| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2021/0196/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/232 |
| Огноо | 2021-03-05 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/232
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
улсын яллагч Д.Ганчимэг,
хохирогч Э.Б,
шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт А-ын Ат холбогдох эрүүгийн 2008006060015 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ... оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Зорчигч тээврийн газарт автобусны шалгагч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овогт А-ын А /РД:.../
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч А.А нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Э.Бийн данс андуурч шилжүүлсэн гүйлгээний 700.000 төгрөгийг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт “...Би өнчин охин өсгөж яваа өрх толгойлсон эмэгтэй. Чех улсад байдаг найз С надад хүүхдэдээ юм авч өгөөрэй, мөнгө шилжүүллээ гэсэн. Миний утсанд мессеж ирдэггүй болохоор яг үнэндээ хэдэн төгрөг шилжүүлсэн, миний дансанд хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байсан эсэхийг мэдэхгүй байсан. Маргааш нь АТМ орж харсан юм. Би энэ хүнийг танихгүй, харж байгаагүй. Би уг мөнгийг аваад охиндоо хувцас хунар авч өгөөд дууссан. Хохирогч нь над руу ярьж байгаагүй. Харин С над руу данс андуурч мөнгө хийсэн байна гэж нэг чат бичсэн байсан. Одоо бол энэ хүний мөнгийг өгнө, гэхдээ хувааж төлөхгүй бол бүгдийг нь нэг дор төлж барагдуулах боломж муу байна. Корона гараад хаа хаанаа л хэцүү байна” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...Би С гэх хүнтэй Чех улсад хамт ажилладаг байсан юм. С нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр холбогдоод 2 дансны дугаар өгөөд нэг данс руу нь 700.000 төгрөг, нөгөө данс руу нь 70.000 билүү 50.000 төгрөг хийгээд өгөөч гэхээр нь би хийх үедээ андуураад солбиод хийсэн байсан. Тэгтэл С нь маргааш нь над руу холбогдоод эгчийн данс руу мөнгө ороогүй байна ш дээ, яасан бэ гэхээр нь би андуур хийсэн болохоо мэдсэн. Тэгээд С нь А.А гэх хүн рүү фэйсбүүкээр холбогдох гэж үзсэн гэх боловч холбогдож чадаагүй тул би Сгоос энэ А гэх хүний фэйсбүүк хаяг, гар утасны дугаарыг нь аваад найзын хүсэлт илгээхэд аваагүй, мөн удаа дараа холбогдох гэж үзэхэд утсаа авахгүй байсан бөгөөд тэгж байгаад холбогдож ярихад “би А гэдэг хүн биш байна” гээд утсаа тасалж байсан. Одоо болтол мөнгөө аваагүй байгаа тул хохирлоо барагдуулж авмаар байна” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Э.Бийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 16х/, хохирогч Э.Бийн мэдүүлэг /хх-ийн 29х/, А.Аын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 46-47х/, шүүгдэгч А.Аын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 60х/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар /хх-ийн 61х/, оршин суух хаягийн тодорхойлолтын хуулбар /хх-ийн 62х/, Нийслэлийн “...” ...-ын тодорхойлолт /хх-ийн 64х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65х/, шүүгдэгч А.Аын мэдүүлэг /хх-ийн 39-42х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.А нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Э.Бийн данс андуурч шилжүүлсэн 700.000 төгрөгийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсан болох нь:
Э.Бийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга: “...2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Э.Бийн ... дугаарын данснаас 700,000 төгрөг ... дугаарын данс руу орсон тухай” /хх-ийн 16х/,
Хохирогч Э.Бийн: “...2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18 цагийн үед би гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн ... дугаар ... тоотод байж байтал манай найз болох С нь фэйсбүүк чатаар над руу хандан ... гэх данс явуулаад энэ данс руу 50.000 төгрөг шилжүүлээд өгөөч гэхээр нь зөвшөөрч тус данс руу 50.000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлчхээд байж байтал С нь дахиад чат бичин өөр данс явуулаад 700.000 төгрөг шилжүүлээд өгөөч гэхээр нь зөвшөөрч тус 700.000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлэхдээ данс андуурч, өмнөх мөнгө шилжүүлсэн данс руу буюу ... гэсэн дугаарын данс руу шилжүүлчихсэн байсан. Маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр буруу данс руу мөнгө шилжүүлсэн гэдгээ мэдээд найз Стой фэйсбүүкээр харилцахад С нь цахим худалдаанаас эд зүйл худалдаж авч надаар мөнгийг нь төлүүлсэн юм байна лээ. Тэгэхээр нь би Хаан банк дээр очиж уулзахад тухайн дансны эзэмшигч нь А гэсэн нэртэй ..., ... гэсэн дугаартай хүн эзэмшдэг юм байна гэж хэлэхээр нь би тухайн данс эзэмшигч рүү яриад та А гэх хүн мөн үү, би данс андуураад мөнгө шилжүүлсэн байна гэхэд та дугаар андуурсан байна, би А биш гэж хэлээд салгасан. ...Одоо болтол мөнгөө авч чадахгүй байна. Би найзаасаа Аын фейсбүүк хаягийг авч найзын хүсэлт хүртэл илгээж үзсэн, утсаар бол их олон удаа холбогдох гэж үзсэн, тэгж байж нэг юм холбогдож ярихад “Би А биш” гээд утсаа салгасан. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
