Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/217

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Н.Болормаа,

шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г овогт Г-ын Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б овогт Р-ын Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708022851339 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ... оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Г овогт Г-ын Г /РД:.../;

2. Монгол Улсын иргэн, ... оны 05 дугаар сарын 02-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мод ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд

Орхон аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар 3 жил 6 сар, 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, хөнгөнийг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялын хугацааг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдсэн, Б овогт Р-ын Б /РД:.../

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г, Р.Б нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн орой 18 цагийн орчимд буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” хорооллын хойд талын автомашины зам дагуу явж байсан иргэн Д.Бын бэлэн 80.000 төгрөг, “Нокиа” загварын гар утас, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Хаан банкны виза карт зэрэг эд зүйлсийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 171.800 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Г.Г нь ганцаараа 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр “...” хорооллын гадаа сууж байсан иргэн З.Бын “гар утсаар чинь ярьчхаад өгье” гэж хуурч, түүний эзэмшлийн “Самсунг А6” маркийн гар утсыг нь авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр Гтой уулзаад архи ууцгаасан. Хохирогч Быг бол танихгүй. Хохирогчоос утсыг гуйж аваад яриад явж байгаад эргээд харахад Г болон хохирогч нарын аль алин нь алга болсон байсан.” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би хохирогч Боос гар утсыг нь аваагүй. Харин өмдний халааснаас нь түрийвчтэй эд зүйл нь цухуйчихсан байхаар нь аваад зам хөндлөн гараад явсан. Хохирогч өөрөөс нь эд зүйлийг авсныг тухайн үед мэдсэн. Харин Б нь хохирогчоос утсаар ярьчхаад өгье гээд аваад цааш гүйгээд яваад өгсөн. Хохирогч Бын хувьд бид нар 1 байран амьдардаг хүмүүс. Би эхлээд утсыг гуйж аваад ярьчхаад дараа нь буцаагаад өгсөн. Тэгж байгаад ахиж аваад ярьчхаад эхнэртээ уурласан уурандаа аваад явсан байсан. Тэгээд ломбардад тавьсан. Одоо хохирогч нарын хохирлыг барагдуулсан байгаа” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагчаас: Иргэн Д.Боос гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 25х/, Д.Бын утасны ярианы билл /хх-ийн 36х/, хохирогч Д.Бын мэдүүлэг /хх-ийн 44х/, гэрч Х.Бгийн  мэдүүлэг /хх-ийн 47х/, гэрч Д.Хгийн мэдүүлэг /хх-ийн 48-49, 98-99х/, гэрч Б.Жын мэдүүлэг /хх-ийн 50х, Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 61-62х, 108-109х/, иргэн З.Бын гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 87х/, хохирогч З.Бын мэдүүлэг /хх-ийн 94-95х/, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 112-117х/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Р.Бын өмгөөлөгч Д.Батбаяраас: 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар Р.Быг татсан тухай 1708022851339 дугаартай тогтоол /хх-ийн 67-68х/, уг тогтоолыг яллагдагчид танилцуулсан тэмдэглэл, яллагдагчийн мэдүүлэг /хх-ийн 69-70х/, Р.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 167х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 171х/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 1 хуудас баримт зэргийг,

Шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Н.Болормаагаас: Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 61-62х, 108-109х/, иргэн З.Бын хүсэлт /хх-ийн 128х/, шүүгдэгч Г.Гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 140-154х/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 3 хуудас баримт зэргийг тус тус судалсан болно.

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч Р.Б, Г.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Н.Болормаа “...хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудал дээр маргахгүй” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Р.Бын өмгөөлөгч Д.Батбаяр “...хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргахгүй” гэсэн дүгнэлтүүдийг гаргасан.

