Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01369

 

Г.Угийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 145/ШШ2018/00200 дугаар шийдвэр

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 204/МА2018/00009 дүгээр магадлалтай

Г.Угийн нэхэмжлэлтэй

Өд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Шүрхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч 

П.Адъяасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус сургуульд 2011 оноос хойш өнөөг хүртэл захирал, сургалтын менежер зэрэг удирдах албан тушаал хашиж байсан. Гэтэл захирал Ц.Хоролмаа нь орон тоо цомхтгосон нэрийдлээр намайг ажлаас хууль бусаар халж, мэргэжлийн бус 6 цаг өгсөнд гомдолтой байгаа тул энэ асуудлыг үнэн зөв, шударга, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү хэмээн тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дараах үндэслэлүүдээр хууль бусаар ажлаас халсан гэж үзэж байна. Тухайн ажилтныг ажлаас халах тухайгаа хуулийн дагуу 45 хоногийн өмнө албан ёсоор мэдэгдэж, түүнийгээ баталгаажуулсан байх ёстой атал захирал Ц.Хоролмаа албан ёсоор албан мэдэгдэл өгөөгүй, ажлаас халсан тушаал гаргасан нь хууль бус гэж үзэж байна. 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б\17 тоот захирлын тушаалд: “Туяа” бага сургуулийн захирлын ажлын байр санал болгосон боловч хийгээгүй гэж тушаалд хүүрнэх өгүүлбэр оруулж ирсэн нь агуулгын хувьд ч тэр процессын хувьд ч тэр алдаатай гэж үзэж байна. Тушаалд хүүрнэх өгүүлбэр оруулахыг хориглодог стандарт бий. Нөгөө талаар “Туяа” бага сургуульд Сургалтын менежер гэсэн орон тоо байхгүй захирлын орон тоо байдаг. Захирлыг аймгийн дарга томилдог. Томилохдоо төрийн албаны 60 дугаар тогтоолын дагуу сонгон шалгаруулалт зарлаж, тэнцсэн иргэдээс сонгон томилдог журамтай. Гэтэл нэг сургуулийн захирал өөрийнхөө сургуулийн менежерт нөгөө сургуулийн захирлын ажлын байрыг өөрөө дур мэдэн, албан тушаалын нэрийг өөрчлөн, сургалтын менежер хэмээх “Туяа” сургуульд огт байхгүй орон тоог амаараа бий болгон санал тавьж байгаа нь хууль ёсонд нийцэхгүй санал учраас би хүлээж аваагүй. Мөн энэ тушаалын үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтаар халж байгаа бол намайг ажлын байраар хангах юм уу нэг сараас дээших хугацаагаар тэтгэмж олгох талаар хэлэлцээ хийх байтал надтай oгт энэ талаар хэлэлцээ хийгээгүй. Манай сургууль бага, дунд ангийн 2 сургалтын менежертэй. Багын менежер нь миний бие. Дундын менежер П.Бундхорол гэдэг багш байсан. П.Бундхорлоог курс төгссөн учир сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолтын үндсэн шаардлагыг хангахгүй байгаа учир менежер хийж болохгүй гэсэн албан ёсны дүгнэлт 2015 оны 10 дугаар сард аймгийн Мэргэжлийн хяналтын боловсрол хариуцсан Д.Нэргүй гаргасан боловч Ц.Хоролмаа өнөөг хүртэл биелүүлэхгүй сургалтын менежерээр П.Бундхорлоог ажиллуулж байсан атлаа надтай үзэл бодол таардаггүй, хувийн өс хонзонгийн улмаас аймгийн дарга Г.Ганболд дээр орж манай сургуульд бага ангийн сургалтын менежерийн орон тоо байх шаардлагагүй гэж намайг муу хэлж, даргыг шаардсаар байгаад орон тоо хасуулсан гэдгийг аймгийн дарга Г.Ганболд өөрөө надад хэлж байсан.

Иймд өс хонзонгоороо хүний орон тоо хасуулчихаад нөгөө менежер болох П.Бундхорлоог шаардлага хангахгүй гэсэн албан ёсны дүгнэлт гарсан байхад, намайг сургалтын менежерээр үлдээн ажиллуулах боломжтой байхад бас л шаардлага хангахгүй дөнгөж 3 дахь жилдээ ажиллаж байгаа газар зүйн багш Б.Эрдэнэтуяаг шууд сургалтын менежерийн албан тушаалд томилсонд нь гомдолтой байна. Сургалтын менежер нь З жилээс дээш багшаар ажилласан байх ёстой гэсэн шаардлагыг зөрчсөн. Би 2002 онд МУИС-ийг Монгол хэл, Уран зохиолын багш, судлаач мэргэжлээр төгсч, 2004 онд “Хэл-Шинжлэл”-ийн магистрын зэрэг хамгаалсан. Гэтэл надад хичээлийн 6 цаг өгч цагийн багш болгосон нь хууль бус гэж үзэж байна. Надад биологийн хичээлийн 3 цаг, түүхийн хичээлийн З цаг өгсөн нь мэргэжлийн хичээлийг мэргэжлийн бус багшаар заалгаж байгаа явдал юм.

Ийм учраас энэ тушаалыг миний бие хууль бус тушаал гэж үзэж байгаа. Мөн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн б/17 тоот сургалтын менежерийн ажлаас чөлөөлж, багшаар томилсон болон 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/19 тоот Г.Уг цагийн багшаар томилох тухай тушаалууд хууль бус учир хүчингүй болгож өгнө үү. Иймд намайг Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 4 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц.Хоролмаа нь Өд захирлын албан тушаалыг хашдаг. 2017 онд манай сургуулийн нэг менежерийн орон тоо хасагдаж, “Туяа” бага сургуульд нэг менежерийн орон тоо нэмэгдсэн. Бага боловсролын сургалтын менежер байсан Г.Уг “Туяа” багийн сургуулийн сургалтын менежер хийх санал тавьсан. Хүүхдийн тоо, ажлын ачаалал зэргээс хамааран бага боловсролын сургалтын менежерийн орон тоо хасагдсан, багш нараас ирсэн гомдол санал, Боловсрол, соёл, урлагийн газрын ажлын хэсгийн санал дүгнэлт зэргийг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр сургалтын менежерээс чөлөөлж багшийн ажилд томилсон тушаал гаргасан. Монгол хэлний багштай учраас цагийн багш хийнэ гэдгээ Г.У багш өөрөө мэдэж байсан. Би цагийн хуваарилалт хийгээгүй байна. Цагийн хуваарилалт хийх нь ойлгомжтой гэсэн боловч өдөржингөө өрөөнд суусан. Г.У нь сонгон шалгаруулалтад орно гэхээр нь маргааш нь цаг хуваарилалт хийгээд цагийн багшийн ажилд шилжүүлсэн. Цагийн багш болно гэдгийг бараг жилийн өмнө хэлсэн. Энэ тухай Ундармаа мэдэж байсан. Аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн захирамжийг үндэслэж хүүхдийн тоо, ажлын ачааллыг харгалзан үзэж, бага ангийн сургалтын менежерийн орон тоог цомхтгосон. 2016 онд мэргэжлийн хяналтын газар болон боловсролын газраас Г.Угийн өргөдлийн дагуу шалгалт ирсэн. Уг шалгалтаар хоёр сургалтын менежерийг солих шаардлагатай гэсэн дүгнэлтийг танилцуулсан. Мөн бага ангийн багш нараас заах арга зүйгээр хангаж чадахгүй байна гэсэн өргөдөл 2 жил надад ирсэн. Жилд 2 удаа багш нар өөрсдийгөө үнэлдэг. Боловсрол шинжлэх ухааны яамны сайдын 293 дугаар тушаалын дагуу сургалтын менежер нь таван багшийнхаа талаар дүгнэж, би удирдах ажилтнаа дүгнэдэг. Г.У нь намайг үзэмжээрээ дүгнэлт гаргадаг гэж байна. Намайг захирал болохоос өмнө Г.У нь үзэмжээрээ дүгнэдэг байсан гэж өөрөө хэлж байсан. Би 2015 онд ажилд орохдоо ур чадварын нэмэгдлийг хангалттай өгсөн. 2016 оны цагаан сарын өмнө багш нар маань амьдрал ахуйд цалин мөнгө хүрэлцэхгүй байна гэхээр нь үр дүнгийн нэмэгдлээс гадна ур чадварын цалинг нэмэгдүүлж өгч байсан. Би жил дараалан ажил дүгнэхдээ ажлын хэсэг гаргасан захирлын тушаал гаргаж, бүх багш нарынхаа шалгуур үзүүлэлтийг нь дүгнэдэг. Харин удирдах ажилтныхаа ажлыг би өөрөө дүгнэдэг байсан. Би оны шалгуур үзүүлэлтийг нотлох баримтаар хавтаст хэрэгт өгсөн байгаа. Намайг 2015 онд ажилд орсноос хойш Г.У нь миний тухай маш олон газар өргөдөл гомдол гаргаж байгаа. Г.Уг сургалтын менежерээс чөлөөлөхдөө орон тоо хасагдсан. Орон тоо хасагдсан тухайгаа хэлж, цагийн багшаар ажиллах тухай ярилцах гэж удирдлагын багийг цуглуулчихаад удаа дараа дуудсан боловч ирээгүй. Ингээд дахин менежерээр дуудуулсан чинь яах гээд байгаа юм бэ? би хэрэлдчих гээд байна гээд орж ирээгүй.

