Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/29

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч, хохирогч А.Б, Л.Ба,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,    

Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн А-ы Б, Ч овгийн Л-ы Ба нарт холбогдох 2128000000014 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ....................

Монгол Улсын иргэн, ......................

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч А.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг Баянговь зочид буудлын баруун хойд талд Л.Ба-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний баруун бугалгад хутгалж, биед баруун бугалга дахь хутгалагдсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Л.Ба нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг Баянговь зочид буудлын баруун хойд талд А.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний зүүн нүдэнд цохиж, биед зүүн нүдний зовхины цус хуралт, нүдний алимны салстын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.Б, Л.Ба нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр найз О, Ба нартай нийлж архи ууж гэм буруутай үйлдэл хийсэн нь үнэн. 3, 4 шил архийг О, П, Ба нартай хувааж уусан. Тухайн үед Батай юунаас болж маргаснаа архи их хэмжээгээр уусан учраас санахгүй байгаа. Гэм буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Шүүгдэгч Л.Ба шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр найз О, Ба нартай нийлж архи уусан. Ялихгүй зүйлээс болж хоорондоо маргасан. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч А.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Зүүн нүд хөхөрч хавдсан байсан. Одоогийн байдлаар эдгэж зүгээр болсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, Л.Ба-аас эмчилгээний зардалд 50,000 төгрөг авсан гэв.

Хохирогч Л.Ба шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Бугалгад шарх эдгэж аньсан. Одоогоор зовуурь байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй, А.Баас эмчилгээнд зардалд 200,000 төгрөг авсан гэв.

Хохирогч Л.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 13 цагийн үед би О руу залгаад хаана байна гэсэн чинь О арын хашаанд машин үзэж байна гэхээр нь ороод гараарай гэж хэлсэн. Удалгүй О Гурвантэс сумаас манай найз ирсэн гээд Б, П хоёрыг дагуулаад манайд ирсэн. Би гэрт байсан 0,5 граммын “Экс” нэртэй архиа авч гарч ирээд хашаанд Б, П, О бид 4 хувааж уусан. Архи дууссан чинь Б сайхан танилцлаа найздаа нэг шил юм авч өгнө гээд П-ийг дэлгүүр явуулж нэг шил архи авхуулсан. П дэлгүүрээс “Экс” нэртэй 0,75 граммын архи авчраад Б, П, О бид 4 хувааж ууж байгаад О найзыгаа дуудаад ажилтай гээд явсан. Би Б, П хоёртой үлдээд архиа ууж байсан чинь Өмнөговьд таньдаг ганц найз бий гэж Б хэлэхээр нь би хэн гэдэг юм гэж асуусан чинь бүтэн нэрийг нь мэдэхгүй От гэдэг гэж хэлээд аан От юм уу би танина От надад муухай зан гаргаж байсан гэж хэлсэн чинь Б өмөөрөөд бид хоёр бага зэрэг үг зөрсөн. Архи ууж дуусаад П, Б хоёр буудал руугаа явсан. Би гэртээ гэрэл янзалж байсан болохоор гэрлээ янзлаад гэртээ үлдсэн. Орой 17-18 цагийн үед О, Баа ахтай хамт манай гэрт машинаа авах гэж ирээд Баянговь буудалд Б, П хоёр байгаа би гэрт мах чанасан тэр хоёрыг аваад гэртээ очиж мах идүүлнэ гэхээр нь би хамт явъя өдөр би Б-тай бага зэрэг маргалдсан очиж уучлалт гуйя гэж хэлээд гэрээсээ О, Баа ахтай хамт буудал явах замдаа дэлгүүр орж нэг шил 0,75 граммтай “Экс” нэртэй архи аваад Баянговь буудал руу хамт очсон. Баянговь буудалд очиход Б, П хоёр байхаар нь архиа задлаад өдөр болсон асуудалд Б бид хоёр нэг нэгнээсээ уучлалт гуйгаад гар бариад архиа ууж дуусгаад О-ын гэрт очиж мах идэхээр Б, П, Баа, О бид 5 буудлаас гарсан. Буудлаас гараад юу болсныг санахгүй байна, нэг сэрсэн чинь баруун гараа тохойны хавьд зүсүүлчихсэн байхаар нь уур хүрээд Б-ыг нүүр рүү нь гараараа 2 удаа цохисон. Баа ахтай хамт эмнэлэг рүү явж байхад цагдаа нар ирээд Баа ах бид хоёрыг нэгжээд дараа нь Б-ыг нэгжээд халаасанд нь хутга байна гэж цагдаа нар ярьж байсан. Эмнэлэгт очоод оёдол тавиулсан. Надад санал хүсэлт гомдол байхгүй.” /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/

