгийн зургийн аппарат, 32 инчийн Самсунг брэндийн LCD зурагт зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсны улмаас 907,400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 135-136х, 141-145х/,

Хохирогч С.Тн: “...2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэрээсээ 14 цагийн үед гарч яваад өнөөдөр 13 цагт иртэл гэрийн хаалгаа түлхүүрдээд ороод иртэл ундуй сундуй байдалтай байсан. Хөх өнгийн торгон эрэгтэй дээл, саарал өнгийн даавуун эрэгтэй дээл, бортгор хээтэй цэнхэр торгон эмэгтэй дээл, жижиг мөнгөн аяга, том цэцэгтэй хээтэй мөнгөн аяга, хар саарал өнгийн зургийн аппарат, 32 инчийн LCD Samsung брэндийн саарал өнгийн хүнхэр зурагт алга болсон...” гэх мэдүүлэг /3хх-ийн 157-158х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 02/451 дугаартай дүгнэлт:

“...Шинжилгээнд ирүүлсэн 2 гэж дугаарласан гарын мөр Б овогтой Э /жя94112316/-ын баруун гарын ядам хурууны дардастай тохирч байна...” /3хх-ийн 146-147х/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Хар өнгийн эрэгтэй хүний торон дээл-132.000 төгрөг, шаргал өнгийн эрэгтэй даавуун дээл-108.000 төгрөг, жижиг мөнгөн аяга-70.000 төгрөг, их гарын мөнгөн аяга-250.000 төгрөг, аппарат-108.000 төгрөг, Samsung LCD зурагт-239.400 төгрөг, нийт-907.400 төгрөг” гэх тайлан /3хх-ийн 164-165х/ зэрэг нотлох баримтуудаар,

6. Шүүгдэгч Б.Э нь Д.Мтой бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоот хашаанд байрлах иргэн Ё.Цийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол, интернэт төхөөрөмж, саарал чулуун хөөрөг, жижиг оюу хөөрөг, ноолууран цамц, куртик, бэлэн 60.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 636,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 241-250х/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: сэжиг бүхий 2 этгээд хулгай орсон гэх айлын орчим явж буй байдал нь дүрс бичлэгт тусгагдсан” /4хх-ийн 2-5х/,

Эд зүйл хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...Б.Эаас 2 ширхэг хөөрөг, гэр интернэтийг хураан авч, хохирогч Ё.Цэд хүлээлгэн өгсөн тухай” /4хх-ийн 7х, 8х/,

Хохирогч Ё.Цийн: “...2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 10 цаг 30 минутад ... дугаар хороо ... тоот гэрээсээ нөхөртэйгөө хамт гарсан. Манайх хашаандаа хоёр байшинтай ба ар талын байшинд миний төрсөн ах Х.С ганцаараа амьдардаг. 15 цаг 30 минутын орчимд БГД-ийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” дэлгүүрт манай ах Х.С ирээд гэрийн чинь  гар зуухны цонх онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ирэхэд гал зуухны цонх онгорхой байхаар нь дотогш оролгүй цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай байшингаас том өрөөний урд талд тольтой тавилган дотор байсан жижиг ягаан хайрцаг дотор байсан мөнгөн гинж, ээмэг, бөгж бурхны авдар дотор байсан бэлэн 60.000 төгрөг, юнителийн гэр интернэтийн төхөөрөмж үүдний хувцасны шкафаас бор саарал өнгийн ноолууран цамц, бор өнгийн куртик, нөхрийн ногоон өнгийн үүргэвч бас бурхны доор татуургад байсан хоёр ширхэг хөөрөг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /4хх-ийн 13-14х/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...мөнгөн эдлэл-45.000 төгрөг, юнител компанийн гэр төхөөрөмж-300.000 төгрөг, ноолууран цамц-72.000 төгрөг, хар өнгийн куртик-39.000 төгрөг, саарал чулуун хөөрөг-120.000 төгрөг, жижиг оюу хөөрөг-60.000 төгрөг, нийт-636.000 төгрөг” гэх тайлан /4хх-ийн 49-51х/ зэрэг нотлох баримтуудаар,

7. Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамж, ... тоот иргэн Т.Оийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг хагалж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч НР брэндийн зөөврийн компьютер, Юнителийн модемыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 103-108х/,

Хохирогч Т.Оийн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. 2020 оны 05 дугаар сарын 11-ний өглөө би 08 цагийн орчим гэрээсээ гараад манай аав гэрт үлдээд 12 цаг өнгөрч байхад гэрээс гарсан гэсэн. Би орой 21 цагийн орчим гэртээ харихад манай байшингийн урагшаа харсан том цонх хагарсан байдалтай байхаар нь гэрт хулгай орсон байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс HP маркийн зөөврийн компьютер, юнителийн модем хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /4хх-ийн 112х/,

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...HP зөөврийн нөүтбүүк-400.000 төгрөг, юнителийн модем-150.000 төгрөг, нийт-550.000 төгрөг” гэх тайлан /4хх-ийн 117-118х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 04/385 дугаартай дүгнэлт:

“...Шинжилгээнд тэнцэх 5 гэж дугаарласан гарын мөр MN004110002010 гэсэн бүртгэлийн дугаараар санд бүртгэгдсэн Б овогтой Эын зүүн гарын эрхий хурууны хээтэй нь тохирч байна...” гэх /4хх-ийн 122-124х/ зэрэг нотлох баримтуудаар,

8. Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоот иргэн Б.Мгийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг хагалж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, зэс аяга 1 ширхэг, шигтгээтэй бөгж 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 156-162х/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл: Б.Эаас 5 ширхэг аяга, 1 ширхэг бөгж зэргийг хураан авсан тэмдэглэл /4хх-ийн 167х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 04/380 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн №6 “Вакум цонхон дээрээс” гэж дугаарласан гарын мөр нь Б овогтой Эын баруун гарын дунд хурууны хээтэй тохирч байна...” гэх дүгнэлт /4хх-ийн 172-173х/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...Хохирогч Б.Мд дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, зэс аяга 1 ширхэг, шигтгээтэй бөгж 1 ширхгийг тус тус хүлээлгэн өгсөн” /4хх-ийн 181х/,

Хохирогч Б.Мгийн: “...2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоот гэрээсээ хүүхэдтэйгээ хамт гарсан. Гадуур дэлгүүр явж байгаад 16 цагийн үед гэртээ ирсэн чинь манай байшингийн ертөнцийн зүгээр урд талын цонх нь хагарсан байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. ...манайхаас дөрвөн ширхэг мөнгөн аяга, нэг зэс аяга, шигтгээтэй бөгж зэрэг зүйлс хулгайд алдагдсан байсан. Би хулгайд алдагдсан 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг бага гарын мөнгөн аяга, шигтгээтэй бөгж гэх зүйлсээ буцааж авсан байгаа одоо хагарсан байсан 2 вакум цонхыг тус бүрийг нь 100.000 төгрөгөөр буюу 200.000 төгрөгөөр шиллүүлж засуулсан байгаа тул 200.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /4хх-ийн 186х/,

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “... дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг-300.000 төгрөг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг-200.000 төгрөг, вакум цонх 2 ширхэг-200.000 төгрөг, бөгж-үнэлэх боломжгүй, нийт-700.000 төгрөг” гэх тайлан /4хх-ийн 187-188х/ зэрэг нотлох баримтуудаар,

9. Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” банкны салбарт ажлаа хийж байсан иргэн Э.Бын эзэмшлийн Самсунг Эс-8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 320.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Э.Бын: “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Г банкинд эдийн засагч ажилтай бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажил дээрээ ажлаа хийгээд байж байхад 14 цаг 30 минутын үед гар утас гэнэт байхгүй байгааг анзаараад ажил дээрээ хайгаад олоогүй бөгөөд ажлын хяналтын камерыг шүүж үзтэл миний сууж байсан ширээн дээрээс цагаан цамцтай 30 орчим настай эрэгтэй хүн гар утсыг маань авч арын халаасандаа хийгээд гараад явж байгаа бичлэг байсан. Тэрийг хараад Цагдаагийн байгууллагад 17 цагийн үед дуудлага өгсөн. Цагдаагаас дахин залгаж “таны гар утас олдлоо та ирж гар утсаа аваарай” гэхээр нь би цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр ирж гар утсаа авсан... ...гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан тул одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /3хх-ийн 83х/,

Гэрч А.Сий: “...Миний бие Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаа жолоочоор ажилладаг. 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Сын хамтаар Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... автобусны буудал орчмоор эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байтал 1 дүгээр хорооллоор байнга архи уугаад явж байдаг Э хочтой Э гар утас барьчихсан “Гар утас зарна” гээд явж байхаар нь би Эг гар утасгүйг нь мэдэх болохоор сэжигтэй санагдаад очиж үзээд асуутал “миний гар утас” гэсэн. Хаанаас, хэдэн төгрөгөөр худалдаж авсныг нь асуухад Э хариулж чадахгүй байхаар нь сэжигтэй санагдаад гар утсыг нь хартал хар өнгийн Самсунг эс 8 маркийн гар утас байсан бөгөөд үзтэл дэлгэцэн дээр нь нэг жоохон охины зураг байсан бөгөөд кодыг нь тайл гээд Эзкад өгөхөд кодыг нь мэдэхгүй байсан. Тэгэхээр нь гар утсыг нь тэмдэглэл үйлдэж хурааж аваад хэлтэс дээрээ дагуулж ирээд ирсэн дуудлагыг шалгаж үзэхэд Саппорогийн Г банкны нэг ажилтан Самсунг Эс 8 маркийн гар утсаа алдсан гэж дуудлага өгсөн байсан бөгөөд уг залууг дахин дуудаж хэлтэс дээр ирэхэд нь Эаас хурааж авсан гар утсаа үзүүлтэл “миний гар утас байна шүү дээ, дэлгэцэн дээр нь байгаа охин манай охины зураг байгаа юм” гэж хэлээд кодыг нь тайлж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /3хх-ийн 87х/,

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Самсунг эс8 маркийн гар утас-320.000 төгрөг” гэх тайлан /3хх-ийн 96-97х/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...камерын баруун хэсэгт 4 ширхэг банкны үйлчилгээний  ажилтны  суух зориулалт бүхий тасалгаа байх ба хамгийн наад талын тасалгаанд цагаан өнгийн ширээн дээр ... хар өнгийн гар утас байв, ... үйлчлүүлэгч суух зориулалт бүхий сандал дээр хэвтэж байсан цагаан өнгийн судлан цамцтай,  хүрэн өнгийн өмдтэй, 30 орчим насны эрэгтэй босож ирээд хамгийн наад талын тасалгааны цагаан өнгийн ширээн дээр  цэнэглэсэн байсан  хар өнгийн гар утсыг авч, зүүн гараараа зүүн талын халаасандаа хийж цааш алхан камерын хяналтаас гарав.” /3хх-ийн 92-93х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлсэн болно.

Шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч нар нь дараах хэдэн үндэслэлээр санал гаргасныг шүүхээс хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн. Тодруулбал,

а/. “...дээрэмдэх гэмт хэрэг болон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэргийг үйлдээгүй, энэ хэргийг Э.Бэ, А.Э, Н нар бүлэглэж үйлдсэн, Б.Уа нь өөрөө газар унаж гараа хугалсан, надад хамааралгүй  тул хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх саналын тухайд:

Хэргийн үйл баримтаас харахад, хохирогч Б.Уа нь шөнө оройн цагаар иргэн Дгийн хашаанд гэр барин амьдарч байсан шүүгдэгч М.Г, гэрч Э.Бэ, А.Э, Э.О нарын гэр лүү орж тэдгээртэй нийлж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ингэх явцдаа тэрбээр өөрийгөө мөнгөтэй хүн хэмээн гэрт байсан хүмүүст ойлгуулж, улмаар 20.000-тын дэвсгэртүүд гаргаж харуулж байсан нь гэрч нарын мэдүүлэгт тусгагдсан байх ажээ.