Г.У өөрийн санаа бодлоо чөлөөтэй ярьсан бол би хүлээж авах байсан. Манай сургуульд 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Аймгийн Засаг даргын төсвийн шууд захирагч нарын мөрдөж ажиллах орон тоог батлаж хүргүүлсэн. Энэ орон тоон дээр манайх 2 менежертэй байхад 1 менежерийн орон тоо хасагдсан байсан. Үүнийг би 04 дүгээр сарын 09-ний өдөр Г.Уд албан ёсоор дуудаж хэлсэн. Дахиад 10-нд дуудаж нэгэнт орон тоо хасагдсан учраас ямар санал байна гэж асуусан. Өөрөө 2 дахин өргөдөл өгсөн. Өргөдөлд нь зохих ёсны хариу тайлбар өгсөн. Сургуулийн захирал сургалтын менежерийн ажилд тавихад заавал боловсрол соёл урлагийн газартай ярилцаж зөвшилцсөний үндсэн дээр тавьдаг. Тэр журмаар манай сургууль 2 менежерийн орон тоо байхгүй монгол хэлний багшид чи өөрөө мэдэж байгаа биз дээ гэдэг саналыг тавиад Туяа бага сургуулийн менежерийн саналыг тавьсан.Өөрөө бодож байж болъё гээд аймгийн дарга, боловсролын дарга нартай уулзана гэсэн. Би түүнийг нь хүлээж нилээд их хугацааг харсан. 03 дугаар сарын 17-ны өдрөөс хойш аймгийн Засаг даргын захирамжаар цалин санхүү батлагдаад ирсэн учир илүү орон тоонд цалин өгөх эрх мэдэл байхгүй. Гэсэн хэдий ч Г.Уг юу ч хийгээгүй орон тоо хасагдсанаас хойш бүтэн 3 cap цалин нэмэгдэлтэй нь өгч байсан. Бүтэн 3 cap сул цалин өгсөн. Үүнээс хойш надад эрх мэдэл байхгүй учир акт тогтоогдвол яах вэ? гэж бодоод 06 дугаар сарын 18-ны өдөр дуудаад албан мэдэгдэл өгөх гэсэн боловч би ажилтай,  Уянга суманд явж байна гэсэн хариу өгсөн. Түүнээс хойш би 06 дугаар сарын 21-нд албан ёсоор дахин дуудаж өрөөндөө оруулж ирсэн. Би өөрөө бичиг хэргийн ажлыг давхар хийж байсан. 18-ны мэдэгдлийг 21-нд дуудаад өгсөн учир он сарыг сольж өгч албан мэдэгдлийг албан ёсоор уншиж өгсөн. Уг мэдэгдлийг хэрэгт хавсаргасан байгаа.

Ийм шалтгаанаар багшийн ажилд шилжүүллээ, менежерийн ажлаас чөлөөллөө, хоёрдугаарт доод талд нь амралтын мэдэгдлийг давхар гаргасан байгаа. Энэ амралтын мэдэгдлийг уншиж танилцуулаад он сарыг нь солиод гаргаад өгье гэсэн чинь “...би хорт хавдар тусаад хот явах гэж байгаа, яг одоо явлаа, намар ирээд авчихъя.” гэсэн. Байж бай одоо ав, он сарыг нь солиод өгье гэхэд хот явлаа хорт хавдар туссан яаралтай хагалгаанд орлоо гэсэн. Ингэж яваад 08 дугаар сарын 21-нд ирсэн. Ирэнгүүт нь би албан мэдэгдлийг өгсөн. Албан мэдэгдлийг авч яваад хэсэг байж байгаад эргүүлж орж ирээд ширээн дээр тавьсан. Тушаалаа авъя гэсэн. Би 4 сараас хойш олон удаа мэдэгдсэн боловч өөрөө албан ёсоор боловсролын даргатай уулзсан. Манайх 2 монгол хэлний багштай, орон тоо байхгүй гэдгийг өөрөө мэдэж байсан. 08 дугаар сарын 21-нд би багш болох юм чинь манайх 2 монгол хэлний багштай юм чинь би аймгийн сонгон шалгаруулалтад явж оръё гэсэн. Би 15 цаг өнгөрч байхад тушаалыг нь өгсөн. Нийгмийн ажилтан номын санчийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарладаг. Би түүнд эрх мэдэл байдаггүй. Өөрөө орох бүрэн боломжтой. 08 дугаар сарын 21-нд өрөөнд орж ирээд албан мэдэгдэл өгснөөс хойш тушаалаа авч аймагт очиж сонгон шалгаруулалтад ормоор байна тушаалаа авъя гэхээр нь менежерээс чөлөөлж багш болсон тушаал өгсөн. Манайх 2 монгол хэлний багштай, манайд цаг байхгүй гэдгийг Г.У хавар явахдаа өөрөө мэдэж байсан. Би олон удаа хэлсэн. Тийм учраас би өөр дүйцэх ажил байхгүй учраас 3 cap зүгээр цалин өгсөн. Албан мэдэгдлийг 06 дугаар сарын 21-нд өгч гаргасан. Дахин орж ирээд уг мэдэгдлийг оруулж ирээд ширээн дээр тавьчхаад яваад өгөхөөр нь би хажуу талд нь тэмдэглэл хийсэн. Тэр мэдэгдлийг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Аймгийн Засаг даргын захирамж болон боловсрол соёл урлагийн газрын өөрийнх нь өгсөн өргөдөл гомдлын дагуу ажлын хэсэг ирж манайд ажилласан. Тэр ажлын хэсгийн дүгнэлт бусад баримт бичгүүдийг бүгдийг нь хэрэгт хавсаргасан байгаа, яаж ажлаа хийж байсан гэдгийг харах боломжтой. Ажлын хэсгийн дүгнэлт, аймгийн Засаг даргын захирамж зэргийг үндэслэж Г.Уг сургалтын менежерийн ажлаас чөлөөлсөн. Хоёр менежер хоёулаа албан тушаалын зөрчилтэй. Тийм учраас хоёуланг нь соль гэсэн шаардлага тавьсан. Эхний ээлжид ямар ч байсан Г.Уг чөлөөлсөн. Хоёулаа хоорондоо барьцалдаад 09 дүгээр сарын 01-нээс Бундхорлоог дахин менежерийн ажлаас чөлөөлж шинэ менежер тавьсан. Ажлын хэсгийн дүгнэлт, аймгийн Засаг даргын захирамж зэргийг үндэслэж Г.Уг сургалтын менежерийн ажлаас чөлөөлж багш болгосон тушаал хүчин төгөлдөр гэж үзэж байна. Манайх бүх илүү цагаа хуваагаад өөрт нь сурган, сэтгэл судлал үзсэн хэн боловч хичээлээс гадуур үйл ажиллагааг заах эрхтэй байдаг.