Хохирогч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 01 дүгээр сарын 20-ны орой 21 цагийн үед Өмнөговь аймаг Даланзадгад суманд Гурвантэс сумаас ирээд такси аваад таксины хүнээс хонох буудал байна уу гэсэн чинь 2 буудалд очоод оруулаагүй. Баянговь буудалд хамгийн сүүлд очоод гуйж байгаад орсон. Буудалдаа хоночихоод маргааш өглөө нь Цогтцэций явах унаанд суугаад явах гэсэн чинь Цогтцэцийгээс ирэх шаардлагагүй гэж хэлэхээр нь буцаж буудалдаа ороод Улаанбаатар явах унаа хайж байгаад 12 цагийн үед О руу залгаж хот явах унаа асуусан чинь хоол идсэн үү гэж хэлээд хоол идээгүй гэж хэлсэн чинь хоолны юм бодъё гэж хэлсэн. Буудлын эгчээс хот явах унаа сурсан чинь маргааш явах унаа байгаа гэж хэлсэн. Маргааш явахаар болоод унаатайгаа ярьчихаад О руу залгасан чинь О хүүхдүүдээ хооллочихоод хүрээд очъё гэхээр нь би машины засварчин хамт явж машин үзье гэж хэлээд О Баянговь буудалд ирээд О, П бид 3 хамт О-ын машин үзэх айлд очоод машиныг нь үзэж байсан чинь Ба хашаа давж орж ирчихээд гараад явсан. Машинаа үзэж дуусчихаад О манай багын найз хажууд байгаа ороод гаръя гэхээр нь Ба-ийн гэрт очсон. Ба-ийн гэрт очиход Ба хашаандаа юм хийгээд сууж байсан. Ба үүдний амбаараасаа нэг шил нэрийг нь санахгүй байна архи гаргаж ирээд би Батай танилцаад архиа О, П, Ба бид 4 хувааж уугаад дуусахаар нь Пид мөнгө өгөөд ахиад нэг шил архи авч ууж байсан чинь О ажилтай боллоо гээд нэг машинтай хүнтэй хамт яваад өгсөн. Би П, Ба хоёртой үлдсэн архиа ууж дуусгаад Ба бид хоёр От гэж хүнийг таньдаг болж таараад тэр хүнийг ярьж байгаад муудалцаад П-ийг аваад буудал руугаа алхаад явсан. Ба гэртээ үлдсэн. Намайг буудалд унтаж байхад Ба, О, Баа гэж 3 залуу ирээд Ба надтай өдөр маргалдсандаа уучлалт гуйж эвлэрээд О, Ба, Баа гурвын авчирсан архийг хувааж ууж дуусгаад цаашаа сайн санахгүй байна. П эрүүлжүүлэхэд хамт байхдаа надад буудлаас гараад Ба бид хоёрыг буудлын хажууханд маргалдаад муудалцсан гэж хэлсэн. Юунаас болж муудсаныг мэдэхгүй байна... Бор иштэй, эвхдэг хутга би уурхайд ажиллаж байхдаа мах идэхдээ хэрэглэдэг байсан хутга мөн. Миний хутга юм. Миний өмдний өмнө талын халаасанд байсан. Биедээ авч явдаг... Ба миний нүүр рүү гараараа цохисон... Миний толгой өвдөөд байна, бас миний зүүн мөр өвдөж байна... Надад санал хүсэлт гомдол байхгүй.” /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/  

Гэрч Д.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө буудалд хоночихоод Цогтцэций явах унаа хайж байгаад Цогтцэций рүү ярьсан чинь заавал ирэх шаардлагагүй гэхээр нь Цогтцэций явахаа байгаад Улаанбаатар хот явах унаа хайж байсан чинь унаа олдоогүй. Маргааш 70,000 төгрөгөөр хот явах унаа байгаа гэхээр нь маргааш өглөө хот явахаар болоод бид 2 буудалд ахиад нэг хонох болсон. Амуу нэртэй хоолны газар очиж хоол идчихээд буцаж буудалдаа ирээд байж байсан чинь О, Б ах бид 3 О ахын машинтай хамт О ахын таньдаг айл руу явсан. Тэнд очоод эвдэрсэн машиныг нь үзчихээд хажууханд нь байсан Ба ахын гэр рүү бид 3 очсон. Ба ахын гэрт очиход Ба ах гэрийнхээ гэрлийг янзлаад үүдний таамбартаа сууж байгаад нэг шил “Экс” нэртэй 0,5 граммын архи гаргаж ирээд Б ах, О ах, Ба ах бид 4 хувааж уусан. Би нээх уугаагүй алгасаад уусан. Эхний шил архи нь дууссан чинь Б ах би архи авна гээд надад мөнгө өгөөд архинд явуулсан. Би 0,75 граммын “Экс” архи авчирч өгсөн чинь хувааж уугаад дуусгасан. Ба ах О ахын машиныг бариад О ахын эхнэр дээр очно гээд үсчний газар очоод О ах гарч ирэхгүй байхаар нь Ба ах Б ах бид хоёрыг буудалд хүргэж өгнө гээд машиныг нь бариад Баянговь буудал руу явсан. Буудалд очоод Б ах орон дээр унтсан. Би бууз жигнүүлээд гар утсаа оролдоод байж байсан чинь 2-3 цагийн дараа Б ахыг сэрээгээд хоол идүүлчихээд байж байсан чинь О, Ба бас нэг хөгшин ах нийт 3 хүн нэг шил “Экс” нэртэй 0,75 граммын архитай орж ирээд Б ах, Ба ах, О бас нэг хөгшин ах 4 нийлж авчирсан архиа ууж дуусгасан. Удалгүй Б ах, Ба ах 2 түрүүлээд буудлаас гарсан. Би бодохдоо тэр хоёрыг маргалдаад байна гэж бодсон. Хуучны нэг найзаа яриад хоорондоо маргалдаад байсан. О ах, бас нэг хөгшин ах бид 3 араас нь удалгүй гарахад Б ах, Ба ах хоёр хоорондоо зодолдож байсан. О ах Б ахыг хутга бариад Ба ахын гар руу нь хатгачихлаа гэж орилсон. Тэгээд чи арай ч дээ миний найзыг арай ч дээ гээд байсан. Би цагдаа руу дуудлага өгчихөөд эргээд тэд нар руу харсан чинь Б ах газар дээшээ хараад уначихсан Ба ах дээр нь гарчихсан Б ахын нүүр рүү гараараа цохиж байсан. Би очиж салгаад Б ахыг босгох гэсэн чинь сэрэхгүй байсан. Удалгүй цагдаа нар ирсэн... Би Ба Б-д хутгалуулж байхыг хараагүй. Б ах Ба ахыг зоочихлоо гэж хэлэхийг Ба ахаас сонссон. Дараа нь О ах чи миний найзыг зоочихлоо гэж хэлэхийг сонссон. Би тэр хоёроос 1-2 метрийн зайтай байсан. Уурхай дээр манай дарга чанасан мах идэхэд амар гээд дэлгүүрээс нэг эвхдэг хутга авсан чинь Б ах бас дагаж авч байсан. Тухайн үед би хамт явж байсан.” /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/