Шүүгдэгч М.Г нь хохирогчид их хэмжээний согтууруулах ундааны зүйл өгч согтоосны дараагаар цүнхтэй эд зүйлийг авах талаар гэрч Э.Бэд хэлж байсан байх бөгөөд хохирогч Б.Уа нь цүнхтэй эд зүйлээ биеэсээ салгахгүй, орсон ч гарсан ч цүнхээ авч гарч байсан тул хохирогчийг согтож унагаах гэсэн шүүгдэгчийн оролдлого бүтээгүй болох нь гэрч Э.Бийн мэдүүлгээр тогтоогдсон.

Иймээс шүүгдэгч М.Г өөрийн санаа зорилгоо гүйцэлдүүлэхээр хохирогч Б.Уыг гэрээс гарсны дараагаар араас нь гарч түүнийг хамж унагаан нүүр болон зүүн гаран тус газар нь дэвсэж, Б.Уын гар цүнхийг булааж авч явснаас бус хохирогч нь өөрөө ямар нэгэн байдлаар газарт унаж гэмтсэн асуудал байхгүй болох нь хохирогч Б.Уын мэдүүлэг болон цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн өргөдөлд дурдагдсан, тэрбээр өөр бусад хүмүүст дээрэмдүүлсэн эсэх талаар мэдүүлэг өгөөгүй, мөн таньж олох ажиллагаагаар хохирогч Б.Уа өөрийг нь зодож дээрэмдсэн хүн Г болохыг зааж тэмдэглүүлсэн, гэрч Г.Гийн мэдүүлэгт хохирогч өөр лүү нь утсаар ярихдаа Гад дээрэмдүүлсэн талаараа хэлж байсан болох нь дамжмал байдлаар гэрчлэгдсэн мэдүүлэг бүхий баримттай байна.

Түүнчлэн гэрч Э.Бэ нь хохирогчийн нүүр болон зүүн гар луу М.Г нь дэвсэж байхыг харсан талаар мэдүүлснээс гадна маргааш нь цагдаагийн байгууллага дээр хохирогчтой таарах үед хохирогч Б.Уа нь М.Гад зодуулсан, цүнхтэй эд зүйлээ дээрэмдүүлсэн талаараа хэлж байсныг мэдүүлэгтээ дурдсан, шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Уын биед зүүн хацар завьжинд шарх, зулгарал, зүүн шуу ясны далд хугарал бүхий гэмтэл учирсан нь тогтоогдсон тул хохирогч Б.Уын мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон, нотлох баримтын эх сурвалжтай байна гэж дүгнэхээр байна.

Дээрх байдлаас дүгнэвэл шүүгдэгч М.Г нь хохирогч Б.Уаас “өөрийгөө мөнгөтэй яваа” гэх ойлголтыг өгсөн үеэс эхлэн түүний эд зүйл, мөнгийг авах гэсэн сэдэл, санаа зорилго үүссэн шинжтэй, улмаар шүүгдэгч нь шууд санаатай, шунахай сэдэлтээр хохирогч Б.Уаас эд зүйлийг авах гэж оролдох үед хохирогчийн эсэргүүцэлтэй тулгарсан тул тэрбээр хохирогчийн зүгээс ирэх эсэргүүцлийг дарах, өөрийн үйлдлээ амар болгох, хялбарчлах зорилгоор хохирогчийг газар унаган нүүр болон цүнхээ барьсан гарыг нь дэвсэж, зүүн гарын шуу хэсгээр хугалж өөрийнх нь эсрэг тэмцэх тэмцэлгүй болгосны үндсэн дээр эд хөрөнгийг авч явсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх зорилгоор хүний эрүүл эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан нийлмэл гэмт хэргийг нэг цаг хугацаанд гүйцэтгэсэн буюу гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байна гэж дүгнэхээр байна.