Хичээлээс гадуурх 2 цаг, өөрийнх нь мэргэжлийн 1 цаг, бага ангийн түүхийн 2 цаг, 6, 7, 8 дугаар ангийн биологийн цаг өгсөн. 6,7, 8 ангийн биологийн хичээл нь эрүүл мэндийн хичээл байдаг. Энэ хичээлийг сурган, сэтгэл судлал үзсэн хүн заах эрхтэй байдаг. Ямар ч хазайх юм байдаггүй. Байгаа бүх цагаа өгөөд байхад яагаад бага цалин аваад байгаа юм бэ? гэхээр ихэнх цагаа ороогүй үндэслэлээр бүтэн цалин аваагүй. Цагийн багш боловч илүү цалин авах боломжтой. Өөрөө багш хүн юм чинь өөрийн чаддаг авьяасаар хүүхдийг хөгжүүлэх төлөвлөгөөгөө барьж орж ирээд цагаа бичүүлж болдог эрх зүйн үндэслэл байдаг. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 145/ШШ2018/00200 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2-т зааснаар Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гаргасан б/17, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гаргасан А/19 тоот тушаалуудыг хүчингүй болгож, Г.Уг Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд томилж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч байгууллагаас 2110592 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Уд олгож, нэхэмжлэлийн үлдэх 2689408 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч байгууллагаас 48719 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 204/МА2018/00009 дугаар магадлалаар: Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 145/ШШ2018/00200 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Р.Шүрхүүгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Ө давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгийн хураамжинд төлсөн 118919 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны болон давж заалдах шатны шүүх Г.Уг орон тооны цомхтголоор ажлаас халсан Тарагт сумын ЕБС-ийн захирал Ц.Хоролмаагийн тушаал шийдвэр хуульд заасан журмыг баримтлаагүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Тарагт сумын ЕБС-ийн захирал Ц.Хоролмаа 2017 оны 08 дугаар сарын 21-ний Б/17 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Бага боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтуудыг үндэслэн “Бага боловсролын сургалтын менежерийн орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр Г.Уг бага боловсролын сургалтын менежерийн албан тушаалаас чөлөөлж багшийн ажилд шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй.

Үүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 “аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор заасан Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн а/94 тоот захирамжаар Тарагт сумын ЕБС-ийн сургалтын менежерийн 2 орон тооноос /багын менежер/ хасч 1 сургалтын менежер ажиллуулахаар орон тоо батлагдсан нь хэрэгт авагдсан захирамжийн хуулбар гэрч Л.Бундхорол, Б.Эрдэнэтуяа нарын мэдүүлгээр нотлогддог.

Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т багш ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх нь сургуулийн захирлын эрх байхаар хуульчилсан. Захирал Ц.Хоролмаа нь Г.Уг ажлаас чөлөөлөхдөө, засаг даргын дэргэдэх Боловсрол соёл урлагийн газрын 2017 оны 08 дугаар сарын 29-ний илтгэх хуудас, Тарагт сумын ЕБС-ийн дэргэдэх захирлын зөвлөлд Г.Угийн удирдлагад ажилладаг багш нараас ирүүлсэн санал хүсэлт зэрэг бусад баримт материалыг харгалзан үзсэн нь хууль зөрчөөгүй байна.

Шүүх Г.Уг менежерийн албан үүргээс чөлөөлж багшийн ажилд шилжүүлсэн нь хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчсөн гэж үзсэн, Хуулийн энэ заалтад ажил олгогч хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа сарын өмнө мэдэгдэнэ гэж хуульчилсан.

Менежерийн орон тоо хасагдсан тухай тэр дундаа Г.Угийн эрхэлж байсан багын менежерийн орон тоо цомхтгогдсон, түүнийг энэ ажлаас өөрчлөх болсныг 2017 оны 3 дугаар сард амаар мэдэгдэж түүнд өөр ажил ажил санал болгосон. Энэ тухай Г.Угийн 2017 оны 04 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд бичсэн өргөдлүүд түүнийг ажлаас өөрчлөх болсныг албан ёсоор мэдэгдэж баталгаажуулахаар захирал өрөөндөө 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ирүүлж мэдэгдлийг өгөхөд, Г.У гардан аваагүй тухай анхны шүүх хуралдаанд гэрч П.Бундхоролын “...энэ өдөр захирал Ундармаад мэдэгдэл өгөхөд аваагүй...” гэсэн мэдүүлэг.