Гэрч Ц.Баа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 16 цагийн үед над руу О залгаад Ба-ийн гэрээс очиж хамт машин авч ирье гэхээр нь би за гэж хэлсэн. Тухайн үед би худалдааны төвд ажилтай явж байгаад О-ын гэр буюу 12 дугаар байрны гадаа очиж Отой уулзаад Ба-ийн гэр болох Нанзадын 2-2 тоотод очсон. Ба-ийн гэрт очиход Ба гэрээсээ гарч ирээд Ба, О бид 3 хамт О-ын машиныг би бариад Цагдаагийн хойд талд байх дэлгүүрээс “Экс” нэртэй 0,75 граммын архи аваад бид гурав Баянговь зочид буудал руу очсон. О бид хоёр О-ын машиныг аваад О-ын гэрт хүргэж өгөх гэж Ба-ийн гэрт очиход Ба өдөр Б-тай хамт архи ууж байхдаа маргалдсан болохоор одоо очиж уучлалт гуйна гээд дэлгүүрээс нэг шил архи  авч Баянговь зочид буудалд очсон. Баянговь зочид буудалд очиход 7 номерын өрөөнд 2 залуу байсан. О, Ба бид 3 өрөөнд нь ороод нөгөө 2 залуутай би танилцаад архиа задлаад өрөөнд нь байсан арай залуухан залуу нь архи хундагалсан. Архиа дуусгаад бид нар бүгдээрээ О-ын гэрт очиж мах идэхээр гарсан. Буудлаас гараад ертөнцийн зүгээр буудлын баруун хойд талд очоод Б болон Ба нар хоорондоо маргалдаж муудалцаад байсан. О эхнэрээ дуудсан гээд машиндаа сууж байсан. Би О-ын машины хажууд гадаа зогсож байсан чинь Ба миний гар руу хутга шаасан гэж ирэхээр нь би цагдаа дуудах уу, эмнэлэг дуудах уу гэсэн чинь Ба эмнэлэг явъя гэж хэлээд эмнэлэг рүү алхаж байхад Б, Ба бид хоёрын өмнө алхаж байгаа харагдсан. Тэгсэн чинь цагдаа нарыг ирэхэд Б эмнэлгийн хажуу талд газар хэвтэж байсан. Ба бид хоёр эмнэлгийн хойд талын замаар алхаж байгаад цагдаа нар ирээд аваад явсан. /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/

