Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 00397

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй  явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт оршин суух, РФ78070872 дугаар регистртэй, эрэгтэй, Боржгон овогт Нямбуугийн Нямтогтохын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох

Галчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 155/2017/00186/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагч байгууллагын захирал Э.Батбаатар нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Нямтогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр цуг ээлжинд гардаг галч Тамирт урьд өмнө ээлжинд нь гарч өгсөн, мөн галч Мөнхбаярт миний ээлжинд гарч өгөөрэй гэж хэлсэн. Нярав Ганбатад самарт яваад ирье гэж хэлсэн. Бид дөрөв хоорондоо тохиролцоод юманд явдаг байсан. Тэр үед захирал хот явсан байсан  бөгөөд утсаар ярих гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан. Дотоод журамд заасны дагуу 4.2.1-д сануулах, 4.2.2-д цалинг 3 сар хүртэлх хугацаагаар 20 хувиар бууруулах, 4.2.3-д ажлаас халах гэсэн заалттай. Тэгээд намайг самарт явсан хугацаанд ямар нэгэн зөрчил гомдол гараагүй. Эхний шаталсан арга хэмжээнүүдийг авалгүй үндэслэлгүйгээр ажлаас халж төрөл садангийнхаа хүнийг ажилд авсан. Иймд намайг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургуулийн галчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч  Хөвсгөл аймгийн  Шинэ-Идэр  суманд  1986  

онд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, өмгөөлөгч ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын  4 дүгээр багийн 19-7 тоот оршин суух, РУ86082601 дугаар регистртэй, Барнууд овогт Батмөнхийн Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Нямтогтох нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургуульд 8 жил  галчаар ажилласан бөгөөд ээлжинд гардаг н.Мөнхбаяр, н.Тамир нартай харилцан тохиролцоод өөрийн ажиллах 2 өдөр Тамирыг ажиллуулаад самар түүхээр явсан байдаг. Тухайн үед сургуулийн захирлаас чөлөө авах гэсэн боловч тэрээр Улаанбаатар хотод байсан тул няравт хэлж яваад ирэхэд ажлын байраа гурваас дээш хоног орхин явсан гэж 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Б/04 тоот тушаалаар ажлаас халсан байдаг. Гэвч ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуульд заасан ямар зөрчил гаргаж ажлаас халсан тухай тодорхой бичээгүй байна. Н.Нямтогтох урд нь сануулах арга хэмжээ авсан гэсэн баримт байхгүй байгаа ба сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн үндэслэл харагдахгүй байна. Мөн Хөдөлмөрийн гэрээний 5.2.1-ээс 5.2.9 хүртэл 9 заалт байгаа бөгөөд тус зөрчлүүдийг хөдөлмөрийн харилцааг зогсоох ноцтой зөрчилд тооцно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх 9 зөрчил бий болоогүй гэж тайлбарлаж байгаа. Тус сургуулийн захирал нь шат дараалсан сануулах болон сахилгын шийтгэл ногдуулахгүйгээр ажлаас халсан нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгчийн  нэг сарын цалин нь 373.591 төгрөг бөгөөд тэрээр 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр ажлаасаа бууж яваад 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр ажилдаа ирэхэд халсан учир түүний ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны цалин 773.323 төгрөг болж байна. Иймд Н.Нямтогтохыг урьд эрхэлж байсан Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургуулийн галчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 773.323 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч байгууллагын захирал Хөвсгөл аймгийн   Мөрөн  суманд 1979   онд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой,  багш мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал ажилтай, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт оршин суух, РЙ79091806 дугаар регистртэй, Их мэргэд овогт Энхболдын Батбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Нямтогтох нь ажилд гарах хугацаа буюу 2017 оны 1 дүгээр сарын 5, 9, 13 гэх өдрүүдэд ажил тасалж  Байгууллагын дотоод журмын 5.12.7-д “урьдчилан мэдэгдээгүй болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш хоног ажлыг байрыг орхин явбал үүрэгт ажлаас нь чөлөөлнө” гэсэн заалт, Хөдөлмөрийн гэрээний 3.2.4-д “ажилтан урьдчилан мэдэгдээгүй болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  ажлын байраа орхиж явахгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн тул ажлаас нь чөлөөлсөн. Мөн Н.Нямтогтох нь 2016 оны 8 дугаар сард 7 хоног ажил тасалсан. Тус үйл явдалтай нийлээд  2 удаа ийм зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар ажил олгогчийн санаачлагаар 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Б/04 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Н.Нямтогтох сахилгын шийтгэл ногдуулахдаа шат дараалсан арга хэмжээ аваагүй гэсэн байгаа боловч өмнө нь хамт олны хурал дээр сануулах арга хэмжээ авч, өөрт нь сануулж байсан. Энэ тухай бичгээр гаргасан зүйл байхгүй ч хамт олны хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа.