Г.Уд мэдэгдэл хүргүүлэхэд байгаагүй тухай албан бичиг хүргүүлдэг баримтын хуулбар х-54, д/д 34, мэдэгдэлд гарын үсэг зуруулах боломж гараагүй хил гараад /Солонгос/ 8 сарын сүүлчээр ирсэн талаар өөрийнх нь шүүх хуралдаанд өгсөн тайлбар /х-169/ зэргээр нотлогдож байгаа тул хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хяналтын шатны шүүхэд хүсэлт болгоход: Г.У шүүхэд “...багын менежерийн ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилдаа буцааж тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 145/ШШ2017/00557 дугаар шийдвэрийн дүгнэлт үндэслэлтэй байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээж, Өвөрхангай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 28-ны 145/ШШ2018/00200 дугаар шийдвэр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 204/МА2018/00009 дугаар магадлалыг хүчингүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.У Өд холбогдуулан, тус сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Г.У нь 2011 оноос тус сургуулийн захирлаар, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс бага ангийн сургалтын менежерээр ажиллаж байжээ.

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн а/94  дугаартай захирамжаар Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8. дахь заалтыг үндэслэн Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих төсөвт байгууллагуудын 2017 онд ажиллах Ерөнхий боловсролын сургуулиудын орон тоог шинэчлэн батлахдаа Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийг сургалтын менежерийн 1 орон тоотой ажиллуулахаар баталжээ.

Дээрх захирамжийг үндэслэн Сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/17 тушаалаар Бага боловсролын сургалтын менежерийн орон тоо хасагдсан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасныг баримтлан Г.Уг бага боловсролын сургалтын менежерийн албан тушаалаас чөлөөлж, багшийн ажилд шилжүүлсэн, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/19 тушаалаар цагийн багшаар ажиллуулахаар шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ.

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн орон тоо нэгээр цөөрч, цомхотгогдсон нь тогтоогдсон тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан үндэслэлээр орон тоо нь цомхотгогдсон ажилтныг ажлаас чөлөөлсөн нь буруу биш юм.

Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасны дагуу дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ.

Хэдийгээр сургалтын менежерийн орон тоо цомхотгогдсон талаар ажил олгогч нь ажилтантай уулзаж, ярилцсан, 2017 оны 04, 06 дугаар саруудад мэдэгдэж, мэдэгдэх хуудас өгч байсныг үгүйсгээгүй боловч тухайн мэдэгдэх хуудсанд ажилтныг ажлаас чөлөөлөх хугацааг тодорхой заагаагүй тул хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар хуульд заасан хугацаанд мэдэгдсэн гэж үзэхгүй.

Тухайлбал, хэргийн 1 дүгээр хавтасны 53 дугаар талд авагдсан 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Албан мэдэгдэлд “...бага боловсролын сургалтын менежерийн орон тоо хасагдсан, ...Аймгийн засаг даргын захирамжийн дагуу батлагдсан орон тоогоор тухайн байгууллага ажиллах заалттай учир бага боловсролын сургалтын менежерийн албан тушаалаас чөлөөлж, багшийн ажилд шилжүүлэв...” гэж бичигдсэн байх тул тухайн мэдэгдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ. 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т “ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил ологч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж зохицуулжээ.

Ажил олгогч хуулийн энэ заалтыг хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй байх бөгөөд сургалтын менежерийн үүрэгт ажлаас чөлөөлж багшийн ажилд томилохдоо энэ талаар харилцан тохиролцсон эсэх, тус албан тушаал нь урьд эрхэлж байсан ажилтай адил чанарын ажил, албан тушаал эсэх талаар хэрэгт баримт авагдаагүй тул хуулийн энэ заалт хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй байна.

Түүнчлэн тус сургууль сургалтын менежерийн 2 орон тоотой үйл ажиллагаа явуулж байсан ба Аймгийн Засаг даргын захирамжид орон тоог 1 болгож цөөрүүлсэн нь бага боловсролын сургалтын менежерийн орон тоо хамаарч хасагдах талаар заагаагүй тул ямар үндэслэлээр бага боловсролын сургалтын менежерийг ажлаас нь чөлөөлсөн үндэслэлээ нотлоогүй, энэ талаар баримтгүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзал, тайлбар, үндэслэлээ баримтаар нотлоогүй, нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

 Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан журмыг зөрчсөн гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Харин ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн “тогтоох”-доо хуулийн нэр томъёог буруу бичсэн алдааг гаргажээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянахдаа анхан шатны шүүхийн дээрх алдааг засалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, алдааг засах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй...” талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 204/МА2018/00009 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 145/ШШ2018/00200 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...томилсугай.” гэснийг “...эгүүлэн тогтоосугай.” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  Х.ЭРДЭНЭСУВД