А.Аын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга: “...... дугаарын данснаас иргэн А.Аын ... дугаарын данс руу 700,000 төгрөг орсон тухай” /хх-ийн 46-47х/,
Шүүгдэгч А.Аын: “...миний данс руу орсон 700.000 төгрөгийг буцааж өгнө. Гэхдээ энэ хүн ийм алдаатай гүйлгээ хийгээгүй бол би ийм хэцүү байдалд орохгүй байсан. Энэ хүний алдаатай гүйлгээнээс болж би ял авах дээрээ тулсанд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Хэргийн үйл баримтаас үзэхэд: хохирогч Э.Б нь өмнө хамт ажилладаг байсан найз С /С гэх/ гэх хүний хүсэлтийн дагуу түүний явуулсан 2 хүний данс руу тус бүр мөнгө шилжүүлэхээр гүйлгээ хийх үедээ андуурч 1 хүний данс руу 50.000 төгрөгөөр нэг удаа, 700.000 төгрөгөөр нэг удаа тус тус шилжүүлсэн нь дансны хуулга, хохирогчийн өөрийнх нь өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна. Улмаар хохирогч нь төлбөр тооцооны гүйлгээг андуурч хийснээ маргааш нь найз Сг ярьснаар мэдсэн байх бөгөөд С нь Чех улсаас А.Атай холбогдон “андуурч гүйлгээ хийсэн талаар” хэлсэн болохыг шүүгдэгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Мөн хохирогч нь Хаан банк дээр очин ... дугаарын данс эзэмшдэг иргэн А.Аын ..., ... гэсэн утасны дугаарыг авч иргэн А.Атай холбогдож ярихад “өөрийгөө А гэдэг хүн биш” гэж хэлэн тасалж байсан болохыг мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байна.
Дээрх хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээс үзвэл, шүүгдэгч нь өөрийн дансанд орсон мөнгийг андуурагдаж орж ирсэн гүйлгээ гэдгийг мэдсэн, иймээс энэ хугацаанд гаднаас ирсэн дуудлагыг авахгүй байх, эсхүл өөрийгөө А гэж хүн биш байна гэж худал хэлэн таслах, найз С нь андуурч гүйлгээ хийсэн байна гэдгийг хэлсэн гэх атлаа уг мөнгийг өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулж завшсан нөхцөл байдал тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.А нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж хохирогчид 700.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завших” гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Хэдийгээр шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт энэ хохирогч гэх хүнийг танихгүй, харж ч байгаагүй, энэ хүний данснаас мөнгө орж ирсэн байх учиргүй гэж маргасан боловч тухайн зүйл ангийн хувьд шүүгдэгч нь хохирогчийг заавал таньдаг байхыг шаардахгүй бөгөөд энэ нь тухайн гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл болохгүй болохыг тэмдэглэв.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Э.Бид тус гэмт хэргийн улмаас 700.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд уг хохирлыг шүүгдэгч А.А нь төлөөгүй байх тул шүүгдэгчээс 700.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Бид олгуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч нь “... би ажил хөдөлмөр эрхэлдэг тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх боломжгүй байна. Иймд миний хувийн байдал, бага насны хүүхэдтэй зэрэг байдлыг харгалзан торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж, 1 жилийн хугацаагаар төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч А.Аыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлж барагдуулаагүй байдал, мөн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдсон, бага насны хүүхэдтэй, Зорчигч тээврийн газарт автобусны шалгагч ажилтай, сарын цалин хөлс 500,000 төгрөг авдаг зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул энэ байдлыг харгалзан шүүгдэгч А.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч А.А нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч А.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт А-ын Аыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат оногдуулсан торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ааас 700.000 (долоон зуун мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Бид олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