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг талуудаас шинжлэн судалсныг үнэлж дүгнэхэд:

1. Г.Г, Р.Б нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн орой 18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” хорооллын хойд талын автомашины зам дагуу явж байсан иргэн Д.Боос бэлэн 80.000 төгрөг, “Нокиа” загварын гар утас, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Хаан банкны виза карт зэрэг эд зүйлсийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 171.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Иргэн Д.Боос гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 25х/,

Хохирогч Д.Бын: “...2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цалин буусан, тэр үед би барилгын ажил эрхэлдэг байсан. ...С хорооллын ойролцоо бааранд ороод хэсэг хугацааны дараа гараад гэр лүүгээ харихаар С хорооллын арын зам дээр явж байтал бор царайтай дунд зэргийн нуруутай залуу миний баруун талаар ирээд ахаа утсаараа ганц яриулаач гэхээр нь би зөвшөөрөөд гар утсаараа ярьж байгаад баруун тийш жоохон хазайж гар утсаа өгөх үед тэр залуу гар утсыг аваад гүйсэн. Мөн зүүн талаар зөрсөн залуу миний өмдний арын халаасанд байсан иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, хаан банкны виза картаа ороогоод боосон 80.000 төгрөгийг халааснаас татаад аваад гүйсэн. Би бодохдоо бол мөнгө маань өмдний арын халааснаас цухуйсан гэж бодож байгаа. Тэр үед нь мэдээд мөнгөнийхөө араас гүйсэн ба миний мөнгө болон иргэний үнэмлэх жолооны үнэмлэхийг авч гүйсэн залуу бол өндөр нуруутай, цагаан царайтай залуу байсан. Би тэгээд гар утасныхаа араас хөөгөөгүй, мөнгөнийхөө араас хөөгөөд гүйцэлгүй алдсан.Хүч хэрэглэж зодож заналхийлсэн асуудал байхгүй, гар утас аваад зугтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45х/,

Хохирогч Д.Бын эзэмшлийн “Юнител” үүрэн телефоны ... дугаарын 2017 оны 10 дугаар сарын 25-наас 29-ний өдрийн хоорондох ярианы билл: “...1100-аар 3 удаа, 550-аар 1 удаа нэгж хасагдаж гарсан тухай” /хх-ийн 35-36х/,

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Ц-1183 дугаартай хөрөнгийн үнэлгээний: “...nokia-3310 гар утас хятад-20.000 төгрөг, иргэний үнэмлэх-48.300 төгрөг, Хаан банкны виза карт-5.000 төгрөг, жолооны үнэмлэх-15.000 төгрөг, нийт-88.300 төгрөг” гэх тайлан /хх-ийн 61-62х/,

Гэрч Х.Бгийн: “... ... гэсэн дугаарыг 2004 оноос эхлэн одоог хүртэл барьж ашиглаж байгаа. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 20:00 цагийн үед манай ээж Хгийн найз залуу Г тухайн өдөр хар том хужаагийн гэрэлтэй утас буюу ... гэсэн дугаараас миний ... гэсэн дугаар луу 500 төгрөгийн нэгж шилжүүлсэн, мөн манай эгч болох Ж руу ... гэсэн дугаараас ... гэсэн дугаар луу 1000 нэгжээр 3 удаа нийт 3000 төгрөгийн нэгж шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47х/,

Гэрч Д.Хгийн: “...Би өөрийн нөхөр Гийн хамт 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 19:00 цагийн үед ... захын хойд талд  Миний сүлжээ дэлгүүр ороод хоол хүнсний зүйл цуглуулж аваад гараад ирэхэд манай нөхөр Г найз М, үл таних хоёр залуутай явж байсан. Бид нар хоол хүнсний зүйл манай гэрт хүргэчхээд М манай гэрт дагаж орсон. Манай охин Б нэгж байна уу гэж асуухад манай нөхрийн найз М энэ утсанд нэгж байгаа гээд ... гэсэн дугаартай утас надад өгөөд би өөрийн охин Буянзаяа руу 500 төгрөгийн нэгж шилжүүлсэн, бас манай том охин Ж руу 1000-аар гурван удаа ... дугаар луу манай нөхөр Г шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49х/,

Гэрч Б.Жын: “... ...гэсэн дугаарыг 2014 оноос эхлэн одоог хүртэл барьж ашиглаж байгаа. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 20:00 цагийн үед манай ээж Хгийн найз залуу Г ах тухайн өдөр ... гэсэн дугаараас миний ... гэсэн дугаар луу 1000 төгрөгөөр, гурван удаа нэгж шилжүүлсэн. Би тухайн үед унтаж байсан, миний утас руу нэгж шилжүүлснийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50х/ зэрэг нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр “...” хорооллын гадаа сууж байсан иргэн З.Боос “гар утсаар чинь ярьчхаад өгье” гэж түүний эзэмшлийн “Самсунг А6” маркийн гар утсыг нь хуурч, худал хэлэн авч, 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Иргэн З.Боос гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 87х/,