Гэрч П.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө 12 цагийн үед Баянговь зочид буудлаас Б гэх найз болон П-ийг аваад манай ахын машин эвдэрсэн гэхээр нь засах гэж очоод байж байсан чинь Ба над руу залгаад хаана байна гэхээр нь хойд хашаанд чинь байна гэсэн чинь Ба хашаа даваад ороод ирсэн. Машин хамт засаж байгаад Ба гэр рүүгээ явсан. Би Б, П хоёрыг аваад Ба-ийн гэрт очсон чинь Ба хашаандаа юм хийгээд зогсож байсан. Ба гэр рүүгээ орж нэг шил 0,5 граммын “Экс” нэртэй архи авч гарч ирээд Б, П хоёртой танилцан гээд задалж уусан. Бид 4 архиа ууж дуусгасан чинь Б, П-ийг дэлгүүр явуулж дахиад архи авхуулсан. “Экс” нэртэй 0,75 граммын архи байсан. Тэр архиа ууж байгаад дуусахаас нь өмнө би гэр рүүгээ явсан. Гэрт очиж мах гал дээр тавьчихаад эргээд 16-17 цагийн үед Баа ах руу залгаад Ба-ийн гэр рүү хүргээд өг гэж хэлсэн чинь Баа ах манай байрны үүдэнд байсан. Би гарч очоод Баа ах бид хоёр Ба-ийн гэр рүү миний машиныг авахаар явсан. Ба-ийн гэрт очсон чинь Ба, Б-тай өдөр бага зэрэг маргалдсан тэгээд Б, П хоёр буудал руугаа явсан гэж хэлээд одоо буудалд нь очиж уучлалт гуйя гэхээр нь Батай хамт Баа ахаар машинаа бариулаад явсан. Замаараа дэлгүүр орж нэг шил “Экс” нэртэй 0,75 граммын архи аваад Баянговь буудал дээр очсон. Буудалд очиход Б, П хоёр байсан. Архиа гаргаж задлаад Б, Ба хоёр нэг нэгнээсээ уучлалт гуйгаад эвлэрээд архиа Баа ах, П, Ба, Б бид 5 нэг шил архиа хувааж уугаад дуусахаар  нь манай гэрт очиж мах идэх гэж гарсан. Ба, Баа ах Б гурав түрүүлж гарсан. П хаана байсныг мэдэхгүй байна. Би араас нь буудлаас гараад эхнэр рүүгээ залгаад ирж машин ав гэж хэлсэн. Тэгээд машинаа асаачихаад машинаас буугаад гараад очсон чинь Ба, Б хоёрын дуу нь чангараад зодолдож байгаа чимээ сонсогдож байсан. Би Ба дээр очсон чинь Ба-ийн гараас цус гарч байсан. Тэгэхээр нь цамцыг нь сөхөөд үзсэн чинь Ба-ийн баруун гарын шуунаас цус гарч байсан. Эмнэлэгт үзүүл гэж хэлээд машинаа унтраачихаад эмнэлэг дээр очсон чинь цагдаа нар ирсэн байсан. /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/

Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 21-ний орой 17 цагт ээлж хүлээлцэхэд 7 номерын өрөөнд 2 залуу байгаа. Энэ 2 уурхайгаас ирсэн юм хот явах унаа олдсонгүй, маргааш хот явах унаа олсон гэхээр нь тооцоогоо хийсэн үү гэж асуухад тооцоогоо хийгээгүй мөнгө байхгүй ажлын хувцас зарж мөнгө өгнө авах хүн байна уу гэж хэлж байсан гэхээр нь би нөгөө 2 залуутай уулзаж халууныг нь хэмжиж бүртгэх гэсэн чинь бичиг баримт байхгүй гээд амаар нь бүртгэж авсан. Хувцас зарах залуутай уулзаж зарах хувцсыг нь үзсэн чинь хувцас нь том байсан. Том байна жижиг бол авна гэж хэлээд буудлын гал тогоонд тавьсан байсан. Орой 19 цаг өнгөрч байхад 3 хүн гаднаас ороод ирэхээр нь манайх ажиллахгүй байна гэж хэлсэн чинь 7 номерын өрөөний хүнтэй уулзана гэж хэлээд орсон. Би 30 минутын дараа өрөөнд нь орсон чинь тамхи татаж байхаар нь өрөөнд тамхи татахгүй гэж хэлээд хурдан гар гэж хэлсэн. Ахиад 30 минутын дараа Баа гэж хүн ирээд буудлын тооцоогоо хийсэн үү гэж асуухаар нь хийгээгүй гэж хэлсэн чинь гараад явсан. Өрөөнд нь ороход машины түлхүүр газар хэвтэж байхаар нь өгөөд одоо яв гэж хэлээд машины түлхүүрийг нь өгсөн. Тухайн үед Баа эрүүл харагдаж байсан. Намайг өрөөнд нь ороход буудалд анх байрлаж байсан хөгшин хүн нь би буудлын мөнгө өгөөгүй байж өрөөний эд зүйл эвдлэх гэлээ гэж хэлсэн чинь тэд нар ар араасаа цувраад гараад явсан. Би хаалгаа хаах гээд араас нь гарсан чинь өрөөнд барилцаад байсан 2 залуугийн сүүлд буудалд орж ирсэн залуу нь анх байсан залуугийн бие рүү цохиод газар унагасан. Тэгэхээр нь би машинаа асаагаад явцгаа гэж хэлсэн. Машины цаана тэд нар зууралдаад байх шиг харагдсан. Буудалд анх орсон ахимаг насны залуу нь эмнэлгийн зүг рүү алхаад явахаар нь муудалцаад байсан залуу нь явсан юм чинь араас нь тэд нарыг явчих байх гэж бодсон. Удалгүй цагдаа нар ирээд согтуу хүмүүсийг аваад явсан. Удалгүй өрөө анх хөлсөлж байсан залуу нь ирээд өрөөндөө орсон. Би буудал руугаа ороод нэлээн удсан чинь цагдаа ирээд үүд тогшихоор нь цагдаа орж ирээд 4, 5 залуу өрөө авсан уу гэж асуухаар нь 2 хүн байгаа орой 3 хүн уулзах гэж орж ирсэн гэж хэлсэн. Цагдаа нар нөгөө залууг аваад явсан. /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/