Түүнчлэн манай байгууллагын галч нар харилцан тохиролцоод бие биедээ чөлөө өгдөг зүйл байхгүй. Ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт үзүүлэх, ар гэрийн гачигдал гарсан тохиолдолд чөлөө өгдөг ба сургуулийн захирлын эзгүйд дунд ангийн сургалтын менежер чөлөө өгдөг журамтай.  Гэтэл Н.Нямтогтох зөвхөн самарт явж, мөнгө олох зорилгоор гурван гараа буюу 12 хоног ажил тасалсан. Нэг гараа гэдэг нь 24 цаг ажиллаад 72 цаг амардаг. Н.Нямтогтохын авдаг сарын цалин тогтмолоор бодогддог. Илүү цагийн мөнгө, ажилласан хоногоор авна гэсэн ойлголт байхгүй. Иймд Н.Нямтогтохыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй тул түүнийг ажилд эгүүлэн авах, ажилгүй байсан хугацааны цалин нийт 773.323 төгрөг гаргуулж олгох боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Нямтогтох нь хариуцагч Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан сургуулийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 773.323 /долоон зуун далан гурван мянга гурван зуун хорин гурав/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч нь Н.Нямтогтохыг ажлаас үндэслэлтэй халсан, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.

Н.Нямтогтох Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургуульд галчаар ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн гэрээ, 000279153 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдов.

Нэхэмжлэгч Н.Нямтогтохыг ажиллаж байх хугацаандаа урьдчилан мэдэгдээгүй болон хүндэтгэх шалтгаангүйгээр ажлын байраа гурваас дээш хоног орхин явсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн “Н.Нямтогтохыг ажлаас чөлөөлөх тухай” Б/04 тоот тушаал, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Ажилтан Н.Нямтогтохыг ажлаас халсан “Ажлаас чөлөөлөх тухай” Б/04 тоот тушаал нь эрх зүйн акт болохын хувьд ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэл нь тухайн тушаалд баримтласан хуулийн зохицуулалттай тохирч байх ёстой боловч уг тушаал хуулийн шаардлага хангаагүй байна. Учир нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох бөгөөд Н.Нямтогтох нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл ноцтой зөрчил гаргасан эсэх нь тодорхойгүй байх бөгөөд тус хуулийн заалтыг баримтлаагүй.

2. Ажил олгогч нь нэхэмжлэгч Н.Нямтогтохыг “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөхдөө баримтласан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 3.2.4 дэхь заалт “Ажилтан дараахь үүрэг хүлээнэ”, “Байгууллагын дотоод журам”-ын 5.12.7 дахь заалт “Чөлөө зөшөөрөлгүй ажлын байрыг орхин гурваас дээш хоног явбал хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно” гэсэн харилцааг зохицуулсан байх боловч эдгээр заалтуудыг зөрчсөн тохиолдолд ажлаас халагдах үндэслэл болох талаар хөдөлмөрийн гэрээнд тодорхой заасан заалтыг давхар баримтлаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулинд нийцээгүй байна.

Н.Нямтогтохыг ажлаас халсан тушаалд баримтласан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэл, ажилтны гаргасан сахилгын зөрчилд тохирохгүй, хариуцагч сануулах арга хэмжээ авч байсан талаар нотлож чадахгүй байгаа тул ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны 95 хоногийн цалинтай тэнцэх олговор 773.323 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а.д "... ажлаас буруу  халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сард 373.591 төгрөг, 11 дүгээр сард 426.961 төгрөг, 12 дугаар сард 500.612 төгрөг авч байсан нь түүний 000279153 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул сүүлийн 3 сарын цалин 1.301.164 төгрөг : нэг сард 433.721 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 20.173 төгрөг байна. Ажилгүй байсан хугацаа 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл буюу ажлын нийт 67 хоногийн цалин 1.351.591 төгрөг болж байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажилгүй байсан хугацааны цалин 773.323 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэж, хариуцагч байгууллагаас 773.323 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цалин хөлсийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч Н.Нямтогтох нь 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд ажил тасалсан болох нь зохигчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2017 оны цагийн бүртгэлээр тогтоогдсон учир тухайн цаг хугацааны цалин хөлсийг гаргуулж олгох үндэслэлгүй юм.

Иймд Н.Нямтогтохыг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургуулийн галчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 773.323 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 773.323 төгрөг гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 23.109 төгрөг, нийт 93.309 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.  

Зохигчоос ирүүлсэн дараахь нотлох баримтуудыг үнэлээгүй болно. Үүнд: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн “Н.Нямтогтохыг ажлаас чөлөөлөх тухай” Б/04 тоот тушаал, хөдөлмөрийн гэрээний хуулбарууд нотариатаар гэрчлэгдээгүй учир нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Нямтогтохыг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургуулийн галчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 773.323 /долоон зуун далан гурван мянга гурван зуун хорин гурав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Нямтогтоход олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Нямтогтохын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургуульд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамж нийт 93.309  төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ОТГОНБЯМБА