Хохирогч З.Бын: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... хороололд амьдардаг. 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр орой 18 цагийн орчим би байрныхаа гадаа салхилаад сууж байсан. Манай байрны О гэх залуутай юм яриад сууж байтал манай байрны залуу болох нэг залуу ирээд ахаа “гар утсаа өгөөч, би нэг яриад өгье” гэж хэлсэн. Би тухайн залууд өөрийн Самсунг А6 маркийн гар утсаа өгч яриулахад миний утсаар яриад буцаагаад өгсөн. Тэгээд хэсэг зогсож байгаад “ахаа дахиад утсаа өгөөч” гэхээр нь дахиад гар утсаа өгтөл нөгөө залуу утсаар ярьж байгаад нэг хартал алга болчихсон байсан. Би тухайн залууг нэг цаг гаруй хүлээхэд ирээгүй. Би өөрийнхөө ... дугаар луу залгахад холбогдох боломжгүй болсон байсан. ...Миний гар утсыг авч явсан залуу нь манай байрны 669 тоотод оршин суудаг Г гэдэг нэртэй залуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95х/,

Гэрч Д.Хгийн: “...Манай байрны Б гэх хүн Бийг сураглаж надаас асуухаар нь би юу болсон талаар асуухад тэрээр 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр миний гар утсаар яриад өгье гэж хэлээд аваад явчихлаа гэж хэлсэн. Тухайн үед над руу их олон удаа залгаж гараад ирээч, гараад ирээч гээд залгасан өөрийнхөө утсаар залгаж байгаад утасных нь цэнэг дуусчихсан юм болов уу дахиад над руу нэг танил дугаараас залгахаар нь би чи хэний дугаараас над руу залгаад байгаа юм гэж асуухад Б би чиний таньдаг хүний утсаар ярьж байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн дугаарыг нь манай байрны Б гэдэг хүний дугаараас залгаж байгааг нь мэдсэн. ...Би Бтой хамтран амьдарч байсан болохоор тус болоод хохирлыг нь барагдуулаад өгье гэж бодтол заавал хайрцаг савтай гар утас авна гэсэн. Бийг хүмүүс Г гээд дуудаад байсан бөгөөд би нэрээ урьд нь солиулж байсан юм болов уу гэж бодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99х/,

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2099 дугаартай хөрөнгийн үнэлгээний: “...Самсунг А6 маркийн гар утас-450.000 төгрөг” гэх тайлан /хх-ийн 108-109х/,

Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл: “...хохирогч З.Б нь 4 дугаартай Г.Гийн зургийг заасан” /хх-ийн 112-118х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна. 

Шүүгдэгч нарын бүлэглэж үйлдсэн дээрэмдэх гэмт хэргийн хувьд: хохирогч Д.Б нь цагдаагийн байгууллагад дуудлага өгөхдөө болон хохирогчоор удаа дараа мэдүүлэхдээ 2 эрэгтэй хүнд эд зүйлээ дээрэмдүүлсэн, нэг нь утсаар чинь яриад өгье хэмээн хэлж утсыг нь аваад зугтаасан бол нөгөө нь өмдний халаасанд байсан түрийвчтэй бичиг баримт, бэлэн мөнгийг аваад зугтаасан талаар мэдүүлсэн, шүүгдэгч Г.Г, түүний найз М буюу Р.Б нар нь хохирогчоос хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж авсан ... дугаарын утаснаас шүүгдэгч Г.Гийн хамтран амьдрагч Д.Х, түүний охин Х.Б, Б.Ж нар луу нэгж шилжүүлж өгсөн үйлдэл нь утасны билл болон Д.Х, Х.Б, Б.Ж нарын гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байх тул хохирогч Д.Бын мэдүүлгийг нотлох баримтын эх сурвалжаа зааж чадсан гэж дүгнэхээр байна.