Гэрч У.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 21-ний орой 19 цаг 31 минутад дуудлага аваад 19 цаг 35 минутад Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хойд талын замын хажууд цагдаагийн ахлагч Г.Г-ын хамт очиход замын урд талд нэг хүн зүүн хажуу талаараа хэвтэж байхад нь очиж үзэхэд тухайн хүний зүүн шанаанаас цус гарсан байдалтай ухаантай хэвтэж байсан. Би газар хэвтэж байсан хүнээс хэнд зодуулсан ямар хүмүүс зодсон талаар асуухад зүгээрээ гэж хэлж байсан. Би түргэн тусламж руу залгаж дуудлага өгсөн. Галбадрах ах хажууд нь алхаж байсан 2 хүнтэй уулзаад дагуулаад ирээд хэвтэж байсан хүний биед үзлэг хийхэд өмдний баруун өмнө талын халаасанд бор иштэй тонгорог хутга гарч ирэхээр нь авч уутанд хийсэн. Газар хэвтэж байсан хүнд үзлэг хийж байхад 2 эмэгтэй ирээд нэг нь уйлаад байсан. Би Г ах, эмч, газар хэвтэж байсан хүмүүс манай машинд суугаад хүлээн авах руу явсан. Замдаа Баянговь зочид буудлын гадаа Альпард машин байхаар нь очиж үзэхэд согтуу хүн хүрдийнхээ ард сууж байхаар нь аваад эмнэлэг рүү хамт явсан. /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/

Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 21-ний орой 19 цаг 31 минутад дуудлага аваад 19 цаг 35 минутад Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хойд талын замын хажууд олон нийтийн цагдаа Ө-ийн хамт очиход замын урд талд нэг хүн зүүн хажуу талаараа хэвтэж байхаар нь биед нь үзлэг хийгээд биеийг нь зүгээр эсэхийг асуухад хариулахгүй байсан. Газар хэвтэж байсан хүний баруун өмнө талын халааснаас бор өнгийн иштэй тонгорог гэх хутга гарч ирэхэд газар хэвтэж байсан хүнээс хэний хутга болохыг асуухад хариулаагүй. Газар хэвтэж байсан хүний цаана 2 эрэгтэй хүн замын урд талаар ертөнцийн зүгээр баруун тийшээ алхаж байсан. Олон нийтийн цагдаа Бат-Өлзийд эмнэлэг дууд гэж хэлээд өөрөө цаана нь алхаж байсан 2 хүн дээр очоод биед нь үзлэг хийгээд юу болсон талаар асуухад тухайн 2 хүнээс архи үнэртээд юу ч болоогүй гэж хариулсан. Тухайн 2 хүнийг дагуулаад газар хэвтэж байсан хүн дээр очиход эмнэлгээс эмч ирж газар хэвтэж байсан хүнийг үзсэн. Тухайн үед 2 эмэгтэй гүйж ирээд нэг нь зөөлөн уйлаад байхаар нь юу болсон талаар асуусан чинь хариулахгүй уйлаад байсан. Эмч газар хэвтэж байсан хүнийг эмнэлэг авч явах шаардлагатай гэсэн учир тухайн хүнийг машиндаа суулгаад эмч болон олон нийтийн цагдаа Б-ийн хамт эмнэлэг явах замдаа Баянговь зочид буудлын гадаа байх Альпард машин дээр очиход дотор нь нэг залуу хүрдэн дээр сууж байхаар нь буулгаж машиныг нь унтрааж, цоожлоод түлхүүрийг нь хурааж аваад эмнэлгийн хүлээн авах тасаг руу явсан. Эмнэлэгт очоод газар хэвтэж байсан залуу болон баруун гарын тохойндоо зүсүүлсэн шархтай хүмүүсийг хүлээн авахын эмчид үзүүлсэн. Эмнэлэгт очиж үзүүлсний дараа газар хэвтэж байсан залуу эмчийн асуултад хариулж байхаар нь халаасанд байсан хутгыг нь үзүүлээд энэ хэний хутга вэ? гэж асуухад энэ миний хутга би хөдөө явахдаа хоол иддэг хутга гэж хэлсэн. Би энэ хутгаар хэрэг хийсэн юм уу гэхээр нь тийм гэж хариулахад тухайн хүн доошоо хараад гэмшиж байгаа юм шиг болсон. Дараа нь баруун тохойндоо зүсүүлсэн шархтай хүн дээр очоод энэ таны гарыг зүссэн хутга мөн үү гэж асуухад мөн гэж хариулсан. /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/

Шүүгдэгч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 12 дугаар сарын 13-нд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баян-Өндөрийн уурхайд ажилд ороод 2021 оны 01 дүгээр сарын 15-нд ажиллаж байсан компани дампуураад 2021 оны 01 дүгээр сарын 20-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд хамт ажиллаж байсан П гэх залуутай замын унаагаар ирсэн. Тухайн үед П Цогтцэций суманд гайгүй цалинтай ажил байна гэхээр нь хот явахаа болиод аймгаар дайраад Цогтцэций сум явах болоод аймагт ирсэн. Аймагт ирээд хонох газар олдохгүй Баянговь гэж буудалд гуйж байгаад нэг хонохоор болоод маргааш өглөө нь Цогтцэций явах гээд ажилд орох газар руугаа залгасан чинь ирэх шаардлагагүй гээд Улаанбаатар хот явах болсон. Унаа хайж найз О руу залгасан чинь хоол идсэн үү гэж асуусан. Отой уулзахаар болоод маргааш хот явах унаагаа буудалд ажилладаг хүнээс олоод Отой уулзсан чинь машин засах хэрэгтэй байна гээд нэг айлд очсон. Тэр айлд машин засах талаар зөвлөгөө өгчихөөд О-ын найз Ба-ийн гэрт очсон. Ба-ийн гэрт очиход Ба гэрийнхээ гадаа гэрлээ засаад зогсож байсан. Гэрээсээ нэг шил архи гаргаж ирээд бид нар хувааж уусан. Дараа нь би ахиад нэг шил архи авсан. Архиа ууж дуусаад О ажилтай гээд явсан. Ба, П бид гурав байж байгаад Батай би бага зэрэг маргалдсан. П бид хоёр буудал руугаа явсан. Дараа нь Ба, Баа, О 3 манай буудалд нэг шил архитай ирсэн. Архиа ууж дуусаад Ба бид хоёр маргалдсан гэж хэлсэн. Би тухайн үед юу болсон талаар санахгүй байна. Нэг сэрэхэд эрүүлжүүлэхэд унтаж байсан. П миний хажууд байхаар нь юу болсон бэ гэж асуухад намайг Батай маргалдаад эрүүлжүүлэхэд хоносон гэж хэлсэн.” /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/

Шүүгдэгч Л.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би өмнө нь хохирогчийн мэдүүлэгтээ бүгдийг хэлсэн, одоо нэмж ярих зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 94 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Л.Ба-ийн биед баруун бугалга дахь хутгалагдсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.”  /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 93 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...А.Б-ы биед зүүн нүдний зовхины цус хуралт, нүдний алимны салстын цус харвалт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 06 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 67, 69 дүгээр хуудас/

Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/

Хутга хурааж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 73 дугаар хуудас/

Согтолтын зэрэг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 60-61, 64-66, 97-101, 102-104 дүгээр хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Л.Ба, А.Б нараас өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагч нарт танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.Ба, А.Б нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч А.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг Баянговь зочид буудлын баруун хойд талд Л.Батай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний баруун бугалгад хутгалж, биед баруун бугалга дахь хутгалагдсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Л.Ба-ийн “...Буудлаас гараад юу болсныг санахгүй байна, нэг сэрсэн чинь баруун гараа тохойны хавьд зүсүүлчихсэн байхаар нь уур хүрээд Б-ыг нүүр рүү нь гараараа 2 удаа цохисон. Баа ахтай хамт эмнэлэг рүү явж байхад цагдаа нар ирээд Баа ах бид хоёрыг нэгжээд дараа нь Б-ыг нэгжээд халаасанд нь хутга байна гэж цагдаа нар ярьж байсан.” /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,

гэрч Д.П-ийн “...Б ах, Ба ах хоёр хоорондоо зодолдож байсан. О ах Б ахыг хутга бариад Ба ахын гар руу нь хатгачихлаа гэж орилсон. Тэгээд чи арай ч дээ миний найзыг арай ч дээ гээд байсан... Дараа нь О ах чи миний найзыг зоочихлоо гэж хэлэхийг сонссон. Би тэр хоёроос 1-2 метрийн зайтай байсан. Уурхай дээр манай дарга чанасан мах идэхэд амар гээд дэлгүүрээс нэг эвхдэг хутга авсан чинь Б ах бас дагаж авч байсан. Тухайн үед би хамт явж байсан.” /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

гэрч Ц.Баа-ын “...Буудлаас гараад ертөнцийн зүгээр буудлын баруун хойд талд очоод Б болон Ба нар хоорондоо маргалдаж муудалцаад байсан. О эхнэрээ дуудсан гээд машиндаа сууж байсан. Би О-ын машины хажууд гадаа зогсож байсан чинь Ба миний гар руу хутга шаасан гэж ирэхээр нь би цагдаа дуудах уу, эмнэлэг дуудах уу гэсэн чинь Ба эмнэлэг явъя гэж хэлээд эмнэлэг рүү алхаж байхад Б, Ба бид хоёрын өмнө алхаж байгаа харагдсан.” /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

гэрч П.О-ын “...Би Ба дээр очсон чинь Ба-ийн гараас цус гарч байсан. Тэгэхээр нь цамцыг нь сөхөөд үзсэн чинь Ба-ийн баруун гарын шуунаас цус гарч байсан. Эмнэлэгт үзүүл гэж хэлээд машинаа унтраачихаад эмнэлэг дээр очсон чинь цагдаа нар ирсэн байсан. /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

гэрч Б.Т-ын “...Би хаалгаа хаах гээд араас нь гарсан чинь өрөөнд барилцаад байсан 2 залуугийн сүүлд буудалд орж ирсэн залуу нь анх байсан залуугийн бие рүү цохиод газар унагасан. Тэгэхээр нь би машинаа асаагаад явцгаа гэж хэлсэн. Машины цаана тэд нар зууралдаад байх шиг харагдсан. Буудалд анх орсон ахимаг насны залуу нь эмнэлгийн зүг рүү алхаад явахаар нь муудалцаад байсан залуу нь явсан юм чинь араас нь тэд нарыг явчих байх гэж бодсон. Удалгүй цагдаа нар ирээд согтуу хүмүүсийг аваад явсан. /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

гэрч У.Б-ийн “...Г ах хажууд нь алхаж байсан 2 хүнтэй уулзаад дагуулаад ирээд хэвтэж байсан хүний биед үзлэг хийхэд өмдний баруун өмнө талын халаасанд бор иштэй тонгорог хутга гарч ирэхээр нь авч уутанд хийсэн. Газар хэвтэж байсан хүнд үзлэг хийж байхад 2 эмэгтэй ирээд нэг нь уйлаад байсан. Би Г ах, эмч, газар хэвтэж байсан хүмүүс манай машинд суугаад хүлээн авах руу явсан. Замдаа Баянговь зочид буудлын гадаа Альпард машин байхаар нь очиж үзэхэд согтуу хүн хүрднийхээ ард сууж байхаар нь аваад эмнэлэг рүү хамт явсан. /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

гэрч Г.Г-ын “...Би 2021 оны 01 дүгээр сарын 21-ний орой 19 цаг 31 минутад дуудлага аваад 19 цаг 35 минутад Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хойд талын замын хажууд олон нийтийн цагдаа Ө.Б-ийн хамт очиход замын урд талд нэг хүн зүүн хажуу талаараа хэвтэж байхаар нь биед нь үзлэг хийгээд биеийг нь зүгээр эсэхийг асуухад хариулахгүй байсан. Газар хэвтэж байсан хүний баруун өмнө талын халааснаас бор өнгийн иштэй тонгорог гэх хутга гарч ирэхэд газар хэвтэж байсан хүнээс хэний хутга болохыг асуухад хариулаагүй. Газар хэвтэж байсан хүний цаана хоёр эрэгтэй хүн замын урд талаар ертөнцийн зүгээр баруун тийшээ алхаж байсан. Олон нийтийн цагдаа Б-д эмнэлэг дууд гэж хэлээд өөрөө цаана нь алхаж байсан хоёр хүн дээр очоод биед нь үзлэг хийгээд юу болсон талаар асуухад тухайн хоёр хүнээс архи үнэртээд юу ч болоогүй гэж хариулсан... Эмнэлэгт очоод газар хэвтэж байсан залуу болон баруун гарын тохойндоо зүсүүлсэн шархтай хүмүүсийг хүлээн авахын эмчид үзүүлсэн. Эмнэлэгт очиж үзүүлсний дараа газар хэвтэж байсан залуу эмчийн асуултад хариулж байхаар нь халаасанд байсан хутгыг нь үзүүлээд энэ хэний хутга вэ? гэж асуухад энэ миний хутга би хөдөө явахдаа хоол иддэг хутга гэж хэлсэн. Би энэ хутгаар хэрэг хийсэн юм уу гэхээр нь тийм гэж хариулахад тухайн хүн доошоо хараад гэмшиж байгаа юм шиг болсон. Дараа нь баруун тохойндоо зүсүүлсэн шархтай хүн дээр очоод энэ таны гарыг зүссэн хутга мөн үү гэж асуухад мөн гэж хариулсан. /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 94 дугаартай шинжээчийн Л.Ба-ийн биед баруун бугалга дахь хутгалагдсан шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Л.Ба нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг Баянговь зочид буудлын баруун хойд талд А.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний зүүн нүдэнд цохиж, биед зүүн нүдний зовхины цус хуралт, нүдний алимны салстын цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч А.Б-ы “...Намайг буудалд унтаж байхад Ба, О, Баа гэж 3 залуу ирээд Ба надтай өдөр маргалдсандаа уучлалт гуйж эвлэрээд О, Ба, Баа гурвын авчирсан архийг хувааж ууж дуусгаад цаашаа сайн санахгүй байна. П эрүүлжүүлэхэд хамт байхдаа надад буудлаас гараад Ба бид хоёрыг буудлын хажууханд маргалдаад муудалцсан гэж хэлсэн. Юунаас болж муудсаныг мэдэхгүй байна... Ба миний нүүр рүү гараараа цохисон...” /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

гэрч Д.П-ийн “...Удалгүй Б ах, Ба ах хоёр түрүүлээд буудлаас гарсан. Би бодохдоо тэр хоёрыг маргалдаад байна гэж бодсон. Хуучны нэг найзаа яриад хоорондоо маргалдаад байсан. О ах, бас нэг хөгшин ах бид гурав араас нь удалгүй гарахад Б ах, Ба ах хоёр хоорондоо зодолдож байсан... Би цагдаа руу дуудлага өгчихөөд эргээд тэд нар руу харсан чинь Б ах газар дээшээ хараад уначихсан Ба ах дээр нь гарчихсан Б ахын нүүр рүү гараараа цохиж байсан. Би очиж салгаад Б ахыг босгох гэсэн чинь сэрэхгүй байсан. Удалгүй цагдаа нар ирсэн.” /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