Иймээс шүүгдэгч М.Гын “...хохирогч Б.Уыг Э.Бэ, Н, А.Э нар нь дээрэмдсэн, хохирогч өөрөө унаж гэмтсэн” гэх мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй, үгүйсгэгдсэн тул шүүгдэгчийн гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй болно.

Мөн шүүгдэгч М.Гын өмгөөлөгч нь “...М.Г нь хохирогч Б.Уын эд зүйлийг аваагүй болох нь тогтоогдсон. Учир М.Г нь гаднаас орж ирэхдээ гар хоосон орж ирсэн, улмаар гэрч Э.Бийг мөнгөтэй хүн явууллаа гээд муудалцаад хоорондоо зодолдсон байдаг юм” гэх асуудлыг хөндөж тавьсан боловч хэрэгт шүүгдэгч М.Г нь хохирогчийн эд зүйлийг аваагүйг нотолсон баримтгүй, мөн М.Г нь гаднаас гэртээ хоосон орж ирсэн гэх асуудал нь хохирогчоос эд зүйл аваагүй гэснийг илтгэж буй нөхцөл байдал биш тул шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч нарын гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

б/ Шүүгдэгч М.Г нь Б.Этай бүлэглэж Дорнод аймгийн нутаг дэвсгэрт амьдрах иргэн Г.Цгийн гэрээс эд зүйл хулгайлаагүй, оролцоогүй гэх асуудлын тухайд:

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдөрт шилжих шөнө хохирогч Г.Цгийн орон байранд хулгай орж эд зүйл алдагдсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Г.Цгийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон бөгөөд хэргийн газраас бэхжүүлэн авсан ул мөр нь шүүгдэгч Б.Эынхтай тохирсон нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон төдийгүй түүнээс хохирогчийн мөнгөн аягыг хураан авч хохирогчид хүлээлгэж өгсөн баримттай байна.

Мөн шүүгдэгч Б.Э, М.Г нар нь хамтран тухайн айлд нэвтрэн орж эд зүйл хулгайлсан талаараа мөрдөн байцаалтад өөрийн болон хамтран оролцсон оролцооныхоо талаар харилцан бие биеэ нотолж мэдүүлж ирсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Этай тухайн үед үерхэж байсан гэх гэрч А.А нь гэмт хэрэг гарсны маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр найз Эын хамт М.Гын гэрт очиход “даавуунд боосон зурагт шиг зүйл цонхны доор байсныг харсан талаар” мэдүүлсэн байх тул энэхүү хулгайн үйлдэлд шүүгдэгч М.Г оролцоотой нь тогтоогдсон гэж үзнэ.

Мөн шүүгдэгч М.Г өмнө нь шүүхийн хэлэлцүүлэгт Дорнод аймагт үйлдэгдсэн хулгайн үйлдэлд Б.Эын хамтаар үйлдсэн тул хэргийг нэгтгэн шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж, улмаар Б.Эт холбогдох хэргийг харьяалал тогтоон ирүүлж, түүнд холбогдох хэрэгт нэгтгэгдэж шалгагдсан, шүүгдэгч М.Г нь мөрдөн байцаалтад энэхүү үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлж байсан ч шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө оролцоогүй, Б.Э ганцаар үйлдсэн би гадаа нь зогсож байсан эсхүл 2 гудамжны цаана байж байсан мэтээр мэдүүлэх зэргээр хамтран үйлдсэн үйлдлийн хувьд зөвшөөрснөө үгүйсгэх, эргэж буцах байдлаар мэдүүлсэн нь “шүүгдэгчийн өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх”-д хамаарахаас бус түүнд холбогдох хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэл болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Эын хувьд 7 удаа бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, тооны хувьд 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн байх боловч тэрбээр гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогоороо амьдардаг, амьдралын хэвшил болгосон нөхцөл байдал тогтоогдоогүй тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг тохирсон байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогч С.Тгийн гэрээс зөвхөн зурагт, зургийн аппарат авсан, өөр эд зүйл аваагүй тул хохирлын дүнгээс хасаж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Учир нь,