-Шүүгдэгч Г.Гийн дангаараа үйлдсэн залилах гэмт хэргийн тухайд: хохирогч З.Б, шүүгдэгч Г.Г нар нь нэг байранд амьдардаг, бие биеэ өмнө харж байсан хүмүүс байх бөгөөд хохирогч З.Б нь шүүгдэгчийг өөртэй нэг байранд амьдардаг гэдэг утгаараа түүнд итгэж Г.Гийг удаа дараа “гар утсаар чинь ярьчхаад өгье” гэж гуйхад нь өгч, дуудлага хийлгүүлж яриулж байсан ч шүүгдэгч Г.Г гар утсыг нь буцааж өгөлгүй авч явсныг хохирогч нь тогтвортой мэдүүлсэн төдийгүй таньж олуулах ажиллагаагаар Г.Гийг заасан, гэрч Д.Х шүүгдэгчийг өөр дугаараас буюу хохирогчийн утаснаас өөр лүү нь дуудлага хийж ярьж байсан болохыг гэрчилж мэдүүлсэн байх тул хохирогчийн мэдүүлгийг худал гэж үзэх, үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Хэдийгээр дээрх шүүгдэгч нар нь хохирогч нараас гар утсыг нь авахдаа “гар утсаар чинь ярьчхаад өгье” гэж авч байгаа боловч тэдгээр нь тухайн хэрэгтээ хандаж буй хандлага нь өөр өөр, хохирогчоос нэг бол гар утас эд зүйлийг авсан даруйдаа зугтаах, эсхүл хохирогчтой танилын харилцаа байдлаа ашиглан хуурч утсаар нь ярьчхаад буцаан өгөх, харилцан ярилцах, дахин авах гэх мэт аргыг хэрэглэн авч байгаа тэдгээрийн үйлдлийн арга барил, сэдэлт санаа зорилго нь өөр өөр байх тул прокурорын зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгч Г.Г, Р.Б нарыг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэм буруутайд, шүүгдэгч Г.Гийг бусдыг хуурч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Р.Б, Г.Г нар нь бүлэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэний улмаас хохирогч Д.Бод 171.800 төгрөгийн хохирол учруулсан байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Баас 86.000 төгрөгийг, шүүгдэгч Г.Гоос 86.000 төгрөгийг тус тус төлсөн баримтыг гаргаж өгсөн тул тэдгээр нь хохирогч Д.Бод төлөх төлбөргүй байна.

Мөн шүүгдэгч Г.Гийн залилах гэмт хэргийн улмаас хохирогч З.Бод 450.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эд зүйлээ биет байдлаар буцаан авсан, “гомдол санал байхгүй” гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгч Г.Гийг хохирогч З.Бод төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 7 сар 10 хоногийн хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бд 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай” дүгнэлтийг,

Шүүгдэгч Р.Бын өмгөөлөгч Д.Батбаяр “...Шүүгдэгч Р.Б нь гэм буруу дээр маргаагүй, хохирол төлж барагдуулсан байгаа. Иймд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Харин ял шийтгэлийг оногдуулах асуудал дээр дараах эргэлзээ гарч байна. Учир нь, шүүгдэгч нарын бүлэглэж үйлдсэн гэх хэрэг нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гарсан байдаг бөгөөд Р.Быг 2020 оны 09 дугаар сарын 22-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолоор яллагдагчаар татсан байдаг. Р.Бын үйлдсэн хэрэг нь ял шийтгэлийн хувьд 6 сараас 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан хөнгөн төрлийн гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэлийг харвал хууль тогтоогчоос энэ хугацааны асуудлыг орхигдуулсан шинжтэй байдаг. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт дээрх хөөн хэлэлцэх хугацааны аль нь хамаарах эсэх нь эргэлзээтэй, улмаар энэ хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор Үндсэн хуулийн цэцэд хандсан. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлаар Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэсэн байгаа. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно гэж өөрчилсөн байна. Иймд эргэлзээ бүхий дээрх нөхцөл байдал тогтоогдсон нь уг хэргийг нэг бол түдгэлзүүлэх эсхүл ял шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Н.Болормаа “...Улсын яллагчийн дүгнэлтийг сонслоо. Шүүгдэгч Г.Г нь гэм буруу дээр маргаагүй улмаар хохирлуудаа бүрэн төлж барагдуулсан байгаа. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, дээрх ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч Р.Б, Г.Г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан шүүгдэгч нар нь “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн оролцоо, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан дараах байдлаар шийдвэрлэлээ. Үүнд:

а/ Шүүгдэгч Г.Гийн хувьд: Тэрбээр гэм буруу дээр маргаагүй, хохирол төлбөрөө төлж барагдуулсан боловч дээрэмдэх, залилах гэмт хэргийг буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай 2 гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүссэн болно.