гэрч Ц.Баа-ын “...Буудлаас гараад ертөнцийн зүгээр буудлын баруун хойд талд очоод Б болон Ба нар хоорондоо маргалдаж муудалцаад байсан. О эхнэрээ дуудсан гээд машиндаа сууж байсан. Би О-ын машины хажууд гадаа зогсож байсан чинь Ба миний гар руу хутга шаасан гэж ирэхээр нь би цагдаа дуудах уу, эмнэлэг дуудах уу гэсэн чинь Ба эмнэлэг явъя гэж хэлээд эмнэлэг рүү алхаж байхад Б, Ба бид хоёрын өмнө алхаж байгаа харагдсан. Тэгсэн чинь цагдаа нарыг ирэхэд Б эмнэлгийн хажуу талд газар хэвтэж байсан. Ба бид 2 эмнэлгийн хойд талын замаар алхаж байгаад цагдаа нар ирээд аваад явсан. /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

гэрч П.О-ын “...Би араас нь буудлаас гараад эхнэр рүүгээ залгаад ирж машин ав гэж хэлээд машинаа асаачихаад машинаас буугаад гараад очсон чинь Ба, Б хоёрын дуу нь чангараад зодолдож байгаа чимээ сонсогдож байсан.” /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

гэрч Б.Т-ын “...Би хаалгаа хаах гээд араас нь гарсан чинь өрөөнд барилцаад байсан 2 залуугийн сүүлд буудалд орж ирсэн залуу нь анх байсан залуугийн бие рүү цохиод газар унагасан. Тэгэхээр нь би машинаа асаагаад явцгаа гэж хэлсэн. Машины цаана тэд нар зууралдаад байх шиг харагдсан.” /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

гэрч У.Б-ийн “...Би 2021 оны 01 дүгээр сарын 21-ний орой 19 цаг 31 минутад дуудлага аваад 19 цаг 35 минутад Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хойд талын замын хажууд цагдаагийн ахлагч Г.Галбадрахын хамт очиход замын урд талд нэг хүн зүүн хажуу талаараа хэвтэж байхад нь очиж үзэхэд тухайн хүний зүүн шанаанаас цус гарсан байдалтай ухаантай хэвтэж байсан. Би газар хэвтэж байсан хүнээс хэнд зодуулсан ямар хүмүүс зодсон талаар асуухад зүгээрээ гэж хэлж байсан. Би түргэн тусламж руу залгаж дуудлага өгсөн.” /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

гэрч Г.Г-ын “...Би 2021 оны 01 дүгээр сарын 21-ний орой 19 цаг 31 минутад дуудлага аваад 19 цаг 35 минутад Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хойд талын замын хажууд олон нийтийн цагдаа Ө.-н хамт очиход замын урд талд нэг хүн зүүн хажуу талаараа хэвтэж байхаар нь биед нь үзлэг хийгээд биеийг нь зүгээр эсэхийг асуухад хариулахгүй байсан... Тухайн 2 хүнийг дагуулаад газар хэвтэж байсан хүн дээр очиход эмнэлгээс эмч ирж газар хэвтэж байсан хүнийг үзсэн. Тухайн үед 2 эмэгтэй гүйж ирээд нэг нь зөөлөн уйлаад байхаар нь юу болсон талаар асуусан чинь хариулахгүй уйлаад байсан. Эмч газар хэвтэж байсан хүнийг эмнэлэг авч явах шаардлагатай гэсэн учир тухайн хүнийг машиндаа суулгаад эмч болон олон нийтийн цагдаа Б-н хамт эмнэлэг явах замдаа Баянговь зочид буудлын гадаа байх Альпард машин дээр очиход дотор нь нэг залуу хүрдэн дээр сууж байхаар нь буулгаж машиныг нь унтрааж цоожлоод, түлхүүрийг нь хурааж аваад эмнэлгийн хүлээн авах тасаг руу явсан.” /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 93 дугаартай шинжээчийн А.Б-ы биед зүүн нүдний зовхины цус хуралт, нүдний алимны салстын цус харвалт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Ба, А.Б нар нь бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Ба нь хохирогч А.Б-д эмчилгээний зардалд 50,000 төгрөг, шүүгдэгч А.Б нь хохирогч Л.Бат эмчилгээний зардалд 200,000 төгрөг тус тус төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Л.Ба, А.Б нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул тэдний хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Л.Ба, А.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчоор тогтоогдсоны дараа мэдүүлэг өгөхдөө гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны үед илэрхийлсэн бөгөөд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Л.Ба-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, А.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч тус бүрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ба, А.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч А.Б, Л.Ба нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б, Л.Ба нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 2, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овгийн А-ы Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ч овгийн Л-ы Ба-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Л.Ба-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А.Б, Л.Ба нар нь шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Л.Ба нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Л.Ба нь хохирогч А.Б-д эмчилгээний зардалд 50,000 төгрөг, шүүгдэгч А.Б нь хохирогч Л.Бат эмчилгээний зардалд 200,000 төгрөг тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б, Л.Ба нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