хохирогч С.Т нь өөрийн алдагдсан гэх эд зүйлийг тоо ширхэг, шинж чанараар нэг бүрчлэн дурдаж мэдүүлсэн, түүний мэдүүлгийг үгүйсгэх өөр баримтгүй тул хохирлын дүнгээс хасаж тооцох боломжгүй, улмаар хохирогчийн гэрээс шүүгдэгч Б.Эын гарын мөр илэрсэн нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 02/451 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон буюу уг хулгайн үйлдэл нь шүүгдэгч Б.Эын үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байна.

Иймд шүүхээс шүүгдэгч М.Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг өөр гэмт хэргийг хялбарчлах зорилгоор буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд, мөн ганцаараа болон бусадтай бүлэглэж хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

мөн шүүгдэгч Б.Эыг ганцаараа болон бусадтай бүлэглэж, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч М.Гын үйлдсэн дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Уад 625,000 төгрөгийн хохирол, ганцаараа болон бусадтай бүлэглэж үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас 1.393.000 төгрөгийн хохирол, нийт 2.018.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Хохирогч Н.Бын 280.000 төгрөгийн үнэлгээ бүхий зурагтыг Хүндэт ломбардын ажилтан Б.Пгээс хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн, хохирогч Г.Цд 230,000 төгрөгийн үнэлгээ бүхий дунд гарын мөнгөн аягыг Б.Эаас хураан авч, хохирогчид буцаан өгсөн нь баримтаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.Г, Б.Э нар нь үйлдлээрээ бүлэглэж үйлдсэн хулгайлах гэмт хэргийн хувьд хохирлыг тэдгээрээс хувь тэнцүүлэн гаргах нь үндэслэл бүхий байх тул шүүгдэгч М.Гаас нийт 1.219.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Уад 625.000 төгрөг, хохирогч Н.Бад 105.000 төгрөг, хохирогч Г.Цд 389.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Пд 100.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэж, харин хохирогч Ц.Уа нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Эын хувьд ганцаар болон бусадтай бүлэглэн нийт 7 удаагийн хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад нийт 4.495.400 төгрөгийн хохирол учруулснаас бусадтай бүлэглэсэн үйлдлийн хувьд оролцооны байдлыг нь харгалзан хувь тэнцүүлэн гаргахаар шийдвэрлэсэн болно. Өөрөөр хэлбэл, хохирогч Г.Цгийн хувьд шүүгдэгч М.Гтай бүлэглэсэн, хохирогч Ё.Цийн хувьд яллагдагч Д.Мтой бүлэглэсэн /уг хэргийг тусгаарласан/ гэх тул тэдгээрээс хувь тэнцүүлэн гаргуулах нь үндэслэл бүхий байна.   

Ингэхдээ хохирогч Г.Цд 230.000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн аягыг, хохирогч Ё.Цэд 480.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг хөөрөг, гэр интернэт зэргийг хүлээлгэн өгсөн байх тул үлдэгдэл дүнг тэдгээрээс хувь тэнцүүлэн гаргахаар тогтов.

Мөн шүүгдэгч Б.Э нь ганцаар үйлдсэн гэх хэргийн хохирогч Э.Бод Самсунг S-8 маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тул түүнд төлөх төлбөргүй, хохирогч Б.Мд 500.000 төгрөгийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн, үлдэгдэл 200.000 төгрөгийг гаргуулахаар байна.

Иймд шүүгдэгч Б.Эаас нийт 2.498.400 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Цд 389.000 төгрөг, хохирогч Ё.Цэд 78.000 төгрөг, хохирогч Ц.Эт 374.000 төгрөг, хохирогч С.Тд 907.400 төгрөгийн, хохирогч Т.Од 550.000 төгрөгийн, хохирогч Б.Мд 200.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч: “...шүүгдэгч М.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 6 жил 6 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч М.Гын өмгөөлөгч Д.Г: “...Нэгэнт шүүхээс М.Гыг гэм буруутайд тооцсон тул улсын яллагчийн санал болгосон ялыг тухай зүйл хэсэгт заасан ялын хамгийн доод хэмжээгээр оногдуулж, цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож өгнө үү” гэсэн,

Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Б.Шихихутаг: “...Б.Э нь гэм буруу дээр маргаагүй, хохирогчид хохирол төлөхөө илэрхийлсэн байдлыг нь харгалзан бага ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч М.Гын хувьд: тэрбээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай /хулгайлах/ гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн, мөн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба М.Г нь хохирогч Б.Уыг дээрэмдэх зорилгоор эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулан эд хөрөнгийг нь авсан буюу нийлмэл гэмт хэргийг үйлдсэн, дээрх хэргүүдийн нийгмийн аюулын шинж, хохирогч нарт хохирол төлж барагдуулаагүй, хувийн байдлын хувьд, шүүгдэгч М.Г нь өмнө хэд хэдэн удаа ял шийтгэгдэж байсан ч энэ байдалдаа дүгнэлт хийлгүй өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 6 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Эын хувьд: тэрбээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай /хулгайлах/ гэмт хэргийг 2 ба түүнээс дээш удаа үйлдсэн, мөн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ, хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй нөхцөл байдал зэргийг, мөн шүүгдэгч нь өмнө хүнд төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан ч засарч хүмүүжээгүй дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Г нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 216 хоног, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 144 хоног, нийт 360 хоног цагдан хоригдсон,

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоног, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл 111 хоног, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 110 хоног, нийт 221 хоног цагдан хоригдсон байх тул тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 48д дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч /шүүгдэгч/ М.Гад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгахаас татгалзаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авсан /2хх-ийн 34-35х/ байх ба 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 48а дугаартай шүүгчийн захирамжаар “Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгахдаа Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болсон талаар дурдаагүй байх тул шүүгдэгч М.Гад авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ хүчингүй болсон талаар Хил Хамгаалах Ерөнхий Газарт мэдэгдэхээр тогтов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, тус хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт М-ын Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэм буруутайд,

-хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг өөр гэмт хэргийг хялбарчлах зорилгоор буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд,

-ганцаар болон бусадтай бүлэглэж, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогт Б-ын Эыг ганцаар болон бусадтай бүлэглэж, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч М.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял,

-Шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 6 (зургаа) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Г, Б.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гын цагдан хоригдсон 360 хоногийг, шүүгдэгч Б.Эын цагдан хоригдсон 221 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гаас 1.218.000 (нэг сая, хоёр зуун арван найман мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Уад 625.000 төгрөгийг, хохирогч Н.Бад 105.000 төгрөгийг, хохирогч Г.Цд 389.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Пд 100.000 төгрөгийг олгох, хохирогч Б.Уа нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Гаас нэхэмжлэх эрхтэйг,

-Шүүгдэгч Б.Эаас 2.498.400 (хоёр сая, дөрвөн зуун ерэн найман мянга, дөрвөн зуу) төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Цд 389.000 төгрөгийг, хохирогч Ё.Цэд 78.000 төгрөгийг, хохирогч Ц.Эт 374.000 төгрөгийг, хохирогч С.Тд 907.400 төгрөгийг, хохирогч Т.Од 550.000 төгрөгийг, хохирогч Б.Мд 200.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Э.Бод төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч М.Г, шүүгдэгч Б.Э нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэдгээрийн эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч М.Гын хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болсон талаар Хил Хамгаалах Ерөнхий Газарт мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г, шүүгдэгч Б.Э нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