Иймээс түүний үйлдсэн хэргийн шинж, нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 3-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын буюу 240:8=30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 7 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч Г.Гийн үйлдсэн залилах гэмт хэрэгт нь торгох ял оногдуулж, улмаар түүнд оногдуулсан хорих болон торгох ялыг тус тасад нь эдлүүлж өгнө үү. Учир нь, Г.Г нь ...-1 СӨХ-д хамгаалалтын ажил эрхэлдэг” гэсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн боловч тухайн баримт нь түүний орлого, цалин хөлсний байдлыг илэрхийлсэн баримт бус, өрхийн дундаж орлого нь тодорхойгүй, хэрхэн ямар байдлаар хэдий хугацаанд торгох ялыг биелүүлэх, уг ял биелүүлэх боломжтой эсэх талаар байр суурь нь тодорхойгүй тул шүүгдэгч Г.Гт торгох ял оногдуулах боломжгүй гэж үзсэн болно. Иймээс түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, үйлдлийн оролцоо зэргийг тус тус харгалзан дээрх байдлаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

б/ Шүүгдэгч Р.Бын хувьд: Гэм буруу дээр маргаагүй, хохирлоо төлж барагдуулсан зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, 2.3-т заасан тодорхой ажил үүрэг гүйцэтгэх үүргийг тэнссэн хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Р.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

Харин шүүгдэгч Р.Бын өмгөөлөгч Д.Батбаярын эрүүгийн хариуцлагын шатанд гаргасан дүгнэлтэд дурдсан асуудлыг шүүхээс дараах үндэслэлээр хүлээн авч боломжгүй байна. Учир нь,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Г.Г, Р.Б нарын бүлэглэж үйлдсэн дээрмийн гэмт хэрэг нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гарсан, улмаар 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Р.Б, Г.Г нарыг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг Г.Гт мөн өдөр танилцуулж, мэдүүлэг авсан, харин Р.Бд 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр танилцуулж, яллагдагчаар мэдүүлэг авсан байна. /хх-ийн 67-73х, 75-79х/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж зохицуулсан.

Дээрх байдлаас үзвэл, шүүгдэгч нар нь тухайн дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл 5 жил өнгөрөөгүй тул яллагдагчаар татахгүй байх үндэслэл тогтоогдоогүй, мөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх боломжгүй юм. Иймээс шүүгдэгч нарт холбогдох хэргийг түдгэлзүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч Р.Быг ялаас чөлөөлөх боломжгүй. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад ... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ... бол ялаас чөлөөлж болохоор хуульчлагдсан.

Гэтэл шүүгдэгч Р.Бд холбогдсон хэргийн ялын дээд хязгаар буюу хэмжээ нь таван жил байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасанд үндэслэлд хамаарахгүй, иймээс Р.Быг ялаас чөлөөлөх боломжгүй юм.

Харин шүүгдэгч Р.Б нь гэм буруу дээр маргаагүй, хохирлоо төлж барагдуулсан байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа тул шүүгдэгч Р.Бын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж шийдвэрлэсэн болохыг дурдав.

Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 32 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, тус хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Р.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Г-ын Г, Б овогт Р-ын Б нарыг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэм буруутайд,

Шүүгдэгч Г овогт Г-ын Гийг бусдыг хуурч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, 2.3-т заасан тодорхой ажил үүрэг гүйцэтгэх үүргийг тэнссэн хугацаагаар хүлээлгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын буюу 240:8=30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 7 (долоо) сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийн цагдан хоригдсон 32 (гучин хоёр) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгэр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Р.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Р.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Г.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, 2.3-т заасан тодорхой ажил үүрэг гүйцэтгэх үүргийг тэнссэн хугацаагаар хүлээлгэсэн.

 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, 2.3-т заасан тодорхой ажил үүрэг гүйцэтгэх үүргийг тэнссэн хугацаагаар хүлээлгэсэн.

 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын буюу 240:8=30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 7 (долоо) сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

 

 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын буюу 240:8=30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 7 (долоо) сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.