| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00399/И |
| Дугаар | 00399 |
| Огноо | 2017-04-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 00399
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 12-03 тоотод оршин суух, РЭ67070586 дугаар регистртэй, Авир овогт Ванчиндоржийн Доржийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2017/00315/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч В.Дорж нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.Дорж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Техник мэргэжлийн сургуульд 1983 оноос 1985 онд суралцаж, оёдолчин мэргэжлээр төгсөөд Хөвсгөл аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад хуваарилагдан 1985 оноос 1991 он хүртэл оёдолчноор ажиллаж байсан ба тус комбинат нь татан буугдаж “Өлзий утас” хоршоо болон байгуулагдахад нь мөн 1991 оноос 1992 он, 1994 оныг дуустал оёдолчноор ажиллаж байсан юм. Одоо 4 хүүхэд төрүүлж өсгөсөн учир өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон. Гэтэл миний ажиллаж байсан Ахуйн үйлчилгээний комбинатаас ажлаас чөлөөлсөн, “Өлзий утас” хоршоонд шилжүүлсэн тушаал олдохгүй, аймгийн архивт байхгүй зэрэг байдлаас болж ажилласан жил тооцогдохгүй болсон. Иймд миний Хөвсгөл аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн “Өлзий утас” хоршоонд 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1994 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
В.Дорж нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч В.Дорж Хөвсгөл аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд, Хөвсгөл аймгийн “Өлзий утас” хоршоонд 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1994 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус оёдолчноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Сүхбаатар районы Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаас 1983 оны 10 дугаар сарын 20-ны өдөр олгосон “1983 оны 10 дугаар сараас 1990 оныг дуустал хугацаанд татвар төлсөн” бичилттэй №334722 дугаартай “МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэх”, БНМАУ-ын улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн аймгийн зөвлөлийн даргаас 1985 оны 6 дугаар сарын 27-ны өдөр олгосон “1984 оноос 1985 оны хооронд татвар хураалт”-ын бичилттэй №000446 дугаартай “Бат илэрхийлэх”, НААҮ-ийн ТМС-ийн захиргаанаас 1985 оны 6 дугаар сарын 30-ны өдөр олгосон “01. 1983 оны 9 дүгээр сарын 01. НААҮ-ийн ТМС-ийн оёдлын ангид элсүүлэн суралцуулав. Сургуулийн захирлын 1983-09-22-ны 73-р тушаал. 02. 1985 оны 6 сарын 30. Сургууль төгссөн тул Хөвсгөл аймгийн АҮК-ын мэдэлд шилжүүлэв. НААҮ-ийн ТМС-ийн захирлын 1985-06-28-ны өдрийн 58-р тушаал, 03. 1985 оны 7 сарын 01. ТМС-ийг төгсөн хуваарилагдан ирсэн учир оёдолчноор томилов. Хөвсгөл аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1985 оны 07 сарын 15-ны өдрийн 135-р тушаал. 04. 1991 оны 11 сарын 15. Өмч хувьчлалд орж Өлзий утас хоршоо болон зохион байгуулагдсан учир оёдолчноор томилов. “Өлзий утас” хоршооны даргын 1991 оны 11 сарын 25-ны 01 тоот тушаалаар. 05. 1995 оны 01 сарын 01. Нийгмийн даатгалын багц хууль гарсантай холбогдон дэвтрийг хааж, өөрт нь шилжүүлэв. “Өлзий утас” хоршооны даргын 1995 оны 7 сарын 25-ны 13 тоот тушаалаар. 9 жил 5 сараас ажилласныг тооцож дэвтрийг хаав” гэх бичилттэй №144740 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Комбинатын даргын 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн “1985 онд ТМС төгсч НААҮ-ийн яамны томилолтоор ирсэн ажилчдыг 1985-7-1-ээс эхлэн үндсэн /хавсралт №1/ мэргэжлээр нь томилон ажиллуулсугай...” гэх бичилттэй “Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” №135 дугаартай тушаалын хуулбар, тус тушаалын “3. Овог нэр: Ванчигдоржийн Дорж. Мэргэжил: Оёдолчин, мэргэжлийн зэрэг: III” гэх бичилттэй хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн даргаас 1988 оны 3 дугаар сарын 25-ны өдөр олгосон “1988 оноос 1994 оныг дуустал хугацааны сарын цалин, татвар төлсөн” бичилттэй №650405 дугаартай “Монголын Үйлдвэрчний эвлэл, гишүүний бат илэрхийлэх”, Ахуйн үйлчилгээний комбинатын хамт олонтой 1985 он, 1987 онд авахуулсан гэрэл зураг, “Өлзий утас” хоршоонд 1991 он, 1994 онд ажилдчын хамт авахуулсан гэрэл зураг, Ахуйн үйлчилгээний комбинатын 85 жилийн ойгоор 2016 онд хамт олонтойгоо авахуулсан гэрэл зураг, Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “1. ...Ванчиндоржийн Дорж нарыг Цэцэрлэгт... шилжүүлэн ажиллуулсугай...” гэх бичилттэй “Ажлаас чөлөөлөх тухай” Б-61 дугаартай тушаалын хуулбар, 1991 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “1. ...тогтоосон хугацааны чөлөө олгосугай. ...Ванчиндоржийн Дорж, оёдолчин, хүү Б.Баярцэнгэлийг 1990-09-18-нд төрүүлсэн, 1991-04-08-аас 1991-09-18 хүртэл...” гэх бичилттэй “Чөлөө олгох тухай” №Б-49 дугаартай тушаалын хуулбар, гэрч Б.Баярцэцэгийн “...Бид 1985 онд ТМС-ийг төгсөөд хамт Хөвсгөл аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад хуваарилагдан очиж байсан. Тэгээд 1985 оны 7 сараас 1991 оны 11 сар хүртэл тус комбинатын оёдлын цехэд оёдолчноор ажилласан. 1991 оны 11 сарын дундуур Хөвсгөл аймгийн Ахуйн үйлчилгээний комбинат нь хувьчлагдаж “Өлзий утас” хоршоо нэртэй болж, үйл ажиллагаа нь хэвээрээ байсан. Энд бид шилжин ажилласан. 1995 он хүртэл... Тасралтгүй ажиллаж байсан. 1992 онд том хүүхдээ гаргасан. Тэгэхдээ хүүхэд гаргасан үед цалинтай чөлөө олгож, ажлын байрыг хадгалдаг байсан... 1995 он хүртэл ажиллаад, тэгээд сүүлдээ оёдлын машинаа хуваарилаад тарсан. 1992 онд хүүхэд гаргасан бөгөөд 1993 онд чөлөөтэй байсан байж магадгүй юм... Би Ахуйн үйлчилгээний комбинатад мөн оёдолчноор 1984 оноос 1991 оны 11 сар хүртэл ажиллаад, 1991 оны 11 сараас 1995 он хүртэл “Өлзий утас” хоршоонд оёдолчноор ажилласан. Сургууль төгссөн цагаас нэг газарт нэг цехэд хамт ажиллаж байсан. Одоо ч байнгын холбоотой байдаг...” гэх мэдүүлэг, гэрч А.Түмэндэмбэрэлийн “...В.Дорж нь 1985 онд ТМС төгсөж ирээд оёдолчноор Хөвсгөл аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатын оёдлын 1-р цехэд 1985 оны 7 сараас 1991 оныг дуустал ажиллаж байгаад, Ахуй үйлчилгээний комбинат нь хувьчлалаар татан буугдаж “Өлзий утас” хоршоо болж салсан бөгөөд энэ хоршоонд В.Дорж нь мөн 1991 оны 12 сараас 1994 оныг дуустал хугацаанд оёдолчноор ажиллаж байсан. Оёдолчин нь бэлэн бүтээгдэхүүний хувцас, гэр ахуйн хэрэглээний аравч, хөшиг гэх мэт зүйл оёж бэлтгэн гаргадаг байсан... Тасралтгүй ажиллаж байсан... Хүүхэд төрүүлэх, асрах цалинтай чөлөө авах зэрэг асуудал байсан. Бид нэг төгсөлтийн хүмүүс. Хамт төгсөөд, нэг газарт хамт ажиллаж байсан. Ахуйн үйлчилгээний комбинатыг тартал, тэгээд “Өлзий утас” хоршоо болоод тэгээд 1995 он хүртэл ажилласан юм... Би Ахуйн үйлчилгээний комбинатад мөн оёдолчноор 1984 оноос 1992 он хүртэл ажиллаад, 1992-1995 он хүртэл “Өлзий утас” хоршоонд оёдолчноор ажилласан. 10 гаран жил хамт ажилласан юм байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
В.Доржийн ажиллаж байх хугацааны зарим ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал болон цалингийн баримт байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Тус аймгийн “Өлзий утас” хоршооны даргын тушаал байхгүй тул В.Доржид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй” гэх 10/598 тоот тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байгаа тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг харгалзан шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн төлөх хугацааг хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулсан байсан бөгөөд нэхэмжлэгчийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Авир овогт Ванчиндоржийн Доржийн Хөвсгөл аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд, Хөвсгөл аймгийн “Өлзий утас” хоршоонд 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, 1994 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА