| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2021/0002/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/06 |
| Огноо | 2020-12-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/06
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ж,
улсын яллагч Х.О,
шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Н-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008000001440 дүгээр хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мод боловсруулагч дизайнер мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилладаг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт _____тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, __ овогт С-ын Н /РД:___/.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч С.Н нь 2020 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 14 дүгээр гудамжны 6 тоотод байрлах нийтийн байрны 1 тоот өрөөнд иргэн Б.О-г “цээж рүү түлхлээ, өрөөнөөс гарсангүй” гэх шалтгаанаар толгой хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь зулай, дагзны хуйханд шарх, баруун хацарт зулгаралт, баруун гарын бугуйнд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
Шүүгдэгч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийн нүүр, толгой хэсэгт цохисон. Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй. Хохиролд 450.000 төгрөг төлсөн. Торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн 2008000001440 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.О-ы: “2020 оны 9 дүгээр сарын 22-ны орой __ тоот түрээсийн өрөөнд найз ****гийн хамт хөзөр тоглоод 2,5 литрийн пиво 3 ширхгийг хувааж уусан. Нэг сэрэхэд ***** байхгүй байхаар нь өрөөнөөс гарахад “хоёулаа энэ айл руу оръё” гээд 1 тоотын өрөөнд орсон. Уг өрөөг түрээслэн амьдардаг зүс таних залуу нэг найзынхаа хамт байсан. Н гэж залуу “Чи Баянзүрх дүүрэгт намайг мэдэх үү” гээд согтуурхаад ******г “чи одоо гар л даа, ямар ядаргаатай юм бэ гөлөг чинь” гэж хэлээд маргасан. ***** өрөөнөөс гарсан. Би гарах гээд араас нь явж байхад Н намайг “хурдан яв л даа” гэхээр нь миний уур хүрээд “чи одоо юу гээд байгаа юм бэ, битгий давраад байгаарай” гээд Н-н цээж рүү түлхсэн. Тэгтэл Н шууд миний нүүр рүү нэг удаа цохиод газар толгойгоо дараад суухад толгой руу 2-3 удаа өшиглөсөн. Хамт байсан найз нь Н-г боль гээд холдуулахаар нь би гарч цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-8-9/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.09.29-ний өдрийн 10993 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.О-н биед зулай, дагзны хуйханд шарх, баруун хацарт зулгаралт, баруун гарын бугуйнд цус хуралт, зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 7. Дээрх гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжгүй” гэжээ /хх-18-19/,
Шүүгдэгч С.Н-н яллагдагчаар өгсөн: “Тухайн хэрэг болсон шөнө ___тоотод байрлах нийтийн байрны 1 тоот өрөөнд найзын хамт пиво ууж байхад махлагдуу залуу орж ирээд “тамхи байна уу” гэхээр нь Б нэг тамхи өгөхөд өрөөнөөс гарч яваад, удалгүй нөгөө залуу өрөөнд буцаж ирээд бид хоёрын хажууд суусан. Би тэр залууд нэг жижиг пиво өгөөд наадхаа аваад гар гэхэд гараад явсан. Тэгтэл нөгөө залуу дахин нэг найзын хамт буюу хохирогч О гэгч залуутай хамт ороод ирсэн. Тэгэхээр нь би нөгөө өндөр залууг “чи одоо гар л даа” гэхэд “та нар намайг Баянзүрх дүүрэгт мэдэх үү” гээд согтуурхаад байсан. “Гар” гэж хэлэхэд өрөөнөөс гараад явсан. Харин О муухай хараад хаалга руу удаан алхаж явсан. Би түүнийг “чи хурдан гар л даа” гэхэд намайг “чи одоо юу гээд байгаа юм” гээд миний цээж рүү түлхсэн. Миний уур хүрээд О-ы нүүр лүү гараараа нэг удаа цохиод, толгойгоо дараад доошоо суухаар толгой руу нь 1-2 удаа өшиглөхөд гараад явсан. Би өөрийн гэм бурууг ойлгож хохирогч О-с уучлалт гуйж, эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-36-37/,
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40/, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны тодорхойлолт /хх-38/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,
шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргаж өгсөн хохирогчийн “Н-с хохирлын мөнгө 400.000 төгрөг авсан. Цаашид ямар нэгэн гомдол саналгүй” гэх хүсэлт, Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн “С.Н-н өмчлөлд эд хөрөнгө бүртгэгдээгүй” гэх тодорхойлолтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Н согтуурсан үедээ 2020 оны 9 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө 03 цагийн үед ___ тоотод байрлах нийтийн байрны 1 тоот өрөөнд хохирогч Б.О-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас марган толгойн хэсэгт цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь зулай, дагзны хуйханд шарх, баруун хацарт зулгаралт, баруун гарын бугуйнд цус хуралт, зулгаралт, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.О-н “...Найзтайгаа пиво ууж байсан. Н миний нүүр лүү гараараа нэг удаа цохиод толгойгоо дараад суухад толгой руу 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-6/, шүүх эмнэлгийн 10993 дугаар “1. Б.О-ны биед зулай, дагзны хуйханд шарх, баруун хацарт зулгаралт, баруун гарын бугуйнд цус хуралт, зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 3.6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-18-19/, шүүгдэгч С.Н-н яллагдагчаар өгсөн “...Найзын хамт пиво уусан. Миний цээж рүү түлхэхээр нь уур хүрээд нүүр лүү нь гараараа нэг удаа цохиод, толгойгоо дараад доошоо суухаар толгой руу нь 1-2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-36-37/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Н-н хохирогч Б.О-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас марган зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.О-ны эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “Хохиролд 400.000 төгрөг авсан тул гомдол саналгүй” гэх хүсэлтийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгч С.Н-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч С.Н нь согтуурсан үедээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилтай эсэх нь тогтоогдоогүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай, бусдад төлөх төлбөргүй...” гэж,
шүүгдэгч “Би эхнэр, хоёр хүүхэдтэй учир гэрээс хол явах боломжгүй нөхцөл байдлыг минь харгалзан үзээд торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ хохирогчийн эрх, эрх чөлөөнд хэд хэдэн удаагийн цохих, өшиглөх үйлдлээр халдан гэмтэл учруулсан, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хэрэгт авагдсан баримтаар 321.350 төгрөг тогтоогдсон ч хохиролд 400.000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэр бүлийн байдал, ажилд орсон, тодорхой орлого олдог гэх/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах “бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /хувиараа барилгын ажил эрхэлж, орлого олж байгаа гэх/-ийг үндэслэн торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Н цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч __ овогт С-н Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-г 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Н цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР